| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2024/00724/И |
| Дугаар | 319/ШШ2025/00079 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 319/ШШ2025/00079
2025 02 18 319/ШШ2025/00079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт оршин суух, Зуутраг овогт Пунцагийн Баттөмөрийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч П.Баттөмөр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Цэвээнсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч П.Баттөмөр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Пунцагийн Баттөмөр миний бие 1996 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадын малчин Б.Цэндгийн 6 дахь хүү болж төрсөн. Бага насандаа Цэндгийн дүү болох Пунцагт өргөгдсөн. Ховд аймгийн Дөргөн сумын дунд сургуульд 1977 онд нэгдүгээр ангид орж 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 15-нд цэргийн албанд татагдсан. 1990 оны 10 дугаар сарын 15-нд цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад эцэг эхийн хамт мал малласан. 1991 оны 07 дугаар сарын 21 –нд Баянмөнхийн Цэрэндуламтай гэр бүл болж Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад мал малласан. 1992 онд нэгдэл хувьцаат компани болоход мөн түрээсийн мал авч малласан. Би одоо ч мал маллаж байгаа. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймээс Ховд аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргав. Иймд П.Баттөмөр намайг 1985 оны 06-р сараас 1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч П.Баттөмөр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний 1985 оны 06 дугаар сараас 1994 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
4. Хүсэлт гаргагч П.Баттөмөрөөс: Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0801/3437 дугаартай цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1206 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант буюу 3 дугаар бригадын 1985, 1988 оны 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Дөргөн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай албан бичиг хавсралтын хамт, иргэн Б.Дондогдорж, Б.Баянмөнх нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, 1605000214 дугаартай баталгаажилтийн хуудас, малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
5. Шүүхээс: Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай албан бичгээр ирүүлсэн 23 дугаартай архивын лавлагаа, Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02/56 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Тагнуулын Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08/54 дугаартай архивын лавлагаа, гэрч Б.Баянмөнх, Б.Дондогдорж нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1, 7, 13, 21, 15, 11 маягтийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн албан бичиг, зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч П.Баттөмөр нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Шүүх хуралдаанд тодруулсан хүсэлтийн шаардлагаар П.Баттөмөр нь 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1992 оноос 1994 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Таван эрдэнэ ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн П.Баттөмөрийн ХААТР-1/А/ маягтад ажилладаг байгууллага – Сүхбаатарын зам нэгдэл, ажилд орсон он – 1987 он, цех тасаг – Борт хэсэг, эрхэлдэг ажил – ямаачин гэж, 1985 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хаягийн хуудас – 7 баримтад Дөргөн сумын 8 жилийн сургуульд сурагч гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно” гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч П.Баттөмөр нь 1985 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн сурагч байсан бөгөөд 1987 оноос эхлэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх цэргийн штабын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгаас 1988 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад П.Баттөмөр “хаана ямар сургууль курс төгссөн хэсэгт 1987 онд 10 дугаар ангийг төгссөн”, цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдээс хэдэн оноос хаана ямар ажил хийж байсан хэсэгт – Борт хэсэгт малчин” гэж тус тус бүртгэсэн байна. Энэ нь П.Баттөмөрийг 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн нь давхар нотлогдож байна.
3. Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08/355 дугаартай архивын лавлагаагаар Пунцагийн Баттөмөр нь Ховд аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 0130 дугаар ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн б/307 дугаар тушаалаар 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагдсныг тодорхойлсон байна.
4. Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн архивын лавлагаагаар П.Баттөмөр нь 1990 оны 11 дүгээр сараас 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, ажилласан жилээ нөхөн тооцуулжээ.
5. Гэрчийн мэдүүлэг
5.1. Гэрч Б.Баянмөнхийн “...Би 1970 онд Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. 1978 онд Ховд аймгийн Дөргөн сумын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1986 онд 8 дугаар ангиа төгссөн. 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1989 оныг хүртэл мал малласан. 1989 оноос 1991 оныг хүртэл ардын армийн 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. 1991 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар нэгдэл тартал ажиллаж байсан. П.Баттөмөр нь 1969 онд Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадын малчин Пунцагийн хүүхэд болж төрсөн. Ээжийг нь Цэнджав гэдэг. П.Баттөмөр нь 1985 онд 8 дугаар анги төгссөн. Надаас нэг ах санагдаж байна. Ямар ч байсан манай дээд талын ангид сурдаг байсан. П.Баттөмөр нь 8 дугаар ангиа төгсөөд үргэлжлүүлэн сургуульд сураагүй харин Ховд аймгийн Дөргөн сумын 3 дугаар бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн. 1988 оноос 1990 оныг хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдлийн мал малласан. Мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Эхнэрийг нь Цэрэндулам гэдэг. Хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид нэг сум, нэг нэгдэл бригадад байсан учраас би сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг,
5.2. Гэрч Б.Дондогдоржийн “... Би 1960 онд Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. 1968 онд Ховд аймгийн Дөргөн сумын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1977 онд 7 дугаар ангиа төгссөн. 1977 онд 7 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1980 оныг хүртэл мал малласан. 1980 оноос 1982 оныг хүртэл хилийн ба дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. 1982 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Чандмань сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, мужаанаар 1983 оныг хүртэл ажилласан. 1983 оноос Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад шуудан зөөгчөөр 1984 оныг хүртэл ажилласан. 1984 оноос 1986 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд аж ахуйн няраваар, 1986 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын мал эмнэлэгийн тасагт санитарч болон малын бага эмчээр тус тус ажиллаж байсан.П.Баттөмөр нь 1969 онд Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадын малчин Пунцагийн хүүхэд болж төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжиж сургуульд сурч байгаад 1985 онд 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд үргэлжлүүлэн сургуульд сураагүй. Ховд аймгийн Дөргөн сумын 3 дугаар бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн. 1988 оноос 1990 оныг хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн нэгдлийн мал малласан. Мал маллахаас өөр ажил хөдөлмөр хийж байгаагүй. Гэр бүлийнх нь хүнийг Цэрэндулам гэдэг. Хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид нэг сум, нэг нэгдэл бригадад байсан учраас би сайн мэдэж байна...” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байх бөгөөд гэрч нарт хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч П.Баттөмөрийн 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1992 оноос 1994 оныг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Таван эрдэнэ ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Харин хүсэлт гаргагч П.Баттөмөрийн 1985 оноос 1987 оныг хүртэл хүртэл ажиллаж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1206 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант буюу 3 дугаар бригадын 1985, 1988 оны 70 дугаар дансны хуулбар баримтад хүсэлт гаргагчийн нэр бичигдээгүй мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх цэргийн штабын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгаас 1988 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад П.Баттөмөр “хаана ямар сургууль курс төгссөн хэсэгт 1987 онд 10 дугаар ангийг төгссөн талаар бүртгэгдсэн байх тул түүний 1985 оны 06 дугаар сараас 1987 оны 06 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлыгыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогт Пунцагийн Баттөмөрийн 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Таван эрдэнэ ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогт Пунцагийн Баттөмөрийн 1985 оны 06 дугаар сараас 1987 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН