Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/1053

 

 

 

 

    2023          10             31                                        2023/ДШМ/1053

 

Г.Цд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

хохирогч Ч.Оын өмгөөлөгч Г.Золжаргал,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Цд холбогдох 2307000000119 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Дагина овгийн Г.Ц, 1983 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, 74 дүгээр байрны 18 тоотод оршин суудаг, /РД:УУ83060951/; 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Г.Ц нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хороо, 74 дүгээр байрны гадна Ч.Отай хардалтын улмаас “чи муу пизда, энд юу хийж байгаа юм бэ” гэснээр маргаан үүсгэн маргалдаж, цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Г.Цы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дагина овогт Г.Цыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Цыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнийг цагдан хорьж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, 1 ширхэг хутгыг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Цы үйлдэл холбогдлыг зүйлчилсэн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж үзэж шүүгдэгч Г.Ц болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүсэлтийн шинж чанартайгаар уг гомдлыг хамтран гаргаж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд төрийн хуульд зааснаар ял шийтгэл хүлээх нь гарцаагүй боловч тухайлан Г.Цы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн шийдвэрлэх боломжтой эсэхийг нягтлан шалгалгүйгээр шийдвэрлэсэн байж болзошгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно.

1. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ч.О нь Г.Цы эхнэр Т.Цэрэнлхамтай гэр бүлээс гадуур эр эмийн харилцаа үүсгэж үүнээс улбаалаад гэр бүл салж 2 хүүхэд өнчирч, Налайх дүүргийн шүүхээр 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх ба яг жилийнхээ ойн дээр мөн л Ч.Оын гаргасан үйлдэлтэй холбогдуулан сэтгэл санаа нь гэнэт хүчтэй цочрон давчидсан байж болох ноцтой үндэслэл үүссэн эсэхийг шалган тогтоох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Сэтгэцийн шинжээч томилж шүүх хурлыг 60 хүртэл хоног хойшлуулан хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

2. Хохирогчид учирсан гэмтлийн шинж чанараас харахад үхэлд хүргэж болзошгүй хүнд гэмтэл учирсан эсэх нь туйлын эргэлзээтэй байж болзошгүй нөхцөл байдал харагддаг ба энэ талаар хохирогч Ч.О мөрдөн байцаалтын шатнаас эхлэн удаа дараа гомдол хүсэлт гаргаж байснаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, гэмтэл учирсан хохирогч нь шүүх эмнэлгийн тогтоосон гэмтлийн хүнд зэргийг эс зөвшөөрч байгаа, мөн эмчилгээ оношлогооны явц байдлаас харахад “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын  3.1.11-т заасан гэмтлийн тодорхойлолттой нийцэж байгаа эсэх нь маш их эргэлзээтэй гэж үзэж байгаа ба мөн журмын 2.2-т заасан “Хүнд” гэмтлийн үндсэн 4 шинжтэй огт тохирохгүй байгааг нягтлан тогтоож чадаагүй гэж хохирогчийн гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 удаагийн дүгнэлт буюу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 115 тоот дүгнэлт, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 714 тоот дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа болно. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудад заасан нөхцөл байдал байгаа эсэхийг магадлан тогтоож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх ажиллагаануудыг хийлгэхээр буцааж өгнө үү.  ...” гэв.

Шүүгдэгч Г.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй. ...” гэв.

Хохирогч Ч.Оын өмгөөлөгч Г.Золжаргал тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд “Миний буруутай үйлдлээс болж энэ гэмт хэрэг гарсан. Би энэ гэр бүлийг салгачихлаа. Үүнээс улбаалж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл үүссэн. Миний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэсэн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд мэдүүлгээ өгдөг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан. Өөрөөр хэлбэл, “Надад хүнд зэргийн гэмтэл учраагүй” гэсэн тайлбарыг хэлдэг. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие оролцож нотлох баримтыг шинжлэн судлах явцад хүнд зэргийн гэмтэл гэсэн нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн талаар шүүх дүгнэж, шинжээч томилсон. Хүнд гэмтлийн үндсэн 4 шинжийн нөхцөл байдал үүсээгүй буюу хөдөлмөрийн чадвараа 35-100 хувь алдсан зүйл байгаагүй. Хохирогч нь Онцгой байдлын албанд ажилладаг, гал сөнөөгч мэргэжилтэй. 7 хоног эмнэлэгт хэвтээд шууд ажилдаа явсан. Анхан шатны шүүх шинжилгээний обьект буюу хохирогч анхан шатны үзлэгийг хийлгэсэн эмнэлгийн баримтад “ирсэн үеийн биеийн нөхцөл байдал хүндэвтэр”, “гарахдаа хэвийн болсон” гэсэн эргэлзээтэй баримтуудыг харгалзан үзэж дахин шинжээч томилсон. Гэтэл шүүхийн шинжилгээний байгууллага нь хохирогчийг дуудаж үзэлгүй эргэлзээтэй шинжилгээний обьектыг үндэслэн дахин дүгнэлт гаргасан. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчтэй адилхан саналтай байна. Шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй нөхцөл байдлыг нэг мөр мухарлаж хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд  гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч санаа, сэтгэл хүчтэй цочрон давчидсан тул үүнийг сэтгэцийн дүгнэлтээр гаргах боломжтой тул ийм дүгнэлт гаргаж өгөөч гэж байна. Хуульд заасан хүчтэй цочрон давчдах гэдэг ойлголт нь анагаахын ойлголт биш бөгөөд тухайн хэрэг болох үед үүссэн нөхцөл байдлыг хуулийн ойлголттой нэгтгэж дүгнээд гаргасан ойлголт юм. Иймээс сэтгэцийн дүгнэлт хийснээр санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан нөхцөл тогтоогдоно гэсэн зүйл байхгүй. Мөн хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учрах үедээ амь насанд аюултай байсан хүнд гэмтлийг эдгэсэн, эмчилгээний зардал бага гарсан, дараа нь ямар нэгэн асуудал үүсгэхгүй гэдэг агуулгаар тайлбарлаж байна. Гэтэл анхан шатны шүүх тухайн нэвтрэлтийн цэг нь мэс ажилбар хийсэн шархыг тодорхойлсон эсэх нь эргэлзээтэй гэж үзэж дахин шинжээч томилсон. Түүнээс биш хүнд хохирлыг эргэлзээтэй гэж үзээд дахин шинжээч томилоогүй. Амь насанд аюултай гэмтэл гэдэг нь эмнэлгийн тусламж авч чадаагүй хохирогч тухайн гэмтлийг эмчлүүлэхгүй явсаар ердийн байдлаар амь хохирох боломжтойг хэлнэ. Тиймээс хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-д зааснаар хүнд хохирол мөн. Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч нь “Манай эхнэр, гэр бүлийн харилцаатай байсан, гэр бүлийг салгасан учраас би Отгонбаатарт гэмтэл учруулчихлаа” гэж мэдүүлээд хохирогч руу бурууг өгдөг. Тухайн үед гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь Ч.Отай холбоотой байсан боловч шүүгдэгчийн өөрийн ухамсарт санаатай үйлдэл харагддаг. Шүүгдэгч нь удаан хугацаагаар хөдөө явдаг, жолооч хийдэг, энэ хугацаанд Ч.О манай эхнэр Цэрэнлхамтай харилцаатай болсон талаар мэдүүлдэг боловч эхнэр гэх Цэрэнлхам нь “Манай салсан нөхөр” гэдэг бол хүү нь “Манай аав, ээж хоёр салсан” гэж тус тус мэдүүлэгтээ дурддаг. Эндээс шүүгдэгч болон Цэрэнлхам нарын харилцаа тогтвортой биш байна. Хохирогчийн хувьд “Надад хүнд гэмтэл учраагүй” гэж мэдүүлсэн нь гэмт хэрэг гарахад түүнээс нөлөөлсөн нөхцөл байдал байгаа тул уг үйлдэлдээ гэмшсэндээ ийн мэдүүлсэн гэж ойлгож байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдэлдээ гэмшиж байна гэдэг боловч шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн байр суурь гэм буруугаа хүлээсэн нөхцөл байдал бараг байгаагүй. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн. Прокурорын хувьд энэ талаар эсэргүүцэл бичээгүй. Хэдийгээр зүйлчлэлийн талаар гомдол гаргасан ч шүүгдэгчийн үйлдэлдээ гэмшиж байгаа биеийн хэлэмж, үйлдлийнхээ талаар маргахгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Цы үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний хувийн байдалд нийцсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоол үндэслэлтэй. ...” гэв.                     

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Цд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тодруулбал; прокуророос Г.Цыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Г.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан боловч анхан шатны шүүх нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болно.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Г.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Цд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ