Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 319/ШШ2025/00065

 

 

 

 

 

 

 

2025 02 07 319/ШШ2025/00065

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: С.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнгөнсарнай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан хүсэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1970 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ******* сумын ******* багт *******гийн 5 дахь хүү болон мэндэлсэн. Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд 1978 онд элсэн орж суралцаад 1986 оны 06 дугаар сарын 20-нд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр ******* сумын Хөдөлмөр нэгдэл, ******* багт малчнаар 1986-1992 оныг хүртэл ажилласан.

Одоо ч ******* сумын ******* багт мал малласаар байна. Тэтгэвэрт гарах хугацаа болсон боловч хөдөлмөрийн дэвтэргүйн улмаас ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай байна.

Иймд С.******* намайг Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл ******* багт 1986 оны 06 дугаар сараас эхлэн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу цэрэгт татагдах хүртэл, мөн цэргээс халагдаж ирсний дараа 1990 оны 10 дугаар сараас эхлэн 1992 он дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлттэй.  1991 онд ******* сумын Хөдөлмөр нэгдэл татан буугдсанаар хувиараа мал малласан... гэв.

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, иргэн Д.*******, Д.******* нарын шүүхэд гаргасан тодорхойлолт болон тэдгээрийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, №0505046 дугаартай С.*******ийн нэр дээрх нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн С.*******, М.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 887349 дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний эх хувь, Ховд аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт, 2024 оны 12 дугаар сарын 16-ны 355 бүртгэлийн дугаартай архивын лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай албан бичиг болон хавсралт 70 дугаар дансны баталгаат хуулбарууд, бүртгэлийн 842200088 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3. Шүүхээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн 29/109 дугаартай албан бичгээр ирүүлсэн С.*******ийн нэр дээрх ХААТР-1, 7, 15, 21 маягтуудын баталгаат хуулбар, Ховд аймаг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2025 оны 02 дугаар сарын 05-ны 14 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, иргэн Д.*******, Д.******* нарыг гэрчээр асууж авсан мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч С.*******ийн шүүхэд гаргасан Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1.1-д даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа, (хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр)-г үндэслэн малчнаар ажилласан хугацааг тодорхойлохоор заасан бөгөөд шүүх түүний малчнаар ажиллаж байсан байдлыг тогтооход хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийлээ.

4. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1. ******* овогт *******гийн ******* нь 1970 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 8 дугаар анги төгссөн болох нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29/109 дугаартай С.*******ий нэр дээрх Боловсролын төвшин гэх хэсэгт бүрэн бус дунд гэх бичвэртэй ХААТР-1, 7, 15, 21 маягтуудын баталгаат хуулбар, хүсэлт гаргагч С.*******ийн нэр дээрх №887349 дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ, ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдлоо.

4.2. Улмаар С.******* нь 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн албан хаасан архивын лавлагаагаар нотлогдов.

4.3. С.******* нь 1986 оны 10 дугаар сараас эхлэн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал, 1991 оноос 1992 онуудад хувиараа мал маллаж байсан болох нь:

- Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүртгэлийн 355 дугаартай ******* сумын Хөдөлмөр нэгдэл /Хөдөлмөр ХК/ нь 1991-1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов архивын лавлагаа,

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадын 1986-1988, 1990-1992 оны 70 дугаар дансны баталгаат хуулбарт,

1. 1986 оны ******* сумын ******* бригадын Т.*******гийн нэртэй 70 дугаар дансны хуулбарт ...Олговол зохих хэсэгт *******, *******, ******* гэж бичигдэж, ... *******өд 10-р сар, 11-р сар, 12-р саруудад цалин бодож олгогдож байсан байдал,

2. 1987 оны ******* сумын ******* бригадын Т.*******гийн нэртэй 70 дугаар дансны хуулбарт ...Олговол зохих хэсэгт ...******* гэж бичигдэж, ... 1-12 дугаар саруудад цалин бодож олгогдож байсан байдал,

3. 1988 оны ******* сумын ******* бригадын Т.*******гийн нэртэй 70 дугаар дансны хуулбарт ...Олговол зохих хэсэгт ...******* гэж бичигдэж, ... 1-09 дүгээр саруудад цалин бодож олгогдож байсан байдал,

- *******гийн *******ийн нэр дээрх 842200088 дугаартай Мал маллах арга ухааныг эзэмшсэн тул Малчин мэргэжлийн Үнэмлэх олгов гэх 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгогдсон Малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Иргэн С.*******, М.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай Ховд аймгаас 1988 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан гэх хэсэгт ******* сумын ******* хэсэгт мал маллаж байсан гэх бичвэртэй цэргийн албанд татагдсан анкетын баталгаат хуулбар,

- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29/109 дугаартай Ажилдаг гэх хэсэгт ******* сумын Хөдөлмөр нэгдэл, Ажилд орсон гэх хэсэгт 1986, Цех, тасаг, бригад гэх хэсэгт Аяга хэсэг, Эрхэлдэг ажил гэх хэсэгт ямаачин гэх бичвэртэй ХААТР-1, 7, 15, 21 маягтуудын баталгаат хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул С.*******ийг 1986 оны 10 дугаар сараас эхлэн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрйг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал, 1991 оноос 1992 онуудад хувиараа мал маллаж байсан болохыг тус тус тогтоох нь зүйтэй.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

Гэрч Д.******* шүүхэд өгсөн ... С.******* нь 1986 оны 06 дугаар сард эвлэлийн гишүүний илгээлтээр ******* сумын ******* бригадад ажиллаж эхэлсэн. Эхлээд аав, ээжийн хамт мал маллаж байсан. 1986 онд байхаа Мянгадын охинтой гэр бүл болж, өрх тусгаарласан. 1992 оныг дуустал бригадад мал маллаж байсан гэдгийг би сайн мэдэж байна. Яагаад гэвэл би тухайн бригадын малын эмч байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Д.******* шүүхэд өгсөн ... С.******* нь Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд шууд мал аж ахуйд ажиллаж эхэлсэн. 1986 оноос эхэлж аав, ээжийн хамт ******* сумын ******* бригадад мал маллаж эхэлсэн. 1986 оны 07 дугаар сараас эхлэн миний бригадад ажиллаж тушаал гарснаас хойш С.******* бригадад ажиллаж байсан. 1992 онд зах зээл гарах хүртэл бид хамт ажилласан учраас С.*******ийн ажиллаж байсан байдлыг сайн мэдэж гэрчилж байна. С.******* нь өнөөдрийг хүртэл тус багтаа мал маллан амьдарч байна... гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчүүдэд хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай цаг хугацааны хувьд тохирсон байх тул дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

6. Харин хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагаас Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1986 оны 06 дугаар сараас 1986 оны 10 дугаар сар хүртэл, мөн 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.1. Учир нь, Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамаарах баримт буюу Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1986 оны ******* сумын ******* бригадын 70 дугаар дансны хуулбарт С.*******өд 1986 оны 10 дугаар сараас эхэлж 1988 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд цалин хөлс олгогдсон байдалтай, мөн 1990, 1991 оны 70 дугаар дансыг шүүн үзэхэд *******, Нарантуяа нарт цалин хөлс бодогдож олгосон байдалтай байх ба хүсэлт гаргагч С.*******ийн нэр бичигдээгүй, өөр бусад бичгийн нотлох баримтаар С.*******ийн Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1986 оны 06 дугаар сараас 1986 оны 10 дугаар сар хүртэлх, мөн 1990 оны 10 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдсонгүй.

7. Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн С.*******ийг 1986 оны 10 дугаар сараас эхлэн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал, 1991 оноос 1992 он хүртэлх хугацаанд хувиараа мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож, харин Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1986 оны 06 дугаар сараас 1986 оны 10 дугаар сар хүртэлх, мөн 1990 оны 10 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тойроохон овогт *******гийн ******* нь 1986 оны 10 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал, мөн 1991 оноос 1992 он хүртэлх хугацаанд хувиараа мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН