Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/1024

 

     

 

 

 

 

2023            10              24                                         2023/ДШМ/1024       

                       

                                                                                         

М.Э, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч М.Э, Г.Г,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/1817 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Төмөртулгын бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар эсэргүүцлээр М.Э, Г.Г нарт холбогдох эрүүгийн 2308000001276 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М.Э, 19** оны * дүгээр сарын **-ны өдөр Завхан аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “******” хотхоны ***-*** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**00000000/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 518 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

2 Г.Г, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “*******” ХХК-д менежер ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Баянголын ам *-** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Г.Г нь 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 4 дүгээр зуслангийн гудамжинд хохирогч М.Этай маргалдаж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь баруун доод зовхинд зүсэгдсэн шарх, баруун хацрын төвгөр, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхи, нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, салстад цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

М.Э нь дээрх цаг хугацаа, нутаг дэвсгэрт хохирогч Г.Гтай маргалдаж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь зүүн завжинд язарсан шарх, цус хуралт, баруун алганд зулгаралт, зүүн чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Г, М.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Г Г.Г, М.Э нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцээд хэргээс нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, мөн зүйлийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нотлогдвол зохих асуудлууд баримтаар ханалттай нотлогдохгүй байна. Тодруулбал: шүүгдэгч Г.Г хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “тэр ах миний өмсөж байсан цамцны малгайны уяагаар миний хоолойг боогоод нөгөө боолт нь ороод би амьсгалж чадахгүй нүд харанхуйлаад байхаар нь “тавиач ээ, би уналаа” гээд гараа урагш салгах гэж оролдоход миний баруун гараас хазаад шууд миний толгойны зүүн ар дагз руу 2 удаа цохиод авахаар нь би “боолт ороод унах юм бол энэ том биетэй согтуу ахад алуулах юм байна” гэж бодоод шууд нүүр рүү нь хоёроос гурван удаа цохисон чинь тэр ах боолтоо суллаад боолтоос нь гарангуутаа дахиад боож магадгүй гэж бодоод цамцаа тайлсан чинь “чи муу миний нүдийг яаж байгаа юм бэ” гээд миний футболкийг ураад дахиад зүүн талын шанаанд нэг удаа цохьчихоод утсаараа залгаад цагдаа дуудсан юм. Тэр ахын доод зовхинд зүсэгдсэн шархыг бид хоёр ноцолдож байх үед миний гарын хумсанд зүсэгдсэн байх гэж бодож байна. Харин баруун хацрын төвгөр, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүдийг тэр ах намайг боох үед нь би гараараа нүүрэнд нь цохих үед үүссэн” гэх “аргагүй хамгаалалт хийсэн” гэх агуулга бүхий мэдүүлгийг өгчээ. /хх 12-13/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэргийн бодит байдпыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдпыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ. Шүүгдэгч М.Э, Г.Г нарт холбогдох хэрэгт дээрх мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг баталсан, эсхүл үгүйсгэсэн баримт хавсаргагдан ирээгүй, тухайн мэдүүлгийг шалгах ажиллагаа зайлшгүй явуулах шаардлагатай байх ба шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэх нөхцөл байдал хангагдаагүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г, М.Э нарт холбогдох эрүүгийн 2308000001276 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Г.Г, М.Э нарт холбогдох эрүүгийн 2308000001276 тоот хэрэг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт очтол Г.Г, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Т.Төмөртулга бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн, хуульд заасан шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй мөн алдаа зөрчилтэй байх тул эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн боловч прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоож чадаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Тухайн хэрэгт авагдсан баримтаар хохирогч М.Эн “...уг залуу машинаасаа бууж ирээд шууд миний энгэрээс татаад зуураад байсан бөгөөд миний өмсөж байсан нимгэн юүдэнтэй спорт цамц урагдаад байхаар нь би зөрүүлээд тэр залуугийн өмсөж явсан малгайтай цамцных нь хоолойгоор өөрийг нь боосон бөгөөд тэр залуу хэсэг байж байгаад тавиачээ, больё” гэхээр нь би боосон гараа суллахад шууд миний баруун нүд pүү болон нүүр хэсэгт гараа зангидаж байгаад 2-3 удаа цохихоор нь би харилцан зөрүүлээд нүүрний зүүн хэсэгт, мөн зүүн шанаанд нь болон толгойн ар хэсэгт тус тус 4-5 удаа цохисон. Тэгээд салсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 7-8/, хохирогч Г.Гын “...миний өмсөж байсан цамцны малгайны уяагаар миний хоолойг боогоод нөгөө боолт нь ороод би амьсгалж чадахгүй нүд харанхуйлаад байхаар нь тавиач ээ, би уналаа гээд гараа урагш салгах гэж оролдоход миний баруун гараас хазаад шууд миний толгойны зүүн ар дагз руу 2 удаа цохиод авахаар нь би боолт ороод унах юм бол энэ том биетэй согтуу ахад алуулах юм байна гэж бодоод шууд нүүр лүү нь 3 цохисон чинь тэр ах боолтоо суллаад би боолтоос нь гарангуутаа дахиад боож магадгүй гэж бодоод цамцаа тайлсан чинь чи муу миний нүдийг яаж байгаа юм бэ гээд миний футболкийг ураад намайг дахиад зүүн талын шанаанд 1 удаа цохичихоод шууд би чамайг цагдаад өгнө гээд утсаараа залгаад цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг зэргээр гэмт хэргийн сэдэлт, зорилго нь зөөлөн яваач гэх шалтгаанаар шүүгдэгч нар нь маргалдаж, бие биенийгээ зодож, харилцан нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон. Мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь хохирогч М.Эн гудамжаар их хурдтай гарахаар нь зөөлөн яваач гэж хэлсэн шалтгаанаас маргалдаж, уурласны улмаас зодолдож шууд санаатай хийсэн үйлдэл гэж харагдахаар байна.

Тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 8558 дугаартай дүгнэлт /хх 16-17/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 8565 дугаартай дүгнэлт /хх 21-22/-ээр тогтоогдсон.

Иймд прокурорын зүгээс дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э, Г.Г нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн хохирогч М.Эн мэдүүлгээр харилцан бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл тогтоогдож байхад шүүгчийн захирамжид “...Шүүгдэгч М.Э, Г.Г нарт холбогдох хэрэгт дээрх мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг баталсан, эсхүл үгүйсгэсэн баримт хавсаргагдан ирээгүй, тухайн мэдүүлгийг шалгах ажиллагаа зайлшгүй явуулах шаардлагатай байх ба шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шүүгдэгч гэмт хэрэг хийсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэх нөхцөл байдал хангагдаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ” гэж яллагдагч Г.Гыг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж дурдсан байгаа нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүхийн шатанд ердийн журмаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2023/Ш3/1817 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч М.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна” гэв.

Шүүгдэгч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурор Т.Төмөртулгын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүхийн шатанд ердийн журмаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, мөн зүйлийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нотлогдвол зохих асуудлууд баримтаар хангалттай нотлогдохгүй байна. ...М.Э, Г.Г нарт холбогдох хэрэгт дээрх мэдүүлэгт дурдсан нөхцөл байдлыг баталсан, эсхүл үгүйсгэсэн баримт хавсаргагдан ирээгүй, тухайн мэдүүлгийг шалгах ажиллагаа зайлшгүй явуулах шаардлагатай байх ба шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. ...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаажээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4“дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ... нөлөөлсөн, ... гэж заасан үндэслэлд хамаарч байна.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж заасан бөгөөд тухайн хэргийг ердийн журмаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэсэн прокурор Т.Төмөртулгын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

            Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/1817 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч М.Э, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР