| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2308000000656 |
| Дугаар | 2023/ДШМ/1045 |
| Огноо | 2023-10-31 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2023/ДШМ/1045
М.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Янжиндулам,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж, шүүгч М.Мөнхбаатар, шүүгч Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/973 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Бд холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн М Б, 1993 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Г аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “М” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/,
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн -дүгээр хороо, Б - тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Мийг хардалтын улмаас нүүр болон бие рүү нь гараараа цохих, хөлөөрөө дэвсэх, өшиглөх, өмдний тэлээгээр ороолгох, үснээс нь татаж зулгаах, зуух мөргүүлэх, бэлэг эрхтэн рүү нь гараа хийх зэргээр онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт М Быг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Бын эдлэх 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бын цагдан хоригдсон 142 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2023 оны 3 сарын 26-аас 27-нд шилжих шөнө хамтран амьдрагч Д.Мд гар хүрсний улмаас амь насанд нь хүрсэн аймшигтай хэрэг үйлдэж, үр хүүхэд, ахан дүүс, аав ээжийнхээ өмнө маш том алдаа хийснээ маш их ойлгож, маш их гэмшиж байна. Бас гэм буруу дээрээ маргах ямар ч зүйл байхгүй, маш их харамсаж, хүүхдийнхээ өмнө маш том алдаа хийснээ ч ухаарч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний 3 охин болох Б.А, Б.Н, Б.С нар нь миний эх болох Мээр асран хамгаалуулахаар тогтоогдсон. Миний 3 охин болон өндөр настай эхийг минь харгалзан үзэж, дэглэмийг минь нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувьд зүйлчлэл дээр маргаагүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд болсон үйл баримтын талаар дэлгэрэнгүй, үнэн зөв мэдүүлэг өгсөн. Амь хохирогчийн зүгээс байнга архи, согтууруулах ундаа хэрэглэн гадуур явах, ээжийндээ очин хамт архи хэрэглэх зэрэг үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Энэ явдлыг болиулах талаар шүүгдэгч М.Бын зүгээс шаардлага тавьж, гуйж янз бүрийн байдлаар хэлдэг байсан. Мөн хорооныхоо нийгмийн ажилтан дээр хүртэл ээжтэйгээ очин архины эмчилгээнд явуулах, арга хэмжээ авч өгөх талаар хэлж байсан үйл баримт тогтоогддог. Мөн архи уулаа гэх байдлаар хандахад гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ, зодлоо гэх зэргээр цагдаагийн байгууллагад худал дуудлага мэдээлэл өгдөг. Цагдаагийн албан хаагчийн зүгээс бага насны хүүхэдтэй гэх үндэслэлээр зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж байгаагүй. Харин М.Бд хариуцлага хүлээлгэж байсан байдаг. Энэхүү гэр бүлийн харилцааны нөхцөл байдлуудад шүүхийн зүгээс маш анхааралтай дүгнэлт хийж, шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дурдаагүй ба бусад байдлуудад тодорхой хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилгыг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үнэлэн харьцуулан дүгнэлт хийгээгүй байна. Хавтаст хэргийн 77, 83 дахь тал дээр гэрч Ө, Ө нарын мэдүүлэг болон 178 дахь талд авагдсан эрсдэлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудыг анхаарч үзээгүй. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэл хангалттай бүрдсэн байна. Хэдийгээр шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэл, гэм буруутай эсэхэд маргаагүй боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудад маш тодорхой дүгнэлтүүдийг хийх үүрэгтэй юм. Учир нь, шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүгдэгчийг амь хохирогчид бие махбодын болон сэтгэл зүйн дарамт учруулж байсан болохыг хууль ёсны төлөөлөгч, гэрч нар нотолж мэдүүлсэн гэж дүгнэжээ. Энэхүү үндэслэл нь тусгай ангид заасан ял шийтгэлийн хэмжээ, хязгаарт нөлөөлсөн гэж үзэж болно. Материаллаг хохирлын хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Нын хувьд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Шүүгдэгч М.Б, амь хохирогч Д.М нар нь насанд хүрээгүй 3 хүүхэдтэй. Одоогоор хүүхдүүд нь шүүгдэгчийн эх М асрамжид үлдсэн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан 18 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн багасгаж, эдлэх дэглэмийг өөрчилж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Янжиндулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гээд шударга ёсны зарчмыг хуульчилсан. Шүүгдэгч нь хүний амь насанд санаатайгаар халдахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тул эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч Я нарын мэдүүлгээр М.Б нь амь хохирогчийг өмнө нь удаа дараа зодож байсан болох нь тогтоогддог тул анх удаагийн үйлдэл бус гэр бүлийн хүчирхийллийн удаа дараагийн үйлдлийн улмаас эхнэр нь амиа алдсан. Анхан шатны шүүхийн оногдуулсан эрүүгийн хариуцлага тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн хүнд тохирч байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна . ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос шүүгдэгч М.Быг 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр С дүүргийн -дүгээр хороо, Б - тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Мийг хардалтын улмаас нүүр болон бие рүү нь гараараа цохих, хөлөөрөө дэвсэх, өшиглөх, өмдний тэлээгээр ороолгох, үснээс нь татаж зулгаах, зуух мөргүүлэх, бэлэг эрхтэн рүү нь гараа хийх зэргээр онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч М.Бд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан үндэслэл тогтоогдлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны ба үндэслэлтэй явуулах нөхцөл, боломжийг хангах нь процессын хэлбэр ба баталгаа гэсэн ойлголттой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан процессын хэлбэрийн дагуу явагдах учиртай.
Хэргийн материалыг шинжлэн судлахад, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн эзгүйд орлон ажиллах шүүгчээр С.Сийг томилсугай.” гэсэн 921 дүгээр ерөнхий шүүгчийн захирамж /2хх 60/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “О.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Б.Булгантамирыг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Баатар, шүүгч Г.Ганбаатар нарыг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс томилсон шийдвэрийг албажуулсугай.” гэсэн 2023/ЕШЗ/964 дугаар ерөнхий шүүгчийн захирамж /2хх 61/ гаргажээ.
Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, ... шүүгдэгч Б.Н: Асуултгүй гэв. ...” гэсэн 2023/ШЦТ/973 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл /2хх 87, 90/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж, шүүгч М.Мөнхбаатар, шүүгч Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй, ... ” гэсэн 2023/ШЦТ/973 дугаар шийтгэх тогтоол /2хх 100/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед дагаж мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон ажиллагаа, хэрэгжих нөхцөл, явц, үр дүн, үндэслэл, журмыг процессын хэлбэр гэж ойлгох бөгөөд хуульд заасан журмын дагуу явагдаагүй тохиолдолд уг ажиллагааны үр дүн нь хууль ёсны байх шинжээ алддаг.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын хэлбэр нь эрүүгийн процессын бүхий л үйл явцыг бэхжүүлэх, шүүхийн өмнөх болон шүүхийн шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон нөхцөл, журмыг системчлэн төрөлжүүлж дэс дараалалд оруулсан байдлаар зохицуулагдсан, аливаа шийдвэр гаргах журмын хэлбэршин тогтсон хэв маяг юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур аливаа шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр процесс ажиллагааг явуулах, эсхүл зөвшөөрөгдсөн хэлбэрээр илэрч буй боловч түүнд тавигдах шаардлагыг бүрэн буюу зохих ёсоор процессын хэлбэрийг хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих нөхцөлүүдийг тодорхой хуульчилж өгсөн ба анхан шатны шүүх энэ шаардлагыг биелүүлээгүй буюу шүүх бүрэлдэхүүнийг албажуулахаас эхлэн шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгч нар хэргийг шийдвэрлээгүй, шүүх бүрэлдэхүүний тэмдэглэлд шүүх бүрэлдэхүүний нэр зөрүүтэй, хэргийг шийдвэрлэсэн шүүгч нар бүрэлдэхүүн томилсон эсэх нь эргэлзээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль бус бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэсэн тэмдэглэлд гарын үсэг зурагдаагүй, тамга дараагүй, зарим эрхийн акт буюу шүүх хуралдааныг хойшлуулсан захирамж, тогтоолуудад гарын үсэг зурагдаагүй, тэмдэг дараагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад заасан тус тус ноцтой зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Бд холбогдох хэрэгт хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг бий болгожээ.
Дээрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болсонтой холбогдуулан шүүгдэгч М.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/973 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч М.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ