Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 319/ШШ2025/00068

 

 

 

 

 

2025 02 11 319/ШШ2025/00068

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Твин тауэр-1 байр, 13 давхарт байрлах, “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, 2-р баг, Баатархайрхан 7-р гудамж, 4 тоотод оршин суух, Бургууд овогт Ганбатын Цэндхүүд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “ Зээл, хүүгийн хамт 1,645,227.40 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Азжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Г.Цэндхүү нь манай “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 2,649,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Г.Цэндхүү нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Г.Цэндхүүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэг Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Г.Цэндхүүгээс 1,645,227.40 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэжээ.

Хариуцагч Г.Цэндхүү нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Цэндхүү нь “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,645,227.40 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэжидмаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: “Хариуцагч Г.Цэндхүүгийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа танилцаад 3 сарын хугацаанд хувааж төлөх саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК нь хариуцагч Г.Цэндхүүд холбогдуулан “Зээл, хүүгийн хамт 1,645,227.40 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зохигч/нэхэмжлэгч, хариуцагч/ нь эвлэрэх эрхтэй. Хариуцагч Г.Цэндхүү нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийг төлбөр 1,645,227.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 3 сарын хугацаанд хувааж төлөх санал гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэжидмаа нь хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрчээ.

Хариуцагч Г.Цэндхүү нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК-тай  зээлийн гэрээг байгуулан 2,649,900 төгрөгийг жилийн 34.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээл, хүүгийн төлбөрийн тооцооллын талаар маргаагүй, зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан болно.

 Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан зохигч эвлэрсэн үндэслэлээр “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Цэндхүүд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4856 дугаартай итгэмжлэлээр Оюунцэцэг овогтой Дэжидмаад шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байх бөгөөд уг итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэжидмаа нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  41,274 төгрөгийн тал нь болох 20,637 төгрөгийг төрийн сангаас, 20,637 төгрөгийг хариуцагч Г.Цэндхүүгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

5. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр зохигчид энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй эрх зүйн үр дагаврыг тайлбарлан, гарын үсэг зуруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК нь хариуцагч Г.Цэндхүүд холбогдох “зээл, хүүгийн хамт 1,645,227.40 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч Г.Цэндхүү нь зээлийн төлбөр 1,645,227.40 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1зааснаар нэхэмжлэгч “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,274 төгрөгийн тал нь болох 20,637 төгрөгийг төрийн сангаас, 20,637 төгрөгийг хариуцагч Г.Цэндхүүгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч “Есөн Шижир Инвест ББСБ” ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                                                Б.РАУШАН