Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00643

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00643

 

 

 

Р.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01ий өдрийн 181/ШШ2021/00269 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.Э-н нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.10.05-ны өдрийн 181/ШШ2019/02046 дугаар захирамжаар Р.Э-ээс нараас 47 588 139 төгрөгийг гаргуулж МК ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу тус үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилуулж үнэлгээ хийлгэсэн байна. Барьцаа үл хөдлөх хөрөнгийг 47 588 139 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна. Мэдээллийн Үнэгүй.мн болон бусад сайтаас үнийн мэдээлэл авч харьцуулалт хийлгүйгээр мөн гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон нөхцөл байдлыг тусгаагүй, 29 метр квадрат талбайтай орон сууцыг үнэлэхдээ шинж байдал, онцлогийн талаар тайландаа тусгаагүй.

Р.Э-н өмчлөлийн сууцны зах зээлийн үнийн дүн 68 000 000 төгрөг байхад 47 588 139 төгрөгөөр шинжээч үнэлсэн, зах зээлийн үнээс 20 411 861 төгрөгөөр буруулж үнэлгээ тогтоосон. Шинжээч үл хөдлөх хөрөнгө дээр биетээр үзлэг хийсэн талаар тусгаагүй, угсармал буюу бетон гэсэн боловч угтаа бол тоосгон байшин байгаа, үнэлгээний тайланд мэдээллүүд буруу бичигдсэн. Мөн байрыг 29 метр квадрат талбайтай гэсэн байна, угтаа бол 78,6 метр квадрат талбайтай байхад бодит хэмжилт хийлгүй үнэлсэн гэж үзэж байна. Бид хөрөнгө үнэлгээний АБХХК-иар үнэлгээ хийлгэхэд 2 өрөө орон сууцыг 102 085 049 төгрөгөөр үнэлсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү СЭ Нэхэмжлэгч дээрх 2 өрөө орон сууцыг АБХХК-иар үнэлүүлэхэд өндөр үнээр буюу 102 085 049 төгрөгөөр үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн компани нь үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй эсэх, улсын бүртгэлийн гэрчилгээтэй эсэх нь тодорхойгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд СЭ ХХК-ийн шинжээч Г.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.9.25-ны өдрийн №9/475 тоот тогтоолоор СЭ ХХК-ийн гүйцэтгэх захирлын олгосон итгэмжлэлийн дагуу миний бие төлбөр төлөгч Б.Гандэлгэр, Р.Э нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 2 өрөө орон сууцыг 2020.10.06-ны өдрийн байдлаар үнэлж зах, зээлийн нийт үнийг 61 030 599 төгрөг болохыг тодорхойлсон.

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хүснэгтийн нэгд үнэлгээ хийх үндэслэл, зориулалт, биет үзлэгийг 2020.9.29-ний өдөр очиж хийсэн тухай болон бусад мэдээллүүдийг тусгасан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тухайн байрыг 29 метр квадрат гэж бичсэн байдаг. Тухайн байрыг хэмжвэл 15 метр квадратын зөрүү гардаг ч метр квадратын хэмжээ ахих тусам нэгж метр квадратын үнэ унадаг тул нийт үнэлгээ ялгаагүй гарна.

АБХХК нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй байх тул үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний бие Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийсэн, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Р.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үнэлгээний тайлангийн 5.3-т заасан Мэдээллийн эх үүсвэр гэсэн хэсэгт шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргаж өгсөн Анхдагч мэдээлэл мөн хууль, эрх зүйн баримт бичиг, салбарын судалгаа, мэдээ, мэдээллүүдийг үнэлгээнд ашиглав гэсэн байна. Гэтэл үнэлгээ хийсэн байгууллага нь өмчлөгч, төрийн эрх бүхий болон бусад байгууллагуудаас мэдээлэл лавлагаа аваагүй нь үнэлгээний тайлангийн мэдээлийн эх үүсвэр буруу тодорхойлогдсон гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т /хөрөнгийн үнэлгээний стандарт, аргачлал. дүрэм, журам, норм, норматив болон шаардлагатай бусад материалыг бэлтгэсэн байх/ заалтыг хэрэгжүүлээгүй.

Үнэлгээнийн тайлангийн хүснэгтийн дөрөвт үнэлэгдэж байгаа хөрөнгийн дотор засал чимэглэл гэсэн хэсэгт мэдэллэлийг дутуу оруулсан. Харин бодит байдалд АБХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд мэдээлэл хэсэгт 20 дугаар байр гадна дотор засвар, үнэлэгдэж буй хөрөнгөд засвар хийгдсэн гэж тусгасан, мөн байрны дотор засварыг фото зургаар баримтжуулан нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн хүснэгт зургаад хүрээлэн буй орчин хэсэгт зүлэгжүүлэлт байхгүй бичсэн. Гэтэл нэхэмжлэгч нотлох баримтаар хүүхдийн тоглоомын талбайн хэмжээ 1200 метр квадрат, 480 метр квадрат талбайд ногоон байгууламжтай, 80 ширхэг мод буттай, 20 ширхэг авто машины зогсоолтой талаарх баримтыг гаргасан.

Хүснэгт 10-т: Нийтэд арилжаалагдах жишиг зүйлсийн аргын тооцоолол гэсэн хэсэгт: гурван ширхэг байрыг харьцуулан үнийг тогтоосон нь талбайн хэмжээ гэсэн хэсэгт өөр өөр хэмжээтэй орон сууцтай харьцуулсан. Нэгж талбайн үнийг гаргахдаа харьцуулсан гурван байрны нэгж үнийг нэмээд 3 хувааж дундаж үнийг гаргахдаа буруу бодож метр квадратын үнийг 2 104 503 төгрөг гэж гаргасан. Гэтэл гурван байрны нэгж үнийг нэмээд 3 хувааж дундаж үнэ 2 197 300,4 төгрөг гарах байтал метр квадратын үнийг 63 721,7 төгрөгөөр бууруулж гаргасан.

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо,  орон сууцыг улсын комисс хүлээн авсан акт, барилгын ажлын зураг, барилгын бүтэц, хийц зориулалтыг тусгасан холбогдох баримт бичгийг ҮТА-с нотлох баримтыг шаардлага хангахуйц байдлаар гаргуулах тухай хүсэлтийг хангаагүй, мөн үнэлгээчин үнэлэгдэж буй хөрөнгийн талаарх шаардлагатай мэдээллийг аваагүй, тайланд хөрөнгийн мэдээллийг буруу тусгасан, дутуу оруулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх 1-2, 27/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02046 дугаар захирамжаар Р.Э нараас 47 588 139 төгрөгийг гаргуулж МК ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн./хх 30-31/ Уг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Б.Г, Р.Э нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо,  метр квадрат талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг СЭ ХХК нь үнэлж, үнэлгээний тайланг төлбөр төлөгч нарт танилцуулсан үйл баримт талуудын тайлбар, шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох 9/475 тоот тогтоол, 4-156/36529 тоот албан бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаангүй./хх 40, 62/

Нэхэмжлэлийн агуулга үндэслэлийг анхан шатны шүүх тодруулаагүйн улмаас хэргийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ буюу гомдлын шаардлагаа тодорхойлохдоо 61 000 000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг 47 588 139 төгрөгөөр үнэлсэн гэсэн байх боловч хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаар хөрөнгийг 61 030 599 төгрөгөөр үнэлжээ. /хх 1-2, 45-59/

Нэхэмжлэгч үнэлгээг яагаад зөвшөөрөхгүй байгааг тодруулаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох эрхтэй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар үнэлгээг хүчингүй болгох гомдол гаргаж байгаа учраас үнэлгээний үнийн дүнг нэхэмжлэгч хэрхэн ойлгож байгаа, ямар хэмжээгээр зөвшөөрөхгүй байгаа нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч үнэлгээг ямар үндэслэлээр хүчингүй болгуулахыг шаардаж байгаа. Тухайлбал үнэлгээ хийхтэй холбоотой хууль дүрэм зөрчигдсөн гэж үзэж байгаа эсхүл үнэлгээчний үнэлгээ бодитой биш буюу зах зээлийн үнээс зөрүүтэй гэж үзэж байгаагийн аль нь болохыг тодруулах шаардлагатай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан мэдээллийн үнэгүй.мн болон бусад сайтаас үнийн мэдээлэл авч харьцуулалт хийгээгүй, гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон нөхцөл байдлыг тусгаагүй, сууцыг үнэлэхдээ шинж байдал, онцлогийн талаар тайландаа тусгаагүй, шинжээч үл хөдлөх хөрөнгөд биетээр үзлэг хийгээгүй, угсармал буюу бетон гэж тайланд тусгасан гэтэл угтаа тоосгон байшин, бодит метр квадратыг тусгаагүй, жорлон, угаалгын өрөө нэг байтал тус тусдаа гэж тайланд тусгасан, бүтэц хийцийн хувьд өөр өөр байшинтай харьцуулсан, суурь мэдээллүүдийг буруу тусгасан гэсэн гэх нөхцөл байдлуудыг шинжээчийн дүгнэлттэй харьцуулахад өөр өөр тусгагдсан байна.

Төлбөр авагч, өмчлөгч болон төлбөр төлөгч нар үнэлгээний талаар тохиролцохгүй бол Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилон үнэлгээ хийлгэж болох хэдий ч үнэлгээний тайланд хөрөнгийн талаарх мэдээлэл бодитой тусгагдах ёстой юм.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй нь хэ

ргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг зөрчжээ.Тодруулбал, талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, үнэлгээний зүйлийн суурь, бүтэц хийц, шинж байдлын талаар маргаж байгаа нөхцөлд орон сууцны бүтэц хийцтэй холбоотой баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүйгээр болжээ.

Мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй нөхцөлд дахин шинжээч томилох үүргээ эрх бүхий этгээд хэрэгжүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн, хөрөнгийн үнэ цэнийг бүрдүүлэхэд ач холбогдолтой байж болзошгүй сууцны гадна, дотор засвар, хүрээлэн буй орчны байдал зэргийг хөрөнгийн үнэлгээний тайланд бүрэн бодитой тусгасан эсэх нь эргэлзээтэй болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01ий өдрийн 181/ШШ2021/00269 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД