Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/1049

 

 

 

 

         2023           10            31                                    2023/ДШМ/1049

 

Б.М, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оргилбат,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баттуяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2209019540715 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Б.М-,

 

  1. Б.Б-,

 

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй I loft” шөнийн цэнгээний газрын үүдэнд “...Монгол биш Хятад хүн гэж хэллээ" хэмээн иргэн Б.М-тай маргалдаж улмаар тухайн маргааныг болиулахыг оролдсон иргэн Ч.Э-ын нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн өдөр, мөн газар дуудлагын жолооч дуудахаар явах үедээ иргэн Б.Б-ыг “...Чи Монгол хүн юм уу Хятад юм уу” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-ын үйлдлийг мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б-ын М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч М овогт Б-н Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Б.Б-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-оос 11.033.220 /арван нэг сая гучин гурван мянга хоёр зуун хорин/ төгрөг гаргуулан хохирогч Ч.Э-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар хохирогч Ч.Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас 2.726.780 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Б-, Ч.Э- нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баттуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Б.Б- нь “Туушин” зочид буудлын эсрэг талын зам дээр таксинд явах гээд зорчигч хүлээгээд зогсож байхад баарнаас гарч ирсэн согтуу эрэгтэй, эмэгтэй нийлсэн 6-7 залуучуудад такси авах уу (бүгдээрээ хөгжлийн бэрхшээлтэй, таксинд явж амьдралаа залгуулдаг) гэж дохионы хэлээр асуусныхаа төлөө бусдад зодуулсан байдаг. Гэтэл мөрдөгч анхны удаа гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэлмэрчлэх эрхгүй этгээдээр хэлмэрчлүүлж мэдүүлэг авсан /1хх24/. Мөн зөвхөн хохирогч гээд байгаа Ч.Э-ын эхнэр болон найзуудаас нь мэдүүлэг л авсан байдаг бөгөөд эдгээр хүмүүс нэгдүгээрт хохирогчийн найз нөхөд, ойр дотны хүмүүс, хоёрдугаарт тухайн үед гэрчүүд бүгд согтуу байсан. Тэгэхээр болсон үйл явдлыг хэрхэн санаж байгаа болон үнэн, зөв мэдүүлэг өгсөн эсэхэд эргэлзэж байгаа учраас хэргийн бодит байдлыг тогтоогоогүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлгүүд ч хоорондоо зөрүүтэй байдаг. Хохирогч Ч.Э-ын: “...О, М нартай хүмүүс маргалдаж байхаар нь очсон. ...дуудлагын жолооч намайг цохисон хүнийг харсан.” /1хх 14-15/, гэрч Ч.Х-ны “...үл таних хүмүүс дундаас халзан толгойтой залуу Ч.Э-ын зүүн нүд рүү нэг удаа цохисон. ...хэл ярианы бэрхшээлтэй юм шиг байсан. Цохисон хүнийг харвал танина /1хх 22-23/ (Таниулах ажиллагаа хийгээгүй), гэрч Г.О-ын “...Мөнхсайхантай хүмүүс маргалдаж байсан. Ч.Э-ыг түрүүлээд цохисон. Хамгаалагчид салгахаар ирсэн. ...” /1хх 31/, гэрч Б.Х-гийн “...Мөнхсайхан 10 гаран залуустай маргалдаад зогсож байсан. ...Хятад маягийн залуу шууд нүд рүү нь цохисон. ...” /1хх 33/ гэж мэдүүлжээ. Такси дуудлагын жолооч болон тухайн үед баарны хамгаалагчаар ажиллаж байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Мөн нотлох баримтаар өгсөн флаш болон тэмдэглэлийн дэвтрийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр мөрдөгч Д.О-д өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон мөрдөгч солигдож, дээрх нотлох баримтаар өгсөн баримтууд алга болсон байдаг. /1хх 170/ “Хас” банкинд хүсэлт гаргаж 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнийн 03-06 цагийн хоорондох камерын бичлэгийг ирүүлэх хүсэлт гаргаад хариугаа ч аваагүй байхад хэргийг Эын эхнэр болон найзуудаас мэдүүлэг авсан төдий болоод л түүхийгээр нь шүүх рүү шилжүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор” нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй", 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг хэрэгжүүлээгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ч.Э- нь “...Өмнө нь нэг бааранд байж байгаад “Ай Лофт” бааранд ороод 04:03 минут хүртэл байж байгаад баар хаах болсон учраас гарцгаасан бөгөөд Г.О, Б.М- нар маргалдаж байсан. ...” гэж мэдүүлдэг. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Г.Оргил нь “...анхнаасаа л “Ай Лофт” бааранд байсан. Б.М- маргалдаж байсан, ...миний цамц урагдсан байсан би хаячихсан” гэж мөн л зөрүүтэй мэдүүлдэг. /1хх 228-250 хуралдааны тэмдэглэл/

Мөрдөгчийн тэмдэглэлд Ч.Э- нь хэт их согтолттой учраас мэдүүлэг авах боломжгүй гэж тэмдэглэгдсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчоос эмчилгээний зардалд 13.760.000 төгрөгийг гаргаж өгсөн атал анхан шатны шүүх 11.033.220 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл хавтас хэргийн 219 дүгээр талд 6.185.000 төгрөгийн баримтыг 3.515.000 төгрөг болгож анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Тухайн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд хавтас хэргийн 220 дугаар талд “Сондра” эмнэлгийн эмч н.Мөнхзаяагийн өгсөн тодорхойлолтод 1.660.500 төгрөг гэж тодорхойлсон байдаг. Эмчийн зүгээс тухайн оношид дүгнэлт хийхээс биш, мөнгөний асуудалд тодорхойлолт гаргах эрхгүй. Мөн “Сондра” эмнэлгийн баримтууд нь и-баримт болон орлогын ордероор авагдсан байдаг. Тухайн эмнэлэгт санхүү хариуцсан эрх бүхий этгээд байдаг учраас аливаа баримтууд нь и-баримтаар гарсан байх шаардлагатай. Тухайн 11.033.200 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангахгүй хууль бус  7.846.000 төгрөгийг анх нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж, 5.914.000 төгрөгийн хэмжээнд хангах боломжтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Э.Оргилбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож шийтгэх тогтоолд дурдсан эсхүл нотлох баримтаар үнэлсэн үү гэж илтгэгч шүүгчийн асууж байна. Шийтгэх тогтоолд Б-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, үнэлсэн зүйл байхгүй. Мөн хэргийн үйл баримтад анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч нарын мэдүүлгийг үндэслэл бүхий болоогүй, харилцан ашиг сонирхолтой, биеэ удирдан жолоодох чадваргүй байсан талаар тайлбарласан. Гэтэл тухайн гэрч нарт хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, мэдүүлэг авсан учраас уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд гэрч нарын мэдүүлгийг үнэлсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Мөн нотлох баримт алга болсон талаарх асуудал яригдаж байна. Уг хэрэгт 2, 3 мөрдөгч ажиллаж, дэслэгч Д.О өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан талаар мөрдөн шалгалтын тайланд дурдсан байдаг. Шүүгдэгч Б-оос гаргаж өгсөн нотлох баримтад хэргийн үйл баримтын талаар гэж хэлэхээс илүүтэйгээр хэрэг болсноос хойшхи нөхцөл байдлын талаарх баримтууд авагдсан байдаг. Тухайн баримтын талаар хэргийн оролцогчдын хэн аль нь маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, Б.Б-, Б.М- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баттуяагийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны шилжих шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “I loft” шөнийн цэнгээний газрын үүдэнд Б.Б-ыг “...Чи Монгол хүн юм уу, Хятад юм уу” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд “дээд уруулд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;

 

хохирогч Б.Б-ын “...манай найз баарнаас гарч ирсэн согтуу нэг залуутай замын наана, цаана маргалдаад зогсож байхыг нь би харсан. ...Манай найз дээр 6 хүн очсон байсан. 3 эмэгтэй, 3-4 эрэгтэй согтуу хүмүүс байсан, би салгах гээд дундуур нь орсон юм. Тэгсэн чинь цаанаас нь дахин 2 эрэгтэй хүн ирсэн, эмэгтэй хүмүүс нь над руу дайрч урж маажсан, эрээн цамцтай залуу эхлээд ам руу цохисон, дараа нь өндөр залуу толгой руу цохисон олуулаа цохисон болохоор хэн нь яаж цохисныг мэдэхгүй байна. ...” /хх 19-20/,

 

гэрч Х.Б-гийн “...Б- намайг хамгаалах гэж ирсэн юм. Би бие муутай учраас тухайн газраас холдсон. Б-ыг хэн цохисныг би хараагүй. ...” гэх мэдүүлэг /хх38/,

 

Б.М-ы яллагдагчаар өгсөн “...Б.Б-од учирсан гэмтлийг би  нэг удаа цохиж учруулсан. ...” /1хх 124/ гэсэн мэдүүлгүүд,

 

 “...Б.Б-ын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10422 дугаартай дүгнэлт /хх 60-61/ зэрэг нотлох баримтуудаар,

 

шүүгдэгч Б.Б- нь мөн өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “I loft” шөнийн цэнгээний газрын үүдэнд “...Монгол биш Хятад хүн гэж хэллээ" хэмээн Б.М-тай маргалдаж улмаар тухайн маргааныг болиулахыг оролдсон иргэн Ч.Э-ын нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний эвэрлэгийн шарх, судсан бүрхүүлийн иврэлт, зүүн нүдний хараа бууралт /гэрэл мэдрэх төдий/ зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндийрүү цөмөрсөн хугарал, зүүн зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, торлогийн ховхрол” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь;

 

хохирогч Ч.Э-ын “...дуудлагын жолооч ирээд машиндаа суугаад хөдлөөд төв зам руу гарах гэж байхад замын хажууд хамт явж байсан О, М нар нь хүнтэй маргалдаж байсан. ...Би машинаас буугаад хоёр найз дээрээ боль гэж хэлэх гээд очсон. Тэгтэл үгийн зөрүүгүй /сүүлд нэрийг нь мэдсэн Б-/ нэг залуу шууд миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон, үүний улмаас зүүн нүд хараагүй болсон. Дуудлагын жолооч намайг цохисон хүнийг барьж авсан байсан. ...” /1хх 14-15/,

 

гэрч Ч.Х-ы “...манай нөгөө хэд баарны гадна үл таних хүмүүстэй маргалдаад хэрэлдээд байж байсан. Э бид 2 гайхаад таксинаас буугаад юу болсон талаар асуухаар очтол үл таних хүмүүс дундаас халзан толгойтой, цагаан өнгийн кет өмссөн залуу Эын зүүн талын нүд рүү нь нэг удаа цохисон. ...Манай нөхрийн нүднээс цус их гараад байсан болохоор гэмтлийн эмнэлэг рүү шууд явсан. ...” /1хх 22/,

 

гэрч Г.О-ын “...машиндаа суугаад хөдлөх гэж байхад замын хойд талд маргаан болж байсан. Мөнхсайхантай хүмүүс маргалдаж байхаар нь би машинаасаа буугаад яваад очсон. Э мөн хажуугаас машинаас бууж ирсэн, тэгээд тэр хүмүүсийг салгах гээд очтол Эыг түрүүлээд цохисон. Э нүүрээ дарж суугаад би цаашаа тэр хүмүүстэй маргалдаад явсан. ...” /1хх 31/,

 

гэрч Б.Х-гийн “...М 10 гаран залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд салгах гээд манай нөхөр очих үед Халиун, Э хоёр машинтай “Ай Лофт”-оос гарч ирээд манай нөхрийг хараад салгах гээд очсон чинь хар өнгийн фудболктой, хар өнгийн өмдтэй, хятад маягийн царайтай залуу Эыг шууд нүд хэсэгт нь цохисон. ...” /1хх 33/,

 

гэрч Б.М-ы “...эхнэр нь тэр өндөр залуу руу чи миний нөхрийн нүдийг цохичихлоо, нүднээс нь цус гараад байна гээд орилоод байсан. ...” /1хх 35/,

 

“...Ч.Э-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9988, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 782, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 202 дугаартай дүгнэлт 1хх 43-44, 52-56,72-75/, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн орчуулагч, хэлмэрч томилох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 36/, хохирогч Ч.Э нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэс засал-Нүдний эмгэг судлалын тасагт 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 3 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 13460 тоот өвчний түүх /хх 90-91/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Б-, Б.М- нар ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б-ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.М-ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал болон хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутгах үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд ...оногдуулахгүй” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго, үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.Б- нь хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаж группт байдаг болох нь хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон акт, комиссын шийдвэр /хх134-135/ зэргээр нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийг ажил, хөдөлмөр эрхэлдэггүй хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баттуяа “...хэлмэрчлэх эрхгүй этгээдийг оролцуулж мэдүүлэг авсан, ...нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, ...нотлох баримтын шаардлага хангахгүй хохирлын баримтыг үнэлсэн тул анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Сэжигтэн, яллагдагч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Ч.Э-ын “...би машинаас буугаад хоёр найз дээрээ боль гэж хэлэхээр очсон. Тэгтэл үгийн зөрүүгүй /сүүлд нэрийг нь мэдсэн Б-/ нэг залуу шууд миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисоны улмаас миний зүүн нүд хараагүй болсон. ...”,  гэрч Ч.Х-ы “...юу болсон талаар асуухаар очтол үл таних хүмүүс дундаас халзан толгойтой, цагаан өнгийн кет өмссөн залуу Эын зүүн талын нүд рүү нь нэг удаа цохисон. ...”, гэрч Г.О-ын “...М-тай хүмүүс маргалдаж байхаар нь би машинаасаа буугаад яваад очсон. Э мөн хажуугаас машинаасаа бууж ирээд тэр хүмүүсийг салгах гээд очтол Эыг түрүүлээд цохисон. ...”, гэрч Б.Х-гийн “...М 10 гаран залуутай маргалдаад зогсож байсан. Манай нөхөр салгах гээд очих үед хар өнгийн фудболктой, хар өнгийн өмдтэй, хятад маягийн царайтай залуу шууд Эын нүд хэсэгт нь цохисон. ...”, гэрч Б.М-ы “...эхнэр нь тэр өндөр залуу руу чи миний нөхрийн нүдийг цохичихлоо, нүднээс нь цус гараад байна гээд орилоод байсан. ...” гэсэн мэдүүлгүүд нь хэргийн үйл баримт, агуулгын зөрүүгүй, мэдүүлгийн эх сурвалж нь Ч.Э-ын биед “...зүүн нүдний эвэрлэгийн шарх, судсан бүрхүүлийн иврэлт, зүүн нүдний хараа бууралт /гэрэл мэдрэх төдий/ зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндийрүү цөмөрсөн хугарал, зүүн зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус хуралт, хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, торлогийн ховхрол” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, уг гэмтлийн улмаас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэс засал-Нүдний эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэргээр давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Б.Б-оос өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул “....нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттуяагийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн Б.Б-оос гэрчээр мэдүүлэг авахдаа хэлмэрчлэх эрхгүй этгээдийг оролцуулж мэдүүлэг авч анхан шатны шүүх үүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон гэх гомдлын тухайд; 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Б.Б-оос гэрчээр мэдүүлэг авахдаа Г.А-ыг байлцуулан /хэлмэрчээр тогтоогүй/ мэдүүлэг авсан ч уг мэдүүлгийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй байна, мөн шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баттуяагаас   гаргаж өгсөн флаш, тэмдэглэлийн дэвтэр байхгүй болсон гэх асуудлын тухайд; Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Д.О нь эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл үйлдэж шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баттуяагаас “bee” гэх бичиглэлтэй төмөр флаш, “subject notes” гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн тэмдэглэлийн дэвтрийг авсан боловч эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт тогтоол үйлдэж хийгээгүй, эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалалгүй үрэгдүүлсэн нь тогтоогдсон байх бөгөөд тэрээр албан тушаалаас чөлөөлөгдөж, Монгол Улсын хилээр гарч явсан байх тул сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдлоо гэх “Албаны шалгалт явуулсан тухай” Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 28иа/3972 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байна. /хх-170/

 

Харин анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд тооцохдоо “...11.033.220 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байна. ...” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. 

Тодруулбал, 1 дүгээр хавтас хэргийн 99, 214-221 талд авагдсан баримтуудаас 9.516.270 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баттуяагийн “...нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлсэн...” гэх гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахдаа тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгахтай холбоотой заалтыг баримталсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 498.1 дэх хэсэг гэснийг хасч, дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баттуяагийн “...хэлмэрчлэх эрхгүй этгээдийг оролцуулж мэдүүлэг авсан, ...нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. ...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 5.3 дугаарзүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 5.3 дугаарзүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай гэж,

6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэж,

7 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-оос 11.033.220 төгрөг гаргуулан хохирогч Ч.Э-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар хохирогч Ч.Э-ын нэхэмжлэлийн шаардлагаас 2.726.780 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-оос 9.516.270 /ёсөн сая таван зуун арван зургаан мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулан хохирогч Ч.Э-т олгож. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтын хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Баттуяагийн “...хэлмэрчлэх эрхгүй этгээдийг оролцуулж мэдүүлэг авсан, ...нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН