Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар  2023/ДШМ/1025

 

      

 2023            10              24                                        2023/ДШМ/1025

                       

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Түвдэн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1167 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2206043142921 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “***” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 3, эцэг, хамтран амьдрагчийн хамт, Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, * дүгээр гудамжны ** тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Спайдер” нэртэй караокены гадна иргэн Ц.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь түүний хүзүүндээ зүүж байсан алтан гинж болон чихэндээ зүүж байсан өрөөсөн 1 ширхэг ээмгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Быг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Спайдар” караокены гадна Ц.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь алтан гинж, өрөөсөн ээмэг дээрэмдсэн гэх хэрэгт Баянзүрх дүүрэгт 6 сараар зорчих эрхийг хязгаарлах шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие Сүхбаатар дүүргийн “Дэвшил менежмент” ААТҮГ-т ачигчаар ажилладаг, аав Х.Болдын хамт Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны 1/6 нийтийн байрны 107 тоотод амьдардаг. Аав маань биеийн байдал маш муу, хэл ээдрэх, ярьж чадахгүй, мэдээгүй бие засдаг, миний асаргаанд, миний цалингаар амьдардаг. /тэтгэвэр авдаггүй/ Иймд Баянзүрх дүүрэг гэснийг Сүхбаатар дүүрэг болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвдэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй. Миний үйлчлүүлэгч Б.Б нь эцэгтэйгээ хамт нийтийн байранд амьдардаг. Сүхбаатар дүүргийн “Дэвшил менежмент” ААТҮГ-т ачигчаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийн оршин суух хаяг нь Баянзүрх дүүрэг, ажил нь Сүхбаатар дүүрэгт байрладаг. Мөн Баянзүрх дүүргийн харалдаа орших дүүрэг нь Сүхбаатар дүүрэг байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд тэнсэн харгалзах санал гаргаж байсан. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 2 нутаг дэвсгэрээр хязгаарлаж өгнө үү. Хэрэв боломжтой гэж үзвэл үйлчлүүлэгчийн минь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон анхан шатны шүүхэд прокурорын гаргасан саналыг харгалзан түүнийг тэнсэн харгалзаж өгнө үү” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг хэргийг өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд түдгэлзүүлж, цагдаагийн байгууллагаас явуулсан эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд шүүгдэгч Б.Быг олж тогтоон хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Тухайн үед шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн Дэвшил менежмент” ААТҮГ-т ачигчаар ажиллаж байсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүгдэгчид тэнсэн харгалзах ял оногдуулах санал гаргасан байсан. Шүүгдэгч Б.Бд тэнсэн харгалзах ял оногдуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Гэхдээ эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэм, гэр бүл, хамт олны хүрээнд нийгэмшүүлэх зорилготой. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Сүхбаатар, Баянзүрх 2 дүүргийн нутаг дэвсгэрээр өөрчилж шийдвэрлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. Учир нь, шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Спайдер” нэртэй караокены гадна иргэн Ц.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь түүний хүзүүндээ зүүж байсан алтан гинж болон чихэндээ зүүж байсан өрөөсөн 1 ширхэг ээмгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Бын “...Наран баарны үүдэнд унагаагаад гинж болон нэг ширхэг ээмгийг минь аваад зугтаагаад “Скай ресидент” байр руу ороод алга болсон. ... тухайн караокенаас гараад удалгүй шууд миний зүүлт, өрөөсөн ээмэг хоёрыг минь булаагаад аваад явчихсан. ...” /хх 13, 16/,

Б.Бын яллагдагчаар өгсөн “...Би хохирогчид хүч хэрэглээгүй, авсан эд зүйлээ бүгдийг нь буцаагаад хохирогчид хүлээлгэн өгсөн. ...” /хх 52/

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 6/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24-25/, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /хх 42/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Бын хохирогч Ц.Бын алтан гинж, өрөөсөн ээмэг зэргийг булаан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Б “...Зорчих эрх хязгаарлах ялын Баянзүрх дүүрэг гэснийг Сүхбаатар дүүрэг болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.

Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар албадлагын арга хэмжээ хэрэглэдэг өвөрмөц зохицуулалт юм.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэхэд шүүгдэгчийн өөрийн учруулсан хор уршигт хандаж байгаа хандлага чухал байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчоос уучлалт гуйх, эвлэрэх, хор уршгийг арилгах, эсвэл энэ талаар хүсэл зоригоо илэрхийлэх, энэхүү илэрхийлэл нь бодитой, хэрэгжихүйц байх зэрэгт шүүхээс дүгнэлт хийснээр уг зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо биет байдлаар хүлээлгэж өгсөн, 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд хохирогч “гомдол саналгүй, хохирлоо буцааж авсан, шүүх хуралд суухгүй” гэснийг /хх 57/, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан прокурор, өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт, тайлбар, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

          Иймд шүүгдэгчийн “зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг хоёр дүүргээр тогтоох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/1167 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй. гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Бт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай гэсэн,

 мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй. гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР