Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 14

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:127/2016/0015/З

 

     Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би, иргэн Г.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын дарга Т.Бямбабаатарт холбогдох “...Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаал, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/15 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, 33 дугаар багийн Нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие улсад 1982 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тасралтгүй 34 жил ажилласнаас Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт 1992 оноос 24 жил тасралтгүй газар зохион байгуулагч, хотын архитектор, хотын ерөнхий архитектор, газрын даамал, 6 дугаар багийн нийгмийн ажилтан зэрэг хариуцлагатай ажлыг хийж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 18ны өдөр албан тушаал буурч 6 дугаар багийн нийгмийн ажилтан гэсэн ажлыг 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хийж байгаад ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан юм. Ингээд Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаал, мөн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/15 дугаар тушаалыг үл зөвшөөрч Хэнтий аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан билээ. Уг гомдлын дагуу Хэнтий аймгийн салбар зөвлөлийн маргаан хянан шалгах комиссын 2016 оны 5 дугаар сарын 12 -ны өдрийн дугаар 01 тоот дүгнэлт гаргаж мөн 5 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 23 тоот Өргөдөл гомдол шийдвэрлэсэн тухай Хэнтий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол гаргаж, уг тогтоолыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр надад гардуулж өгсөн. Хэнтий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн маргаан хянан шалгах комиссын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд “.... Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.2.9-ийн 3-т зааснаар Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Бямбабаатарын “Албан тушаал бууруулах тухай” 2016 оны 01 дүгээр сарын 18-ны Б/06 дугаар тушаал, “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 02 дугаар сарын 22-ны А/15 дугаар тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Иймд Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаал, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/15 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, багийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал болон хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын дарга Т.Бямбабаатар нар нь эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Г.Мөнхжаргал би Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаал, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/15 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, багийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын дарга Т.Бямбабаатар нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/34 тоот тушаалаар нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох Хэрлэн сумын 3 дугаар багийн Нийгмийн ажилтны албан тушаалд томилсон. Хариуцагч Т.Бямбабаатар, нэхэмжлэгч Г.Мөнхжаргал бид цалинтай холбоотой асуудлыг харилцан тохиролцсон болно. Тухайн цалинтай холбоотой асуудлаа 2 сарын цалингаа бүтнээр нь аваад, үлдэгдэл 2.5 сарын цалинг төсвийн хууль тогтоомж, төсвийн тодотголыг харгалзан олгохоор харилцан тохиролцож хүлээн зөвшөөрлөө. Нэхэмжлэгч хариуцагч бид харилцан буулт хийж эвлэрч байгаа тул эвлэрлийн эвлэрлийн гэрээ байгуулж байгааг минь харгалзан үзэж шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн Г.Мөнхжаргал нь тус аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын дарга Т.Бямбабаатарт холбогдох “...Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаал, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/15 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, багийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх уг захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусч байгааг харгалзан үзээд шүүх хуралдааныг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутанд товлон зарласан боловч нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүх хуралдаанаас өмнө эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “.... нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй", мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж заасан.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч нар нь харилцан ойлголцож, маргаж буй асуудлаараа эвлэрэн хэлэлцэж, шүүх хуралдаанаас өмнө эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь хуульд харшлаагүйн дээр бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрлийн гэрээндээ: 

            Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын дарга Т.Бямбабаатар нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/34 тоот тушаалаар нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох Хэрлэн сумын 3 дугаар багийн Нийгмийн ажилтны албан тушаалд томилсон. Хариуцагч Т.Бямбабаатар, нэхэмжлэгч Г.Мөнхжаргал бид цалинтай холбоотой асуудлыг харилцан тохиролцсон болно.

          Цалинтай холбоотой асуудлаа 2 сарын цалингаа бүтнээр нь аваад, үлдэгдэл 2.5 сарын цалинг төсвийн хууль тогтоомж, төсвийн тодотголыг харгалзан олгохоор харилцан тохиролцож хүлээн зөвшөөрлөө. Нэхэмжлэгч хариуцагч бид харилцан буулт хийж эвлэрч байгаа тул эвлэрлийн эвлэрлийн гэрээ байгуулж байгааг минь харгалзан үзэж шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасны дагуу “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасан. Тухайн захиргааны хэргийн “нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь” тогтоогдож байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарт тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн болно.

 

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасныг баримтлан иргэн Г.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Бямбабаатарт холбогдох “...Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/06 дугаар тушаал, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/15 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, багийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тухайн маргаанаар дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                               Г.БАЯСГАЛАН