Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00523

 

 

 

Б.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий  шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/00079 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ч-гийн хариуцагч “Н Т” ХХК, Ц.Ё- нарт холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч “Н Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2009 оны 09 сарын 28-ны өдөр “Н Т” ХХК-тай 45 тоот “Барилга, орон сууц захиалах” гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 4-р хороо, Жасрайн гудамжинд байрлах 28-р байрны 29 тоот хаягтай 81.39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зоорийн давхарын нэг машины гараашны  хамт худалдан авсан. Нэхэмжлэгч буюу худалдан авагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлж орон сууц болон гараашны нийт үнэ болох 85 000 000 төгрөгийг хариуцагч “Н Т” ХХК-д 2009 оны 10 сард бүрэн төлж дуусгасан. Тухайн үед байрандаа нүүж орсон ба орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж авсан. Харин гараашны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ миний нэр дээр шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй шилжүүлнэ гэсээр өнөөдрийг хүрлээ. Миний бие тус гараашийг 2009 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа болно.

Нэхэмжлэгч Б.Ч- нь дээрх гараашийг бусдад 20 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч “Н Т” ХХК нь хоёр жилийн дараа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулж өгнө гэж тайлбарлаж байгаа болно. Гарааш улсын бүртгэлгүй тул нэхэмжлэгчээс орон сууц худалдан авсан иргэн гараашийг худалдан авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгч гараашийг худалдаж чадаагүй нүүж явсан.

Иймд хариуцагч “Н Т” ХХК болон гараашийг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ё- нараас 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Н Т” ХХК нь хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн тушаасан 7 679 500 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн эзэмшилд гарааш 2009 оноос байгаа талаар маргахгүй. Гараашийг худалдах, худалдан авах талаар бичгийн тохиролцоо байхгүй. Талууд энэ талаар аман хэлцэл байгуулж, нэхэмжлэгч төлбөрийг төлсөн.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хувьд гэрээг заавал бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт бичгээр хийх хуулийн шаардлагыг биелүүлээгүй хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Иймд уг амаар хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус бөгөөд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасны дагуу Б.Ч-гийн төлсөн 7 679 000 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрч байна.

Хэлцэл хүчин төгөлдөр бус учраас гэрээний зүйлийн үнийг шаардах эрхгүй болж байна. Тиймээс эд хөрөнгийн талаарх шинжээчийн дүгнэлт хэрэгт хамааралгүй болно.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн. 11 жилийн дараа үл хөдлөх эд хөрөнгийн талаар шүүхэд хандаж байгаа нь нэхэмжлэгч шаардах эрхээ алдсаныг харуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй боловч манайх тийм увайгүй зан гаргалгүй анх төлсөн 7 679 500 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрч байгаа. Мөн нэхэмжлэгч нь 20 000 000 төгрөгөөр зарах гэж байсан талаар үйл баримт тогтоогдохгүй байгаа гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н Т” ХХК-аас 17 640 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.Ё- болон 2 360 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Н Т” ХХК-аас 246 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Н Т” ХХК-аас 50 000 төгрөг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Н Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, буруу хууль хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хариуцагчийн хариу тайлбартаа дурдсан үндэслэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт, няцаалт өгч чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн. “Н Т” ХХК болон Б.Ч- нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан үүссэн байхад ердийн худалдах, худалдан авах гэрээний маргаан байсан мэтээр дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон 2009 оны 09 сарын 28-ны өдрийн 45 тоот “Барилга орон сууц захиалах гэрээ”-нд машины зогсоолын талаар нарийн тодорхой заасан зүйл байхгүй. Энэ гэрээнд машины зогсоолын үнэ, талбайн хэмжээ, байршлыг тохиролцоогүй байна.

Энэ үед талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар авто зогсоолын талаар аман хэлцэл хийгдэж, нэхэмжлэгч тухайн үед тохиролцсон үнэ 7 679 500 төгрөгийг тушаасан байна.

Иймд автомашины зогсоол нь үл хөдлөх эд хөрөнгөд тооцогдож, улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгодог тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу талууд хэлцлийг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх ёстой байсан.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасны дагуу бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл нь хүчин төгөлдөр бус тул энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх учиртай. Үүний дагуу Б.Ч-гээс тушаасан 7 679 500 төгрөгийг буцаан олгохыг зөвшөөрч байгаа болно.

Хэлцэл нь хүчин төгөлдөр бус учир нэхэмжлэгч нь гэрээний зүйл болон түүний үнийг шаардах эрхгүй болж байгаа тул шинжээчийн дүгнэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй байхад шинжээчийн үнэлгээгээр гарсан дүнг буцаан олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлж, шаардах эрхээ алдсан боловч хариуцагчийн зүгээс түүний анх тушаасан 7 679 500 төгрөгийг буцаан олгоход татгалзах зүйлгүй талаар тайлбарласан боловч анхан шатны шүүх хэрэгссэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагч “Н Т” ХХК-аас 17 640 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэх хэсэгт дурдагдсан дүн тогтоох хэсэгт дурдагдсан дүнтэй зөрүүтэй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Ч- нь анх хариуцагч “Н Т” ХХК-д холбогдуулан авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж өгөхийг даалгуулах тухай шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ц.Ё-ыг татан оролцуулж, хариуцагч нарт холбогдуулан олох ёстой байсан орлого 20 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа өөрчилсөн. /хх 1-2, 69-70, 90/

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 7 679 500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 12 320 500 төгрөгийг эс зөвшөөрч, авто зогсоол худалдах, худалдан авах тухай аман хэлцэл нь бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлэгдээгүй тул хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул шаардах эрхээ алдсан гэх үндэслэл заан маргажээ. /хх 24, 144/

 

Б.Ч- болон “Н Т” ХХК нь 2009 оны 09 сарын 28-ны өдөр “Барилга орон сууц захиалах гэрээ”-г бичгээр, авто зогсоол худалдах, худалдан авах хэлцлийг амаар тус тус байгуулж, нэхэмжлэгч Б.Ч- орон сууцны үнэ 77 320 500 төгрөг, авто зогсоолын үнэ 7 679 500 төгрөг, нийт 85 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан “Барилга, орон сууц захиалах гэрээ”, “Орлогын ордерын тасалбар” зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх5-7/

 

Мөн хариуцагч “Н Т” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн нэр дээр орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгсөн, харин авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгөөгүй, нэхэмжлэгч Б.Ч- нь 2009 оноос хойших хугацаанд авто зогсоолыг бодитоор эзэмшиж, ашиглаж ирсэн, хариуцагч Ц.Ё- нь орон сууцны зоорийн давхрын 400 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, улмаар уг зоорийн давхрын үл хөдлөх эд хөрөнгийг “Хаан банк” ХХК-аас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулсан үйл баримт нь 2013 оны 09 сарын 18-ны өдөр “Хаан банк” ХХК болон Ц.Ё-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэнгэлмаа нарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн баримтуудаар тогтоогдсон. Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх 27, 82-84, 85-86, 87/

 

Б.Ч-гээс хариуцагч “Н Т” ХХК-д авто зогсоолын үнэд шилжүүлэн өгсөн 7 679 500 төгрөгийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн шинжийг агуулж байна гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, талууд авто зогсоол худалдах, худалдан авах талаар амаар тохиролцсон байх ба нэхэмжлэгч Б.Ч- нь гэрээ байгуулсны нотолгоо болгож авто зогсоолын үнэ болох 7 679 500 төгрөгийг хэлцлийн нөгөө тал “Н Т” ХХК-д урьдчилан шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүсч болох тул дэнчинг хүлээн авсан “Н Т” ХХК үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг зохих ёсоор байгуулж, улсын бүртгэлд өмчлөгчийг бүртгүүлэх үүргийг хүлээх ба энэ үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.4 дэх хэсэгт дэнчин авсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг тавьсан этгээдэд буцааж өгөх, энэ тохиолдолд дэнчин тавьсан этгээд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Харин байгуулагдаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй тул үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг зохих ёсоор хийгээгүй, авто зогсоол худалдах, худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүргийг хүлээхээр зохицуулсан учир хариуцагч “Н Т” ХХК-аас авто зогсоолын өнөөгийн үнэ цэнэ 17 640 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгох нь зүйтэй. /хх 122, 123-136/ Өөрийн өмчлөлд байхгүй зүйлийг худалдан борлуулж орлого олох байсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна. Харин нэхэмжлэгчийн хариуцагчаас худалдан авахаар үнийг нь шилжүүлсэн уг автозогсоолтой адил шинж чанар бүхий зогсоолын үнэлгээг 17 640 000 төгрөг гэж үнэлсэн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь дээрх үнэ цэнэ бүхий автозогсоолтой болох боломж буюу олох байсан орлогоо алдсан тул нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй:

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох, шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэхээр тус тус зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Б.Ч- нь авто зогсоолыг 2009 оноос хойших хугацаанд бодитоор эзэмшиж, ашиглаж байсан учир авто зогсоолын өмчлөгч “Н Т” ХХК-ийн захирал Ц.Ё- зоорийн давхрыг Банкны барьцаанд тавьж, зээл авсан үеэс шаардах эрх нь зөрчигдсөн гэж үзэх буюу 2013 оны 09 сарын 18-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, улмаар энэ талаарх татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч Ц.Ё-ын тухайд хэлцлийн нэг тал биш, улмаар үүрэг хүлээхгүй учир түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч “Н Т” ХХК-аас 17 640 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Ц.Ё-ын нэрийг “Ч.Ёндонжамц” гэж буруу бичсэн, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн мөнгийг буцаан олгоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа шинжээчийн ажлын хөлсний зарим хэсгийг бус, бүхэлд нь хариуцагч “Н Т” ХХК-аас гаргуулан шийдвэрлэсэн зэрэг алдаа гаргасныг залруулах шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 12-ны өдрийн 102/ШШ2021/00079 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н Т” ХХК-аас 17 640 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгож, үлдэх 2 360 000 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч Ц.Ё-ад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Н Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 246 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-д тус тус буцаан олгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ч-гээс 5 900 төгрөг, хариуцагч “Н Т” ХХК-аас 44 100 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “Н Т” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                

                                                ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                              Д.НЯМБАЗАР