Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 213/МА2021/002

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг  шүүгч  Г.Уламбаяр  даргалж, шүүгч Л.Нямдорж Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

 

            Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2020 оны  12 дугаар сарын 18-ны  өдрийн 131/ШШ2020/01266  дугаар  шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Ш.Д

             Хариуцагч  Х.З 

            Хариуцагч  Баянхонгор аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газарт холбогдох 

 

            Гэм хорын хохирол  9.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэрэгт  хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэнбилэг, хариуцагч Х.З нарын давж  заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний  өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Д , хариуцагч Х.З ,  хариуцагчийн өмгөөлөгч Д.Мэндээ, хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэнбилэг,  нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр  нар оролцов. 

 

Нэхэмжлэгч Ш.Д аас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Х.З  нь LAND CRUSSER маркийн 11-66 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, миний эзэмшлийн Land 100 маркийн 00-74 УБЕ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан. Энэхүү хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэн №00016744 шийтгэврээр Х.З г 400.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Иймд хохирол болох 9.750.000 төгрөгийг гаруулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч Х.З шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Х.З  би Баянхонгор аймгийн Богд суманд 11-66 БНХ автомашин жолоодож яваад осол гаргасан юм. Осол гаргахад миний буруутай үйлдэл байсан ба үүнийгээ хүлээн зөвшөөрсөн боловч нөгөө мөргөсөн машины жолооч надаас илүү буруутай байсан гэж үздэг. Үнэхээр ч бодит байдал дээр бүгд тодорхой байдаг. Энэ талаар хийсэн цагдаагийн шалгалт нь үнэн шударгаар шалгаагүй зөвхөн намайг л буруутгах зорилгоор явагдсан гэж үздэг.

Би тухайн үед цагдаад "өмнөөс маш хурц гэрэлтэй машин гарч ирсэн би замаа чөлөөлөөд замын баруун талд гарсан байхад мөргөлөө миний буруу байхгүй шүү дээ” гэхэд чиний буруу гэж хэлээд миний үгийг тоохгүйгээр барахгүй нөгөө мөргөлдсөн машины жолоочийн талд "та нар хохирлоо төлүүлж ав" гэж ямар ч шалгалт явуулахгүйгээр шийдвэр гаргаж чиний буруу учраас машиныг ачиж яв гэх зэргээр нөгөө талдаа үйлчилж эхэлсэн. Учир нь ямар ч хэмжилт шалгалт явуулахгүйгээр ингэж шийдвэрлэж дайрсан  нь танил тал, найз нөхдийн эсвэл шан харамжийн холбоотой байна уу  гэх сэтгэгдэл төрсөн.

Бодит байдал дээр би дүрмийн дагуу замаа чөлөөлж замын баруун талдаа бүр замаасаа гарсан байхад 00-74 УБЕ машин мөргөсөн байдал тодорхой байсан бөгөөд үүнийг зураг авч үзлэг хийсэн. Цагдаа Мөнхтогоо үзлэг хийхдээ өөрөө ослыг харж байсан юм шиг намайг замаа чөлөөлж явж байснаа буцаж иргээд мөргөсөн мэтээр бичиж би 2 удаа тоормос гишгэсэн дугуйны мөр байсныг нэг удаа гэж тод мөр байсныг бүдэг мөр мэтээр сонин байдлаар бичсэнийг сүүлд нь би мэдсэн.

Миний хувьд 30 гаран жил жолооч хийж байна. Энэ дүгнэлтийг хэтэрхий худлаа гаргаад байгаа учир гомдол гаргаж байгаа юм. Би албаны машин барьдаг тэр машиныг нь 7 сая төгрөгөөр засаж өгсөн. Гэтэл буруутай жолоочийн машиныг бас төлөх болоод байдаг шударга ёс хаана байна. Миний хувьд айраг пиво ууснаа хүлээн зөвшөөрч жолоодох эрхээ хасуулж торгууль хүлээж ажлаасаа халагдсан.

Намайг ЗХД-ийн 11.6 зөрчсөн буруутай гэсэн нь бодит байдал дээр энэ нь жолооч Х.З  буруугүй болох замын зорчих замын хамгийн баруун талын замаар явж байсан мөн өмнөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлтэй зөрөхийн тулд би замаа чөлөөлж дүрмийн дагуу баруун тал руугаа чиглэлээ замаас гараад явж байх үед миний машиныг хажуу зүүн гар талын урд    гүпер карлан руу хажуу талаас мөргөсөн болох нь  бүх баримтаар тодорхой байгаа өөрөөр хэлбэл мөргөлдсөн осол замын зорчих хэсгийн баруун талд буюу замаас гарсан цэг дээр болсон. Би зүүн гар тал руу буцах эргэх үйлдэл хийгээгүй. Харин хоёр машин мөргөлдөх үед миний машины хойд хэсэг мөргөлтийн хүчний үйлчлэлээр зүүн гар чиглэлтэй зогссоныг намайг зүүн гар тал руугаа дарсан гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэнбилэг  шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Манай байгууллагын БНХ 11-66 улсын дугаартай, Ланд-76 маркийн автомашин нь байгууллагын өмчлөлд бүртгэлтэй автомашины техникийн  үзлэг, оношилгооны жил бүр хамрагдаж байсан, бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй, автозам ашиглалтын төлбөр 35000, үзлэг оношилгооны 44.000, АТӨЯХАТ-ын татвар 117.600 төгрөг хугацаанд нь төлсөн байна. Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Н.Мөнхбаатар ахлан 5 суманд ажиллахаар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 7 хоногоор томилогдож ажлын хэсгийнхэн говийн сумдаа явсан. Томилогдсон хугацаа урт байсан тул оройтсон газраа хоноглох амрах ёстой гэдгийг ажлын хэсгийнхэнд хэлж явуулсан. Жолооч Х.З  нь автомашины бүрэн бүтэн байдлаас бус согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Манай байгууллага Ш.Д н нэхэмжилсэн хохирлыг төлөхгүй гэжээ.

 

 

Нэхэмжлэгч Ш.Д н анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багийн Хөөвөр гэх газар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Х.З  нь тойрог зам дээр урдах машинаа гүйцэт түрүүлж гарч ирсний улмаас мөргөлдсөн. Хариуцагч Х.З  нь архи уусан согтуу байсан нь тогтоогдсон. Энэ хүн эрүүл байсан бол ийм хэрэг гарахгүй байсан. Би эрүүл байсан гэжээ. 

 

Хариуцагч Х.З  анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

Осол болдог  2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр оройн 22 цаг 40 минут орчимд Богд сумаас хөдөлсөн. Богд сумын хөөврийн элс дуусгаад шулуун цагаан заман дээр гарч ирсэн. Гарч ирэхдээ 60 орчим км цагийн хурдтай явж байгаад ланд 80 маркийн авто машиныг гүйцэд түрүүлсэн. Гэтэл урдаас маш хурдтай, тод хурц гэрэлтэй машин орж ирсэн. Би гэрлээ 2, 3 удаа шилжүүлээд ослын гэрлээ асаасан боловч тулаад ирсэн тул би зорчих хэсгийн баруун талаас 3 метр 53 см машинаа замаас гаргаж зам тавьж өгсөн боловч зүүн урдаас мөргөсөн.

Хавтаст хэрэгт эвдэрсэн эд ангиудын зураг байгаа боловч хэргийн үеэр байхгүй байсан эд ангиудаас мөнгө нэхэмжлээд байгаа. Хөрөнгийн үнэлгээний байгууллага нүдээрээ хараагүй машинаа хараад үнэлсэн байсан. Үүнд арам хугарсан, урд жааз карказ эвдэрсэн гэсэн байсан боловч хэргийн материалд байгаа зурган дээр ч тэр намайг ослын дараа гэрлээ тусгаад харахад тийм зүйлс байгаагүй.  үндэслэлгүй нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

     Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэнбилэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

Миний бие тухайн үед газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан. Тухайн үед Х.З  нь говийн сумдаар 7 хоногийн хугацаатай 5 суманд ажиллах ажлын  хэсгийг томилж явуулсан. Хэрэг гарсан өдөр би Х.З г Богд сумаас гаргасан гэдгийг мэдсэн. Манай жолооч согтуу байсан гэдэг нь тогтоогдсон байсан. Хэргийн явцад хэтэрхий нэг талаар барьж манай жолоочийг согтуу байсан тул буруутай гэж үзсэн гэж би хараад байгаа. Манай байгууллагын машин анхнаасаа эвдрэл гэмтэл байхгүй үйл ажиллагаа явуулахад асуудал хэвийн байсан тул хохирлыг барагдуулах боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.З , Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол 8.790.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгч Ш.Д д олгож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн зарим хэсэг болох 960.000 төгрөгөөс татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.З , Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нараас улсын тэмдэгтийн хураамж 155.590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Д д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53 1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар шинжээчийн ажлын хөлс 150.000 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

     

Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэнбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд зааснаар

 замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд  бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгч, буюу ашиглагч этгээд хүлээнэ./ дахь заалтыг ханган Ланд круйзер-76 маркийн 11-66 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр техникийн хяналт, үзлэг оношилгоонд хамруулсан, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн, тээврийн хэрэгслийг даатгуулсан үйлдэл нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн хангагдсан гэж үзэж байсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас шалтгаалсан осол гараагүй тул манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

 Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 /Даатгуулаагүй жолооч энэ хуулийн 13.2-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэн үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг жолооч өөрөө хариуцна/ дахь заалтын дагуу Х.З  нь жолоочийн хариуцлагын даатгалын хуулиар өөрөө даатгуулах ёстой үүргээ биелүүлээгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гарсан нь  жолоочийн өөрийнх нь хариуцлагагүй улмаас гарсан осол гэж үзэж байна.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4  Монгол улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талд явуулж гэсэн  заалтыг зөрчиж зорчих хэсгийн баруун талд гарч ирж осол гаргасан иргэн Ш.Д г мөн буруутай гэж үзэх байна гэжээ.

 

Хариуцагч Х.З  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

             Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн “ Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна “ мөн энэ хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр зүйлийн 11 заасан “... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхэд шүүлгэх...” иргэний эрхийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь: Миний бие Баянхонгор аймгийн Богд суманд 11-66 БНХ автомашин жолоодож яваад осол гаргасан юм. Осол гаргахад миний буруутай үйлдэл байсан ба үүнийгээ хүлээн зөвшөөрсөн боловч нөгөө мөргөлдсөн машины жолооч мөн буруутай байсан гэж үздэг үнэхээр ч бодит байдал дээр бүгд тодорхой байдаг.

Энэ талаар хийсэн цагдаагийн шалгалт нь үнэн шударгаар явагдаагүй зөвхөн намайг л буруутгах зорилгоор явагдсан энэ талаар би цагдаагийн байцаагч нарт бүгдийг хэлсэн боловч зөрчил гэдэг үүднээс тоож үздэггүй юмаа.

Маргааш өдөр би шалгуулъя миний айраг пиво уусан буруу харин нөгөө жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж хэлж мөргөлдсөн газраа ирж хэмжилт хийлгэсэн. Бодит байдал дээр би дүрмийн дагуу замаа чөлөөлж замын баруун талдаа бүр замаасаа гарсан байхад 00-74 УБЕ машин мөргөсөн байдал тодорхой байсан бөгөөд үүнийг зураг авч үзлэг хийсэн.

Ослын акт гарч намайг буруутай гэж гаргасан. Тэгээд би дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гээд дахин дүгнэлт гаргуулсан мөн л намайг буруутай гэж үзсэн. Мөн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй гээд 5-н зүйлээр миний зөв байх үндэслэл бүхий гомдлоо бичгээр гаргасан боловч цагдаа нь ч тоосонгүй, прокурор нь ч хүлээн авах боломжгүй гэсэн. Би бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан ахлах байцаагчаас нь яагаад худлаа дүгнэлт гаргаад байгаа юм бэ гэхэд бид гаргасан та гомдолтой бол тээврийн цагдаагийн газарт дүгнэлт гаргах эрхтэй гэсэн.

Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл зам тавьж өгөөд байхад нөгөө замаа чөлөөлөөгүй мөргөсөн машиныг замаа чөлөөлж өгсөн байна гэх мэтээр бодит байдалт нийцээгүй дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй дахин дүгнэлт гаргуулах талаар үндсэн хуульд заасан иргэний эрхээ эдлэх гэсэн боловч хүч мөхсөдөж явна.

Цагдаад гомдол гаргахаар прокурор мэднэ, прокурорт гомдол гаргахаар зөрчлийн хэрэг гээд хүлээж авахгүй, бүр гомдол гаргах эрхгүй гэж хаасан, энэ талаараа иргэний хэргийн анхан шатны шүүхэд анхнаасаа гомдол гаргахад зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллага шалгана, манайх шинжээч томилох эрхгүй гэдгээр гомдол гаргах эрхгүй хаасан юм.

Иргэн хүн хууль шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй байж .хэргийг бодит үнэнг үнэн зөвөөр тогтоож шийдвэр гаргавал хууль үүргээ гүйцэтгэж байна гэж иргэн би үзнэ гэтэл энэ шүүхийн шийдвэр хуулиа биелүүлж гарсангүй.

Миний хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэн, энэ согтууруулах ундаа хэрэглэсэн буруу үйлдэлдээ зөрчлийн хэргээр арга хэмжээ авагдсан.  Гэтэл осол гарсан зөрчил нь нөгөө жолоочийн буруутай үйлдэл, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байгаа боловч ,үүнийг нотлох гаргах шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гардаг үүнд шинжээч нарыг мэргэжлийн мэдлэг муу, анхны шинжилгээ шинжилгээ гаргахад , дараагийн шинжээчээр оролцсон шинжээч нар зөвлөгөө өгч гаргасан бодит байдлуудаас үнэн гардаггүй юм.

 Анхан шатны иргэний хэргийн шүүх нь 00-74 УБЕ улсын дугаартай авто машинд хийсэн хэргийн газрын үзлэг, фото үзүүлэлтээр уг машины үндсэн рам, урд жааз карказ эвдэрч гэмтсэн талаар огт тусгаагүй,эвдэрсэн гэх нь эргэлзээтэй байхад хохирогчийн гаргаж гаргасан хүсэлтийг дагуу үнэлгээ хийсэн шинжээчийн үнэлгээгээр хохирол төлүүлэхээр гаргасан нь буруу байна гэж үзэж байна. Иймээс машины үндэслэн рамын үнэлгээ болох 1 сая төгрөгийн, урд жааз карказ 300.000 төгрөгийн үндэслэлгүй үнэлэгдсэн байдлыг засуулах

           Иймд анхан шатны иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн 4.395.000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

 

              ҮНДЭСЛЭХ нь:   

           

Нэхэмжлэгч Шийрэвийн Дэлгэрдалай нь хариуцагч  Хаянхярваагийн Зоригоод холбогдуулан учирсан хохирол буюу тээврийн хэрэгслийн эвдрэл 9.750.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Х.З , Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол 8.790.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгч Ш.Д д олгож шийдвэрлэжээ.     

Хариуцагч Х.З  нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны  оройн 22 цагийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан зөрчилд нь  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан байна.

Гэтэл анхан шатны шүүх Х.З гийн зөрчлийн хэрэг, материалыг нь  үндэслэж түүнд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д  заасан “…талууд тэгш эрхийн зарчимд үндэслэх..”,  мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан  “…хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлзэх үндсэн дээр хэрэгжүүлнэ..”   гэсэн  заалтуудыг зөрчиж  хэргийг шийдвэрлэжээ.  Зөрлийн хэрэгт авагдсан байсан нотлох баримтуудыг хуулбарлаж иргэний хэрэгт нотлох баримт болгож авсан боловч зарим нотлох баримт нь  нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайлбал зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг баримтууд нь  бичиг нь харагдах боломжгүй.

Тухайн хэргийн газарт үйлдсэн хэргийн газрын болон тухайн мөргөлдсөн гэх машинуудыг  байршил ямар байсныг харуулах (дугуйны мөр зэргийг хэмжилт хийсэн) хэргийн газарт хийсэн бүдүүвч гар зураглал болон схем зураг байхгүй.

Хэрэгт авагдсан фото зургийн үзүүлэлтээс харахад /хх-ийн 109 дүгээр тал/ эхний фото зураг дээр  цагаан өнгийн Landcrusser 77 маркийн тээврийн хэрэгсэл буюу 11-66 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замаа чөлөөлж  замаас баруун тийш гарч явсан мөр нь  фото зураг дээр тодорхой харагдаж байгаа бөгөөд  энэ тухай ч тус фото зургийн дор нь тайлбар бичжээ. Гэтэл энэ замаа чөлөөлж  замын баруун талд гарсан 11-66 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажуу тал нь эвдэрсэн байхад,  00-74 УБE улсын дугаартай тээврийн хэрэгслийн урьд тал эвдэрсэн байна.  

Баянхонгор аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дахин дүгнэлтэд  /хх-ийн 126 дугаар тал/   “…land Cruiser 100 маркийн 00-74 УБE улсын дугаартай автомашин нь зам тавьж өгсөн байх үндэслэлтэй байна…”  гэж  дүгнэлт гаргажээ.  Хэрэгт авагдсан фото зургийн үзүүлэлт, машины эвдэрлийн байдал нь  шинжээчийн дүгнэлттэйгээ зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл 11-66 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замаа чөлөөлж  замын баруун талд гарсан мөртлөө яагаад зүүн хажуу талаараа мөргөлдөж, машины зүүн тал эвдэрсэн  байгаа нь тодорхой биш бөгөөд 11-66 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг буруутай гэж үзвэл  11-66 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  land Cruiser 100 маркийн 00-74 УБE улсын дугаартай автомашиныг  урьд тал руу нь  хөндлөнгөөрөө очиж  мөргөжээ гэж  үзэж болох эсэх зэргээр шинжээчийн дүгнэлт  эргэлзээтэй байхад шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.

 

Хэргийн оролцогчоос дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг хүлээж аваагүй нь  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж  үзэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ  үндэслэх хэсэгтээ Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 507 дугаар дүгнэлтийг үнэлж хэргийг  шийдвэрлэсэн байна. Гэтэл /хх-ийн 179-183 дугаар тал/  тухайн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчээр  Р.Зоригт, Ж.Уртнасан, Г.Наранцэцэг,  Г.Баярбаатар нар оролцож үнэлгээ хийсэн байхад /хх-ийн 192 дугаар тал/ шүүхээс Р.Зоригт, Ж.Уртнасан нарт эрх үүрэг тайлбарлаагүй байгаа нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчдийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй боломжгүй гэж үзнэ. Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчдийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож  хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэнбилэгээс  давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92.950 төгрөг, хариуцагч Х.З гоос давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85.270 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч нарт олгож шийдвэрлэв. 

          Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон                                                                      

ТОГТООХ  нь:

1. Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 131/ШШ2020/01266 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн  шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92.950 төгрөг, хариуцагч Х.З гоос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85.270 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж  хариуцагч нарт олгосугай.  

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.