| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2018/0015/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 18
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Ц.С- Хохирогч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С-д холбогдох 1823000000011 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ******* боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сум Жаргалант баг ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт Ц- С, Регистрийн дугаар:ИА********, Шүүгдэгч Ц.С- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Л.Б-гийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.С- нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн нутагт байрлах ******* дэлгүүрт хохирогч иргэн Л.Б-г шалтгаангүйгээр зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч Л.Б-гийн “... Жаргалант багт байрлах ******* хүнсний дэлгүүрт ороход ...гаднаас зүс таних С гэгч залуу орж ирээд намайг шууд заамдаад авсан6 Тэгэхээр нь би чи намайг тавьчих би чамд ямар гэм хийсэн юм бэ гэхэд намайг заамдаад тавихгүй зууралдсаар байгаад дэлгүүрийн цонх руу түлхээд цонх хагалсан. Тэгээд миний зүүн талын нүд рүү цохисон, хамар руу 2-3 удаа цохисон. Миний хамарнаас цус гарсан. Тэр үед С цагдаа дуудсан. Миний зүүн талын нүд цус хурсан, хөхөрч хавдсан, улайсан эмчид үзүүлэхэд нүдний торлог хуурах магадлалтай байна. Улаанбаатар хотод очиж эмчлүүлвэл зүгээр юм гэсэн. Толгой жаахан дүүрээд өвдөөд байна...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Д-гийн “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* дэлгүүрт ороод ...гаднаас нэг согтуу залуу орж ирээд Б-тэй зууралдаад зодоон үүсгэсэн. Б-г тэр согтуу залуу боож унагаад цохиод байсан. Б-гийн хамар шалбарсан, нүд хөхөрсөн, нүүр тэр чигтээ цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.С-ын “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ...бид 3 дэлгүүрт дөнгөж орж ирээд зогсож байтал гаднаас нэг согтуу залуу орж ирээд Приус-20 унасан Магнай трейдийн ямар том пизда вэ? Магнай трейдийнхнийг ална, дэлбэлнэ гээд ороод ирсэн. Тэгээд шууд Б-г барьж аваад хоолойг нь боогоод лангуу руу нь түлхсэн. Тэгтэл Б эргэж хараад тэр хоёр ноцолдож байгаад дэлгүүрийн цонхыг хагалчихсан. Тэр залуу Б-г зодох гэж дайраад байснаа нэг удаа үсэрч очоод нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг нь би мэдээгүй, тэр үед би газар унасан байсан. Ямар ч байсан тэр хоёрыг салгахад Б-гийн нүүр нүд нь цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна. Хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлсэн болно. Дээрх үйлдлийн улмаас хохирогч Л.Б-гийн биед хөнгөн гэмтэл учирсан нь “Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 201820049 дугаартай “Иргэн Л.Б-гийн биед тархи доргилт, хамрын зүүн талд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд, зүүн нүдний алимны салстад цус хуралт хавдар цус хуралт, хүзүүний урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Ц.С- нь хүний үндсэн хууль, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхэд халдаж, бусдыг зодож гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ц.С-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч шүүгдэгч Ц.С-оос хохиролд 2000000/хоёр сая/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт эмчилгээ сувилгаа болон бусад зардлын 296260 төгрөгний баримт хавсаргажээ. Хохирогч Л.Б-гийн нэхэмжилсэн 2000000 төгрөгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Түүнчлэн хэрэгт 34460 төгрөгний эм тариа худалдан авсан гэх зардлын баримт ч хэн авсан нь тодорхойгүй, хохирогч Л.Б-г эмчилгээндээ хэрэглэсэн гэдгийг тогтоох боломжгүй байна. Иймд шүүгдэгчээс 2000000/хоёр сая/ төгрөг гаргуулах боломжгүй байна. Шүүгдэгч Ц.С- нь хохирогч Л.Б-д 300000 төгрөг төлсөн болох нь хохирогч болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд түүнийг баримтаар нотлогдсон хохирлыг төлсөн гэж үзэх үндэстэй. Харин хохирогч Л.Б- нь шүүх хуралдаанд “би цаашид эмчлүүлэх шаардлагатай байна” гэж мэдүүлж байх тул цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдах нь зүйтэй. Шүүх Ц.С-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч Ц.С-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.7, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ц-гийн С-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-ыг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.С-д оногдуулсан 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000/ таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгч Ц.С-д оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.С-д 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Л.Б- нь цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧН.ДЭЛГЭРМАА