Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар  2023/ДШМ/1058

 

        2023            11            01                                        2023/ДШМ/1058        

                                   

Д.Г, Э.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Алтанзаяа,

шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/988 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Алтанзаяа, шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Г, Э.Д нарт холбогдох эрүүгийн 2202002380351 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.Г, **** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, “***” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Өнөрийн **-** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**00000000/;

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1152 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 3 жил 5 сарын хорих ялаар тогтоож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 829 дугаартай шүүхийн тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 997 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан;

2. Э.Д, **** оны * дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа Цайз захад мод зүсэгч ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**00000000/;

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 910 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хорих ялаар тогтоосон;

Д.Г нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах зорилгоор Э.Дын Хаан банкны 5447012296 тоот дансанд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2.600.000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3.050.000 төгрөгийг шилжүүлж, дээрх жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Даас таксигаар илгээснийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тосож аван худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт,

Э.Д нь “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар А.Эрдэнэболор, Н.Ундармаа нартай урьдчилан үгсэн тохиролцож, Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”- ийн хоёрдугаар жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Гт худалдаалах зорилгоор өөрийн Хаан банкны 5447012296 тоот дансанд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2.600.000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3.050.000 төгрөгийг шилжүүлэн авч, “Мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 2,9448 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр А.Эрдэнэболор, Н.Ундармаа нараас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар мөн өдрөө тус бодисоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр плаза” төвөөс хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэнд цэвэр жин нь 2.8805 грамм бодисыг дайлгаж Д.Гт илгээсэн, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ цэвэр жин нь 0,0643 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, илгээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Дыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Д, Д.Г нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах газарт хадгалагдаж буй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Д.Гийн биеэс хураан авсан “1” гэж дугаарласан “мөс мэт зүйл, хагархай тарианы шил 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг”, Э.Дын биеэс хураан авсан “1” гэж дугаарласан “мөс мэт зүйл”, “2” гэж дугаарласан “зиплок түгжээ бүхий гялгар уут 2 ширхэг, 3 гэж дугаарласан хагархай тарианы шил 1 ширхэг” зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар, хуйлсан ZN8773203 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АХ4028870 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банк-д шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоног хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөр болохыг тус тус дурдаж, Э.Д, Д.Г нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Б.Алтанзаяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд нийцээгүй, хэт хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Д.Г нь 38 настай, дээд боловсролтой, эхнэр, бага насны 4 хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 15 хороо, Өнөрийн 258-3 тоотод оршин суудаг, “Дөл Түшиг” ХХК-д хятад хэлний орчуулагчаар ажиллаж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, бага насны 4 хүүхдийнхээ өмнө үүрэг хүлээсэн эцэг хүн юм.

Түүний хувьд өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн талаараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн яллаж буй хэргийн зүйлчлэл, өөрийн гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд зөвхөн ял шийтгэлийг хөнгөрүүлж, бага насны хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, гэр бүлээ тэжээн тэтгэх, шударгаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байдаг.

2015 онд Шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй тохиолдолд мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүй, өөр бусад сонгох ялыг хэрэглэх, тусгай ангид хуульчилсан зохицуулалтаас хөнгөн ял шийтгэл оногдуулах боломжийг хуульчилсан нь хүний эрхийг дээдэлсэн, эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилгод нийцсэн зохицуулалт болсон бөгөөд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг авч үзвэл түүнд заавал хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй, түүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчилсан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой этгээд юм.

Түүнчлэн Д.Гийн өмнө ял шийтгэгдэж байсан нь түүнд оногдуулах ял шийтгэл, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэлд хамаарахгүй талаар шийтгэх тогтоолд дүгнэсэн атлаа прокуророос шүүгдэгч Д.Гийг урьд нь ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан гаргасан гэх ялын саналын дагуу 2 жилийн хорих ял оногдуулсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийн талаар тусгана гэж заасан боловч шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчид ямар шалтгааны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах боломжгүй талаар нэг ч дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхээс шүүгдэгчийн өмнө ял шийтгэгдэж байсан нөхцөл байдлыг түүнд ял оногдуулахдаа хүндрүүлэх шинж болгон үзэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 988 дугаартай шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч Д.Гт хорих ял оногдуулахаар шийдвэрлэснийг өөрчилж, зорчих эх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Э.Дыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд нийцээгүй, хэт хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч Э.Д нь 28 настай, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдарч, хувиараа хөдөлмөр эрхэлж, Цайз захад мод зүсэгчээр ажиллаж, гэр бүлээ тэжээдэг, эелдэг боловсон харилцаатай, итгэл даахуйц иргэн хүн юм. Түүний хувьд энэхүү хэргийн мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой, Монгол улсын хилээр дээрх хууль бус бодисыг хууль бусаар нэвтрүүлэн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдэд холбогдох хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлэх, тэдгээрийг илчлэх, хамтран ажиллах талаарх хүсэлт /2хх 90/-ийг Нийслэлийн прокурорын газарт бичгээр гаргаж, энэхүү хүсэлт нь хэрэгт авагдсан боловч хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурорын зүгээс хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй орхигдуулсан нөхцөл байдал авагдсан баримтаар тогтоогдсон байдаг.

Э.Д нь Нийслэлийн Прокурорын газраас түүний гаргасан хамтран ажиллах хүсэлтэд хариу өгөөгүй боловч сайн дураараа гэмт этгээдүүдийн талаарх мэдээлэл, тэдгээрийг хэрхэн олж, илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж буй арга хэрэгслийн талаар мэдүүлэг өгсний дагуу гэмт этгээд А.Эрдэнэболор, Н.Ундармаа нар нь бусдыг дарамталж өөрсдийн эзэмшлийн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдаар дамжуулан эргэлтэд оруулж, гэмт хэрэг үйлдэж, мөнгийг бусад этгээдийн дансаар хүлээн авдаг үйлдлийг илрүүлэхэд хувь нэмрээ оруулсан байдаг. Тухайлбал: Э.Д нь “... гэмт этгээдүүд болох А.Эрдэнэболор, Н.Ундармаа нарын эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн талаар, ... өөрийн 5447012296 дугаартай данс руугаа Д.Гоос мөнгө авсан, ингээд өмнө нь А.Эрдэнэболор, Н.Ундраа нарын авсан байсан өөрийн 5400099076 дугаартай дансанд мөнгийг шилжүүлсэн. А.Эрдэнэболор, Н.Ундраа нар нь миний картыг ашиглан, бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан байх ёстой, бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэгт эдгээрийн дүрс бичигдсэн байх ёстой. Банкнаас тодруулж асуухад аль АТМ-аас мөнгө авсан талаарх кодыг болон АТМ-ын камерын бичлэгийг хувь хүнд гаргаж өгөх боломжгүй, цагдаа, хууль хяналтын байгууллагаас албан ёсоор хүсэлтээ гаргуулаад авч болно гэж хэлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цагаас 24 цаг хүртэл хугацааны хяналтын камер, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 23-24 цаг хүртэлх хугацааны хяналтын камерын бичлэгийг тус тус баримтаар хуулбарлан авснаар гэмт этгээдүүд болох Боолоо, Ундраа нар хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрсдөө болон бусдаар дамжуулан хууль бусаар эргэлтэд оруулж, худалдан борлуулж байгаа гэмт үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох боломжтой гэж үзэж байна. Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгуй, шаардлагатай тохиолдолд өөрөөс хамаарах бүхий л байдлаар дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэх мэдүүлэг /1хх 227-229/-ийг өгснөөр мэдүүлгийн эх сурвалж болох дансны хуулганд үзлэг хийх /2хх 107-108/, банкнаас мөнгө зарлагадсан АТМ-ын байршлыг тогтоох /2хх 31/, камерын бичлэгт үзлэг хийх /1хх 90-95/ зэрэг ажиллагаагаар А.Эрдэнэболор, Н.Ундраа нар нь гэмт хэрэг үйлдэхэд бусдыг татан оролцуулж, бусдаар гэмт хэрэг үйлдүүлж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдэж байгааг тогтоож, тэдгээрийн хувийн байдлыг тодруулахад А.Эрдэнэболор нь 2009 онд БНХАУ-ын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг гэмт хэрэг үйлдэж, 10 жилийн хорих ял эдлээд 2019 онд суллагдсан, 2021 оны зун Африкаас их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар оруулах гэмт хэрэгт холбогдсон зэрэг үйл баримтууд илэрч тогтоогдсон байдаг. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд мөрдөгч, прокурорын хугацаа алдсан, хайнга хандсан байж болзошгүй ажиллагааны улмаас дээрх этгээдүүд нь улсын хилээр оргон зайлсан болох нь тогтоогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч Э.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг зүйлчлэлийн талаар маргаагүйгээс гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой, Монгол улсын хилээр дээрх хууль бус бодисыг хууль бусаар нэвтрүүлэн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдэд холбогдох хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхитэй туслалцаа үзүүлсэн, тэдгээрийг илчилсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “...бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.5-д заасан “... бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд эрүүгийн 2202002380391 дугаартай хэргийг бүхэлд нь хянан үзэж, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан, миний үйлчлүүлэгч Э.Дт оногдуулсан хорих ялын хугацааг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Э.Д нь эхнэр болон хоёр бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг. Би Цайз зах дээр мод зүсэж ар гэрээ авч явдаг. Эхнэр маань хоёр хүүхдээ хараад гэртээ байдаг. Одоо ар гэрийн байдал маань хүнд болсон учир өөрт оногдуулсан 3 жилийн хорих ялыг минь боломжит хувилбараар хасаж, багасгаж өөрчилж өгнө үү. Уг гэмт хэрэгт анх мэдүүлэг өгсөн цагаас өдийг хүртэл гэм буруу дээр маргаагүй. Мөрдөн байцаах шатанд хамтран ажиллаж намайг айлган сүрдүүлж дарамталдаг байсан хүмүүсийг ил гаргаж өгсөн. Уг этгээдүүд нь Монгол улсад их хэмжээний хар тамхи гадаадаас оруулж ирэн зарж борлуулдаг хүмүүсийг хамтран ажиллах хүсэлт гаргасныхаа дараа ил болгож заасан. Мөн Д.Г бид хоёр өөрсдийн хийсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж өдийг хүртэл хоёулаа гэм буруу дээр маргаагүй. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүйг, ар гэрийн байдал хүнд байгааг минь харгалзан үзэж надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг минь боломжит бүх байдлаар өөрчилж, хасаж багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.Г нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хотхоны 258-3 тоотод оршин суудаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. 3-13 насны, сургууль, цэцэрлэгт явдаг. Эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй. Хүүхдүүдээ харж гэртээ байдаг. Би Багануур дүүрэгт байрлах Хятад Монголын хамтарсан “Дөл Түшиг” ХХК-д орчуулагч хийж гэр бүлээ тэжээж амьдардаг. 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр ажил хийгээд ачаалал ихтэй ажиллаад нуруу минь тэсэхийн аргагүй өвдөөд байсан учир “мөс” гэдэг зүйлийг хэрэглэж өвдөлтийг мартах зорилготой байсан нь үнэн. Үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр их харамсаж гэмшиж байна. Амьдралаа гэрэл гэгээтэй талаас харах болон эхнэр үр хүүхдүүдийнхээ хажууд байхыг үнэхээр их хүсэж байна. Үр хүүхдүүд болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Дыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзсэн. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Гт мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан. Анхан шатны шүүхээс дүгнэхдээ, “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний биед богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлж, давтан хэрэглэх зуршлыг би болгодог. Бусдыг хэрэглээндээ татан оролцуулдаг, худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг зэрэг байдлаар нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг” гэж дүгнэсэн. Шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал, мөн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн. Шүүгдэгч Э.Даас хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүсэлт гаргасан боловч шүүхээс хамтран ажиллах этгээдээр тогтоогоогүй. Анх энэ гэмт хэрэг нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хар тамхитай тэмцэх хэлтсээс нууц эх сурвалжийн мэдээллийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан. Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Д.Гоос 2022 оны 9 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авахаар Э.Дын данс руу мөнгө шилжүүлснээр тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Д.Г нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах зорилгоор Э.Дын Хаан банкны 5447012296 тоот дансанд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2.600.000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3.050.000 төгрөгийг шилжүүлж, дээрх жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Даас таксигаар илгээснийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тосож аван худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг,

Э.Д нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Гт худалдаалах зорилгоор өөрийн Хаан банкны 5447012296 тоот дансанд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2.600.000 төгрөгийг, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 3.050.000 төгрөгийг шилжүүлэн авч, “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 2,9448 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр А.Эрдэнэболор, Н.Ундармаа нараас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар мөн өдрөө тус бодисоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр плаза” төвөөс хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэнд цэвэр жин нь 2.8805 грамм бодисыг дайлгаж Д.Гт илгээсэн, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн өмсөж яваа өмднийхөө халаасанд цэвэр жин нь 0,0643 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            гэрч Б.Адъяасүрэнгийн “...хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй 30 гаруй насны эрэгтэй хүн ирээд дайвар авах уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь дайвар авна гэхэд тэр залуу аяга явуулах гэсэн юм, боогоод өгье гэж хэлсэн. ...нөгөө залуу аягаа хар өнгийн гялгар уутанд боож өгсөн. ...тэр залуу өөрөө 80028522 гэсэн дугаарыг бичсэн. ...80028522 дугаар руу залгаж Улаанбаатар хотоос дайвар ирсэн, ирж ав гэдгийг хэлсэн. Тэгтэл жаахан махлагдуу залуу ирээд дайвраа авсан. ...” /1хх 97/,

            Д.Гийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2.600.000 төгрөгийг Э.Д гэсэн нэртэй данс руу хийсэн. ... 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Э.Д над руу чатаар залгаад одоо уулзах гэж байна, үлдэгдэл мөнгөө хийчих гэхээр нь Э.Дын данс руу 3.050.000 төгрөгийг хийсэн. ...00 цагийн үед над руу дайвраа аваарай гээд ярихаар нь Хэрлэн төв дээр очоод дайвраа аваад машиндаа суух гэтэл цагдаад баригдсан. ...” /1хх 212-213/,

            Э.Дын яллагдагчаар өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Д.Г над руу залгаад мөс олж өгөх боломжтой байна уу гэж асуухаар нь би асууж үзье гээд хүнээс асуучихаад эргэж залгаад болох юм шиг байна гэхэд Д.Г миний 5447012296 тоот дансанд 2.600.00 төгрөг шилжүүлсэн. Ингээд би нөгөө хүнээсээ 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр мөсөө аваад Багануурын машинд тавиад Д.Гийн дугаарыг дээр нь бичээд явуулсан. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Д.Г миний Хаан банкны 5447012296 тоот дансанд 3.050.000 төгрөгийг мөн мөс авахаар шилжүүлсэн. Сүүлийн шилжүүлсэн 3.050.000 төгрөгийн оронд өгөх мөсийг өгч чадаагүй байгаа. ... /1хх 225-226/,

           95-51 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...би сая мансууруулах бодис авсан, өөрийн сайн дураараа зааж өгнө гээд уг тээврийн хэрэгслийн баруун урд дугуйны хажууд газарт байх хар өнгийн гялгар уутанд боосон, дээрээ цагаан цаасан дээр 80028522 гэсэн бичигтэй бөөрөнхий хэлбэртэй зүйлийг заасныг эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийхээр тогтов. ... дунд хайрцагнаас хар өнгийн жижиг жин, Д.Г нэртэй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авав. Тээврийн хэрэгслийн баруун хавтаснаас бохирлогдсон тарианы шил, хуйлсан мөнгөн дэвсгэрт, 2 ширхэг асаагуур гарч ирснийг 1 гэж дугаарлан хураан авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 14-20/,

эд зүйлд үзлэг хийсэн тухай “...уг хайрцагийг нээж үзэхэд цагаан өнгийн цаасанд ороосон зиплок түгжээтэй уутанд хийсэн мөс мэт зүйл гарч ирснийг албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 3.1 грамм байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зураг /1хх 22-24/,

            мөрдөгчийн “хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай” “...-МЕТ хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, ...-АМР хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, ...Тестээр үзсэнээс хойш 2 минутын дараа тестийн үр дүн нь /OPI-MET-TML-LSD-AMP-MOP-KET-COC-MDMA-THC/ гэсэн 10 төрлийн бодисоос MET, AMP төрлийн бодис хэрэглэсэн болохыг тэмдэглэлд тусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зураг /1хх 25-30/,

            хүний биед үзлэг хийсэн “...Э.Дын биед үзлэг хийв. ...Миний биеийн өмсөж яваа өмдний баруун халаасанд байх “Raison нэртэй тамхины хайрцаганд мөс байгаа гээд зиплок ууттай мөс мэт зүйл гаргаж ирснийг 1 гэж дугаарлан, ... 2 ширхэг бохирлогдсон зиплок уутыг 2 гэж дугаарлан, мөн өмдний зүүн талаас гарч ирсэн хуйлсан дэвсгэрт, тарианы усны шил 3 гэж дугаарлан тус тус хураан авав.” гэх тэмдэглэл, гэрэл зураг /1хх 31-36/,

            мөрдөгчийн “хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай” “...-MET хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, AMP хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байгаа нь Э.Д нь амфетамин, метамфетамины агууламжтай мансууруулах бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зураг /1хх 43-44/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4815 дугаар шинжээчийн “...“1” гэж дугаарласан мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уут /2ш/, “3” гэж дугаарласан хагархай тарианы шил, АХ4028870 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарна. “1” гэж дугаарласан мөс мэт зүйлийн ууттай жин нь 0.3044 гр, цэвэр жин нь 0.0643 гр байна.” гэх дүгнэлт, гэрэл зураг /1хх 148-150/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4817 дугаар шинжээчийн “...Э.Д ТА95030311 гэж хаягласан шээснээс метамфетамин /МЕТ/ илэрсэн. Метамфетамин /МЕТ/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зураг /1хх 153-155/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4814 дүгээр шинжээчийн “...D.Ganzorig ЧП85060731 22.09.30 гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зураг /1хх 182-184/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4816 дугаар шинжээчийн “...“1” гэж дугаарласан мөс мэт зүйл, хагархай тарианы бохир шил, хуйлсан ZN87733203 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, шар өнгийн асаагуур, цагаан өнгийн асаагуур зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Мөс мэт ууттай зүйлийн жин нь 3.100 гр, цэвэр жин нь 2.8805 гр байна.” гэх дүгнэлт, гэрэл зураг /1хх 195-197/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 996 дугаартай “Э.Д нь F15. Сэтгэц идэвхт бодисын хэрэглээтэй байна. ... Э.Д нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /1хх 179/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 958 дугаартай “Д.Г нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэлгүй байна. Д.Г нь одоо Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Г нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Д.Г нь Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Г нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Г нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /1хх 201/,

Э.Дын Хаан банкны 5447012296 тоот депозит дансны хуулга /1хх 107/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /2хх 12-15/, 5447012296 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 35/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Д.Гийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Э.Дыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, илгээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Гийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, олж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Дын Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, илгээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Г “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн, шүүгдэгч Э.Д “3 жилийн хорих ялыг боломжит бүх байдлаар ... хасаж, багасгаж өгнө үү” гэсэн, шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Б.Алтанзаяа “Д.Гт хорих ял оногдуулахаар шийдвэрлэснийг өөрчилж, зорчих эх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэсэн, шүүгдэгч Э.Дын өмгөөлөгч Ц.Дэлгэрням “Э.Дт оногдуулсан хорих ялын хугацааг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Дын хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, илгээсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Гийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх агуулгад нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар Э.Д нь Д.Гт мансууруулах бодис худалдахдаа бусадтай бүлэглэсэн байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь гэмт хэргийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулах агуулга бүхий зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, хохирол нөхөн төлүүлэхэд чиглэсэн, нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой хэм хэмжээ болно.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл нь гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамааруулж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс гаргуулан улсын орлого болгох агуулга бүхий зохицуулалт гэж үзнэ.

Дээрх хэм хэмжээний агуулгаас үзэхэд, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хурааж, эхний ээлжинд хохирогчийн хохирлыг барагдуулах, илүү гарсан хөрөнгө орлогыг улсын орлого болгох зохицуулалт бөгөөд тухайн хэрэгт хохирогч тогтоогдоогүй, хохирлыг тухайн гэмт хэргийн улмаас олсон орлогоос гаргуулах шаардлагагүй тохиолдолд улсын орлого болгон шийдвэрлэх эрх хэмжээг шүүхэд олгосон гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Э.Д нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу метамфетамин /methamphetamine/-ын агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зарж, орлого олсон нь тогтоогдож байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч Э.Дын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.650.000 төгрөгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулаагүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Даас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг “худалдсан” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх, эсхүл ямар нэг үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх зэргээр бусдад төлбөртэйгөөр шилжүүлэхийг тус тус ойлгоно.

Тухайлбал, Д.Гоос 5.650.000 төгрөгийг авсны дараа Э.Д нь сэтгэцэд нөлөөт бодисыг Багануур дүүрэг рүү машинд дайж явуулсан байх бөгөөд энэ нь тодорхой үнэ өртгөөр дээрх эд зүйлийг худалдах болон худалдан авч буй явдал мөн тул төлбөрийг хүлээн авсан шүүгдэгчийн үйлдлийг уг гэмт хэргийн “худалдсан” шинжид хамааруулан үзэх нь хуульд нийцнэ.

Анхан шатны шүүх Э.Дыг гэм буруутайд тооцохдоо дээрх шинжийг орхигдуулсныг зөвтгөж, шийтгэх тогтоолд “худалдсан” гэсэн хэсгийг нэмсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны үзэв.

Иймд энэ магадлалд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын тус тус гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Г, Э.Д нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 72 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Дт холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамласныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/988 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Ханачин овогт Энхжаргалын Э.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, илгээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэсэн хэсгийг “Ханачин овогт Энхжаргалын Э.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, илгээсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Дыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэсэн хэсгийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Дыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Даас 5.650.000 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Алтанзаяа, шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Э.Д нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 72 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР