Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 43

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Хт холбогдох эрүүгийн 1804000010033 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              Б.Наранжаргал

 Улсын яллагч                                              Х.Эрдэнэтуяа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Л.Ганганбарс

 Шүүгдэгч                                                 Д.Х нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн  Х овгийн Д-гийн Х

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.Х нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өглөө Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 5Б гудамжны 4 тоот хашаанд байх өөрийн гэртээ эхнэр М.Д “охиноо хичээлд нь явуулна, явуулахгүй” гэсэн асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүр лүү 2-3 удаа цохих, гарыг нь мушгих, зүүн гарыг нь цохих зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн үед охин А-ыг хичээлд нь хүргэж өгөх гэтэл эхнэр Даваасүрэн “халуунтай байна, хичээлд нь явуулахгүй, хүүхэд хөдөө авч яваад ханиад хүргэлээ” гэсэн асуудлаас болж бид хоёр хэрэлдсэн. Манай эхнэр жижиг модон сандал авч далайгаад байхаар нь сандалтай нь түлхээд орон дээр унагаагаад гараад явсан. Ноцолдож байхдаа миний буруугаас болоод эхнэрийнхээ биед гэмтэл учруулсан. Миний буруу хийсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэх мэдүүлэг

                             

Мөрдөн байцаалтад хохирогч М.Д-ийн мэдүүлсэн: “...Х миний нүүр лүү 2-3 удаа цохиж, зүүн гар луу нэг удаа гараараа цохьсон. Тухайн үед миний хамар хавдаж хөхөрсөн байсан. Мөн гарыг минь мушгиснаас болж хөндүүрлэж байсан. Би Хт цохиулснаас болоод хамрын дотор талд байдаг мөгөөрсөн нарийн яс хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Уянгын мэдүүлсэн: “...Хамгийн сүүлд 12 сард Даваасүрэн эгчтэй тааралдахад Хт зодуулсан цагдаад өргөдөл өгөх гээд явж байна гэж байсан. Тэр үед хамар нь хавдаад хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Х.Х-ын мэдүүлсэн: “...Намайг унтаж байхад аав, ээж хоёр хоорондоо чанга чангаар хэрэлдээд сэрээчихсэн. Сэрээд харахад ээж гэрийн баруун талын орон дээр сууж байсан, харин аав үүдэнд зогсож байснаа ээж рүү жижиг модон сандал бариад далайгаад очиход ээж хоёр хөлөө савчаад амандаа нэг юм хэлээд байсан. Аавыг гэрээс гарч явсны дараа ээж доошоо тонгойгоод уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Шүүхийн эмнэлгийн шинжээчийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн №09шэ/015 дугаартай дүгнэлтэд: “М.Даваасүрэнгийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд зулгаралт, зүүн гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 26/,

 

Д.Х нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 45/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 44/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/015 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

             Шүүгдэгч Д.Х нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 5Б гудамжны 4 тоот хашаанд байх өөрийн гэртээ эхнэр М.Даваасүрэнтэй “охиноо хичээлд нь явуулна, явуулахгүй” гэсэн асуудлаас болж маргалдаж, улмаар түүний нүүр лүү 2-3 удаа цохих, гарыг нь мушгих, зүүн гарыг нь цохих зэргээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд зулгаралт, зүүн гарын шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Ноцолдож байхдаа миний буруугаас болоод эхнэрийнхээ биед гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч М.Даваасүрэнгийн “Х миний нүүр лүү 2-3 удаа цохиж, зүүн гар луу нэг удаа гараараа цохьсон. Мөн гарыг минь мушгиснаас болж хөндүүрлэж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Уянгын “12 сард Даваасүрэн эгчтэй таарахад Хт зодуулсан гээд хамар нь хавдаад хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хх-н 17/, насанд хүрээгүй гэрч Х.Хангалын “намайг унтаж байхад аав, ээж хоёр хоорондоо чанга чангаар хэрэлдээд сэрээчихсэн. Сэрээд харахад ээж гэрийн баруун талын орон дээр сууж байсан, харин аав үүдэнд зогсож байснаа ээж рүү жижиг модон сандал бариад далайгаад очиход ээж хоёр хөлөө савчаад амандаа нэг юм хэлээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 12 сарын 21-ны өдрийн №09шэ/015 тоот дүгнэлт /хх-н 26/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн маргааны улмаас тэдний дунд таарамжгүй харилцаа үүсч, улмаар хохирогчийн биед халдсан үйлдэлдээ санаатай ханджээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэр бүл болсон нь 2006 оны 12 сарын 28-ны өдрийн №50 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-н 36/

Д.Хийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тодорхойлжээ.

      Иймд Д.Хийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

     Шүүх шүүгдэгч Д.Хт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй.

 

    Шүүгдэгч Д.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, хуульд заасан ялуудаас торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 45/

Хохирогч М.Даваасүрэн нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-н 15/,

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчид энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овгийн Дгийн Хийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Дгийн Хийг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор хэсэгчлэн биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Хт мэдэгдсүгэй.
  4. Хохирогч М.Даваасүрэн нь гэмт хэргийн умаас учирсан хохирол, хор уршиг  нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Д.Хт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА