Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/1046

 

 

Б.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдуламыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2311000001035 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Бын Б, 1993 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Д аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тус шийтгүүлж, Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 11 cap 4 хоногийн хугацаагаар хяналт тогтоосон.

            Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Төрийн банкны гадна хохирогч С.Эгийн гар цүнхнээс боодолтой бэлэн 800.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 cap 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 5 cap 4 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд оногдуулсан 2 жил 5 cap 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон нийт 60 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бөөс 800.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Эд олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Шүүхээс надад хохирол барагдуулах 5 хоногийн хугацаа өгсөн боловч хохирлоо барагдуулж чадаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө миний бие хохирлоо бүрэн эсвэл талыг нь төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Мөн миний бие хэл ярианы бэрхшээлтэй, байнга гацаж, ээрч ярьдаг. 2016 онд автын осолд орсноос хойш байнгын татаж унах өвчтэй болсноос болж эмчийн байнгын хяналтад байдаг. Энэ талаарх материал хавтас хэрэгт авагдсан. Миний бие татаж унах өвчнөөсөө сэргийлж карбо гэдэг эмийг 1 ширхгийг уудаг. Энэ эм хорих ангид олддоггүй ба олдсон ч дороо дуусдаг. Мөн миний эх Б.Т нь 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр нас барсан ба энэ үед би хорих ангид ял эдэлж байсан. Одоо надад ганц төрсөн дүү минь үлдсэн бөгөөд ахын хувьд үлгэр, дуурайлал болж сайн сайхан амьдрах ёстой боловч гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Давж заалдах шатны шүүхээс гэм буруугаа хүлээсэн, хохирлоо барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэндийн шалтгаануудыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэн Б.Б нь 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутын үед Ч дүүргийн - дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин байрлах Т банкны гадаа хохирогч С.Эгийн гар цүнхнээс боодолтой бэлэн 800.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

хохирогч С.Эгийн “...Би 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрээсээ 100 ширхэг буюу 1 боодол 10.000 төгрөгийн дэвсгэрт мөнгөтэй гараад эхлээд 14 цаг 30 минутын орчимд Ч дүүргийн 2 дугаар хороо “С” нэртэй дэлгүүрээс шаазан таваг аваад 800.000 төгрөгийг нь ... дэлгүүрээс гарахдаа цүнхэндээ буцааж хийгээд цүнхнийхээ цахилгааныг таталгүй гараад, төв зам дагуу зүүн тийш 100 метр орчим алхаад Т банк ороод цүнхэнд бэлэн байсан 800.000 төгрөг байхгүй байсныг мэдсэн. “О” нэртэй дэлгүүрт очиж үзэхэд мөнгөө буцааж цүнхэндээ хийж байгаа нь харагдсан. ...” /хх 11-12/,

Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үйл явдал нь У дэлгүүрийн баруун тал, төв замын хойд талд байрлах т банкны гадаа болсон. Би тухайн үед ганцаараа явж байсан. Би ... араас дагаж явж байгаад цүнхнээс нь 800.000 төгрөгийг хулгайлж, хэргийг өөрөө үйлдсэн. Би тухайн үед 0.33 хэмжээтэй архи уучихсан байсан. Би хорих ангиас суллагдсанаа тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...” /хх 48-49/ гэсэн мэдүүлгүүд,

мөрдөн шалгах ажиллагааны явцад хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх 18-19/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Б.Бийн хохирогч С.Эгийн гар цүнхнээс 800.000 төгрөгийг нууцаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Шүүхээс дээрх үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж буй талаар болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Бөөс “гэм буруугаа хүлээсэн, хохирлоо барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэндийн шалтгаануудыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 cap 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 5 cap 4 хоногийн хугацаагаар тогтоож, 2 жил 5 cap 4 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч Б.Бөөс үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлсөн талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ