| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/03899/И |
| Дугаар | 197/ШШ2025/02395 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02395
2025 03 13 197/ШШ2025/02395
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У -д холбогдох,
4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д..нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т..нь 2023.08.25-нд Д.Эрдэнэтогтохоос 2,500,000 төгрөг зээлж авсан. Учир нь машины зээлийн үлдэгдэл төлөх шаардлагатай болсон гэж хэлсэн. Одоо болтол буцаан төлөөгүй болно. Дахин 2024.12.31-нд нэмж 2,000,000 төгрөг зээлж авсан боловч эргэн төлөхгүй чимээгүй, утсаа авахгүй алга болсон. Ийм учир зээлсэн 4,500,000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Т..шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т..нь Д.Эрдэнэтогтохтой 2023.06.05-ны өдрөөс 2023.08.25-ны өдөр хүртэл Хэнтий аймаг Норивлон суманд соёлын төвийн засварын ажлыг өдрийн 100,000 төгрөгөөр хийхээр аман гэрээ байгуулж ажилласан. Энэ хугацаанд 2023.06.05-ны өдрөөс 07.09-ний өдөр хүртэл 33 хоног ажиллаж, 7.09-ний өдөр 2,000,000 төгрөгийн цалин авсан. Одоо нэхэмжилж байгаа 2,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2023.07.15-ны өдрөөс 08.25-ны хүртэл 40 хоног ажиллаж байж авсан миний цалин болно. Мөн энэ хугацаанд аваагүй байгаа 28 хоногийн ажлын хөлсөө нэхэмжилж байна. 2,800,000 төгрөг. 2024.12.31-ний өдөр 2 сая төгрөгийг 2025.04.04-ний өдөр хүртэл ажил хийж төлсөн гэж зээлж авсан нь үнэн болно. 2025.01.02-ноос 01.08-ны өдөр хүртэл 5 хоног, 1 өдрийн 130,000 төгрөгийн цалингаар ажилласан. Энэ хугацаанд ар гэрийн гачигдал гарч хэлсэн боловч ойлгоогүй ажлын хувцсаа ирж ав, би мөнгөө авна гэж мессеж бичээд битгий ир гэсэн. Би зээлж авсан 2 сая төгрөгийн үлдэгдлийг 2025.04.01-ний өдөр хүртэл хугацаанд төлөхөд бэлэн байна гэжээ.
3. Нэхэмжлэгч Д..нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Т..нь 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч миний бие 2,500,000 төгрөгөөсөө татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д..нь хариуцагч Т.Хатанбаатарт холбогдуулан 4,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д..нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,500,000 төгрөгийн 2,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 2,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Эрдэнэтогтохын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Хатанбаатарт холбогдох, 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 2,500,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийн 63,475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 23,475 төгрөгийг улсын төсвөөс, 23,475 төгрөгийг хариуцагч Т.Хатанбаатараас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН