| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2024/00574/И |
| Дугаар | 319/ШШ2025/00091 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 319/ШШ2025/00091
2025 02 24 319/ШШ2025/00091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Дуут сум, Хөх ******* багт оршин суух, Мянгад овогт Уртнасангийн Шинэцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Дуут сум, Хөх ******* багт оршин суух, Бужаагийн Эрдэнэбилэгт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Таван ханатай эсгий гэрийг Б.Эрдэнэбилэгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэлтэй,
“Гэрийн элэгдэл хорогдлын шимтгэл 3,600,000 төгрөг, суурин утасны үнэ 100,000 төгрөг нийт 3,700,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай,
У.Шинэцэцэгээс “мал хариулсны хөлс 2,100,000 төгрөг гаргуулах тухай” Б.Эрдэнэбилэгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч У.Шинэцэцэг,
хариуцагч Б.Эрдэнэбилэг, түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнгөнсарнай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.Шинэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ховд аймгийн Дуут сумын Хөх******* багт нөхөр Б.Нямдоржийн хамт 1993 оноос хойш өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна. 2010 онд нүүдлийн болон малын гэр хийх зорилгоор 5 ханатай /4 туурга, 1 хаалга, тооно, унь, 5 хана, 2 эсгий дээвэр, 2 берзентин дээвэр, цагаан бүрээс, цагаан цаваг/ монгол гэрийг 2,500,000 төгрөгөөр худалдан авч амьдрал аж ахуйдаа хэрэглэж байгаад 2020 онд туурга, дээвэр, хаалгыг шинээр худалдан авч гэрээ шинэчилж барьсан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сард Б.Эрдэнэбилэг нь манайд ирээд “нөхрөөсөө салж байна орох оронгүй болсон та хоёр малынхаа илүү гэрийг түр хэрэглүүлээч, удахгүй гэр аваад танай гэрийг буцааж өгнө туслаачээ” гээд гуйсан. Улмаар манай нөхөр бид хоёр харилцан ярилцаад Б.Эрдэнэбилэгт тусалж, 5 ханатай /4 туурга, 1 хаалга, тооно, унь, 5 хана, 2 эсгий дээвэр, 2 берзентин дээвэр, цагаан бүрээс, цагаан цаваг/ монгол бариа гэрээ өгсөн. Хариуцагч Б.Эрдэнэбилэг нь манай 5 ханатай монгол гэрт 2 жил амьдарч байна. Би Б.Эрдэнэбилэгээс удаа дараа буюу 2023 оны 01 сард, 8 сард гэрээ авъя гэхэд би удахгүй гэр худалдаж авна гэр аваад танай гэрийг буцааж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл манай гэрийг өгөхгүй биднийг чирэгдүүлж байх тул арга буюу шүүхэд хандаж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 106. 2.-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, Мөн 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заасан. Иймд хариуцагчаас миний өмчлөлийн 5 ханатай монгол гэрийг Б.Эрдэнэбилэгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Б.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие У.Шинэцэцэгийн гэрийг барьж байгаа нь үнэн. Энэ гэрийг миний бие У.Шинэцэцэгээс худалдаж авсан. У.Шинэцэцэгийн 150 толгой ямааг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд малласан. Нэг толгой малыг 1 сар маллахад 2000 төгрөгийн хөлс өгөхөөр тохиролцож 150 толгой ямааг 7 сарын хугацаанд малласны хөлсөнд 2,100,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. У.Шинэцэцэг нь ямаа маллуулсныхаа хөлсийг өгч чадахгүй байна. Манай гэрийг ав. Гэрийн зөрүү мөнгөнд танай хүү Б.Батогтохын 2022 оны 10 дугаар сард миний дансаар дамжин орж ирсэн самарын мөнгө 700,000 төгрөгийг суутгаад гэрээ 2,800,000 төгрөгт тооцож танайд худалдъя гэсэн тул миний бие зөвшөөрч гэрийг нь 2,800,000 төгрөгт бодож худалдаж авсан. Миний хүү Б.Баттогтох нь 2022 оны 10 дугаар сард У.Шинэцэцэгтэй хамт самарт явсан. Хүү Б.Баттогтохын самар худалдсны мөнгө болох 700,000 төгрөг У.Шинэцэцэгийн дансаар дамжиж орж ирсэн ба энэ мөнгийг У.Шинэцэцэг гэрийн үнэд шууд суутган авсан. У.Шинэцэцэгийн гэрийг худалдаж аваад мөнгийг нь төлсөн тул гэрийг буцааж өгвөл миний бие У.Шинэцэцэгээс мал малласны хөлс 2,100,000 төгрөг, хүү Б.баттогтохын самар түүж худалдсны мөнгө 700,000 төгрөг нийт 2,800,000 төгрөгийг У.Шинэцэцэгээс гаргуулна” гэжээ.
3. Нэхэмжлэгч У.Шинэцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Б.Эрдэнэбилэг нь 2022 оны 11 дүгээр сард манай 5 ханатай гэрийг 2 сарын хугацаатай авч барьсан. Одоо болтол буцааж өгөхгүй нэхэл дагал болсоор байна. Иймд гэрийн элэгдэл хорогдлын шимтгэл сарын 150,000 төгрөгөөр тооцож 2 жилийн хохирол болох 3,600,000 төгрөг мөн 100,000 төгрөгийн гэрийн суурин утас/жи мобайл/ нийт 3,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч Б.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: У.Шинэцэцэгийн 150 толгой ямааг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд малласан. Нэг толгой малыг 1 сар маллахад 2000 төгрөгийн хөлс өгөхөөр тохиролцож 150 толгой ямааг 7 сарын хугацаанд малласны хөлсөнд 2,100,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Иймд У.Шинэцэцэгээс мал малласны хөлс 2,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч У.Шинэцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2022 оны 05 дугаар сарын 28-нд Б.Эрдэнэбилэгт 137 тооны ямаа маллуулахаар өгсөн. Ингээд Б.Эрдэнэбилэг бид 2 нэг малыг 1000 төгрөгөөр тохироод би энэ хүнд сарын 137,000 төгрөг өгөхөөр болоод явсан. Ингээд би Б.Эрдэнэбилэгээр 6 сар 137 тооны ямаа маллуулж авсан хөлс 822,000 төгрөгийг дэлгүүрийн бараагаар Б.Эрдэнэбилэгийн өөрийн хүсэлтээр өгч дуусгасан. Б.Эрдэнэбилэг манай малыг 2022 оны 05 дугаар сарын 28-нд аваад 2022 оны 11 дүгээр сарын 22-нд би хөлсийн өгөөд бүх малаа авсан. Одоо Б.Эрдэнэбилэгт өгөх тооцоо байхгүй” гэжээ.
6. Нэхэмжлэгч У.Шинэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэбилэг Миний гэрээг 2022 оны 11 дүгээр сард авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл удаа дараа гэрээ авъя гэх шаардлага тавьсан ч Б.Эрдэнэбилэг өгөхгүй. Хүнээс гэр авчхаад гэрийг чинь өгнө гэдэг тайлбар тавьдаг байсан. 2023 оны 08 дугаар сард гэрээ авъя гэхэд өгнө гэж хэлсэн ч өгөөгүй. Би Эрдэнэбилигээс гэрийн хорогдлоо нөхөж авмаар байна. Хөдөө мал малладаг айлд гэр маш их хорогддог. Буурь сэлгэж нүүх, нар салхины нөлөө гэх мэтчилэн олон шалтгаануудаас үүдэн гэрийн хана унь мууддаг. Гэрийн элэгдэл хорогдлыг өдрийн 5 мянган төгрөгөөр тооцож 1 сарын 150 мянган төгрөгөөр 2 жил 2 сарын хугацаанд тасралтгүй барьсан учир нийт 3,300,000 төгрөг нэхэмжилсэн. Би гэрээ шинэчилчихсэн байсан учир гэрийн элэгдэл хорогдлыг нэхэмжилж байгаа юм гэв.
7. Хариуцагч Б.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр би хүнээс 1500000 төгрөгөөр шинэ гэр авах гээд тохирсон байсан. Тухайн авах гэж байгаа гэрээ буулгачхаад 1 сэрхийг 150000 төгрөгөөр буюу 10 ширхэг сэрх авчирч өгөх гэж байтал У.Шинэцэцэг малын хөлс, хүүгийнхээ самарт явсан хөлсөн гэр авчих гэж хэлээд өгсөн. 2023 оны 03 дугаар сард Гэрээ буцаагаад ав, 800000 төгрөг, 1500000 гэсэн гэрүүд байна. Би тэр гэрийг авмаар байна миний мөнгө өгчих гэж хэлсэн. Анх У.Шинэцэцэг надад гэр 2,500,000 төгрөг гэж хэлж байсан ч мөнгөө авна гэхэд 3,500.000 төгрөгөөр гэж хэлсэн. Тэгээд У.Шинэцэцэг бид 2 1000000 төгрөг дээр маргалдсан. Би тийм үнэтэй гэр авахгүй миний мөнгийг өгчих би гэр авмаар байна гэж хэлэхэд мөнгө өгөөгүй. У.Шинэцэцэгээс 2,500,000 төгрөгөөр гэр авсан. Миний мал хариулсан мөнгө болон хүүхдийн минь самарт явсан мөнгийг өгчих юм бол гэрийг нь өгнө. 2022 оны 5 дугаар сарын 2 2-ны өдрөөс эхлээд 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл У.Шинэцэцэгийн малыг маллаад гэрийн үнийг хангалттай хийсэн байсан. 2022 оны 10 дугаар сарын 1-ээс 2022 оны 10 дугаар сарын 20-ыг хүртэл миний хүү Шинэцэцэг Нямдорж нартай самарт явсан. Тэгээд хүүгээ Ховд аймаг руу яаралтай дуудаад 300000 төгрөгийн урьдчилгааг авсан. Үлдэгдэл мөнгийг аваагүй гэв.
8. Нэхэмжлэгч У.Шинэцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дэлгүүрийн тооцооны дэвтрийн хуулбар, Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/193 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Дуут сумын Хөх******* багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 22 –ны өдрийн 135 дугаартай албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын малын хорогдлын мэдээ, дэлгүүрийн тооцооны дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн.
9. Хариуцагч Б.Эрдэнэбилэгээс хариу тайлбар, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч У.Шинэцэцэгийн “Таван ханатай эсгий гэрийг Б.Эрдэнэбилэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, элэгдэл хорогдлын шимтгэл 3,600,000 төгрөг, гэрийн суурийн утас 100,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас эсгий гэр гаргуулах шаардлагыг хангаж, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Эрдэнэбилэгийн “мал хариулсны хөлс 2,100,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч У.Шинэцэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
2.1. Миний эзэмшлийн таван ханатай эсгий гэрийг түр хугацаагаар хэрэглэхээр авчихаад буцаад өгөхгүй байгаа тул Б.Эрдэнэбилэгийн хууль бус эзэмшлээс эсгий гэрийг гаргуулна,
2.2. 2022 оны 11 сараас 2024 оны 10 сар хүртэл 2 жилийн хугацааны элэгдэл, хорогдлын шимтгэл 3,600,000 төгрөг, гэрийн суурин утас 100,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөгийн хохирлыг шаардаж байна гэв.
3. Хариуцагч Б.Эрдэнэбилэгийн татгалзалын үндэслэл:
3.1. Би У.Шинэцэцэгийн малыг хариулсан бөгөөд түүний хөлсөнд эсгий гэрийг нь 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний мал хариулсны хөлс 2,100,000 төгрөгийг өгвөл эсгий гэрийг нь өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
4. Хариуцагч Б.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
4.1. Нэхэмжлэгч У.Шинэцэцэгийн ямааг 2022 оны 05 сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 сарын 25-ны өдөр хүртэл 7 сарын хугацаанд сарын 300,000 төгрөгийн хөлсөөр хариулж, түүний эсгий гэрийг 2,5 сая төгрөгт тооцож худалдаж авсан. Мал хариулсны хөлс 2,100,000 төгрөгийг гаргуулна гэв.
5. Нэхэмжлэгч У.Шинэцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлын үндэслэл:
5.1. Миний 137 толгой ямааг сарын 137,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд 822,000 төгрөгөөр хариулсан. Уг мөнгөнд тооцож, дэлгүүрээс зээлээр бараа авсан. Бидний хооронд ямар нэгэн тооцоо байхгүй. Би эсгий гэрийг Б.Эрдэнэбилэгт худалдаагүй гэв.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1. Нэхэмжлэгч У.Шинэцэцэгийн эсгий гэрийг хариуцагч Б.Эрдэнэбилэг түр хугацаагаар хэрэглэхээр 2022 оны 11 сарын 02-ны өдөр хүлээж авсан байна. Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн эсгий гэрийг хүлээлгэн өгөхийг шаардахад хариуцагч Б.Эрдэнэбилэг мал хариулсны хөлсийг өгөхийг шаардаж, түүний эсгий гэрийг хүлээлгэн өгөхөөс татгалзжээ.
6.2. У.Шинэцэцэгийн 137 толгой ямааг Б.Эрдэнэбилэг 2022 оны 05 сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 сарын 25-ны өдөр хүртэл хариулсан бөгөөд мал хариулсны хөлс гаргуулах шаардлага нь энэхүү маргаанд хамаарахгүй, тусдаа нэхэмжлэлийн шаардлагад хамаарна.
7. Анх нэхэмжлэгч У.Шинэцэцэцэгээс эсгий гэрийг түр хугацаагаар хэрэглэхээр Б.Эрдэнэбилэгт хүлээлгэж өгсөн, буцааж авахаар шаардахад мал хариулсны хөлс өгөхийг шаардаж, эсгий гэрийг нь хүлээлгэн өгөхөөс татгалзсан байна. Уг эсгий гэр нэхэмжлэгч У.Шинэцэцэгийн эзэмшлийнх гэдэгт талууд маргаагүй. Хариуцагч Б.Эрдэнэбилэг нь мал хариулсны хөлс 2,100,000 төгрөгийг өгвөл эсгий гэрийг хүлээлгэн өгөхөөс татгалзахгүй болохыг шүүх хуралдаанд тайлбарлав.
Нэхэмжлэгч У.Шинэцэцэг нь өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж зааснаар эсгий гэрийг хариуцагч Б.Эрдэнэбилэгийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хэдийгээр нэхэмжлэгч У.Шинэцэцэг анх сайн дурын үндсэн дээр эсгий гэрийг Б.Эрдэнэбилэгт хүлээлгэж өгсөн ч өмчлөгчийн анхны шаардлагаар шударга эзэмшигч тухайн хөрөнгийг суллаж өгөх үүргийг хүлээдэг. Өмчлөгчийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан өдрөөс эхлэн уг хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшлийг хууль бус эзэмшил гэж үзнэ.
8. 2022 оны 11 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч У.Шинэцэцэгийн эсгий гэрийг хүлээж авахдаа уг эсгий гэрийг 2,5 сая төгрөгөөр худалдаж авсан гэх боловч талуудын хооронд худалдах-худалдан авах хэлцэл байгуулагдсаныг хариуцагч Б.Эрдэнэбилэг нотлох баримтаар нотолж чадаагүй.
9 . Хариуцагчаас маргаан бүхий эсгий гэрийг 2,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон, бидний хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гээд нэхэмжлэгч У.Шинэцэцэгийн эрүүгийн хэрэгт хохирогчоор (Б.Эрдэнэбилэгт холбогдох өөр эрүүгийн хэрэгт) өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч У.Шинэцэцэг хохирогчоор өгсөн мэдүүлэгт “... 2,500,000 төгрөгөөр жижиг эсгий гэрийг Б.Эрдэнэбилэг авахаар тохиролцсон” гэж мэдүүлэг өгсөн, тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэн боловч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй тул дээрх нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. (хавтаст хэргийн 102-104 дэх тал)
10. Нэхэмжлэгч У.Шинэцэцэгийн 137 толгой малыг 2022 оны 05 сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 сарын 25-ны өдөр хүртэл хариулсан талаар зохигчид маргаагүй. Харин 1 толгой ямааг сар бүр 1000 төгрөгөөр хариулахаар хөлс тохиролцсон гэж нэхэмжлэгч, сард 2000 төгрөгөөр хариулахаар хөлс тохиролцсон гэж хариуцагч Б.Эрдэнэбилэг нар маргасан. Хариуцагчаас 137 толгой малыг сарын 300,000 төгрөгийн хөлсөөр, 7 сарын хугацаанд 2,100,000 төгрөгөөр хариулсан гээд мал хариулсны хөлс 2,100,000 төгрөгийг гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргасан.
11. Хариуцагчаас мал хариулсаны хөлс 2,100,000 төгрөгийг нэхэмжлэгч У.Шинэцэцэг төлсөн тохиолдолд эсгий гэрийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхийг тайлбарласан. Нэхэмжлэгч У.Шинэцэцэгээс нэг толгой ямааг 1000 төгрөгөөр 6 сарын хугацаанд сар бүрийн хөлс 137,000 төгрөг, нийт 822,000 төгрөгөөр хариулсан, уг хөлсөнд миний ажиллуулж байсан дэлгүүрээс барааг зээлээр худалдаж аваад тооцоогоо дуусгасан гээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.
Талуудын мал хариулсаны хөлс гаргуулах шаардлагаар маргасан шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д “сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь, зохигчдын хооронд эсгий гэрийг худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул уг эсгий гэрийн төлбөрт мал хариулсны хөлс 2,100,000 төгрөгийг оруулан тооцсон гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч У.Шинэцэцэгийн шаардлага нь өмчийн маргаанд, хариуцагч Б.Эрдэнэбилэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний маргаанд хамаарч байна.
12. Шүүхээс эсгий гэрийг гаргуулах шаардлагыг өмчийн маргаанд хамааруулан дүгнэснээр хөлсөөр ажиллах гэрээний дагуу төлбөр гаргуулах шаардлагыг тусдаа нэхэмжлэх нь зүйтэй гэж үзээд хариуцагч Б.Эрдэнэбилэгийн “мал хариулсны хөлс 2,100,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Нэхэмжлэгч У.Шинэцэцэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022-2024 оны хооронд 2 жилийн хугацаанд өдрийн 5000 төгрөгөөр тооцож, нэг сарын 150,000 төгрөгөөр элэгдэл хорогдлын шимтгэлийг, 24 сарын хугацаанд 3,600,000 төгрөг, 100,000 төгрөгийн гэрийн суурин утас, нийт 3,700,000 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэв.
14. Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 03-ны өдөр хүлээж авсан бөгөөд нэхэмжлэгч У.Шинэцэцэг эсгий гэрийг Б.Эрдэнэбилэгт 2022 оны 11 сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн ба эсгий гэрийг сайн дураараа Б.Эрдэнэбилэгт хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн 2 жилийн хугацааг тооцож, элэгдэл, хорогдлын шимтгэл нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүргийг хуульчилсан байна.
Хариуцагч Б.Эрдэнэбилэгт эсгий гэрийг суурийн утасын хамт хүлээлгэж өгснийг нэхэмжлэгч нотолж чадаагүй, эсгий гэрийг хэдий хугацаа хүртэл хэрэглэхээр хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, тухайн үед элэгдэл хорогдлын шимтгэл тооцох талаар талууд тохиролцоогүй, эд хөрөнгөд учирсан бодит хохирлын талаар хэрэгт нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгч У.Шинэцэцэгийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэрэгсэхгүй болгож, заримыг хангаж шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч У.Шинэцэцэгийн улсын тэмдэгтийн хураажид төлсөн 144,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, эсгий гэр гаргуулах шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэбилэгээс гаргуулан нэхэмжлэгч У.Шинэцэцэгт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус зааснаар хариуцагч Бужаагийн Эрдэнэбилэгийн хууль бус эзэмшлээс таван ханатай эсгий гэрийг гаргуулан нэхэмжлэгч Уртнасангийн Шинэцэцэгт олгож, 2 жилийн хугацаанд эсгий гэрийг хэрэглэсний элэгдэл, хорогдлын шимтгэл 3,600,000 төгрөг, 100,000 төгрөгийн үнэтэй гэрийн суурин утас, нийт 3,700,000 (гурван сая долоон зуун мянга) төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “Мал хариулсны хөлс 2,100,000(хоёр сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах тухай” хариуцагч Б.Эрдэнэбилэгийн сөрөг шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч У.Шинэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,350 (нэг зуун дөчин дөрвөн мянга гурван зуун тавин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, эсгий гэр гаргуулах шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэбилэгээс гаргуулан нэхэмжлэгч У.Шинэцэцэгт олгож, хариуцагч Б.Эрдэнэбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,550 (дөчин найман мянга таван зуун тав) төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагч Б.Эрдэнэбилэгт буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН