Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/27

 

 

 

 

 

 

 

2023       06          28                                        2023/ДШМ/27

 

 

          Д.А-д холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа /цахимаар/, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаагийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Ад холбогдох, ............ дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 05-нд ......... аймгийн ........ суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ... аймгийн ....... сумын ... багийн 02-03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Д-ийн А /РД: ......./,

1. Шүүгдэгч Д.А нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн D200815878 дугаартай, боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэгт багшаар ажилд орж, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолоор:

            - Шүүгдэгч А овогт Д-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан шүүгдэгч Д.А-д 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

- ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

- прокурорын 118.903.313 төгрөгийн нэхэмжлэлээс 12.784.331 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс 106.118.982 төгрөг гаргуулж Баруунтуруун сумын хүүхдийн цэцэрлэгийн төсөвт оруулж,

- шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D200815878 дугаартай дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.А-д  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч тус тус шийдвэрлэжээ. 

  4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Д.А-г Боловсролын их сургуулийн дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Баруунтуруун сумын цэцэрлэгт багшаар ажилд орж 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажилласан, мөн улсад 118.930.313 төгрөгийн хохирол учруулсан гэж Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

   Анхан шатны шүүх Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,  Д.А-гээс 106.118.982 төгрөг гаргуулан Баруунтуруун сумын цэцэрлэгт олгохоор шийдвэрлэсэн. Д.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин Баруунтуруун сумын цэцэрлэгт 14 жил ажиллахдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд аймаг, хотод зохион байгуулагдаж байсан шат шатны сургалтад байнга хамрагдаж, зохих стандартын дагуу сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зохих мэдлэг олгож ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Ажиллах хугацаандаа  боловсролын системийн шагналуудаар удаа дараа шагнагдаж, оюуны хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан. Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б нь Д.А-гээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол байхгүй гэх мэдүүлэг өгсөн. Иймд Д.А-гээс 106.118.982 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

  5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Д.А нь уг шийтгэх тогтоолыг яагаад эс зөвшөөрч гомдол гаргаж байна бэ гэвэл түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 650.000 төгрөгөөр торгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүгдэгчээс улсад учруулсан хохиролд 106.118.982 төгрөгийг гаргуулж Баруунтуруун сумын Цэцэрлэгт олгохыг даалгаж шийдвэрлэснийг үндэслэлгүй байна гэж үзсэн. Тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа өөрийн мэдлэг чадвараа дайчлан сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд багачуудад зохих ёсны мэдлэгийг олгож оюуны хөдөлмөрөө зарцуулж байсан учраас төрд учруулсан хохирлыг төлөх боломжгүй гэж үзэж гомдол гаргасан.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүх хуралд оролцож мэдүүлэг өгөхдөө Д.А нь ажиллаж байх хугацаандаа хариуцлагатай сайн ажиллаж байсан манай байгууллагын тэргүүний багш юм. Мөн манай байгууллагын зүгээс Д.А-гээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэж мэдүүлсэн. Д.А нь ам бүл 6, нөхөр, 0-20 насны 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Улсад 16 жил ажилласан, үүнээс 2 жилд нь туслах багшаар ажиллаж байсан. Төрийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй, удаа дараа шагнал урамшуулал авч байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Ийм учраас төрд учруулсан гэж үзэж байгаа хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.А-гээс нэхэмжилсэн хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

    6. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Д.А-д холбогдох хэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна.

    Шүүгдэгч нь Боловсролын Их Сургуулийн хуурамч дипломыг ашиглаж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшийн орон тоонд буюу Баруунтуруун сумын цэцэрлэгт арван хэдэн жил багшаар ажилласан. Ийм учраас хууль бусаар буюу тухайн ажил үйлчилгээ, албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй мэргэжил, боловсролтой мөртлөө тухайн ажлын байранд ажиллаж авсан цалингийн орлого болох 106.118.982 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Баруунтуруун сумын хүүхдийн цэцэрлэгт буюу улсын төсөвт олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.А-д  холбогдох, ....... дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д.А-г Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн D200815878 дугаартай боловсролын бакалавар зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Увс аймгийн Баруунтуруун сумын Хүүхдийн цэцэрлэгт багшийн ажилд орсон буюу баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.    

 3. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан “ Баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар  гомдол гаргажээ.

             4. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгжих учиртай. 

            Шүүгдэгч Д.А-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна гэж дүгнэлээ.

           Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, цаг хугацаа, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, мөн хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон талаар дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.                        

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаар тушаалын дагуу Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн байх ба уг хяналт шинжилгээгээр тодорхой тооны багш нарын боловсролын баримт бичигт зөрчилтэй талаар дурдсаны нэг нь шүүгдэгч Д.А-д олгогдсон, Монгол Улсын Боловсролын их сургуулийн D200815878 дугаартай боловсролын бакалавар зэргийн диплом нь Ховд Их сургууль, багш, хятад хэлний, Б С ......., дугаар давхардсан /хэрэгт авагдсан жагсаалтын хуулбар баримт бүдэг, зарим үсэг, тоо тайлагдахгүй байгааг тэмдэглэв/  талаар хавтаст хэргийн 11-35 талд авагдсан хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга материалын 31-р талд тэмдэглэгдсэн байна.

           Гэтэл шүүгдэгч Д.А-д Монгол Улсын Боловсролын Их сургуулиас 2008 оны 6 сарын 18-ны өдөр олгосон, боловсролын бакалаврын зэргийн, D200815878 дугаартай диплом нь өөр хүний дипломтой давхардсан, хуурамчаар үйлдэгдсэн эсэх үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, түүнчлэн Д.А нь уг дипломыг хэзээ, хэрхэн ашиглаж цэцэрлэгийн багшийн албан тушаалд орсон эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

          5.Прокуророос шүүгдэгч Д.А-г Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн D200815878 дугаартай боловсролын бакалавар зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Увс аймгийн Баруунтуруун сумын Хүүхдийн цэцэрлэгт багшийн ажилд орж, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан гэж ялласан байх боловч ашиглаж эхэлсэн гэх цаг хугацааг тогтоогоогүй. Хавтаст хэргийн 88-р талд “ Ажилд томилох тухай” тушаал авагдсан байх боловч уг баримт нь хуулбар буюу нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

          6. Хэрэгт, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой юм.

Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Д.А-д холбогдох хэргийн бодит байдлыг тогтоолгох, гэмт хэрэг гарсан байдлыг  эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож  шийдвэрлэлээ.

7. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч Б.Цагцалмаагийн “ шүүгдэгчээс 106.118.982 төгрөгийн хохирол гаргуулсныг хүчингүй болгуулах“-ыг хүссэн агуулга бүхий гомдолд  энэ удаад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/95 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,          

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                      Н.МӨНХЖАРГАЛ

                                            ШҮҮГЧ                                       Л.АЛТАН