Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

 

 

 

 

 

                  

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч С.Оюунжаргал, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Д.Намсрай /ҮД:2134/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Аюушийн Ариунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010021 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, охин, хүргэн, зээ нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт А.А

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.А нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 19 цаг 45 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Янгирхайрхан” ХХК-ийн урд замд Г.Оргилын эзэмшлийн Kia fronter маркийн 80-08 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ...тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад  бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын голд зогсож байсан явган зорчигч Н.Н.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч А.А: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 19 цагийн үед Биокомбинатаас Улаанбаатар руу орж ирэхэд Янгирхайрхан цайны газрын урд зам дээр хажуугаар том оврын машин зөрж өнгөрсөн. Том машины утаанаас болж ойр орчин харагдахгүй болсон. Явган зорчигч Н.Н.Б замын голын цагаан зураасан дээр зогсож байсан бол би хажуугаар нь гарах боломжтой байсан ч хохирогч том машинаас айгаад хойш ухарч зогссон байсан. Тухайн үед том машины утаа болон ойр орчимд гэрэлтүүлэг байхгүйн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж ийм асуудал болсон...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 19 цаг 30 миунтын орчим ажлаа тараад Янгирхайрхан цайны газрын урд талын замаар урдаасаа хойш зүг рүү зам хөндлөн гарахаар замын голын шугам дээр зүүнээс баруун зүг рүү явж байсан тээврийн хэрэгслийг хараад зогсож байхад миний зүүн гар талаас машин мөргөсөн. ...Жолооч түргэн дуудсан боловч цагдаа нэр эхлээд ирсэн. Яаралтай тусламжийн машин ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...Зам хөндлөн гарахдаа гарцгүй газраар гарсан...” /хх-ийн 16-19/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Г.Оргил мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...80-08 УНЗ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг. Цэцэгдарь эгч тэр машиныг миний нэр дээр худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байсан. ...Миний зүгээс өөрийн машинд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 35-36 / гэсэн,

 

Гэрч Д.Цэцэгдарь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчим би Ариунболд руу залгаад чи 80-08 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодоод Шувуун фабрик руу түлш хүргээд өгчих гэж хэлсэн. Орой 19 цаг өнгөрч байхад Ариунболд над руу залгаад Нисэхийн замд явган зорчигч мөргөчихлөө, зам харанхуй, гэрэлгүй байхад хар өнгийн хувцастай хүн орж ирээд мөргүүлчихлээ гэсэн. 2017 оны 09 дүгээр сараас хойш уг машиныг Ариунболдын хашаанд тавьж байсан...” /хх-ийн 37-38/ гэсэн,

 

Шүүгдэгч А.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 19 цаг 40 минутын үед найз Цэцэгдарийн хүү Оргилын эзэмшлийн 80-08 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг, “Янгирхайрхан” ХХК-ийн урд талын замаар  баруунаас зүүн зүг рүү хоёрдугаар эгнээгээр 40 км цагийн хурдтай явж байхад өөдөөс буюу эсрэг урсгалаас том оврын ачааны автомашин ирж хажуугаар зөрөхдөө гаргасан яндагийн утаанаас болж үзэгдэх орчингүй болсон. Миний явах хэсэг дээр явган зорчигч зогсож байхыг 3-4 метрийн зайнаас хараад жолооны хүрдээ баруун гар тийш дарсан боловч явган зорчигчийг мөргөсөн. Бууж очоод явган зорчигчийг босож чадах уу гэхэд босьё гэхээр нь татаж босгосон. Тэгээд түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Түргэн тусламж ирээд явган зорчигчийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Буруугаа ойлгож гэмшиж байна...” /хх-ийн 63-65/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №15051 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.Н.Бийн биед баруун талын 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, зүүн талын 4, 5, 6, 7, 8-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний хөндийн хий хуралт, ахар сүүлэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  /хх-ийн 41-42/ гэсэн,

 

- “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17/62804 тоот дүгнэлтэд: “...Урд тэнхлэгийн хажуу гулсалт -4,8мм, зүүн урд дугуйн тоормосны хүч 5kH, баруун урд дугуйн 5,2kH, тоормосны хүчний зөрүү нь 3,85%, зүүн хойд дугуйн тоормосны хүч 3,9kH, баруун хойд дугуйн тоормосны хүч 0,4 kH, тоормосны хүчний зөрүү нь 89,74%  байна. Дугайн хээний гүн 3.40-8.25мм, Баруун гэрлийн ойрын тусгалын хүч 8 люкс, холын гэрлийн тусгалын хүч 34 люкс байна. Уг тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйн тоормосны хүч 3,9kH, баруун хойд дугуйн тоормосны хүч 0,4kH, нэг тэнхлэг дэх тоормосны хүчний зөрүү нь 89,74%, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж муу, зүүн их гэрлийн дээд шанаа хэсгээр 17х19 см хэмжээтэй хонхойсон, кузов зэврэлт ихтэй зэрэг нь тээврийн хэрэгсэлд тавигдах MNS4598:2011, MNS5011:2003 стандартуудын шаардлагыг хангахгүй байна. Автомашины Баруун хойд дугуйн тоормос барихгүй байгаа нь жигд бус байдлыг үүсгэх буюу тоормос хэзээ, хэрхэн яаж эвдэрснийг тогтоох боломжгүй болно...” /хх-ийн 46-49/ гэсэн,

 

Техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 682 тоот дүгнэлтэд: “...1.Kia Frontier маркийн 80-08 УНЗ улсын дугаартай автомашины жолооч А.А нь “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баязүрх техникийн хяналтын үзлэгий төвийн шинжээч нарын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт “...зүүн хойд дугуйн тоормосны хүч 3,9kH, баруун хойд дугуйн тоормосны хүч 0,4kH, нэг тэнхлэг дэх тоормосны хүчний зөрүү нь 89,74%, ...баруун хойд дугуйн тоормос барихгүй байгаа нь жигд бус байдлыг үүсгэх буюу стандартын шаардлага хангахгүй байна” гэсэн байх тул Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, “...тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон...” бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Н.Н.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”  гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 53-54/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-8/,

- Баримт бичиг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл /хх-ийн 10/,

- Жолоочийн болон явган зорчигчийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-12/,

- Шүүгдэгч А.Аын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 66, 68-73/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 67/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 20-32/,

- Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 75-76/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 81, 82/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Аод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч А.А нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 19 цаг 45 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Янгирхайрхан” ХХК-ийн урд замд Г.Оргилын эзэмшлийн “Киа Фронтер” маркийн 80-08 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ...тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн, мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад  бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын голд зогсож байсан явган зорчигч Н.Н.Бийг мөргөж, биед нь “...баруун талын 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, зүүн талын 4, 5, 6, 7, 8-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний хөндийн хий хуралт, ахар сүүлэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт...” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Н.Бийн “...2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 19 цаг 30 миунтын орчимд ажлаа тараад Янгирхайрхан цайны газрын урд талын замаар урдаасаа хойд зүг рүү зам хөндлөн гарахаар замын голын шугам дээр зүүнээс баруун зүг рүү явж байсан тээврийн хэрэгслийг хараад зогсож байхад миний зүүн гар талаас машин мөргөсөн. ...Жолооч түргэн дуудсан боловч цагдаа нэр эхлээд ирсэн. Яаралтай тусламжийн машин ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. ...Зам хөндлөн гарахдаа гарцгүй газраар гарсан...” /хх-ийн 16-19/ гэсэн,

Иргэний хариуцагч Г.Оргилын “...80-08 УНЗ улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг. Цэцэгдарь эгч тэр машиныг миний нэр дээр худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байсан. ...Миний зүгээс өөрийн машинд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 35-36 / гэсэн,

Гэрч Д.Цэцэгдарийн “...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчим би Ариунболд руу залгаад чи машин бариад шувуун фабрик руу түлш хүргээд өгчих гэж хэлсэн. Орой 19 цаг өнгөрч байхад Ариунболд над руу залгаад Нисэхийн замд явган зорчигч мөргөчихлөө, зам харанхуй, гэрэлгүй байхад хар өнгийн хувцастай хүн орж ирээд мөргүүлчихлээ гэсэн. 2017 оны 09 дүгээр сараас хойш уг машиныг Ариунболдын хашаанд тавьж байсан...” /хх-ийн 37-38/ гэсэн,

Шүүгдэгч А.Аын “...2017 оны 12 дугаар сарын 04-ний орой 19 цаг 40 минутын үед найз Цэцэгдарийн хүү Оргилын эзэмшлийн 80-08 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг, “Янгирхайрхан” ХХК-ийн урд талын замаар баруунаас зүүн тийш хоёрдугаар эгнээгээр 40 км цагийн хурдтай явж байхад өөдөөс буюу эсрэг урсгалаас том оврийн ачааны автомашин ирж хажуугаар зөрөхдөө гаргасан яндангийн утаанаас болж үзэгдэх орчингүй болсон. Миний явах хэсэг дээр явган зорчигч зогсож байхыг 3-4 метрийн зайнаас хараад жолооны хүрдээ баруун гар тийш дарсан боловч явган зорчигчийг мөргөсөн. Буруугаа ойлгож гэмшиж байна...” /хх-ийн 63-65/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №15051 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.Н.Бийн биед баруун талын 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, зүүн талын 4, 5, 6, 7, 8-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний хөндийн хий хуралт, ахар сүүлэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...”  /хх-ийн 41-42/ гэсэн,

 

- “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв 2017 оны 17/62804 тоот дүгнэлтэд: “...Урд тэнхлэгийн хажуу гулсалт -4,8мм, зүүн урд дугуйн тоормосны хүч 5kH, баруун урд дугуйн 5,2kH, тоормосны хүчний зөрүү нь 3,85%, зүүн хойд дугуйн тоормосны хүч 3,9kH, баруун хойд дугуйн тоормосны хүч 0,4 kH, тоормосны хүчний зөрүү нь 89,74%  байна. Дугайн хээний гүн 3.40-8.25мм, Баруун гэрлийн ойрын тусгалын хүч 8 люкс, холын гэрлийн тусгалын хүч 34 люкс байна. Уг тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйн тоормосны хүч 3,9kH, баруун хойд дугуйн тоормосны хүч 0,4kH, нэг тэнхлэг дэх тоормосны хүчний зөрүү нь 89,74%, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж муу, зүүн их гэрлийн дээд шанаа хэсгээр 17х19 см хэмжээтэй хонхойсон, кузов зэврэлт ихтэй зэрэг нь тээврийн хэрэгсэлд тавигдах MNS4598:2011, MNS5011:2003 стандартуудын шаардлагыг хангахгүй байна...” /хх-ийн 46-48/ гэсэн,

 

Техникийн шинжээчийн 2017 оны өдрийн 682 тоот дүгнэлтэд: “...80-08 УНЗ улсын дугаартай автомашины жолооч А.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, “...тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон...” бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн, мөн 9.2-т жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Н.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т явган зорчигч нь явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 53-54/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-8/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан болон баримт бичиг түр хураан авсан тэмдэглэлүүд /хх-ийн 9, 10/, жолоочийн болон явган зорчигчийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-12/,  дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 81, 82/, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Аын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, мөн дүрмийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Н.Бийг мөргөж, биед нь хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Н.Бийн биед “...баруун талын 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирга, зүүн талын 4, 5, 6, 7, 8-р хавирганы зөрөөтэй хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний хөндийн хий хуралт, ахар сүүлэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт...” бүхий хүнд хохирол учирсан. Хохирогч эмчилгээний зардалд нийт 2.064.644 төгрөг нэхэмжилснийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, хохирогч нь цаашид “...нэхэмжлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан гомдолгүй...” /хх-ийн 75, 76, 100/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүх, шүүгдэгч А.Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 9.2-т заасныг тус тус зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч А.А нь хийсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй,  эрүүгийн 1803000010021 тоот хэрэгт № 150606 дугаартай жолоочийн үнэмлэх ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Боржигон овогт Аюушийн Ариунболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар А.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд А.А-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч А.А нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 1803000010021 тоот хэрэгт хураагдаж ирсэн А.А-н №150606 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн 1803000010021 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Б гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР