Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 17

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Э.А- Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* Хохирогчийн төлөөлөгч Д.******* Гэрч Ц.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-ад холбогдох 1723000970061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, , эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын **** багийн ***-р зуун хороолол, **-р гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* РД:/АН********/ Шүүгдэгч Э.А- нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу албан тушаалын байдлаа ашиглаж “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 “*******” ХХК-ний орон нутаг дахь салбар дэлгүүрийг ажиллуулах эрх бүхий ажилтан, тухайн үед компаний захирлын туслахын ажлыг давхар гүйцэтгэж байсан Ц.Э- нь 2011 оны 11 дүгээр сард Завхан аймагт “*******”-ын салбар дэлгүүр нээн ажиллуулахдаа Э.А-тай “хөдөлмөрийн гэрээ” байгуулан түүнийг худалдааны төлөөлөгчөөр/хөдөлмөрийн гэрээнд зааснаар/ ажиллуулсан байна. Тэд уг гэрээг 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар сунгажээ. Мөн 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дээрх гэрээгээ дахин байгуулсан байна. Шүүгдэгч Э.А- 2011 оны 11 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд “*******”-ын Завхан аймаг дахь салбар дэлгүүрт борлуулагчаар ажиллахдаа худалдан борлуулахаар өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 21743370 төгрөгийн үнэ бүхий 20 нэр төрлийн 71 ширхэг цахилгаан бараа дутагдуулсан болох нь Ц.Э-, Э.А- нарын хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан 2017.11.25-ны өдрийн тооллогын баримтаар нотлогдож байна. Уг тооллогын баримт хэргийн 5-р хуудсанд авагдсан байх бөгөөд тооллогыг тэд биечлэн, нүд үзэж хийсэн болохоо шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлжээ. Гэрч Ц.Э- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “…Би “*******” ХХК-ний “*******” салбар дэлгүүрийг орон нутагт нээн ажиллуулах гэрээг тус компанитай байгуулаад Завхан, Баянхонгор аймгуудад салбар дэлгүүр нээн ажиллуулж байна. *******ыг 2012 онд сонгон шалгаруулалтаар Завхан дахь салбар дэлгүүрт борлуулагчийн ажилд авсан. 2015 онд байгууллагын шилдэг ажилтан болж байсан. 2017 оны бараа материалын тооллого хийхэд 21 сая төгрөгийн бараа материал дутсан байгаа. Тэгээд Завхан аймаг дахь Цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн байгаа. Өмнө нь бол жилд 2 удаа ирэхэд бараа материал бүрэн байсан. 2017 оны 11 сард ирээд хоёулаа нэг бүрчлэн нүд үзэж тоолоход тухайн барааг зарим нэгийг нь хүнд зээлээр өгсөн. Бусдыг нь хувьдаа ашигласан гэж тайлбарлаж хэлж байсан.” гэжээ. Шүүгдэгч Э.А- мөрдөн байцаалтын шатанд “...Тус компанид би 2011 оны 11 сард худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон юм. 2016 он болтол үр бүтээлтэй ямар нэгэн өр төлбөргүй, алдаа дутагдалгүй, байгууллагын шилдэг ажилтан болтлоо ажиллаж байсан юм. Тэгээд 2016 онд бага хэмжээний бараа зараад мөнгийг нь хувьдаа хэрэглэсэн, байж байгаад тэрийгээ боломжтой үедээ төлнө гэсэн бодолтой явж байтал хүүхдээ зүрхний хагалгаанд оруулах шаардлага гараад надад мөнгө хэрэгтэй болоод байгууллагын бэлэн борлуулалтын орлогоноос мөнгө авч хэрэглэсэн юм. Тэгээд авсан мөнгөө төлөхийн тулд цалин хүрэлцэхгүй байсан учраас дутуу барьсан байшингаа гүйцээж барьж байгаад зарж авсан мөнгөө буцааж төлнө гэж бодоод бас байшингаа гүйцээж барихын тулд бэлэн борлуулалтын орлогоны мөнгөнөөс авч хэрэглэсэн юм. Тэгээд хүүхдээ хагалгаанд оруулах гэж ажилтай байсан болохоор байшингаа хурдан хугацаанд барьж борлуулж чадаагүй, хүйтний улирал эхэлж хүмүүсийн байшин сав авах үе нь өнгөрсөн, яах учраа олохгүй байж байтал салбар хариуцсан менежер Энхбаяр ирж тооллого хийж дутуу байгаа бараа бүтээгдэхүүнд буюу миний мөнгийг нь авч хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнүүдий нэрс гарч ирсэн. Хамгийн анх 2016 оны 05 сарын 25-нд “Хайер” брэндийн хөлдөөгчийг 449900 төгрөгөөр зарж урамшуулалд нь Галланз брэндийн 2530 загварын ус буцалгагчийг өгсөн, мөн 2016 оны 06 сарын 18-нд “Галланз” брэндийн плитка 139000 төгрөгөөр, 2016 оны 11 сарын 22-нд “Хайер” брэндийн хөлдөөгчийг 420.000 төгрөгөөр, 2017 оны 02 сард Элко брэндийн 66vcw маркийн плитка, урамшуулалд нь Торнадо брэндийн тоос сорогч, Элко брэндийн 6.5 кг-тай угаалгын машин, урамшуулалд нь Элко брэндийн олон залгуур, Хайер брэндийн хөлдөөгч, Хайер брэндийн 32 инчийн зурагт 2 ширхэг, Торнадо брэндийн тоос сорогч зэрэг зүйлсийг 2.874000 төгрөгөөр 2017 оны 3 сард Элко брэндийн Хайер брэндийн 317 загварийн хөргөгчийг 1049000 төгрөгөөр, 2017 оны 6 сард Хайер брэндийн 55 инчийн 6500 загварын зурагт, Элко брэндийн 43А16 загварын тоос сорогч 2306500 төгрөгөөр, 2017 оны 8 сард Хайер брэндийн 32 инчийн зурагт, Хайер брэндийн 636 загварын хөргөгч, Торнадо брэндийн 52А15 загварын тоос сорогч, Элко брэндийн 56vI загварын плитка, 2822000 төгрөгөөр, 2017 оны 9 сард Хайер брэндийн 55 инчийн 6600 загварын зурагтыг 1299000 төгрөгөөр тус тус борлуулж мөнгийг нь хэрэглэсэн юм. Дээрх бараануудын баримт болон баталгааны хуудсууд байгаа юм. Бусад эд зүйлсийнх нь баримт байхгүй үрэгдэж алга болсон байхаа. Нийт тооллогын хуудасны жагсаалт дээр байгаа бараа бүтээгдэхүүний өртөг болох 21.743.370 төгрөг авч хэрэглэсэн нь үнэн юм” гэж мэдүүлэн өөрийн хариуцаж байсан цахилгаан барааны худалдагдсан үнийг хувьдаа ашигласан гэдгээ хүлээн мэдүүлжээ. Тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч мөн хэргээ хүлээн мэдүүлсэн байна. Мөн шүүгдэгчийн эхнэр П.*******т гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарласны дараа мэдүүлэг өгөхөө зөвшөөрөн мэдүүлэхдээ “...Манай нөхөр Э.А- Саммит ХХК-ны Завхан аймаг дахь салбарын худалдагчаар 2011 оноос 2017 оны 11 сарын 25 хүртэл ажиллаж байсан. Яг хэдэн төгрөг авч байсныг нь нарийн сайн мэдэхгүй, гэхдээ авч хэрэглэсэн гэдгийг мэднэ. Манай охин Мөнхгэрэл нь 2017 оны 3 сарын 30-нд Улаанбаатар хот 3-р эмнэлэгт зүрхний хагалгаанд орсон юм. Хагалгааны өмнөх эмчилгээ болон хагалгааны зардалд бүх зардал нь 5 сая орчим төгрөг болж байсан. Энэ зардлыг манай нөхөр ******* ажлынхаа борлуулалтын орлогоос авсан юм. Манай хүүхэд 3-р эмнэлэгт хяналтанд байдаг, тэгээд жилд 2 удаа үзүүлдэг, 3 сард очоод үзүүлэхэд яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гэсэн тэр үед бэлэн мөнгө байхгүй байсан болохоор борлуулалтынх нь орлогоос авсан юм. Манайх байшин барьж байгаад дутуу орхисон байсан тэрийгээ дуусгаж зарах гээд бас борлуулалтынх нь орлогоос мөнгө авсан. Нарийн сайн мэдэхгүй, аваад хэрэглэсэн гэдгийг нь мэднэ. Сая шалгалт ирээд шалгахад 21 сая 700 мянга орчим төгрөг авсан гэдгийг нь мэдсэн. Манай нөхөр энэ мөнгийг авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхэд хагалгаанд ороход 5 сая төгрөг авсан гэж ярьж байсан. Байшин барихад бас авч байгаа гэж хэлж байсан. Яг хэдэн төгрөг авснаа хэлээгүй юм” гэжээ. Ийнхүү Э.А-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь тооллогын баримт, гэрч Ц.Э-, П.******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Улсын яллагч Э.А-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллаж байна. Хэдийгээр хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ нь “******* ХХК-ийн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ” гэсэн нэртэй, гэрээнд Э.А-ын ажлын байрыг худалдааны төлөөлөгч гэж тодорхойлсон, гэрээний заалтууд ажил олгогч, ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар байгаа ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ц.Э-ын өгсөн “...*******ыг Завхан аймагт нээсэн дэлгүүрийн худалдагчаар сонгон шалгаруулж ажиллуулсан. ******* нь компаний үндсэн ажилтан биш, надтай л гэрээ байгуулсан, гэрээнд худалдааны төлөөлөгч гэсэн нэр томъёо бичигдсэн байгаа ч борлуулагчаар л ажиллаж байсан, түүний нийгмийн даатгалын шимтгэлийг компани төлдөггүй, цалин хөлсөө зөвхөн надаас авдаг байсан” гэсэн мэдүүлгээс харахад “*******” ХХК болон шүүгдэгч Э.А-ын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн Монгол Улсын Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.” гэж, мөн зүйлийн 84.2-д “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна.” гэж хуульчилжээ. Гэтэл Э.А-ыг хуулийн дээрх заалтад хамаарах буюу “*******” ХХК-ны эрх бүхий албан тушаалтан гэдгийг нотолсон ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэгт хавсаргасан хөдөлмөрийн гэрээнд Э.А-ын ажлын байрыг худалдааны төлөөлөгч гэж тодорхойлсон байгаа ч түүнийг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог гэдгийг нотлоогүй байна. Мөн шүүгдэгч нь тус компанитай хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй, зөвхөн салбар дэлгүүр ажиллуулах эрх бүхий этгээд болох Ц.Э-тай гэрээ байгуулан, түүнээс цалинжин, дэлгүүрийн худалдагч буюу борлуулагчаар ажиллаж байсан болох нь гэрчийн дээрх мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...би худалдагч, борлуулагчаар л ажиллаж байсан, нийгмийн даатгалын шимтгэлээ би өөрөө хувиараа төлдөг, дэлгүүрийн түрээсийн төлбөрийг кампани төлдөггүй, Энхбаяр төлдөг байсан.” гэсэн мэдүүлгээр нотлогдож энэ байдал нь улсын яллагчийн албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Ийнхүү шүүгдэгч Э.А- нь “*******” ХХК-ны эрх бүхий албан тушаалтан болох нь болон бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихдаа албан тушаалын байдлаа ашигласан гэдэг нь нотлогдоогүй байна. Иймд шүүгдэгч Э.А-ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг хөнгөрүүлэн өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд дүгнэлт гаргахдаа Э.А-тай бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, дутагдсан мөнгийг Э.А- хэзээ, хэд хэдэн төгрөгөөр авч хэрэглэснийг тогтоогоогүй, мөн мөнгийг гүйлгээнд оруулж ашиг олсон гэдгийг буюу шунахай сэдэлтээр үйлдсэн гэдгийг тогтоогоогүй, уг харилцаа нь эрүүгийн эрх зүйн харилцаа биш, иргэний эрх зүйн харилцаа байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Гэтэл шүүгдэгч Э.А- 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаагдахдаа анх хэзээ хэдэн төгрөг завшсан болох, үүний дараа ямар барааны үнэ хэдэн төгрөгийг хэзээ хэрхэн авч хэрэглэснээ нэг бүрчлэн мэдүүлжээ. Түүнчлэн мөнгийг хувьдаа хэрэглэсэн гэдгийг гэрч П.******* ч нотолсон байна. Мөн Э.А- хариуцаж байсан барааныхаа худалдсан үнэ болох 21173370 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн гэрээний үүргээ бүрэн болон зохих ёсоор биелүүлээгүй явдал бус харин хувьдаа завших гэм буруутай, Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл болох нь тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэсгүй гэж үзлээ. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Э-, П.******* нарыг хуульд заасан журмаар байцаасан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ц.Э-ын мэдүүлгийг сонсохдоо ч мөн хуульд заасан журмыг баримталсан бөгөөд тэдний мэдүүлэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлыг нотолж байгаа, эх сурвалж нь тодорхой байх тул шүүх үнэн зөв гэж үнэлэн шүүгдэгч Э.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч гэм буруутай үйлдлийнхээ улмаас учруулсан хохирлоосоо нийт 15243370 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлсөн баримтууд болон гэрч Ц.Э-ын шүүх хуралдаанд өгсөн “******* хохирлоосоо 2017.12.15-нд 4500000 төгрөг, 2017.12.29-нд 1100000 төгрөг, 2018.02.15-нд 7000000 төгрөгийг төлсөн. Цалингийн үлдэгдэл 2643370 төгрөгийг нь хохиролд тооцож суутгасан байгаа. Одоо 6500000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй үлдсэн” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Э.А- үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байна. Харин шүүгдэгчийн эхнэр П.******* нь өөр улс оронд оршин сууж байгаа учир Э.А- биеийн эрүүл мэндээс шалтгаалан байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай охиноо/6 настай/ асран хамгаалах шаардлагатай байгаа ар гэрийнх нь байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн хувийн онцгой нөхцөл байдал гэж үзэн харгалзах нь зүйтэй. Шүүгдэгч Э.А-ын дээрх байдал болон гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хэрэг үйлдэхээс өмнөх болон дараах үеийн зан төлвийн зөв байдал зэрэг хувийн байдал, учруулсан хохирлынхоо дийлэнх хэсгийг төлсөн, үлдэгдлийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.7, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Э.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн өөрчилж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.А-ад мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан Э.А-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгч Э.А- шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтай болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Э.А- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 27 ширхэг баримт/зарлагын падаан, баталгааны хуудас/ хэрэгт хавсаргагдсан, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.

7.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.А-аас 6500000/зургаан сая таван зуун/ мянган төгрөг гаргаж “*******” ХХК-нд олгосугай.

8. Шүүгдэгч Э.А-ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаартай захирамжаар шүүгдэгчийн эзэмшлийн Toyota Passo маркийн 72-78 ЗАН улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн битүүмжлэлийг тогтоолын 7-р заалтыг биелж дуустал үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ