Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох 1729000980015 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Алтангэрэлээс зөрчилд холбогдсон жолооч Ц.Болдоо, Г.Гансүх, Л.Батсайхан, А.Энхсайхан, Б.Бат-Эрдэнэ, А.Ерөөлт, Б.Батсайхан нарын тээврийн хэрэгслийн бичиг баримтыг 1 хүний 280 000 /хоёр зуун наян мянган/ төгрөгөөр авч өгнө гэж хуурч, нийт 1 960 000 /нэг сая есөн зуун жаран мянган/ төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:          

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэгтээ: Би “NGO” ХХК-д хөтөч хийж байсан. Ууганцэцэг нь “Руншиньшан” ХХК-д бас хөтөч хийдэг байсан. Би өмнөх өдөр нь аваарт орсон байсан учраас Улаанбаатар хот явж байсан. Ууганцэцэг над руу залгаад манай нөхөр Оюутолгойн замаар явж байгаад баригдчихлаа, бичиг баримтыг нь аваад өг гэж гуйсан. Би нөхрийнх нь бичиг баримтыг 280 000 төгрөгөөр аваад өгье гэхэд 7 хүн нийлүүлээд 1 960 000 төгрөг миний дансруу шилжүүлсэн байсан. Би Дундговь аймагт хоолонд ороод би чадахгүй юм байна гээд би мөнгийг нь замдаа явж байхдаа буцаагаад шилжүүлсэн, үлдсэн мөнгийг нь маргааш нь бэлнээр шилжүүлсэн гэв.

  Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Алтангэрэлийн “Би 2017 оны 11 сарын 22-ны өдөр  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан Өмнөговь аймгийн Гэрээт цагдаагийн тасгийн зохицуулагч Баянмөнх болон бусад хүмүүсийн хамт нүүрс тээврийн зам дагуу шуудуу ухах газруудыг тэмдэглээд буцаж байх үед нутгийн иргэн утсаар яриад манай өвөлжөөний хажуугаар 7 том машин явж байна. Би зогсоогоод байж байна гэхээр нь бид очиж 7 тээврийн хэрэгслийн бичиг баримтыг цагдаа Баянмөнх хурааж авсан. Тэгээд Оюутолгой ХХК-ийн хойд хаалган дээр Баянмөнх цагдааг авах гээд автомашин ирсэн байсан. Хурааж авсан бүх бичиг баримтуудаа надад хүлээлгэж өгсөн. 2017 оны 11 сарын 27-ны өдөр зөрчил гаргасан 7 жолооч ирсэн. ...би жолооч нараас та нар ямар хүнд юу гэж хэлж, хэдэн төгрөг өгсөн бэ гэж асуухад жолооч нар бичиг баримт авч өгнө гээд машин тус бүрээс 280 000 төгрөг авсан. Тэр мөнгө авсан хүн нь Улаанбаатар хот руу явчихсан, мөнгөнийхөө талыг авсан, талыг нь буцааж авч чадаагүй байгаа гэж хариулсан. Тэгээд миний нэрийг барьж жолооч нараас мөнгө авсан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахаар Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би Буяа гэх хүнийг танихгүй, Б гэх хүнийг ч мөн танихгүй. Би урьд өмнө нь жолооч нарын бичиг баримтыг хүнтэй ярилцаж өгч байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар тал/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Болдоогийн “...Ууганаа нь Батсайханы утас руу залгаад Цагаан хаданд наад Алтангэрэл гэдэг хүнийг чинь таньдаг хүн байна, 280 000 төгрөгөөр торгуулаад бичиг баримтыг чинь аваад өгөе гэж байна гэсэн, тэгээд бид нар зөвшөөрөөд мөнгөнүүдээ яаж өгөх вэ? гээд ярилцаж байхад мессэжээр дансны дугаар нь ирчихлээ гэхээр нь бид нар мөнгөө нийлүүлээд Ерөөлтөд дансаар болон бэлнээр өгөөд Ерөөлтийн данснаас Алтангэрэлийг таньдаг гэх хүний дансруу 1 960 000 төгрөг хийгээд хэлэхэд Энхсайханы эхнэр маргааш өглөө  ажил цуглахаар аваад өгье гэж байна гэж хэлсэн. ...гэрт нь очиход гэртээ байгаагүй, тэгээд ээжрүү нь очиход хот руу явсан гэж хэлсэн. Тэгээд Энхсайханы эхнэр Ууганаад цаад хүндээ хэлээд хурдан мөнгө буцааж өг гэж хэлэхэд 26-ны орой 18 цагийн үед 1 360 000 төгрөг миний данс руу хийсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гансүхийн “...юу болов гэж Болдоо ах руу утсаар залгахад цайны дараа болоё гэж хэлсэн. Тэгээд би машинаа засаад сууж байхад 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Болдоо ах утсаар залгаж, нөгөө хүн чинь залилчихлаа хот руу явж байна гэнэ. Маргааш өөрдсөө биеэрээ очиж уулзацгаая гэж хэсэн. Надад одоогийн байдлаар мөнгө өгөөгүй байгаа Болдоогийн дансруу мөнгөө хийсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Батсайханы “...Энхсайханы эхнэр Ууганаад байгаль орчны улсын байцаагч Алтангэрэлийг таньдаг хүн байгаа, тэр хүнд 280 000 төгрөг өгчихвөл маргааш бичиг баримтыг нь аваад өгнө гэхээр нь бид нар ярилцаж байгаад Ерөөлтийн дансруу хүний 280 000 төгрөг мобайлаар шилжүүлсэн. Маргааш нь Болдоогоос бичиг баримтаа авсан уу гэхэд бичиг баримт авч өгөх хүн гэртээ байхгүй болохоор нь ээж дээр нь очсон чинь хот руу явсан байна гэж хэлсэн. Надад одоогийн байдлаар мөнгө өгөөгүй байгаа Болдоогийн дансруу мөнгөө хийсэн гэсэн 400 000 төгрөг дутуу байна гэж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Ерөөлтийн “...Энхсайханы эхнэр Ууганцэцэг залгаад 1 хүний 280 000 төгрөг төгрөгөөр торгуулаад бичиг баримтыг чинь аваад өгье гэж байна гэж хэлэхээр нь бүгдээрээ надад мөнгөө цуглуулаад миний данснаас Ууганцэцэгийн явуулсан данс руу 1 960 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2017 оны 11 сарын 26-ны өдөр нөгөө мөнгө авсан хүн гэртээ байхгүй байна, хот руу явсан байна гэж хэлсэн. Миний хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Батсайханы “...Энхсайханы эхнэр Ууганцэцэг Энхсайхан руу залгаад 1 хүний 280 000 төгрөг төгрөгөөр торгуулаад бичиг баримтыг чинь аваад өгье гэж байна. Алтангэрэлийг таних хүн байна гэж хэлэхээр нь бүгдээрээ Ерөөлтөд мөнгөө цуглуулаад Ууганцэцэгийн мессэжээр явуулсан Хаан банкны данс руу 1 960 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2017 оны 11 сарын 26-ны өдөр нөгөө мөнгө авсан хүн гэртээ байхгүй байхаар нь ээжээс нь очиж асуухад хот руу явсан байна гэж хэлсэн. Нөгөө хүн 1 360 000 төгрөгийг Болдоогийн дансруу буцаагаад шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Энхсайханы “...Манай эхнэр Ууганцэцэг над руу залгаад 1 хүний 280 000 төгрөг төгрөгөөр торгуулаад бичиг баримтыг чинь аваад өгье гэж байна гэхээр нь бүгдээрээ ярилцаж байгаад Ерөөлтөд мөнгөө цуглуулаад эхнэр Ууганцэцэг рүү залгаад бид нар зөвшөөрч байна дансны дугаарыг нь аваад өг гэсэн. Тэгээд мессэжээр Хаан банкны данс ирсэн. Ерөөлтийн данснаас 1 960 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2017 оны 11 сарын 26-ны өдөр нөгөө мөнгө авсан хүн гэртээ байхгүй байхаар нь ээжээс нь очиж асуухад хот руу явсан байна гэж хэлсэн. Нөгөө хүн Болдоогийн дансруу мөнгийг 2 таслаад буцаагаад шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ууганцэцэгийн “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө намайг ажил дээрээ байхад манай нөхөр Энхсайхан утсаар залгаад Ханбогд сумын байгаль орчны байцаагч бичиг баримт хураагаад авсан, надтай хамт 6 машин явсан бүгд бичиг баримтаа хураалгасан гэж хэлсэн. Би МЖӨ ХХК-ийн хөтөч хийдэг Буяатай таараад манай нөхөр машины бичиг баримтаа Ханбогд сумын байгаль орчны байцаагчид хураалгасан байна, таних хүн байна уу гэхэд асуугаад өгье гэсэн. Тэгээд 15 цагийн үед Буяа залгаад 1 машины бичиг баримтыг нь 280 000 төгрөгөөр аваад өгье болох уу гэсэн. Тэгэхээр нь би Батсайхан руу залгаад энэ талаар хэлсэн. Тэд нар бүгд зөвшөөрөөд Буяагийн дансийг аваад мөнгөө шилжүүлсэн. Буяагийн утас нь холбогдохгүй байхаар нь гэрт нь очиход гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь ээжийд нь очоод асуухад эмчилгээ хийлгэх гээд хот руу явсан гэж хэлсэн. ...Маргааш нь Болдоогийн данс руу мөнгөө буцаагаад хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/

- Шүүгдэгч Б.Бийн гурван талаас нь харуулсан зураг /хх-ийн 57 дугаар хуудас/

- Шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 55 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Бийн арилжааны банкуудад харилцах болон бусад данс эзэмшдэг талаарх тодорхойлолтууд /хх-ийн 59-94 дүгээр хуудас/

- Шүүгдэгч Б.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/

- Шүүгдэгч Б.Бийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 99, 100 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхээс талуудын мэтгэлцээний явцад уг хэрэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлсний үндсэн дээр дараах шийдвэрийг гаргалаа.

Прокуророос шүүгдэгч Б.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн.

Дээрх гэмт хэргийн шинжийг хуульд “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бийг хохирогч Б.Алтангэрэлийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан гэж үзэхээс гадна, түүний үйлдлийн арга барил нь төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулах гэсэн нөхцөлүүд байна гэж улсын яллагчаас мэтгэлцэж байгааг үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь иргэн Б.Ууганцэцэгтэй утсаар ярилцаж, түүний нөхөр болоод бусад жолооч нарт зөрчлийн шийтгэл ногдуулахаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байхад тэднийг шийтгэлээс чөлөөлөх, шийтгэлийн арга хэмжээг багасгуулахыг хүссэний дагуу мөн ийм зорилгоор нэг хүний 280 000 төгрөг нийт 1 960 000 төгрөгийг дансаар хүлээн авсан нь хэрэгт авагдсан гэрч Б.Ууганцэцэгийн “Би МЖӨ ХХК-ийн хөтөч хийдэг Буяатай таараад манай нөхөр машины бичиг баримтаа Ханбогд сумын байгаль орчны байцаагчид хураалгасан байна, таних хүн байна уу гэхэд асуугаад өгье гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/, гэрч А.Энхсайханы “...Манай эхнэр Ууганцэцэг над руу залгаад 1 хүний 280 000 төгрөгөөр торгуулаад бичиг баримтыг чинь аваад өгье гэж байна гэхээр нь бүгдээрээ ярилцаж байгаад Ерөөлтөд мөнгөө цуглуулаад эхнэр Ууганцэцэг рүү залгаад бид нар зөвшөөрч байна, дансны дугаарыг нь аваад өг гэсэн” гэх /хх-ийн 39-40-р хуудас/ мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Харин хохирогч Б.Алтангэрэлтэй ямар нэг харилцаа үүсгээгүй, өөрөөр хэлбэл түүнийг төөрөгдөлд оруулах, итгэлийг нь урвуулах зэрэг үйлдэл хийгээгүй нь хохирогч Б.Алтангэрэлийн “Тэгээд миний нэрийг барьж жолооч нараас мөнгө авсан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахаар Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би Буяа гэх хүнийг танихгүй, Б гэх хүнийг ч мөн танихгүй” гэх мэдүүлгээс /хх-ийн 26-28-р хуудас/ бүрэн харагдана.

Мөн залилах гэмт хэргийн хохирлыг Эрүүгийн хуульд “эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болон эд  хөрөнгийг эрхийг шилжүүлэн авсан” байх нөхцөлийг тусгасан байхад тухайн хохирогч Б.Алтангэрэлийн ажил хэргийн нэр хүнд буюу эд хөрөнгийн бус хохиролтой төсөөтэй хэрэглэж ойлгох нь учир дутагдалтай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн хууль ёсны зарчимтай зөрчилдөж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолбол зохих байдалд хамааруулдаг. Харин шүүгдэгч Б.Бийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буй бол түүний учруулсан хохирлыг 1 960 000 төгрөгийн хохирол учруулсан уу, эсхүл Б.Алтангэрэлд хохирол учруулсан уу гэх талаар хохирлын хэр хэмжээг дээрх хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2, 5.3 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлтэд тодорхой тусгаагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ хэрэв 1 960 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхээр бол түүнд мөнгө шилжүүлсэн нэр бүхий 7 жолооч хохирогчоор тогтоогдох шаардлага үүснэ гэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийвдэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “ Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ” гэж заасныг баримтлах ёстой.

Гэвч энэхүү хэрэгт гэрч Б.Ууганцэцэг болон түүний нөхөр, бусад жолооч нар тухайн зөрчлийн шийтгэлийг багасгах, чөлөөлүүлэх зэрэг албан тушаалтанд нөлөөлөх зорилготой үйлдлийг өөрсдөө санаачилж, хүсэж үйлдсэн нь өөрсдийнх дээрх мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Бийн дансны хуулга /хх-ийн 92-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул тэд “залилах” гэмт хэргийн хохирогч болох үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Б.Бийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Алтангэрэлийн хянан шийдвэрлэсэн зөрчилд холбогдсон жолооч Ц.Болдоо, Г.Гансүх, Л.Батсайхан, А.Энхсайхан, Б.Бат-Эрдэнэ, А.Ерөөлт, Б.Батсайхан нарын тээврийн хэрэгслийн бичиг баримтыг 1 хүний 280 000 төгрөгөөр авч өгнө гэж амлан нийт 1 960 000 төгрөг авсан үйлдэл нь дээрх үндэслэлээр “залилах” гэмт хэргийн шинжгүй бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд буцаах үндэслэл байхгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй.

Энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдвал зохино.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,5,6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газраас Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Тайж овогт Болдын Бийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор арга хэмжээ авагдаагүй бөгөөд, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1, 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.УРАНГУА