Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 42

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Б.Бд холбогдох эрүүгийн 1804000000044 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал     

 Улсын яллагч                                                  Х.Эрдэнэтуяа  

 Шүүгдэгч                                                     Б.Б нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .. аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /, ам бүл 2, хамаатан эгчийн хамт Багануур дүүргийн .. дүгээр хороо.. дугаар гудамжны .. тоот хашаанд /иргэний үнэмлэхийн хаяг .., ../, оршин суух, ял шийтгэлгүй, Х овгийн Б-ын Б /РД:РИ94111115/

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:

Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед

Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон-Рубин” ХХК-ийн байрны 2 давхарт байрладаг “Био-Аналитик” лабораторын шинжилгээний өрөөнд өлгөөтэй байсан Н.Пын куртикны халааснаас “Samsung G-7” маркийн гар утас хулгайлж, 787550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүхээс Б.Бд холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд.

Хохирогч Н.Пын мөрдөн байцаалтын үед өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон рубин” ХХК-ий байрны 2 давхрын Био-Аналитик лабораторын шинжилгээний өрөөнд шинжилгээ өгөхөөр үүдэнд нь куртикээ өлгөөд орсон. Шинжилгээ өгөөд гараад ирэхэд нэг залуу зогсож байсан. Тэгээд куртикээ өмсөөд гарч явсан. Замдаа утсаа үзэхэд байхгүй байсан. Samsung G-7 маркын гар утас байсан. Би алдсан гар утас болон 5000 төгрөгөө хүлээн авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 19-21 дүгээр хуудас/

              Гэрч Ш.Мандахнарын “би 2018 оны 3 сарын 05-ны өдрийн 12 цагийн үед Б гэдэг залууг гуйж шинжилгээний хариу авчруулсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

              Хүний биед үзлэг хийсэн тухай “... Б.Бгийн өмсөж явсан хувцаст үзлэг хийхэд куртикны /хүрэм/ дотор талын энгэрт Samsung G-7 маркын, цайвар шаргал өнгийн андройд гар утас байсныг түр хураан авлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-8 дугаар хуудас

Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Samsung G-7”  маркын утас 787.550.000 төгрөгийн зах зээлийн үнэтэй болно“ гэсэн тайлан /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гар утас, сим карт хүлээлгэн өгсөн тухай “... Samsung G-7 гар утас, Юнителын сим карт 1 ширхэг, Мобикомын сим карт 1 ширхэг” зэргийг хохирогч Н.Пд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/

Мөнгө хүлээлгэн өгсөн тухай “... яллагдагч Б.Бгээс 5000 төгрөгийн 1 ширхэг дэвсгэртийг хүлээн авсан” гэсэн тэмдэглэл /хх-ийн 41/

              Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед Мандахнар ахын шинжилгээний бичгийг авах гэж “Мон-Рубин” ХХК-ийн байрны 2 давхарт “Био-Аналитик” лабораторын шинжилгээний өрөөнд ороод  өлгөөтэй байсан куртикны халааснаас “Samsung G-7” маркийн гар утсыг авсан. Ахдаа шинжилгээний хариуг нь өгчихөөд гэр лүүгээ явж байхад цагдаагийн албан хаагч намайг Цагдаагийн хэлтэст авчирч утсыг хураалгасан. Надад мөнгөний хэрэгцээ гараад гар утсыг хулгайлсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

             

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь “Б.Б Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мон-Рубин” ХХК-ийн байрны 2 давхарт байрладаг “Био-Аналитик” лабораторын шинжилгээний өрөөнд өлгөөтэй байсан Н.Пын куртикны /хүрэмний/ халааснаас “Samsung G-7” маркийн гар утсыг хулгайлж 787550 төгрөгийн хохирол учруулсан” болохыг хөдөлбөргүй нотолж байна.

 

Нотлох баримтын  талаархи дүгнэлт 

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд нотолсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.             

             Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Хулгайн эд зүйлийг үнэлсэн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий үнэлгээчин гаргасан  ба үнэлгээ хийсэн үндэслэл нь тодорхойлогджээ.  

 

Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Б.Б нь шунхай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг авсан нь “мөнгөний хэрэгцээ гараад хулгайлсан” гэсэн мэдүүлгээс харагдаж байна. Хулгайн үйлдлийн улмаас хохирогчид 787.550 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 заалтад заасан бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол болно.

Иймд Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанбусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг буюу прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.   

Иймд прокурорын саналыг харгалзан Б.Бг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэвэл зохино.

Хохирогч Н.П эд хөрөнгөө буцаан авсан нь “5000 төгрөгийг болон гар утас, сим карт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 15, 41/ зэргээр нотлогдсон.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүйг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Хуулар овгийн Баттогтохын Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хуулар овгийн Баттогтохын Бг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлэхийг ялтан Б.Бд мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Бгээс хураагдсан Samsung J7 гар утас болон 5000 төгрөгийг хохирогч Н.Пд буцаан өгч хохиролгүй болгосныг дурдсугай.
  6. Б.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлээ тус тус шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ОЮУНБАТ