Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 159/ШШ2025/0029

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2023/0038/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагч О.Э, М.М нар

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000013 тоот актыг хүчингүй болгуулахтухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, М.Г, хариуцагч О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, М.М нар “Х” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар, ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж 1322601730 тоот томилолтоор эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн татварын хяналт шалгалтыг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны хооронд хийж  татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000013 дугаар нөхөн ногдуулалтын актаар 823,341,567.46 төгрөгийн зөрчилд 68,900,069.31 төгрөгийн нөхөн татвар, 27,706,686.98 төгрөгийн торгууль, 4,453,418.13 төгрөгийн алданги, нийт 101,060,174.42 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулжээ.

Уг татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000013 дугаар нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгч “Х” ХХК эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж шийдвэрлэжээ.

Татварын ерөнхий газар татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000013 дугаар нөхөн ногдуулалтын актыг дахин хянан шалгаж, нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчил, ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги нь үндэслэлтэй байна гэсэн тайлбарыг Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн дарга М.Нт 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08/426 тоот албан бичгээр хүргүүлснийг Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл дахин хэлэлцээд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл дахин хэлэлцээд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хувийг нэхэмжлэгч “Х” ХХК 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000013 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авчээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Татварын улсын байцаагч нь "Х" ХХК-ийг 2019 онд 515,302.37 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаж татвар ногдуулж төсөвт төвлөрүүлээгүй, 2021 онд 39,804,094.35 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаж татвар ногдуулж төсөвт төлөөгүй, 2021 онд 255,601,210.61 төгрөгийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогоо бууруулсан, 2019 онд 8,027,515.91 төгрөг, 2020 онд 13,949,838.18 төгрөг, 2021 онд 54,520,913.35 төгрөг нийт 76,498,267.45 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан, 2021 онд 338,181,818.18 төгрөгийн худалдан авсан бараа, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлөх татварын дүнг бууруулсан, 2018-2021 онд компанийн өөрийн нэр дээр бүртгэлтэй Ү-2003016162 дугаартай гэрчилгээтэй 35,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөнд үл хөдлөх хөрөнгийн албан татварыг ногдуулж төсөвт төлөөгүй, 2021 онд 2,740,874.50 төгрөгийн тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 11.29.1.2, 11.19.4, 11.19.1, 11.19.1.1-д заасныг үндэслэн 68,900,069.31 төгрөгийн нөхөн татвар, 27,706,686.98 төгрөгийн торгууль, 4,453,418.13 төгрөгийн алданги, нийт 101,060,174.42 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй байна.

Учир нь дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтуудыг гаргаж өгсөн аж ахуйн нэгжүүд нь хуурамчаар үйлдсэн, залилах гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад "Х" ХХК-ийг дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн 27 сая гаруй төгрөгийн худалдан авалт огт хийгээгүй атал татвар ногдуулж, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Татварын улсын байцаагч акт тогтоохдоо зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл хэсэг заалтыг удирдлага болгосон. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг шалгах, тогтоох, холбогдогчийн эрх үүргийг танилцуулах, цуглуулсан баримтуудтай танилцах, эсвэл холбогдох шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах, дүгнэлттэй танилцах, гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг тайлбарлаж хуульд заасан эрхийг минь хязгаарласан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж шийдвэрлэгдээгүй нөхцөл байдал тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр их хэмжээний торгууль, нөхөн татвар төлүүлэхээр акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би уг актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь 6 дугаар сарын 18-ны өдөр М.М байцаагч шууд шалгалтаар дуудсан. Шалгалтаар дуудахад хугацаа өгөх боломжтой юу? гэж хэлсэн. Хугацаа нь өнгөрчихсөн гэж хэлсэн. Татварын ерөнхий газраас 5 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцэж 30 хоногийн дотор засуулах, засахгүй бол шалгалтаар дуудах бичиг нь ирсэн юм байна лээ. Намайг 6 дугаар сарын 18-ны өдөр шалгалтаар дуудсан. Татварын тайлангаа жилийн хугацаанд засах боломж байдаг юм байна лээ. Татварын ерөнхий газраас ирсэн бичгийн дагуу намайг тайлангаа засуул гэж хэлсэн байсан бол засах боломж нь байсан. Засуулчихсан байсан бол би нэмэгдсэн өртгийн албан татвар дээрээ өртэй гарч тайлангаа засаад явах боломжийг надад олгосонгүй гэж гомдол гаргасан. 34,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй тайлангаа илгээж засчхаад худалдан авсан газруудаа хуулийн байгууллагад хандаад тэр байгууллагуудаас мөнгө гаргаж авах боломжийг надад олгосонгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрх зүйн акт хуульд нийцээгүй гэдгийг тайлбарлах боломжгүй, ойлгогдохгүй эрх зүйн акт гарсан учраас Захиргааны шүүхэд хандаад байгаа юм. Захиргааны шүүхэд хугацаандаа хандсан. Шүүхээс хоёр удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Та нар урьдчилан шийдвэрлэх  ажиллагаагаа хийлгэ, Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлд ханд гэдэг. Маргаан таслах зөвлөлд нь хандаад маргаан таслах зөвлөлийн хоёр удаагийн хурал болсон. Эхний маргаан таслах зөвлөлийн хурлаар уг акт асуудалтай байсан юм байна. Дахин шалгах ёстой гэдэг байдлаар түдгэлзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газар луу хандсан өргөдөл, гомдол яваад Татварын ерөнхий газраас  дахин маргаан таслах комиссын хурлыг хий гэсэн. Хурлыг хийсэн чинь энэ бол зөв байна. Шүүхэд ханд гэдэг. Татварын ерөнхий газарт чиглэл өгсөн юм шиг байгаа юм.  Би тэгж ойлгодог. Би хуульчийн хувьд энгийн зүйлүүдийг ойлгохгүй байна. Байцаагч нараас нь асуухаар хариулж чаддаггүй. Хамгийн сүүлийн үнийн дүнгийн тогтоох хэсгийн агуулгыг харахаар 823,000,000 төгрөг хаанаас гараад ирэв гээд 7 зөрчил дээр нь холбогдуулаад үзэхээр уг зөрчлийнх нь нийт үнийн дүн 700 гаруй сая хүрэхгүй байна.  Хоёрдугаарт зарим үнийн дүнгүүд нь аль хэсгийнх нь вэ?. Нөхөн татвар уу? Ямар зөрчлийнх гэдэг нь ойлгогдохгүй байна. Тогтоох хэсгээс нь харахаар 68,900,000 төгрөгийг акт дээрээс нь харахаар аль алины төлбөрийн үнийн дүнгээс яаж бодогдоод 68,000,000 төгрөг болсон нь ойлгомжгүй. 68,000,000 төгрөгөөр 27,000,000 төгрөгийн торгууль нь яасан гэхээр бүгд ойлгомжгүй. Өөрсдөө гаргасан актаа уншаад байгаа болохоос тайлбарлаж чадахгүй байна. Бид нар үүнийг ойлгох ёстой. Яагаад  68,000,000 төгрөгийн татвар авах гээд байна вэ?. Яагаад 27,000,000 төгрөг болсон бэ? Үүнээс яагаад 4,400,000 төгрөгийн торгууль болж байгаа нь тодорхой байх ёстой. Татварын ерөнхий хуулиар арга хэмжээ аваад байгаа нь ойлгомжгүй, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ аваад байгаа нь ойлгомжгүй. Торгууль алданги оногдуулаад байгаа нь ч ойлгомжгүй. Хэрвээ Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч байгаа бол зөрчлийн хэрэг нээгээд миний үйлчлүүлэгч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болоод эрх үүрэг тайлбарлаад, уг зөрчлийг гаргаагүй гэдэг талаар нотлох баримтыг гаргаж өгөх нь Монгол Улсын Үндсэн хуулийн эрхэд хамаарч байгаа үүрэг. Гэтэл уг эрхийг огтоос эдлүүлээгүй. Татварын хуулийн агуулгын хүрээнд яривал татвараа хуулийн хугацаанд тайлагнасан байна. Татварыг тайлагнаад тодорхой зөрчилтэй байвал татварын газраас аль ч хуулийнхаа хүрээнд процессын ажиллагаа явагдаагүй. Ямар ч эрхгүй харагдаад байгаа юм.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор дээрх асуудлыг хэлсэн. Хэрэв О.Э байцаагч тухайн асуудлыг хариуцаж байгаагүй бол М.М гэх хүн голчлон тус актыг бичиж баталгаажуулсан юм шиг байгаа юм. Энэ хүн хариуцагч байж ээ гэж урд нь тайлбараа хэлсэн учраас давхардуулах нь илүүц байх. Иймд хуульд нийцсэн байдлаар шийдэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Г өмгөөлөгчийн хэлээд байгаа акт гарахдаа Зөрчлийн тухай хууль эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасан процессын алдаатай, нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан нөхцөл үүссэн гэх ерөнхий дүгнэлттэй санал нэг байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох,  хариуцагчаа сонгох эрхтэй байдаг. Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийг харахад Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс, нэр бүхий хоёр улсын байцаагчийг хариуцагчаар сонгож нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байдаг. Нотлох баримт шинжлэн судлахад захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжаар О.Э, М.М нарыг хариуцагчаар татсан. Гэтэл нэхэмжлэлийн хувь гардуулсан ажиллагааг харахаар зөвхөн О.Эд гардуулж уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл хоёр жилийн хугацаанд анхан шатны шүүх дээр явчихсан байна. Гэтэл хуульд ямар зүйлийг заасан байна гэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлд захиргааны хэрэг үүсгэх асуудлыг зохицуулсан. Шүүгчийн мөн хуулийн  54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гарчихсан. Уг захирамж гарчихсан. Мөн хуулийн 56 дугаар зүйлд шүүгчийн ажиллагаа гэсэн зүйлийг зохицуулж өгсөн. Мөн хуулийн 56.1-д хэрэг үүсгэсэн шүүх дараах ажлыг явуулна. 56.1.1-д хариуцагчийг дуудан ирүүлж нэхэмжлэлийн хувийг гардуулж энэ тухай баримтжуулах. 56.1.2-д хэргийн оролцогчдод эрх үүргийг тайлбарлан өгч энэ тухай баримтжуулна.  Ингээд цаашаа тодорхой ажиллагаа явуулах талаар зохицуулсан. Хариуцагчийг тодорхойлчихсон байхад гэтэл М.Мт уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийг гардуулсан баримт байхгүй, эрх үүргийг тайлбарласан баримт байхгүй. Анхнаасаа захиргааны хэрэг үүсгээд хариуцагчаар татсан мөртөө нэг хариуцагч дээр ямар ч ажиллагаа хийгээгүй. Магадгүй би асуулт хариултаар тодруулсан. Хэрвээ М.М гэх хүн байхгүй байсан бол тэр хүний оронд ажиллаж байсан хүн юм уу, эсхүл хариуцагч өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж байгаатай адилхан процесс М.М дээр л явагдах ёстой байсан. Энэ талаар ямар ч баримт байхгүй. М.М гэх хүн тэр үед ажиллаж байсан уу, үгүй юу, одоо ажиллаж байгаа юу, үгүй юу гэдгийг тодруулаагүй. Ганцхан байцаагчийг хариуцагчаар татаад эрх үүргийг тайлбарлаад процесс ажиллагаа явагдсан нь өөрөө захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийн нэг хариуцагчийг уг хэргийн хариуцагч болоогүй байгаа процессын алдаа үүсэх нөхцөл байдал харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлд нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах гэдэг асуудлыг зохицуулсан. Хэрэг үүсгэснээс хойш нийслэлд 7, орон нутагт 14 хоногт нэхэмжлэлийг хариуцагчид гардуулна гэж заасан. Мөн хуулийн 57.2-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ”  гэж заасан. Нэг ёсондоо хариуцагчаар татагдсан этгээд заавал шүүхэд бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөх ёстой. Уг ажиллагаа ч М.Мт хийгдээгүй. Тэгэхээр анхнаасаа уг хэрэг дээр нэхэмжлэгчийн хариуцагчаар татсан захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж дээр дурдсан нэг хариуцагч орхигдоод явсан асуудал нотлох баримт шинжлэн судлах явцад тодорхой боллоо гэж харж байна. 14 хоногийн дотор зөвшөөрөх эсэх талаар нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ. Итгэмжлэлийн асуудал байгаа. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө энэ талаар ярилцсан ч хуулийн талаас нь тайлбар хийе. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйл дээр итгэмжлэлээр оролцох асуудлыг зохицуулж өгсөн. Мөн хуулийн 27.1-д “эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”. Мөн хуулийн 27.2-д “хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж заасан. Тэгтэл би асуултаар асуусан. Тус актыг хувь О.Э гэдэг утгаар гаргаад байна уу, Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчаар гаргаж байна уу гэхээр мэдээж татварын улсын байцаагчаар гаргасан. Нэхэмжлэгч өөрөө татварын хэлтэс таслалтай хоёр байцаагчийг татсан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн дарга заавал уг хэргийн нэхэмжлэлийг гардаж авч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой.  Нэг ёсондоо татварын хэлтсийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь тухайн байгууллагын дарга байгаа. Гэтэл уг ажиллагаа огтоос хийгдээгүй. Анхнаасаа шүүгчийн гаргасан захирамжаар харвал М.М гэх хүнийг татаагүй. Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийг огт татаагүй. Татварын хэлтсийг татчихсан тохиолдолд М.М ч юм уу, О.Эг ч юм уу хэн нэгнээр итгэмжлүүлээд эсвэл эдгээр хүмүүст итгэмжлэл олгоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой гэдэг асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлээр зохицуулаад өгчихсөн. Дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа процессын алдаа гарсан байгаа талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Уг алдааг засварлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль зүйн дагуу явуулсны үндсэн дээр хэрэг маргааныг шийдвэрлэх нь хуульд нийцнэ байх гэж бодож байна” гэжээ.

Хариуцагч О.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Татварын хяналт шалгалтын 1322601730 тоот томилолтын дагуу татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.М, татварын улсын байцаагч О.Э нар 5140706 тоот регистрийн дугаартай “Х” ХХК-ийн 2018- 2021 онуудын татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн, НА-13220000013 тоот нөхөн ногдуулалтын актаар 68,900,069.31 төгрөгийн нөхөн татвар, 27,706,686.98 төгрөгийн торгууль, 4,453,418.13 төгрөгийн алданги нийт 101,060,174.42 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Үүнтэй холбоотойгоор тус компанийн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийн талаар дараах тайлбарыг гаргаж байна.

1. Тус компани нь 2019 онд 101,430,925.45 төгрөгийн борлуулалтын орлоготой, 100,908,719.87 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 522,205.58 төгрөгийн татвар ногдуулах орлоготой тайлан гаргаж баталгаажуулсан байна. 2019 онд Сүхбаатар сумын 1-р багийн цэцэрлэгийн гадна фасад, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын багийн төвийн барилга, Дархан-Уул аймагт усан сан, Дархан-Уул аймагт Хар усны гүүр, Дархан-Уул аймгийн УГТЭШХ гээд нийт 120,404,286.00 төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 5 ажил төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтаар гэрээний нэгдүгээр зүйлд заасан "Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно" гэсэн заалтыг зөрчиж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дансны хуулганы дүнгээр борлуулалтын орлогоо тусгасан зөрчил илэрсэн. Гэрээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцоод 109,458,441.82 төгрөгийн борлуулалтын орлого тайланд тусгах ёстой боловч 101,430,925.45 төгрөгийн борлуулалтын орлого тусгаж 8,027,516,37 төгрөгөөр татвар ногдох орлого бууруулсан зөрчил илэрсэн. Гэрээнд тусгасан захиалагчийн албаны болон зураг төсвийн зардал 7,512,214.00 төгрөгийг зардалд тооцон зөрчлийг тус дүнгээр бууруулан 515,302.37 болгож тооцсон. Иймд Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1. “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого...", гэж заасныг үндэслэн 515,302.37 төгрөгийн зөрчилд 51,530.24 төгрөгийн нөхөн татвар, 15,459.07 төгрөгийн торгууль /төлбөл зохих дүнгийн 30%, алданги 20%/ 10,306.05 төгрөг нийт 77,295.36 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1. “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ" гэж заасныг үндэслэн 8,027,516,37 төгрөгийн зөрчилд 802,751.59 төгрөгийн нөхөн татвар, 240,825.48 төгрөгийн торгууль /төлбөл зохих дүнгийн 30%, алданги 20%/ 160,550.32 төгрөг нийт 1,204,127.39 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.

2. 2020 онд 348,725,756.37 төгрөгийн борлуулалтын орлоготой, 345,859,410.00 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 2,866,346.37 төгрөгийн татвар ногдуулах орлоготой тайлан гаргаж баталгаажуулсан байна. 2020 онд Хүдэр суманд цахилгаан монтаж, Сүхбаатар суманд цэцэрлэгийн барилгын их засвар, Номгон тосгонд цэцэрлэгт хүрээлэн, Түнхэл тосгонд цэцэрлэгийн засвар, Сүхбаатар сум 4-р цэцэрлэгийн фасад гээд нийт 508,680,664.00 төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 5 ажил төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтаар мөн гэрээний нэгдүгээр зүйлд заасан “Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно" гэсэн заалтыг зөрчиж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дансны хуулганы дүнгээр борлуулалтын орлогоо тусгасан зөрчил илэрсэн. Сүхбаатар суманд хийгдсэн цэцэрлэгийн барилгын их засварын 209,737,510.00 төгрөгийн гэрээний үнийн дүнгээс тайлант онд 100,000,000.00 төгрөгийн санхүүжилт орж ирсэн бөгөөд үлдсэн 109,737,510.00 төгрөгийн санхүүжилт гүйцэтгэлээрээ дараа онд орж ирнэ гээд тайлант онд санхүүжилтээ авсан гэрээний үнийн дүн 398,943,154.00 төгрөг байна. Гэрээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцоод 362,675,594.55 төгрөгийн борлуулалтын орлого тайланд тусгах ёстой боловч 348,725,756.37 төгрөгийн борлуулалтын орлого тусгаж 13,949,838,18 төгрөгөөр бууруулсан зөрчил илэрсэн. Гэрээнд тусгасан Захиалагчийн албаны болон зураг төсвийн зардал 25,663,106.00 төгрөгийг зардалд тооцон зөрчилд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нөхөн татвар ногдуулаагүй болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ" гэж заасныг үндэслэн 13,949,838,18 төгрөгийн зөрчилд 1,394,983.82 төгрөгийн нөхөн татвар, 557,993.53 төгрөгийн торгууль / төлбөл зохих дүнгийн 40% /, алданги / 0.044% / 219,124.06 төгрөг нийт 2,172,101.40 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.

3. 2021 онд 813,917,802.00 төгрөгийн борлуулалтын орлоготой, 811,838,565.43 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 2,079,236.57 төгрөгийн татвар ногдуулах орлоготой тайлан гаргаж баталгаажуулсан байна. 2021 онд Сайхан суманд явган зам, Мандал суманд тоглоомын талбай, Ерөө суманд Соёлын төвийн засвар, Мандал суманд Спорт цогцолбор, Дарханд ОНХС хог түрэх техник, Мөн Сүхбаатар сумын цэцэрлэгийн барилгын их засварын үлдэгдэл санхүүжилт гээд нийт 1,055,113,571.00 төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 6 ажил төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтаар мөн гэрээний нэгдүгээр зүйлд заасан "Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно" гэсэн заалтыг зөрчиж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дансны хуулганы дүнгээр борлуулалтын орлогоо тусгасан зөрчил илэрсэн. 2021 онд хийгдсэн 1,055,113,571.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээт ажлуудын санхүүжилтээс 119,302,308.00 төгрөгийн санхүүжилт дутуу орж ирсэн нь хуулгаар нотлогдож байгаа бөгөөд үүнээс 3,282,822.99 төгрөгийг санхүүгийн тайландаа авлагаар тусгасан учир борлуулалтад хүлээн зөвшөөрсөн гэж тооцон үлдэгдэл 116,019,485.01 төгрөгийг тайлант оны борлуулалт биш гэж үзсэн. Гэрээний үнийн дүнг энэ дүнгээс бууруулж тооцвол тайлант оны санхүүжилт 939,094,085.99 төгрөг байна. Гэрээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцоод 853,721,896.35 төгрөгийн борлуулалтын орлого тайланд тусгах ёстой боловч 813,917,802.00 төгрөгийн борлуулалтын орлого тусгаж 39,804,094.35 төгрөгөөр бууруулсан зөрчил илэрсэн.

Иймд Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн "8 дугаар зүйл. Үйл ажиллагааны орлого, 8.1. албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1. үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого...", гэж заасныг үндэслэн 39,804,094.35 төгрөгийн зөрчилд 3,980,409.44 төгрөгийн нөхөн татвар, 1,592,163.77 төгрөгийн торгууль / төлбөл зохих дүнгийн 40% /, алданги / 0.038% / 199,657.34 төгрөг нийт 5,772,230.55 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2021 онд 799,200,983.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 745,207,564.00 төгрөгийн худалдан авалттай тайлагнаж баталгаажуулсан байна. Шалгалтаар 853,721,896.35 төгрөгийн борлуулалтын орлоготой байх ёстой гэж тогтоогдсон тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, “7.1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ" гэж заасныг үндэслэн 54,520,913.35 төгрөгийн зөрчилд 5,452,091.34 төгрөгийн нөхөн татвар, 2,180,836.53 337,702.54 төгрөг нийт төгрөгийн торгууль /төлбөл зохих дүнгийн 40% /, алданги / 0.038% / 7,970,630.41 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.

4. Тус компани нь 2021 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 799,200,983.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 745,207,564.00 төгрөгийн худалдан авалттай тайлагнаж баталгаажуулсан байна. 2021 оны 5 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 6653391 тоот регистрийн дугаартай "Аз хангайн чимээ” ХХК-аас 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 100,000,000.00 төгрөгийн худалдан авалтын падаан, 6 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 6392016 тоот регистрийн дугаартай "Бадран гийх заяа" ХХК-аас 2021- оны 6 дугаар сарын 21-ний өдөр нийт 200,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй 5 ширхэг худалдан авалтын баримт, 5046866 тоот регистрийн дугаартай "Молор шагай” ХХК-аас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нийт 72,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй 2 ширхэг худалдан авалтын баримт, 7 дугаар сарын 29-ний өдөр нийт 72,000,000.00 төгрөгийн үнийн дүнтэй 3 ширхэг худалдан авалтын баримтаар нийт 444,000,000.00 төгрөгийн хасалт хийсэн боловч 6 дугаар сарын “Молор шагай” ХХК-аас авсан 72,000,000,00 төгрөгийн худалдан авалтын баримтаа буцаалт хийсэн учир 372,000,000.00 төгрөгийн хий бичилттэй баримтыг зөрчилтэй байна гэж үзсэн.

Эдгээр худалдан авалт хийсэн аж ахуйн нэгжүүд нь татварын тайлан огт илгээгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт нь баталгаажаагүй зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын хий бичилт хийж өгсөн байсан.

Мөн тус компаниас худалдан авалтад төлсөн мөнгөний баримт, дансаар эдгээр аж ахуйн нэгжүүд рүү гарсан гүйлгээ байгаа эсэх, нэхэмжлэл болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт гаргаж өгөхийг хүссэн боловч төлбөр төлсөн анхан шатны баримт байхгүй нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй, мөнгөө бэлнээр төлдөг байсан гэх тайлбар өгсөн. Энэхүү борлуулагч талууд аж ахуй нэгжийн тайлан болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа тайлагнаж баталгаажуулаагүй 338,181,818.18 / нэмэгдсэн өртгийн албан татвартай дүн 372,000,000.00/ төгрөгийн худалдан авалтыг тайланд тусган төлөх татварын дүнг бууруулсан зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д "Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй" гэж заасныг үндэслэн 33,818,181.82 төгрөгийн нөхөн татвар, 13,527,272.73 төгрөгийн торгууль /төлбөл зохих дүнгийн 40%/, алданги /0.038%/ 2,094,698.18 төгрөг нийт 49,440,152.73 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.

Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгасан 811,838,565.43 төгрөгийн зардал тусгасан боловч и-баримтаар худалдан авалт 407,025,745.82 төгрөг, цалин, нийгмийн даатгалын шимтгэл 7,627,200.00, тендерийн төсвийн зардал 43,157,504.00 төгрөг, элэгдлийн зардал 1,204,794.00 төгрөг, зээлийн хүүгийн зардал 8,952,295.89 төгрөг, хөрөнгийн татварын зардал 16,000.00 төгрөг, мөн урд оны илүү зардал болох 118,253,815.11 төгрөгийг тайлант онд оруулж тооцон нийт баримтаар нотлогдож буй зардлыг 586,237,354.82 төгрөг байна гэж тооцсон. Иймээс зардлын зөрүү болох 225,601,210.61 төгрөгийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13.1. "Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно" 13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; 13.1.4. доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх" гэж заасныг үндэслэн 22,560,121.06 төгрөгийн нөхөн татвар, 9,024,048.42 төгрөгийн торгууль /төлбөл зохих дүнгийн 40%/, алданги /0.038% 1,131,615.67 төгрөг нийт 32,715,785.16 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.

5. 2021 онд 2,740,874.50 төгрөгийн тайлангаар ногдуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д "Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана" гэж, мөн Татварын Ерөнхий /2019 оны/ хуулийн 29-дүгээр зүйлийн 29.2. "Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна", Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 19.1-т " Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг үндэслэн 274,087.45 төгрөгийн торгууль /төлбөл зохих дүнгийн 10%/, алданги /0.038%/ 169,769.77 төгрөг нийт 443,857.22 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.

6. 2013 онд Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гарган өөрийн компанийн нэр дээр Дархан-Уул аймгийн 15-р багт байрлах 166 мкв гражын давхар, 188 мкв үйлчилгээний 1 давхрын хэсэг бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлж Ү-2003016162 дугаартай гэрчилгээ авсан бөгөөд тухайн хөрөнгөө татварын албанд бүртгүүлж татвар төлөөгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн газраас авсан лавлагаа, компанийн захирлаас авсан ярилцлагаар тухайн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд анх бүртгүүлэхдээ 35,000,000.00 төгрөгөөр үнэлснийг тогтоож, энэхүү зөрчилд Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д "Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна" мөн 4 дүгээр зүйлийн 1-д "Монгол улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа этгээд үл хөдлөх хөрөнгийн албан татвар байна." "4.1.1. өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар; " гэж заасныг, Татварын ерөнхий /2019 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т "Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй" гэж заасны дагуу 2018- 2021 онуудад нийт 840,000.00 төгрөгийн нөхөн татвар, 294,000.00 төгрөгийн торгууль /төлбөл зохих дүнгийн 40%/, алданги /0.038%/ 129,994.20 төгрөг нийт 1,263,994.20 төгрөгийн төлбөр ногдуулсан болно.” гэжээ.

Хариуцагч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Энгийнээр тайлбарлавал уг аж ахуй нэгж маань гэрээний үнийн дүнгээр дансанд орж ирсэн дүнгээр татварын тайланг гаргаад уг зөрчил гарчхаад байгаа юм. Аж ахуйн орлогын албан татвар буюу Нягтлан бодох бүртгэлийн хуулиар борлуулалтын орлогыг гэрээний нийт үнийн дүнгээр борлуулалтын орлогыг тооцно гэсэн заалт байгаа. Гэтэл тухайн аж ахуйн нэгж маань дансандаа орж ирсэн мөнгөөр борлуулалтын орлогыг тооцсоноос улбаатайгаар 515,000 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчил илэрсэн гэв. Хоёр дахь зөрчил нь 39,804,094.35 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаж татвар ногдуулж төсөв төлөөгүй зөрчил гарч ирсэн. Энэ нь шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт дээр байгаа. Нарийн тайлбарлавал бас л борлуулалтын орлогыг нийт гэрээний үнийн дүнгээр аваагүй.

Түрүүн хийсэн ажил болгоных нь нэр болгоноор яриад хэлж байхад үүнийгээ тайлбарлаж чадахгүй байна гэдгийг ойлгохгүй юм байна. Х.Н хуулийн зөвлөх түрүүн хэлэхдээ 120,000,000 төгрөгийн нийт орлогоосоо хэдэн төгрөгийг тайлагнаагүй учраас 515,000 төгрөгийн борлуулалтын орлогын зөрүүг хассан гэж тайлбарлаж хэлсэн. Миний хувьд хангалттай тайлбарласан гэж бодож байна.

2021 онд “Х” ХХК нь 6 ажил хийсэн. Зургаан ажлын борлуулалтын орлогыг 39,000,000 төгрөгөөр дутуу тайлагнасан. Дэлгэрэнгүй хэлэхэд 2021 онд Сайхан сумын явган хүний зам хийсэн. Мандал суманд тоглоомын талбай хийсэн. Ерөө суманд соёлын төвийн засварын ажил хийсэн. Мандал суманд спортын цогцолборын ажил хийсэн.  Дархан аймагт хог түгээх техник нийлүүлсэн. Сүхбаатар сумын цэцэрлэгийн барилгын ажил зэрэг 6 ажил хийсэн. Нийтдээ 813,917,000 төгрөгийн ажил хийсэн. Шалгалтаар 853,7210,000 төгрөгийн борлуулалтын орлого тайлагнах ёстой байсан. Дутуу тайлагнасан борлуулалтын орлого нь 39,804,094.35 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан. Ингэж тайлбарлахаар юуг нь дутуу тайлбарлаад юуг нь тайлбарлаж чадахгүй байна гэж хэлээд байгааг би хувьдаа ойлгохгүй байна.

2021 онд 225,601,210.61 төгрөгийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон дахин давтагдашгүй төлбөрийн баримтаар баталгаажаагүй зарлагыг татвар ногдуулах орлогоос хасаж татвар ногдуулах, орлогоо бууруулах зөрчил гаргасан. Энэ нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвараас хасаж тооцно. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 1.3-д зардал бодитой гарсан бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, мөн хуулийн 13.1.4-д доор дурдсан бараа, ажил,, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх гэж заасан. Ийм ийм 3 заалтыг нэгэн зэрэг хангаагүй зардал нь 225,601,210.61 төгрөгийн зардал хассан гэж актанд тусгаж 2021 оны зардлаас нь хассан.

2019 онд 8,027,515.92 төгрөг, 2020 онд 13,949,838.18 төгрөг, 2021 онд 54,520,913.35 төгрөг нийт 76,498,296.45 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох борлуулалтын орлогыг нэгдсэн өртгийн албан татварын тайланг дутуу тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар-ын орлогыг бууруулсан. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна. Мөн хуулийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж заасан. Ингээд нийт 2019, 2020, 2021 онуудад нийт борлуулалтаасаа нэмэгдсэн өртгийн албан татвараар 76,498,267.45 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй байна.

2021 онд 338,181,818.18 мөнгийг худалдан авсан бараа үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авах хэсэгт тусган төлөх татварын дүнг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасны дагуу 318,181,818.18 мөнгөний зардлыг хасаж тооцсон.

2018-2021 онд компани өөрийн нэр дээр бүртгэлтэй Ү-2003016162 дугаартай гэрчилгээтэй 35,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй зөрчил нь Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх хөрөнгөд албан татвар ногдуулна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа этгээд үл хөдлөх хөрөнгийн албан татвар байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллага тэдгээрийн төлөөллийн газар гэж заасан байна.

2021 онд 2,740,874.50 мөнгөний тайлангаа ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын нийт хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа үйлчилгээнд ногдох албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж батлагдсан маягтын дагуу тайлангаа тушаана гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д зааснаар татварын тайлан тушаах, татвар төлөх хугацаа тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх тайлан хугацаа адил байна гэж заасны дагуу хугацаандаа төлөөгүй нь 2,740,874.50 мөнгөнд актаар төлбөр ноогдуулсан. 7 зөрчил нийтдээ 68,900,069.31 төгрөгийн нөхөн татвар 27,706,686.98 төгрөгийн торгууль, 4,453,418.13 төгрөгийн алданги нийт 101,060,174.42 төлбөрийг уг актаар нөхөн ногдуулж тавьсан.

 “Х” ХХК-иас татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 13220013 дугаартай нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдлыг хэлэлцээд Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагчид 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02 тогтоолын хүрээнд татварын хяналт шалгалтыг эхлүүлсэн бөгөөд  “Х” ХХК-ийн захирал Д.Г эрүүл мэндийн шалтгааны улмаас биечлэн уулзах боломжгүй гэсэн тайлбарыг ирүүлж өөрийн төрсөн охиноор ирүүлсэн санхүүгийн холбогдох баримт материалд үндэслэн дахин хяналт шалгалтаар шалгахад дээрх нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчил, нөхөн төлбөр, алданги нь үндэслэлтэй байна гэсэн тайлбарыг Татварын ерөнхий газраас гаргаж байсан. Тухайн үед Татварын ерөнхий газраас шалгахад “Х” ХХК-ийн захирал маань өөрөө эрүүл мэндийн шалтгааны улмаас биечлэн уулзаагүй боловч дахин нотлох баримт, холбогдох баримтуудыг нэмэлтээр гаргаж өгөх боломжууд байсан. Гаргаж өгсөн баримтыг нь татварын ерөнхий газар шалгахад Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн хоёр байцаагчийн гаргасан нөхөн ногдуулалтын акт, торгууль нь үндэслэлтэй байна гэсэн тайлбарыг хүргүүлж байсан байна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр 2022 онд Татварын ерөнхий газарт шалгуулахдаа нэмэлт тайлбар, тодорхой бүртгэлийн анхан шатны баримтуудаа өгөөд шалгалтад хамрагдах нөхцөлөөр хангаж байсан байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны аж ахуйн орлогын албан татвар 515,302,037 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд байгаа. “Х” ХХК маань 101,430,925.35 мөнгөний борлуулалтын орлоготой.  100,908,716.87 төгрөгийн татвар ногдуулах орлогоос хасагдах зардалдаа  522,205.58 мөнгийг татвар ногдуулах орлогодоо тайлан гаргаж баталгаажуулсан. 2019 онд Сүхбаатар сумын 1-р багийн цэцэрлэгийн гадна фасад, Ерөөд багийн төвийн барилга, Дарханд усан сан, Дарханд хар усны гүүр,  Дарханд УГТ гээд нийтдээ 120,000,000 төгрөгийн гэрээний хүрээнд төсвийн 5 ажлыг хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Шалгалтаар гэрээний 1 дүгээр заалтад заасны дагуу гэрээний үнэ буюу ажлын нийт төсөв бүрд нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэсэн заалтыг зөрчиж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, дансны хуулгаар борлуулалтын орлогоо тусгасан нь өөрөө зөрчил юм. Гэрээний үнийн дүнгээс Нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцоод 109,458,441.82 төгрөгийг борлуулалтын орлого тайланд тусах ёстой боловч 101,430,925.45 төгрөгийг борлуулалтын орлогод тусгаж нийтдээ 8,027,516.37 төгрөгөөр бууруулсан зөрчил илэрсэн. Гэрээнд тусгасан захиалагчийн албаны болон зураг төслийн зардал нийт 7,512,214 төгрөгийг тус тус дүнгээр бууруулан 515,237 төгрөг болгож тооцсон. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлд үйл ажиллагааны орлого, мөн хуулийн 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж заасныг үндэслэн 515,302.37 төгрөгийг зөрчлөөс 51,531 төгрөгт татвар ногдуулж 15,459 төгрөгийг торгууль, нийт 77,295.36 төгрөгийн төлбөр ногдуулсан...Яагаад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн бэ гэхээр Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасан бөгөөд татварын нөхөн ногдуулалтын актыг гаргахад тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Татварын ерөнхий хуулийг хэрэглэсэн тохиолдолд эрх зүйн байдал дордохоор байвал өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомж тухайлбал 2008 оны Татварын ерөнхий хууль, 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн  1,  3, 4, 5 дахь заалтыг буцаан хэрэглэнэ гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад тухайн зөрчил нь 2018 онд шалгагдсан байдаг. Тэгэхээр 2018 он боловч татварын хяналт шалгалт хийж, татварын нөхөн ногдуулалт хийсэн хугацаа нь 2023 онд хамаарч байх тул зарчмын хувьд татварын мөнгөн хэлбэрийг тогтооход 2019 оны Татварын ерөнхий хуулийг хэрэглэж байсан. Мөн 2019 оны Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дүгээр зүйлд заасны дагуу дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно гэж заагдсан хэмжээнд  олгогдоно. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байсан учраас Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг буцаан хэрэглэж Зөрчлийн тухай хуулиар тооцсон. Нэхэмжлэгч талаас нөхөн ногдуулалтын акт гардуулаагүй гэдэг. Нөхөн ногдуулалтын актыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасны дагуу нөхөн ногдуулалтын актад 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн, Дархан сумын, 15-р хороо, янгиртын 1 дүгээр хэсэг, 47-а гудамж, 5 тоотод шуудангаар хүргүүлж ажилласан учир нөхөн ногдуулалтын актыг гардуулсан гэж үзэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, М.М нар “Х” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар, ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж 1322601730 тоот томилолтоор эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн татварын хяналт шалгалтыг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны хооронд хийж  татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000013 дугаар нөхөн ногдуулалтын акт[1]-аар 823,341,567.46 төгрөгийн зөрчилд 68,900,069.31 төгрөгийн нөхөн татвар, 27,706,686.98 төгрөгийн торгууль, 4,453,418.13 төгрөгийн алданги, нийт 101,060,174.42 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулжээ.

Татвар төлөгчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянаад 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж шийдвэрлэсний дагуу  Татварын ерөнхий газар дахин хянан шалгаж, нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчил, ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги нь үндэслэлтэй байна гэсэн тайлбарыг Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн дарга М.Нт 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08/426 тоот албан бичиг[2]-ээр хүргүүлснийг Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл дахин хэлэлцээд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоол[3]-оор татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар нийт 7 зөрчилд, тодруулбал,

1.1. 2019 онд 515,302,37 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаж, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтаар,

1.2. 2021 онд 39,804,094.35 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаж, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2019 оны) 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтаар,

1.3. 2021 онд 225,601,210.61 төгрөгийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2019 оны) 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалтаар,

1.4. 2019 онд 8,027,515.92 төгрөг, 2020 онд 13,949,838.18 төгрөг, 2021 оны 54,52,913.35 төгрөг, нийт 76,498,267.45 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтаар,

1.5. 2021 онд 338,181,818,18 төгрөгийн худалдан авсан бараа, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлөх татварын дүнг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтаар,

1.6. 2018-2021 онд компанийн өөрийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн албан татварыг ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил нь Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтаар,

1.7. 2021 онд 2,740,874.50 төгрөгийн тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Татварын ерөнхий хуулийн (2019 оны) 29 дүгээр зүйлийн 29.2  дэх заалтаар нөхөн татвар, торгууль, алданги тогтоожээ.

2. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ “Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000013 тоот илтэд хууль бус актыг хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 255 тоот, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 273 тоот албан бичгээр тус тус нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулж, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт 7 зөрчлийг бүхэлд нь эсхүл холбогдох хэсгийг эс зөвшөөрч байгаа эсэх, зөрчил тус бүрд үндэслэл тайлбараа ирүүлж, илт хууль бус захиргааны актыг хүлээн зөвшөөрүүлэх, хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын аль төрлөөр нэхэмжлэл гаргаж байгаа эсэхийг лавлахад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хангалттай бүрэн тодруулаагүй. Улмаар шүүх хуралдаанд тодруулахад “Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000013 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэж эцсийн байдлаар тодорхойлсон болно.

3. Нэхэмжлэгч нь нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан боловч 3 дахь зөрчилд холбогдуулан “дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтуудыг гаргаж өгсөн аж ахуйн нэгжүүд нь хуурамчаар үйлдсэн, залилах гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад "Х" ХХК-ийг дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.” гэж маргасан бөгөөд 1,2,4,5,6,7 дахь зөрчлийг эс зөвшөөрсөн үндэслэл, баримт маргаан таслах зөвлөлд ч, шүүхэд ч тухайлан гаргаагүй.

Маргаж буй нөхөн ногдуулалтын актыг ерөнхийд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болоод шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбартаа “...Татварын улсын байцаагч акт тогтоохдоо зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл хэсэг заалтыг удирдлага болгосон. Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг шалгах, тогтоох, холбогдогчийн эрх үүргийг танилцуулах, цуглуулсан баримтуудтай танилцах, эсвэл холбогдох шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах, дүгнэлттэй танилцах, гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг тайлбарлаж хуульд заасан эрхийг минь хязгаарласан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж шийдвэрлэгдээгүй нөхцөл байдал тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр их хэмжээний торгууль, нөхөн татвар төлүүлэхээр акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Татварын хуулийн агуулгын хүрээнд яривал татвараа хуулийн хугацаанд тайлагнасан байна. Татварыг тайлагнаад тодорхой зөрчилтэй байвал татварын газраас аль ч хуулийнхаа хүрээнд процессын ажиллагаа явагдаагүй. Ямар ч эрхгүй харагдаад байгаа юм.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор дээрх асуудлыг хэлсэн. Мөн 27 сая гаруй төгрөгийн худалдан авалт огт хийгээгүй атал татвар ногдуулж, нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.” гэж тоймлон маргадаг.

4. Хэдий тийм ч актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд актаар тогтоосон зөрчил тус бүрээр дүгнэвэл,

4.1. “Х” ХХК 2019 онд 515,302,37 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаж, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил нь:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд 2022 онд хийгдсэн татварын хяналт шалгалтаар 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчилд нөхөн татвар ногдуулах харилцаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд албан татвар төлөгчийн 2019 оны татварын жилд олсон орлогод ногдуулан төлөх албан татварын хэмжээг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тодорхойлон тайлагнаж, эцсийн тооцоог хийнэ гэж зааснаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийг хэрэглэнэ.

Татварын улсын байцаагч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1. “албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1. “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний борлуулалтын орлого", гэж заасныг үндэслэн 515,302.37 төгрөгийн татвар ногдох орлого бууруулсан зөрчилд 51,530.24 төгрөгийн нөхөн татвар, 15,459.07 төгрөгийн торгууль /төлбөл зохих дүнгийн 30%, алданги 20%/ 10,306.05 төгрөг нийт 77,295.36 төгрөгийн төлбөр ногдуулсныг борлуулалтын орлогыг гэрээний нийт үнийн дүнгээр тооцох ёстой байтал нэхэмжлэгч дансандаа орж ирсэн мөнгөөр борлуулалтын орлогыг тооцсон нь буруу гэж үзсэн. Нэхэмжлэгч тухайлан яагаад борлуулалтын орлогыг дансанд орж ирсэн үнийн дүнгээр тооцсон болохоо тайлбарлаагүй, баримт гаргаж маргаагүй тул энэ зөрчилд актаар нөхөн татвар, торгууль, алданги тогтоосон нь үндэслэлтэй гэж үзлээ.

Тодруулбал, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь" гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х” ХХК-ийн 2019 онд Сүхбаатар сумын 1-р багийн цэцэрлэгийн гадна фасад, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын багийн төвийн барилга, Дархан-Уул аймагт усан сан, Дархан-Уул аймагт Хар усны гүүр, Дархан-Уул аймгийн УГТЭШХ гээд нийт 120,404,286.00 төгрөгийн гэрээний үнийн дүнтэй нийт 5 ажил төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхдээ тухайн гэрээний нэгдүгээр зүйлд заасан "Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно" гэсэн заалтыг зөрчиж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дансны хуулганы дүнгээр борлуулалтын орлогоо тусгасан нь татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна.

4.2. “Х” ХХК 2021 онд 39,804,094.35 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаж, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил нь:

Нэхэмжлэгч 2021 онд Сайхан суманд явган зам, Мандал суманд тоглоомын талбай, Ерөө суманд Соёлын төвийн засвар, Мандал суманд Спорт цогцолбор, Дарханд ОНХС хог түрэх техник, Мөн Сүхбаатар сумын цэцэрлэгийн барилгын их засварын үлдэгдэл санхүүжилт гээд нийт 1,055,113,571.00 төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 6 ажил төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтаар мөн гэрээний нэгдүгээр зүйлд заасан "Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно" гэсэн заалтыг зөрчиж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дансны хуулганы дүнгээр борлуулалтын орлогоо тусгасан буюу гэрээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцоод 853,721,896.35 төгрөгийн борлуулалтын орлого тайланд тусгах ёстой боловч 813,917,802.00 төгрөгийн борлуулалтын орлого тусгаж 39,804,094.35 төгрөгөөр бууруулсан зөрчил илэрсэн гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч мөн энэ талаар тухайлан яагаад борлуулалтын орлогыг гэрээний үнийн дүнгээр бус дансанд орж ирсэн үнийн дүнгээр тооцсон болохоо тайлбарлаагүй, баримт гаргаж маргаагүй.

Иймд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “"нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь" гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х” ХХК 2021 онд 6 ажил төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхдээ тухайн гэрээний нэгдүгээр зүйлд заасан "Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно" гэсэн заалтыг зөрчиж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дансны хуулганы дүнгээр борлуулалтын орлогоо тусгасан нь татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна.

4.3. “Х” ХХК 2021 онд 225,601,210.61 төгрөгийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдох орлогоо бууруулсан зөрчил нь:

Нэхэмжлэгч “дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтуудыг гаргаж өгсөн аж ахуйн нэгжүүд нь хуурамчаар үйлдсэн, залилах гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад "Х" ХХК-ийг дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.” гэж маргадаг.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянаад 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг “Гомдол гаргагчийн дурдсанаар дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтуудыг гаргаж өсгөн аж ахуйн нэгжүүд нь хуурамчаар үйлдсэн, залилах гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар баталгаажуулаагүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдох орлогоо бууруулсан гэж үзэх үндэслэлгүй…гэсэн нөхцөл байдлыг дахин тодруулах, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн” гэж үзээд  түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж шийдвэрлэсний дагуу Татварын ерөнхий газар дахин хянан шалгаж, нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчил, ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Улмаар Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөл дахин хэлэлцээд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоол[4]-оор татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвараас хасаж тооцно" гэж заасан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д "зардал бодитой гарсан бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх", 13.1.4-д "доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх" гэж заасан байна. Иймд “Х” ХХК 2021 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй зардлын зөрүү болох 225,601,210.61 төгрөгийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны болон дахин давтагдашгүй төлбөрийн баримтаар баталгаажаагүй зардалыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах, орлогоо бууруулах зөрчил гаргасан. Хуулийн заалтыг нэгэн зэрэг хангаагүй зардал нь 225,601,210.61 төгрөгийн зардал хассан гэж актад тусгаж 2021 оны зардлаас нь хассан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд энэхүү зөрчил нь шүүхээс томилсон шинжээчийн 65 дугаар дүгнэлт болоод Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдож байна.

4.4. “Х” ХХК 2019 онд 8,027,515.92 төгрөг, 2020 онд 13,949,838.18 төгрөг, 2021 оны 54,52,913.35 төгрөг, нийт 76,498,267.45 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дутуу тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил нь:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна. Мөн зүйлийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч 2019, 2020, 2021 онуудад нийт борлуулалтаасаа нэмэгдсэн өртгийн албан татвараар 76,498,267.45 төгрөг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй болохыг дээрх жилүүдэд хийгдсэн гэрээ, гэрээт ажлыг гүйцэтгэсэн баримтуудаас харж болох бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

4.5. “Х” ХХК 2021 онд 338,181,818,18 төгрөгийн худалдан авсан бараа, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлөх татварын дүнг бууруулсан зөрчил нь:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй.” гэж заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн дээрх баримтаар нотлогдоогүй 338,181,818,18 төгрөгийн худалдан авсан бараа, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлөх татварын дүнг бууруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчээс дээрх зөрчлийг үгүйсгэсэн баримт тайлбар гаргаагүй болно.

4.6. “Х” ХХК 2018-2021 онд компанийн өөрийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн албан татварыг ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил нь:

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна" мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д " Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараах этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна.", 4.1.1-д “өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Х” ХХК нь 2018-2021 онд өөрийн нэр дээр бүртгэлтэй Ү-2003016162 дугаартай гэрчилгээтэй 35,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй.

Энэ нь үл хөдлөх хөрөнгийн газраас авсан лавлагаа, компанийн захирлаас авсан ярилцлагаар тухайн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд анх бүртгүүлэхдээ 35,000,000.00 төгрөгөөр үнэлснийг тогтоож, заасны дагуу 2018- 2021 онуудад нийт 840,000.00 төгрөгийн нөхөн татвар, 294,000.00 төгрөгийн торгууль /төлбөл зохих дүнгийн 40%/, алданги /0.038%/ 129,994.20 төгрөг нийт 1,263,994.20 төгрөгийн төлбөр ногдуулсан гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч энэ талаар үгүйсгэсэн үндэслэл, тайлбар болоод холбогдох баримтыг гаргаж өгөөгүй тул  “Х” ХХК-ийг үл хөдлөх хөрөнгийн албан татварыг ногдуулж төсөвт төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

4.7.  “Х” ХХК 2021 онд 2,740,874.50 төгрөгийн тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил нь:

Нэхэмжлэгч нь мөн л уг зөрчлийг эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбар гаргаж маргаагүй бөгөөд “Х” ХХК нь Татварын ерөнхий хуулийн (2019 оны) 29 дүгээр зүйлийн 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна.”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:” гэж хуульчилсныг зөрчсөн байх тул татварын улсын байцаагчаас нөхөн татвар, торгууль, алданги тогтоосон нь үндэслэлтэй байна.

5. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан татварын хяналт шалгалтаар татварын зөрчил илэрсэн тохиолдолд татварыг нөхөн ногдуулах бөгөөд 73 дугаар зүйлийн 73.1-д хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татвар алданги тооцохоор, 73.2.1-д татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор алданги тооцох хугацааг тодорхойлохоор, 82 дугаар зүйлийн 82.1-д татварыг нөхөн ногдуулж, төлбөл зохих татварын дүнг бууруулсан хувиас хамаарч тодорхой хувиар торгууль ногдуулахаар, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэсэн нь тухайн хяналт шалгалтын процесс ямар журмаар явагдсан нь ойлгомжгүй. Хэрэв зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бол холбогдогчийн эрх үүргийг бүрэн эдлүүлээгүй, эрхийг хязгаарласан гэж маргадаг.

Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “…Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд татварын нөхөн ногдуулалтын актыг гаргах хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Татварын ерөнхий хуулийг хэрэглэсэн тохиолдолд татвар төлөгчийн эрх зүйн байдал дордохоор байвал өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомж тухайлбал 2008 оны Татварын ерөнхий хууль, 2017 оны Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн  1,  3, 4, 5 дахь заалтыг буцаан хэрэглэнэ гэж заасан” гэж, маргаан бүхий актын 7 дугаарт ... хяналт шалгалтаар илэрсэн 1, 6 дахь хэсэгт хариуцлага хүлээлгэхдээ Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хууль хэрэглэх болсон үндэслэлээ дурдсан зэргээс үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гийн тухайн хяналт шалгалтын процесс ямар журмаар явагдсан нь ойлгомжгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д зааснаар эрх хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, 41 дүгээр зүйлийн 41.12.1-д зааснаар татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах эрх, үүрэгтэй байна. Татварын хяналт шалгалтын хугацаанд татвар төлөгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Д.Г нь биечлэн байлцсан.

“Х” ХХК-ийн захирал Д.Г Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд өмгөөлөгч М.Гийн хамт, мөн маргаан таслах зөвлөлийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн хамт оролцсон болох нь тус өдрүүдийн маргаан таслах зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоолоор нотлогдож байна. Түүнчлэн Татварын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 08/426 тоот албан бичигт дурдсанаар Д.Г эрүүл мэндийн шалтгаанаар материал гаргаж өгөх боломжгүй тул өөрийн охиноор хүргүүлсэн баримтыг үндэслэн татварын улсын байцаагчийн НА-13220000013 тоот актыг дахин хянан шалгаад акт үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн зэргээс үзвэл татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид мэдэгдэж, тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангасан байх тул татвар төлөгчийг хяналт шалгалтад биечлэн, эсхүл төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан оролцох, тайлбар, баримт гаргаж өгөх эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул татвар төлөгчийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

7. Татварын хяналт шалгалт хийх журмыг Татварын ерөнхий хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд хяналт шалгалтын удирдамж, томилолт танилцуулж, татвар төлөгчтэй ярилцлага хийж, хяналт шалгалтад баримт бичгүүдийг гаргуулахаар шаардсан татварын улсын байцаагчийн үйл ажиллагаа Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.10-т нийцсэн, өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалтын томилолтод хяналт шалгалтын хамрах болон хийгдэх хугацааг зааснаар, шаардлагатай баримтуудыг шаардсанаар, ярилцлага хийж тэмдэглэл үйлдсэнээр тайлбар, санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж өгөх татвар төлөгчийн Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т заасан эрхийг эдлүүлсэн гэж үзнэ.

Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн  42.6, 42.7-д нөхөн ногдуулалтын актыг ... гардуулна, гардуулах боломжгүй, гардан аваагүй бол татварын алба ... шуудангаар илгээж, ... гардуулсанд тооцно.гэж заасны дагуу Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…нөхөн ногдуулалтын актыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасны дагуу нөхөн ногдуулалтын актад 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн, Дархан сумын, 15-р хороо, янгиртын 1 дүгээр хэсэг, 47-а гудамж, 5 тоотод шуудангаар хүргүүлж ажилласан учир нөхөн ногдуулалтын актыг гардуулсан гэж үзэж байна.” гэх тайлбар үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С “…Татварын улсын байцаагч О.Э нь Х.Нд итгэмжлэл олгох эрхгүй, олгосон байлаа ч хамтдаа шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчаар Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс, Татварын улсын байцаагч О.Э, М.М нарыг татсан. Гэтэл шүүх Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс болоод байцаагч М.М нарт нэхэмжлэлийн хувь гардуулж, хариу тайлбар авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй процессын алдаа гаргасан.” гэж маргадаг.

8.1. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд захиргааны байгууллагын талаар зохицуулсан бөгөөд 5.4-т “..Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ.”, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх...” гэж заасны дагуу татварын улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулиар бие даан, өөрийн нэрийн өмнөөс нөхөн ногдуулалтын акт гаргах албан тушаалтан байх тул түүнийг захиргааны байгууллага гэж үзэхээр байна.

Иймд татварын улсын байцаагч О.Э нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.” гэж заасны дагуу Х.Нд итгэмжлэл олгох эрхтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно.” гэж заасны дагуу татварын улсын байцаагч О.Э итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйгөө хамт шүүх хуралдаанд биечлэн оролцож болох бөгөөд түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйгөө хамт шүүх хуралдаанд оролцох эрхийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хязгаарлаагүй. Итгэмжлэл нь мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчөөгүй болно.

8.2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн  татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Эгээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, түүнд хавсаргасан баримтад Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Мыг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар шилжүүлэн томилсон Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/606 дугаар тушаал[5]-ыг хавсарган тус байцаагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох боломжгүй талаар мэдэгджээ.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.” гэж заасан бөгөөд “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон НА-13220000013 тоот нөхөн ногдуулалтын актыг Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу үйлдсэн байх тул уг хэргийн хариуцагч нь Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс биш, акт үйлдсэн татварын улсын байцаагч байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

9.  Татварын улсын байцаагч “Х” ХХК-нд алдаа засах боломж олгоогүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар маргадаг.

Шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэст очиж, Татварын удирдлагын нэгдсэн системд “Х” ХХК-ийн эрхээр нэвтэрч үзлэг хийхэд “Х” ХХК 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тайланд засвар хийсэн бөгөөд тус өдөр тайлан засварласныг хүлээн авсан талаар үзлэгийн тэмдэглэл[6]-д тусгаж холбогдох баримтыг хавсаргажээ.

Түүнчлэн шүүхээс гэрчээр асуусан Г.Ганзоригийн мэдүүлэг[7]-т “…Татварын ерөнхий газраас албан тоот ирүүлсэн тухай бүр хариуцсан татварын улсын байцаагч тухайн компанид мэдэгдэж, татварын тайлангаа засах боломж олгодог. “Х” ХХК-нд энэ талаар мэдэгдсэн боловч хугацаандаа засварлаагүй, хяналт шалгалтаар орсон. Нэгэнт хяналт шалгалтаар орсон бол тайланг засварлах боломжгүй болдог” гэжээ.

Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд Татварын тайланд залруулга хийх талаар зохицуулсан бөгөөд  31.1-д “татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно.”, 31.4-т “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй.” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч “Х” ХХК-ийн 2018-2021 оны албан татвар, ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 28-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэгч “Х” ХХК нь татварын тайлангаа дараагийн татварын жилд татварын хяналт шалгалт хийхээс өмнө буюу 2022 оны 6 дугаар сараас өмнө засварлах бүрэн боломжтой байжээ.

Иймд нэхэмжлэгч татварын тайланг огт засварлаагүй гэх үндэслэлгүй 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр засварласан. Түүнд тайлан засварлах боломж олгосон. Харин хяналт шалгалтын явцад энэ эрх хязгаарлагдана гэх хариуцачийн тайлбар үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр “Х” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000013 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 он) 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2019 он) 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 28 дугаар зүйлийн 28.5, 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.10, 41.12, 41.12.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.6, 42.7, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.5, 16 дугаар зүйлийн 16.1, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 6 дугаар зүйлийн 6.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 27 дугаар зүйлийн 27.7, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Х” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн НА-13220000013 тоот актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗАЯА

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 42-44 дүгээр хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 80 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 80 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтас, 80 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтас, 90 дүгээр хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтас, 206-223 дугаар хуудас

[7] Хэргийн 2 дугаар хавтас,178 дугаар хуудас