Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00521

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00172 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Ч-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э-д холбогдох, 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Ч-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие зээлээр мах авч албан байгууллагын ажилчдад зээлээр 30-45 хоногийн хугацаатай, мөн хугацаа хэтэрсэн тохиолдолд 6 хувийн алданги тооцож төлбөр барагдуулах нөхцөлтэйгөөр зээлээр зардаг. Ц.Э- нь СЭМТ-д асрагч хийдэг бөгөөд 2017 оны 01 сарын 23-ны өдөр 596 000 төгрөгийн мах дээрх нөхцөлөөр авсан. 2017 оны 09 сарын 08-ны өдөр 100 000 төгрөг, 2018 оны 07 сарын 02-ны өдрөөс 09 сарын 19-ний өдрийн хооронд 250 000 төгрөгийг тус тус хүү гэж өгсөн. 2018 оны 03 сарын 27-ны өдрөөс 05 сарын 27-ны өдрийн хооронд 800 000 төгрөгийг найдвартай төлнө гэсэн бичиж гэрээ хийсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй, зугтааж байна.

Иймд хариуцагч Ц.Э-гаас 800 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2017 оны 01 сард Ч.Ч-гээс 596 000 төгрөгийн мах худалдаж авсан болно. 2017 оны 09 сараас 50 000 100 000 төгрөгөөр нийт 350 000 төгрөг төлсөн. Мөнгө олоод хийхээр бүгдийг нь хүү гэж аваад үндсэн төлөлтөөс хасаагүй болохоор сүүлд хийгээгүй удсан. Ч.Ч-гийн нэхэмжилсэн 800 000 төгрөгийг төлөх боломжгүй, харин үлдэгдэл 250 000 төгрөгийг төлж барагдуулах боломжтой гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Э-гаас 246 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ч-д олгож, үлдэх 554 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-гаас 8 030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ч-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Хариуцагч Ц.Э-д 2017 оны 01 сарын 23-ны өдөр 596 000 төгрөгийн үнэ бүхий махыг 1 сарын хугацаатай зээл өгөх зөвшөөрөл өгсөн бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд 6 хувийн алданги тооцож авахаар аман гэрээ байгуулж хүний ёсоор авсан боловч өнөөдрийг хүртэл бүтэн 4 жил болгоод байхад 350 000 төгрөгийн алданги өгчихөөд бичгэн гэрээнд 800 000 төгрөгийг алданги тооцохгүй хугацаанд нь төлнө гээд өнөөдрийг хүртэл төлөхгүй нэхэмжлэгч намайг автобус унааны мөнгө, сэтгэл санаа бие организмд өвчин болтол нэхэл дагал болсны эцэст би хуулиа мэднэ чаддаг юм бол шүүхээр яваад аваарай гэж доромжилсон. Ингээд шүүхэд хандахад баримт хангалтгүй үндэслэлээр 246 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь би өөрөө зээлдүүлэгчээ 4 жил мөн худлаа ярьж хохироосны эцэст үлдэгдэл 554 000 төгрөгөөр хохирох эрх байхгүй өөрөө төлнө. Шүүгч яагаад 1 ч төгрөгийн алданги тооцоогүйд гомдолтой байна. Ц.Э-гийн өмнөөс жил гаруй 6 хувийн алданги төлөөд бичсэн гэрээнд 800 000 төгрөгийг төлж барагдуулна гэж тохирсон.

Иймд хариуцагч Ц.Э-гаас 800 000 төгрөгийг 2 удаагийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ч.Ч- нь хариуцагч Ц.Э-д холбогдуулан 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 13/

 

Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ч.Ч- нь хариуцагч Ц.Э-д 2017 оны 01 сарын 23-ны өдөр нийт 596 000 төгрөгийн үнэ бүхий мах худалдсан, хариуцагчийн зүгээс хэд хэдэн удаагийн төлөлтөөр нийт 350 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа хэмээн зөв тодорхойлжээ. Иймд худалдан авагч Ц.Э- нь худалдагч Ч.Ч-гээс 596 000 төгрөгийн үнэ бүхий мах хүлээн авч, улмаар 350 000 төгрөгийг буцаан төлсөн байх тул үлдэх 246 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгож буй 2018 оны 03 сарын 27-ны өдөр үйлдсэн Түр гэрээ байгуулах тухай гэсэн хэлцэлд Ц.Э- нь Ч.Ч-гээс 800 000 төгрөг зээлж авсан тухай агуулга дурдагдсан боловч уг хэлцлийн дагуу Ч.Ч-гийн зүгээс Ц.Э-д 800 000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчид буцаан төлөх үүрэг үүсээгүй юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт тус тус зааснаар эрх зүйн харилцаанд оролцогч талууд хүү, алданги тооцох талаар харилцан тохиролцох эрхтэй боловч энэхүү тохиролцоо нь бичгээр байгуулагдсан байх учиртай. Өөрөөр хэлбэл, талууд хүү, алданги тооцох тухай тохиролцсон гэрээгээ бичгийн хэлбэрт оруулаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч хүү, алданги шаардах эрхгүй. Иймд хугацаа хэтэрсэн тохиолдолд 6 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байхад шүүх алданги гаргуулаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч Ц.Э-гаас 246 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ч-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт бичихдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 8 000 000 төгрөг гэж буруу бичин техникийн алдаа гаргасан, мөн нэхэмжлэгч хүү, алданги шаардаж байхад Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг удирдлага болгоогүй орхигдуулсан байх боловч хэргийн шийдэлд нөлөөлөөгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Ч-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 6 480 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР