Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 166

 

 Б.Х-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                        Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

                                                   П.Соёл-Эрдэнэ,

            Илтгэгч шүүгч:              Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжийн Б.Х-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0786 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0118 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0786 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.6, 48 дугаар зүйлийн 48.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Х-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжийн Б.Х-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0118 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. ...давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1,3-т заасан дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг зөвхөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ. Хэрэв Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан тохиолдол гарвал дүүргийн Засаг даргын орлогч нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж, хариуцлагыг нь хүлээх ёстой.

4. Нийслэлийн Засаг дарга С.Батболд нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/178 дугаартай Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай илт хууль бус захирамжаараа Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэх улс төрийн шинэ албан тушаалыг бий болгож, тухайн албан тушаалдаа Төмөрбаатарын Баясахыг томилсон байдаг. Тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд тус тус зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зохицуулсан. Төрийн жинхэнэ албан хаагч гэдэгт төрийн захиргааны албан тушаал, төрийн тусгай албан тушаал хамаарагддаг.

5. Хүчин төгөлдөр үйлчилж байсан, үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжид төрийн улс төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхтэй холбогдсон ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй байна. Хууль бусаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Т.Баясах нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг гаргах эрхгүй болно. 

6. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэх Т.Баясахын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн Халх овогт Батсайханы Х /РД:ЖЕ81121885/-д холбогдох хэсгүүд нь Хот төлөвлөлтийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг /Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/-ийн 8.1.1-т заасан “хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг /Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно/-ийн 24.1.1-т заасан “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох”, 24.1.5-т заасан “холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх”, 24.2 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл /Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага/-ийн 31.2 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Авто замын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг “Засгийн газар авто замын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/, 9.1.3-т заасан “авто замын үндэсний сүлжээг хөгжүүлэх бодлогыг батлах”, 9.1,8-д заасан “тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих. ашиглах журам батлах”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг /Авто замыг зориулалтаар нь доор дурьдсанаар ангилна/-ийн 15.1.2-т заасан “улсын чанартай авто зам”, 15.1,4-т заасан “нийслэлийн авто зам”, 15.1.5-т заасан “тусгай зориулалтын авто зам”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг /Авто зам нь дараах хэсгээс бүрдэнэ/-ийн 16.1.4-т заасан “авто замын зурвас газар”, 16.2 дахь хэсэгт заасан “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр/, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр /замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр/ байна”, 16.6 дахь хэсэгт заасан “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газарт газар өмчлүүлэхийг хориглох бөгөөд газар түр эзэмшүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ”, Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг /Эрчим хүчээр хангагч нь энэ хуулийн 25 дугаар зүйлд зааснаас гадна дараахь эрх үүрэгтэй/-ийн 29.1.7-т заасан “хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах гэрээг цуцлах, энэ хуулийн 33.1-д заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурваст буусан хэрэглэгчийг эрчим хүчээр хангахаас татгалзах”, 33 дугаар зүйл /Шугам сүлжээний хамгаалалтын зурвас/-ийн 33.1   дэх хэсэгт заасан “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай/ байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг /Нотариатчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно/-ийн 21.3.1-т заасан “хуурамч баримт бичгийг гэрчлэх”, 21,3.2-т заасан “баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулгахгүйгээр гэрчлэх”, 21.3.3-т заасан “нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх”, 27 дугаар зүйлийн 27.1-т заасан “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно”, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг /Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана/-ийн 31.1.1 -т заасан “үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал” гэснийг тус тус зөрчсөн болно.

7. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Товчоо 5 дугаар гудамжинд байрших хаягтай Ядамжавын Оюунчимэгийн эзэмшлийн 18655307395661 нэгж талбарын дугаартай 700 м.кв /га/ газар, Батцогийн Долгионы эзэмшлийн 18655307358653 нэгж талбарын дугаартай, 700 м.кв /га/ газар, Батбаатарын Дөлгөөний эзэмшлийн 18655307377639 нэгж талбарын дугаартай, 700 м.кв /га/ газар, Батцогийн Болор-Эрдэнийн эзэмшлийн 18655307392624 нэгж талбарын дугаартай, 700 м.кв /га/ газрын тус тус эзэмших эрхийн гэрчилгээг Батсайханы Х-д шилжүүлсэн.

8. Гэтэл дээр дурдагдсан газрууд дээр Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай Гудамж төслийг батлах тухай, 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаартай Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 244 дугаартай Тогтоол, тогтоолын хавсралтанд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дугаартай Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаартай Гудамж төслийн нэгжийг татан буулгаж, Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төслийг баталж, төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 307 дугаартай Хурдны зам баригдах талбайн солбицол батлах тухай тус тус тогтоолууд, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөс 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Магадлан итгэмжилсэн 1037/2014 дугаартай Нарийвчилсан зураг төсөл бүхий Туулын хурдны хатуу хучилттай авто зам болон түүний үргэлжлэл Туулын хурдны замын эхлэлээс Улаанбаатар-Налайх чиглэлийн зам хүртэлх 2.09 км зам тавигдахаар төлөвлөгдсөн.

9. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 63 дугаартай тогтоолоор 31 дүгээр нэгж хороолол, түүний доторхи хатуу хучилттай авто замууд баригдахаар төлөвлөгдсөн байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжид тусгагдсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Товчоо 5 дугаар гудамжинд байрших хаяг бүхий 18655307395661, 18655307358653, 18655307392624, 18655307377639 нэгж талбарын тус тус дугаартай газруудын дээгүүр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн Зуслан фидерийн тулгуур 34-36 дугаартай 10 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, түүний хамгаалалтын зурвас дайран өнгөрдөг.

10. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.Оюунбаяр нь Халх овогт Батсайханы Х /РД:ЖЕ81121885/, Үнээт овогт Батбаатарын Дөлгөөн /РД:У389080307/ нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр байгуулагдсан 000605488 дугаарын гэрчилгээтэй, 18655307377639 нэгж талбарын дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнэн зөвийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрчилж, бүртгэлийн 974 дугаарыг, мөн Халх овогт Батсайханы Х /РД:ЖЕ81121885/, Мардай овогт Батцогийн Долгион /РД:УМ88072551/ нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр байгуулагдсан 000605487 дугаарын гэрчилгээтэй, 18655307358653 нэгж талбарын дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний үнэн зөвийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрчилж, бүртгэлийн 973 дугаарыг тус тус олгосон.

11. Гэтэл Халх овогт Батсайханы Хтай 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөр Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулсан Үнээт овогт Батбаатарын Дөлгөөн, Мардай овогт Батцогийн Долгион нар нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн Са-902 дугаарын аяллын онгоцоор хилийн Буянт-Ухаа боомтоор хамгийн сүүлд Монгол Улсаас гарснаас хойш 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хилээр буцаж ороогүй нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/10551 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн Мардай овогт Баатарын Батцог /РД:УУ60051210/-ийн нэхэмжлэлтэй Халх овогт Батсайханы Х /РД: ЖЕ81121885/-д холбогдох "... 20,000,000.00 /хорин сая/ төгрөгийг гаргуулах... “, мөн Батсайханы Хын сөрөг нэхэмжлэлтэй “Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусаар тооцуулах, тухайн гэрээний дагуу төлсөн 40,000,000.00 /дөчин сая/ төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт цугларсан Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2-5а/6217 дугаартай албан бичиг, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2-5а/6583 дугаартай албан бичгүүдээр хангалттай тогтоогдсон байна.

12. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/30 дугаартай захирамжаар Батцогийн Долгионд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 18655307358653 нэгж талбарын дугаартай, 700 м.кв /га/ газрыг 15 жилийн хугацаагаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар, Батбаатарын Дөлгөөнд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 18655307377639 нэгж талбарын дугаартай, 700 м.кв /га/ талбайн хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаагаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар тус тус эзэмшүүлсэн. Гэвч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гаргах цаг хугацаанд Батцогийн Долгион, Батбаатарын Дөлгөөн нар нь Монгол Улсад байхгүй байжээ.

13. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3 дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн байдаг. Нэгэнт холбогдох хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчсөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэх Т.Баясахын 2018 оны 01 дүгээр сарын 30-нь өдрийн А/23 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжид тусгагдсан газруудыг Б.Х нь ямар нэгэн зориулалтаар хэзээ ч ашиглаж чадахгүй бөгөөд түүнийг холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтнууд зөвшөөрөхгүй болно.

14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт болох шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Анхан шатны шүүх хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хийгдэж, шүүхийн шийдвэр 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гарч, танилцуулагдсан боловч шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргаагүй байсан. Өмгөөлөгч Ө.Алтангадас нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах талаархи хүсэлтийг албан бичгээр гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр танилцсан байна.

15. Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны тэмдэглэлийг хууль ёсны болгон, нотлох баримтын шаардлагыг хангаагүй, улмаар шүүх хуралдааны тэмдэглэлийг хэргийн оролцогчдод танилцуулж, уг тэмдэглэлтэй холбогдох санал гаргах боломжийг олгохгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шууд гаргаснаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Өмгөөлөгч Ө.Алтангадас нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад нийт 13 /арван гурван/ ширхэг хуудас байсан. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хуралдааны нийт 12 /арван хоёр/ хуудас тэмдэглэл бүхий захиргааны хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн. Энэ тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан гомдол, тайлбарыг давж заалдах шатны шүүх нь ойлгомжгүй үндэслэлээр хянан шийдвэрлэхгүй орхисон байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үйлдэгдсэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс бүтэн 1 /нэгэн/ ширхэг хуудас дутсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж агуулагддаг болно.

16. Захиргааны хэргийн анхан шат, давж заалдах шатны шүүх нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэх Т.Баясахыг илтээр өмгөөлөн хамгаалж, иргэн Б.Х-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг санаатайгаар хохироосон шийдвэрүүдийг гаргасаар байгаад туйлын ихээр харамсаж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэх Т.Баясахын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийн 48.2.1, 48.2.2, 48.2.4 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлүүд хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0786 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0118 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Халх овогт Батсайханы Х /РД:ЖЕ81121885/-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах шийдвэрийг гаргаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

17. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тухайн маргаанд хэрэглэгдэх Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

18. Нэхэмжлэгч Б.Х нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжийн Б.Хд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...худалдан авсан тухайн газруудын дээгүүр ...10000 вт-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын үндсэн шугам, мөн Туулын хурдны хатуу хучилттай автозам дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн нь тодорхой болсон, ийм газрыг бусдад ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглодог. ...Б.Батцог нь гэрээ байгуулах үед Монгол улсад байгаагүй Б.Долгион, Б.Дөлгөөн нарын нэрээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар байгуулсан. ...Баянзүрх дүүргийн Засаг дарга хууль бус үйлдлийг таслан зогсоох үүргээ биелүүлээгүй” гэж маргажээ.

19. Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжаар, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийг үндэслэн иргэн Б.Долгион, Б.Болор-Эрдэнэ, Б.Дөлгөөн, Я.Оюунчимэг нарын эзэмшлийн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх товчооны 5 дугаар гудамжид байрлах, тус бүр 700 м.кв газрыг нэхэмжлэгч Я.Хын эзэмшилд шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

20. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх харилцааг тусгайлан зохицуулсан бөгөөд 38.2-т газар эзэмших эрхийг шилжүүлэхэд талууд хүсэлт гаргаж, хүсэлтэд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээдийн гэрчилгээг шилжүүлж авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн тухай баримт, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай тодорхойлолт зэргийг хавсаргасан байхыг хуульчилсан.

21. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагч нь нэхэмжлэгч Б.Х-д иргэн Б.Долгион, Б.Болор-Эрдэнэ, Б.Дөлгөөн, Я.Оюунчимэг нарын эзэмшлийн, тус бүрийн 700 м.кв газрыг шилжүүлэхдээ талуудын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлт, хүсэлтэд хавсарган ирүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн/, газрын байршлын кадастрын зураг, газрын төлбөр төлсөн баримт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг үндэслэн газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгч Б.Х-ын газар эзэмших эрхийг шилжүүлж авах хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4-т заасныг зөрчсөн нь тогтоогдоогүй, иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/23 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

22. Мөн хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “...нэхэмжлэгч Б.Х-ын шилжүүлэн авсан газар нь Баянзүрх дүүргийн Газрын албаны Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны газар төлөвлөлтийн зургаас харахад хатуу хучилттай авто замын трасст ороогүй болно. ...Б.Х-ын, Б.Долгион, Б.Дөлгөөн нартай байгуулсан газрын эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдоогүй” гэсэн хариу тайлбарыг гаргасан бөгөөд уг тайлбарыг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

23. Нэхэмжлэгчийн “...Нийслэлийн Засаг дарга С.Батболд нь 2017 оны Б/178 дугаар илт хууль бус захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Баясахыг томилсон. ...Хууль бусаар томилогдсон Т.Баясах нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/23 дугаар захирамжийг гаргах эрхгүй” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй.

24. Учир нь, Нийслэлийн Засаг дарга нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/178 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Баясахыг томилсон байх тул түүнийг маргаан бүхий захиргааны актыг гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тэрээр Газрын тухай хуульд заасан журмын дагуу, А/23 дугаар захирамжаар 173 иргэний газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэсний дотор, нэр бүхий 4 иргэнээс газар эзэмших эрхийг шилжүүлж авахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

25. Түүнчлэн нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр “...Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны тэмдэглэлийг хууль ёсны болгон, нотлох баримтын шаардлагыг хангаагүй, улмаар шүүх хуралдааны тэмдэглэлийг хэргийн оролцогчдод танилцуулж, уг тэмдэглэлтэй холбогдох санал гаргах боломжийг олгохгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шууд гаргаснаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж хяналтын гомдол гаргасныг үндэслэлгүй гэж үзэв. Учир нь, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн  88.3, 88.4, 88.5-д заасныг зөрчсөн, тухайлбал шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацаанд бэлэн болгоогүй, нэхэмжлэгч Б.Х-ын тэмдэглэлтэй танилцах, тэмдэглэлийн талаар санал гаргах эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал мөн тогтоогдохгүй байна.

26. Харин нэхэмжлэгч нь газрын эрх шилжүүлэх гэрээний улмаас өөрт хохирол учирсан гэж үзэж байгаа бол энэ асуудлаар иргэний журмаар маргах, хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй болно.

27. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0786 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0118 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       М.БАТСУУРЬ

                                         ШҮҮГЧ                                              Б.МӨНХТУЯА