Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/36

 

 

 

 

 

 

 

 

2023         11           06                                           2023/ДШМ/36

 

 

                                                Б.Н-т холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж,

прокурор А.Анхбаяр, яллагдагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, яллагдагч Б.Н, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/297 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Б.Н-т холбогдох, эрүүгийн ............... дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт .... аймгийн ....... сумын .... дугаар багийн ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ........ овогт Б-ийн Н /РД: ........../,

1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс яллагдагч Б.Н-ийг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг  орос, англи хэлний багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа .......... дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж ... аймгийн ... сумын ерөнхий боловсролын ... дугаар цогцолбор сургуулийн англи хэлний багшаар ажилласан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

2. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/297 дугаар “ Хэргийг прокурорт буцаах тухай”  шүүгчийн захирамжаар:

- Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ийн Н-т холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг Увс аймгийн Прокурорын Газарт буцааж,

- эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ...... дугаартай дипломыг хэргийн хамт хүргүүлж,

   - яллагдагч Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ. 

  3. Яллагдагч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие улсад 19 жил хоёргүй сэтгэлээр, мэргэжлээрээ, үе үеийн олон зуун сурагч, төгсөгчдөд орос, англи хэл зааж сум, аймгийн уралдаан, олимпиад, тэмцээнд амжилт үзүүлж, олон улсын тэтгэлэгт хамруулж, их дээд сургуульд элсүүлж амьдралынхаа бүхий л үнэтэй цаг хугацааг сургууль дээрээ өнгөрөөж ажилласаар ирсэн. Эрүүл мэндийн байдлын улмаас их сургуулиа төгсөхөөс 3 сарын өмнө чөлөө авч тухайн үед хариуцаж байсан сургуулийн удирдлагатай ярилцахад сургуулийг чамайг төгсгөсөн гэж надад диплом явуулж байсан.

  Миний бие сургууль төгсөөд 19 жилийн дараа диплом хуурамч байсан гэдгийг мэдэж өнөөдрийг хүртэл хүнд байдалд орсон. Гэтэл шүүхээс яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлттэй нийцээгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасанд гомдолтой байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

  4. Яллагдагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Би үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна.

Миний үйлчлүүлэгчид холбогдох хэрэг прокурорт хянагдаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжиж ирсэн. Шүүхийн санаачлагчаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, Б.Н-т холбогдох хэргийг нэмэлт ажиллагаанд буцааж шийдвэрлэсэн. Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх зохицуулалт байгаа учраас Б.Н-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/297 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 6. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Яллагдагч Б.Н-т холбогдох хэргийг прокурорт буцаах тухай 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/297 дугаартай шүүгчийн захирамжийг яллагдагч эс зөвшөөрч,  хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой  гэсэн агуулга бүхий гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/297 дугаар шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/297 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

  7. Яллагдагч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1999 онд 10 жилээ төгсөж Монгол Улсын Боловсролын Их Сургуульд элсэн суралцсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас сургуулиа төгсөхөөс 3 сарын өмнө чөлөө авсан бөгөөд багштайгаа холбогдоход “би чиний дипломыг захиралтай ярилцаад авч явуулна” гэж хэлсэн.

 Тэгээд 2003 оноос Монгол Улсын Боловсролын их сургуулийн дипломоо ашиглан багшаар ажилласан. Намайг багшаар ажиллаж байх хугацаанд дипломын шалгалт ирдэг байсан. Манай сургуулийн нэг багшийн диплом асуудалтай байгаад шалгагдаж байсан. Миний диплом дээр ямар нэг асуудал гардаггүй байсан. 2022 онд Улаангом сумын 2 дугаар сургуулиас надад багшаар ажиллах санал тавьсан. Тэгээд би 2022 оны 10 дугаар сараас Улаангом сумын 2 дугаар сургуульд багшаар ажилласан. Би олон сайн шавь нарыг бэлтгэсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/297 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн яллагдагч Б.Н-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох, ........... дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс яллагдагч Б.Н-ийг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг орос, англи хэлний багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийг 2003 онд төгссөн гэх .......... дугаартай, бакалаврын дипломыг  хуурамч болохыг мэдсээр байж Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн англи хэлний багшаар ажилд орохдоо ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.    

 3. Анхан шатны шүүх Б.Н-т холбогдох эрүүгийн .............. дугаартай хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэснийг яллагдагч Б.Н эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 4. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүхээс  яллагдагч Б.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хянаад прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

            4.1. Яллагдагч Б.Н-т холбогдох эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн бүрэн гүйцэт хийгээгүй буюу прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ........ дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон 2023 оны 7 сарын 31-ний өдрийн 62А дугаар яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж дүгнэлээ.

           4.2. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 01 сарын 17-нй өдрийн ............ дугаартай, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд: Б.Н нь боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж, 2004 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс ....... аймгийн ....... сумын 10 жилийн дунд сургуулийн англи хэлний багшаар ажилд орсон, мөн тэр цаг хугацаанаас хойш багшаар ажиллахдаа уг хуурамч дипломыг ашигласан гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдсон” гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа буюу гэмт хэрэг үйлдэж эхэлсэн болон үргэлжилсэн, дууссан, эсхүл таслан зогсоогдсон цаг хугацааны талаар тодорхой дүгнээгүй,

          түүнчлэн хэргийн үйл баримтыг нотолсон буюу яллах үндэслэл болгож буй хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

         Тухайлбал, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолын тодорхойлох болон тогтоох  хэсэгт Б.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэх газар буюу ажиллаж байсан байгууллагыг өөр өөрөөр бичсэн, мөн гэмт хэрэг үйлдэж эхэлсэн хугацааг 2004 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гэж тодорхойлсон нь хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй/ 1-р хх-ийн 47-р талд авагдсан 2004 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 14 тоот тушаалд : Б.Н-ийг 01 сарын 15-ны өдрөөс эхлэн мэргэжлийн багшаар авч ажиллуулсугай гэж бичсэн/ байна.

          4.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох, хавсралт хэсэгт тусгах зүйлийг тус тус нэрчлэн заасан ба 3 дахь хэсгийн 3.2-т “ яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтын талаар, мөн 5 дахь хэсгийн 5.3-т “ хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл” -ийг тус тус тусгахаар заажээ.

            Яллагдагч Б.Н-т холбогдох эрүүгийн хэргийн яллах дүгнэлт нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

             Тодруулбал, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгийн үйлдсэн 2023 оны 7 сарын 31-ний өдрийн 62А дугаартай  яллах дүгнэлтэд: Яллагдагч Б.Н-ийг .... аймгийн .... сумын ерөнхий боловсролын ... дугаар цогцолбор сургуулийн англи хэлний багшаар ажиллахдаа хуурамч диплом ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас зөрүүтэй.

            Түүнчлэн  яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэж эхэлсэн болон үргэлжилсэн, дууссан, эсхүл гэмт хэрэг таслан зогсоогдсон цаг хугацаа, мөн хэрэгт хохирогчоор тогтоогдсон байгууллага тус бүрийн тухайн гэмт хэргийн улмаас учирсан  хохирол, хор уршгийн хэр хэмжээ, нэхэмжилж буй хохирлын талаар огт дүгнээгүй /тусгаагүй/ нь дээрх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.    

             Мөн яллах дүгнэлтийн хавсралтад: гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого буюу учруулсан хохирол 137,119,385 төгрөг гэж дурдсан нь хэрэгт тогтоогдсон үйл баримтаас зөрүүтэй, тодруулбал: 1-р хх-ийн 188, 189-р талд яллагдагчийн Увс аймгийн Өмнөговь сумын ерөнхий боловсролын 1-р сургуульд 2004 оны 1 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан  хугацааны цалин хөлсийг 137,119,385 төгрөгөөр,

          - яллагдагчийн Увс аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн англи хэлний багшаар 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилласан хугацааны цалин хөлсийг  1,962,387 төгрөгөөр тус тус тооцоолсон мөрдөгчийн тэмдэглэл бүхий баримт  авагдсан атал яллах дүгнэлтэд энэ талаар бүрэн гүйцэт тусгаагүй орхигдуулсан байна.    

           4.4. Энэ гэмт хэргийг үйлдэж эхэлсэн болон төгссөн цаг хугацааг зөв тодорхойлж тогтоох нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоох үндэслэл болно.

              5. Дээрх үндэслэлүүдээр яллагдагч Б.Н-т холбогдох хэрэгт явуулсан зарим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хангуулах зорилгоор хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, яллагдагч Б.Н-ийн “ яллах дүгнэлтийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгөх”-ийг хүссэн агуулга бүхий  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.             

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЗ/297 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Б.Н-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.МӨНХЖАРГАЛ

 

                  ШҮҮГЧИД                                                  Н.ТУЯА

                                                                                                   Л.АЛТАН