| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2018/0016/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 19
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Одонтуяа Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох 1823000180012 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1951 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 67 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багт малчин, ам бүл-2, эхнэрийн хамт Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багт оршин суух, урьд 1982 оны ЭХТА-ийн 169 дүгээр зүйлийн В дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих, 2002 онд ЭХТА-ийн 123 дугаар зүйлийн 123.1, 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсгүүдэд зааснаар 200000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Цомого овогт Галдангийн Бэгзсүрэн, Регистрийн дугаар:ИЕ******** Шүүгдэгч Г.Б- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Д.Б-ын алдсан цавьдар халзан зүсмийн хязаалан насны үрээг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Д.Б-ын 2017 оны 08 дугаар сард Завхан аймгийн Алдархаан сумын Алдар баг нутаг Худгийн ам гэх газарт бэлчээрлэж байсан цавьдар халзан зүсмийн, хязаалан насны үрээ нь сүргээсээ тасарч Г.Б-гийн адуунд нийлсэн үйл баримт нь адуугаа алдсан талаар мэдүүлсэн хохирогч Д.Б-ын “...Миний өөрийн эзэмшлийн цавьдар халзан зүсний, хязаалан насны үрээ 2017 оны 08 дугаар сарын сүүлээр адуундаа байж байгаад алга болчихсон юм. Тэгээд сураг ажиг тавьж байтал 2017 оны 12 дугаар сарын сүүл болж байхад Завханмандал сумын иргэн Г.Б- гэдэг хүний адуунд байна гэж сураг гарсан юм. Алдархаан сумын Алдар багийн нутаг Худгийн ам гэх газраас алга болсон юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Д-ийн “...Би Б гэх хүний адууг 2015 оноос эхлэн хариулж, маллаж байгаа юм. Цавьдар халзан зүсмийн үрээ байсан. Уг үрээ нь Б ахын унаган үрээ биш, дааган насанд нь Сүхбаатар аймгаас авч ирсэн юм ...2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Идэр сумын баярт явахын өмнө харахад Чигэстэй багийн нутаг Худгийн ам гэх газарт өөрийнхөө адуунаас салаад өөр хүний адууны гүүнүүд захлаад зогсож байсан юм. Тэгээд би Идэр сумын баярт яваад 08 дугаар сарын 14-нд ирсэн чинь тэр цуг байсан гүүнүүд, нөгөө цавьдар халзан азарган үрээ байсан. Азаргасаад байдаг болохоор манай азарга адуунаас хасчихаад байдаг байсан. Тийм болохоор цавьдар халзан үрээ адуунаасаа салангид ганцаараа явдаг байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Г.Б-гийн үйлдлийн улмаас Д.Б-т 600000 төгрөгний хохирол учирсан болох нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн адууг үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Г.Б- нь өөрийн адуунд нийлсэн Д.Б-ын эзэмшлийн цавьдар халзан зүсмийн, хязаалан насны үрээг 150000 төгрөгөөр худалдсан ба алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан болохоо мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Г.Б-г бусдын эзэмшлийн адууг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан гэдгээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Г.Б- нь Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд үүргээ биелүүлээгүй бусдад худалдаж ашиг олсон нь эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Г.Б-г алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгаар мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Д.Б- нь шүүгдэгч Г.Б-гээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болно. Шүүх Г.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй Шүүгдэгч Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 1.7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цомого овогт Г-ийн Б-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 455 /дөрвөн зуун тавин таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 455000/ дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 455/дөрвөн зуун тавин таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 455000/ дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгчид 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1000000 төгрөгний үнэ бүхий 2 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА