Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/20

 

     2023        09           18                                      2023/ДШМ/20                

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

СБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Б даргалж, шүүгч С.О, Г.У нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

прокурор Д.С,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Б, Г.И,

                        нарийн бичгийн дарга И.Ө нар оролцов.

СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Г.Б-ын эсэргүүцэл болон хохирогч О.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох ....... дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. Монгол Улсын иргэн, 19 онд Х аймгийн Т суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ...........дүүргийн 9 дүгээр хорооны усны 3-9 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Д.Б. 

Холбогдсон хэргийн талаар:

 2. Шүүгдэгч Д.Б нь СБ аймгийн СБ сумын ...дүгээр багт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “..................” ХХК-д ажилчдын байр барьж өгнө гэж 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, хохирогч О.Б-д 95,000,000 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Хяналтын прокурор Д.С нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын агуулга: Прокуророос шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ......................дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б-ийг цагаатгаж, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Д.Б нь сэжигтнээр 1 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүгдэгч нь энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, “.................” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэрээр нотлох баримтаа бүрдүүлэн ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

5. Хяналтын прокурор Г.Б эсэргүүцэлдээ: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 121 дугаартай цагаатгах тогтоолоор “........” ХХК болон “..................ХХК-ийн хооронд хийсэн гэрээгээр Д.Б-ийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.Б-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Мөн ..................ХХК-ийн захирал нь БНХАУ-ын Л.Ж гэгч болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байхад “Олгой булаг” ХХК-ийн захирал О.Б анх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь ойлгомжгүй, “..................” ХХК-ийн удирдлагын зүгээс О.Б-д мөрдөн шалгах ажиллагааны явцад тус компанийг төлөөлөх бүрэн эрх олгогдоогүй байтал түүнийг 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоон мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэж үзсэн.

Улмаар О.Б-ыг 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоон мэдүүлэг авснаас хойш буюу 2018 оны 11 дүгээр сарын 16, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрүүдэд “..............” ХХК-ийн захирлын тушаалаар О.Б-д итгэмжлэл олгохдоо захирал Л.Ж, С.Х зэргээр өөр өөр хүн итгэмжлэл олгосон нь эргэлзээ бүхий бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд итгэмжлэл олгож байгаа тохиолдолд зайлшгүй тухайн улсын хэлээр бичигдэж тэр нь баталгаат орчуулгын газраар орчуулагдаж, орчуулгын тамга тэмдэг дарагдаагүй нотлох баримтыг шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэж Итгэмжлэл олгох тухай, Ажилд томилох тухай баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Цагаатгах тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүх хэрэгт авагдсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудаас хэргийн үйл баримтын нэг хэсэг болох зөвхөн цагаатгах талын нотлох баримтыг дангаар нь үнэлж, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүх гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлоогүй, яллах талын нотлох баримтуудыг няцаасан үндэслэлээ дурдаагүй болно.

Мөн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн “Н.........” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдээс гаргаж өгсөн Итгэмжлэл олгох тухай, Ажилд томилох тухай баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж баримт мэдээлэл цуглуулсан үндэслэлээр нотлох баримтаар тооцоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл бичгээр хөтөлж, баримтжуулна. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл эсхүл сайн мэдэх хэл бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана гэж заасан бөгөөд энэхүү эрхийн хүрээнд монгол хэл, бичгээр илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан Итгэмжлэл олгох тухай, Ажилд томилох тухай шийдвэрийн үнэн зөвийг тухайн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн хүн, хуулийн этгээд хариуцах учиртай бөгөөд гадаад улсын иргэн хуулийн этгээдээс гаргаж өгөх нотлох баримтыг заавал тухайн хүний эх хэл дээр бичиж, Монгол хэл рүү орчуулж хөрвүүлэх тухай хуулийн заалт байхгүй атал шүүх хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс хохирогчоор тооцсон тогтоол, “.............” ХХК-ийн захирлын тушаалаар О.Б-дод олгосон итгэмжлэл, мөн тухайн улсын хэлээр бичигдэж тэр нь баталгаат орчуулгын газраар орчуулагдаж, орчуулгын тамга тэмдэг дарагдаагүй тул нотлох баримтыг шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж нотлох баримтыг хүчингүйд тооцож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.

Хууль тогтоогч анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна гэх заалтын дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст шүүх шийдвэрээ гаргах боломжтой байсан бөгөөд Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгалгүйгээр хэргийн эцсийн шийдвэрийг гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-д холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, түүнд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Хэрэгт мөрдөгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь хэргийн үйл баримтыг бүхэлд нь үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

Иймд СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 121 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

6. Хохирогч О.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэлүүд нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж хохирогчийн зүгээс үзэж байна. Учир нь: 1. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан байдаг боловч анхан шатны шүүхээс яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээн, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой тогтоож, шүүгдэгчийн гэм буруутэй үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хохирогчийн эрх, хууль есны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалж чадаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээс харвал шүүгдэгч Д.Баянмөнх нь гэрээний дагуу хүлээн авсан мөнгөөр ажил үйлчилгээ огт хийхгүй, ярилцаж тохиролцсон үр дүнг хүлээлгэн өгөх ямар ч бодолгүй байсан нь харагддаг.

 Шүүгдэгч нь анхнаасаа залилан мэхлэж авах гэмт хэргийн халхавч болгож ахынхаа нэр дээрх компаниар гэрээ хийлгэж, төлбөрийг өөрийн хувийн дансаар авсан байдаг бөгөөд тухайн байгуулагдсан гэрээ нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцсон нөгөө талаа хохироох зорилгоор байгуулагдсан байдаг. Дээрх нөхцөл байдал нь түүний өгсөн мэдүүлэгээр хангалттай нотлогддог  бөгөөд тэрээр “...миний данс руу 95 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 94 сая төгрөгийг бэлнээр авсан. Тус мөнгөнөөс 40 сая төгрөгийг бэлнээр аваад УБ хотоос "Х" аймгийн "Ч-Ө" сумаас дүнз, палк авахаар очсон боловч суманд бэлэн торх байхгүй байсан учраас нэрийг нь үл мэдэх ченжид торх, палкны захиалга өгөөд ирсэн. ...Үлдэгдэл 55 сая төгрөг ( ажилчдын цалин хөлсөнд өгч дууссан...” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг.

 Иргэний эрх зүйн харилцаа нь талуудын тэгш байдал, харилцан тохиролцсон үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх боломжтой, гэрээний дагуу тодорхой ажиллагаа хийсэн байх учиртай. Гэтэл шүүгдэгч нь анх гэрээ байгуулснаасаа хойш байшин барих газарт нэг удаа очиж үзсэнээс өөрөөр гэрээний дагуу үр дүнг хүлээлгэн өгөх талаар ямар ч алхам хийгээгүй болно. Энэ нь түүнийг анхнаасаа гэрээгээр халхавчлан залилан хийж бусдыг хохироох гэмт санаа зорилготой байсан.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. Энэ ч үүднээс эрх бүхий албан тушаалтнаас хохирогчоор тогтоох шийдвэр гарсан байдаг. Мөн хохирогч нь хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болдог хуультай. Гэтэл анхан шатны шүүхээс “Нэг бүс, нэг зам, төхөм уурхай” ХХК-аас олгосон итгэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Миний бие өнөөдөр шүүгдэгчийн бусдыг залилан мэхлэх гэсэн гэмт үйлдлийн улмаас 95 сая төгрөгийг хохирол хүлээгээд байна. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг үл хайхран түүний гэм буруутай үйлдлийг цагаатган шийдвэрлэсэн нь хохирогчийн эрх, хууль есны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/121 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Прокурор Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

8. Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэмт хэрэг хийгээгүй гэв.

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б, Г.И нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

10. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон хохирогч О.Б-ын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

11. Тус эрүүгийн хэрэгт хохирогчийг буруу тогтоох, нотлогдвол зохих байдал болох яллагдагчийн гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг нарийвчлан тогтоох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн байх бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Тодруулбал: Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ........... ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “..... хаус” ХХК-тай барилгын ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, Хаан банкны 5643010863 дугаартай дансанд 95,000,000 төгрөгийг шилжүүлсэн байхад хохирогчоор тухайн компанийг тогтоогүй өөр иргэн О.Б-ыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, энэ зүйлийн 3 дахь хэсгийн “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж тус тус заасанд нийцэхгүй байна. /1хх-141-142,146х/

12. Яллагдагч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “94 сая төгрөгөөс 40 сая төгрөгийг аваад "Х" аймгийн Ч-Ө суманд очиход бэлэн торх байхгүй байсан учир нэрийг нь мэдэхгүй модны ченжид захиалга өгөөд ирсэн” гэх мэдүүлгийн үнэн эсэхийг тогтоохын зэрэгцээ яллагдагч нь барилгын ажил гүйцэтгэх гэрээний биелэлтийг хангах талаар ямар идэвхтэй үйлдэл гаргасныг шалгах шаардлагатай. /1хх-220х/

13. Прокурорын эсэргүүцэл болон хохирогч О.Б-ын давж заалдах гомдлыг энэ удаагийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/121 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Б-д холбогдох ............... дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар тус аймгийн прокурорын газарт буцаасугай.

Хоёр. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.БААТАРСҮХ

              ШҮҮГЧИД                                                       С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                             Г.УРТНАСАН