Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/45

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

хохирогч Ц.*******,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******өд холбогдох эрүүгийн 1807000000010 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, *******-т жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Н******* тоотод оршин суух, урьд ******* аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 280 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, ******* аймгийн шүүхийн шүүгчийн 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар захирамжаар таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг мөн өдрөөс 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 38 хоногоор хойшлуулж, ******* аймгийн шүүхийн шүүгчийн 1999 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 4-т зааснаар эдлээгүй үлдсэн 5 сар 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.******* нь Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байрны үүдэнд зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.*******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа тарж, цэцэрлэгээс хүүхдээ аваад гэртээ байхад найз “машин бариад өгөөч” гэж гуйсан. Машиныг барьж гадуур явж ажлыг нь амжуулсан. Орой “” ресторанд найз ын хамт 1 шил архийг уусан. Тэгээд найзыгаа 75 дугаар байранд хүргэж өгөх гэж яваад цагдаад баригдсан. Цаашаа өөр юу болсныг санахгүй байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*******ын өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 24 байрны ард эргүүлээр явж байхдаа “Пит” маркийн автомашиныг шалгахад жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. жолоочийг шалгаж, харин намайг автомашины эзнийн хамт журмын хашаа руу явуулсан. Би журмын хашаа руу автомашиныг унаж яваад, очиж журамласан. Тэгээд шүүгдэгчийг ар гэрээсээ хүн дууд гэхэд ирэх хүн байхгүй гэхээр нь  эрүүлжүүлэх байр луу авч явсан. Эрүүлжүүлэх байрны хаалга түгжээтэй байхаар нь нүдээд зогсож байхад шүүгдэгч араас цохьсон. ...Тухайн үед шүүгдэгч эсэргүүцэл үзүүлээгүй. Шүүгдэгч өмнө нь эсэргүүцэл үзүүлсэн бол би гавлах байсан. Шүүгдэгчийг анх саатуулснаас цагдаагийн үгээр байсан болохоор цохиод авна гэж бодоогүй. ...Миний хиймэл шүд, чихний эмчилгээнд 600,000 төгрөгийг авсан. Б.******* надтай уулзаж уучлалт гуйсан. Надад одоо гомдол санал байхгүй. Эр хүний хувьд хэлэхэд шүүгдэгчид ял шийтгэлийг хөнгөн оноож өгнө үү. ...Шүүгдэгч эрүүлжүүлэх байр руу орохгүй гэж эсэргүүцэл үзүүлээгүй, миний араас зүгээр дагаад явж байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.*******ын өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 00 цаг 40 минутын үед 24 дүгээр байрны хажууд шалгалт хийх явцад улсын дугаартай Т.Ист маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тандагч багжаар үлээлгэж шалгахад улаан гэрэл асч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон тул жолоочийн бичиг баримтыг авахад ******* гэж хүн байсан ба тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг хураан аваад хамт шалгалт хийж байсан цагдаагийн ахлах Б.ын хамт цагдаагийн хэлтэс дээр авч ирээд драйгер багажаар үлээлгэж үзэхэд 2,42% согтолттой байсан тул тэмдэглэл үйлдээд саатуулах байранд хийхээр миний бие *******ийг дагуулаад саатуулах байрны үүдний өрөөнд ороход хаалга хаалттай байсан тул урд нь гарч зогсоод хаалгыг нээх гэж бариулаас барих үед ардаас ******* зүүн чихэн дээр тас хийтэл юмаар цохиод чихнээс цус гараад доошоо тонгойход миний уруул руу гараараа нэг удаа цохиод миний амнаас цус гараад хиймэл шүд унасан. Тэгтэл ардаас цагдаагийн ахлагч Б. орж ирж таараад *******ийг аваад саатуулах байр оруулаад эмч болон цагдаад хүлээлгэж өгч саатуулсан. ...Б.*******ийн авто машиныг зогсоох үед, Цагдаагийн хэлтэст хүргэхэд, тээврийн хэрэгсэл саатуулах, өөрийг нь саатуулж цагдаагийн хэлтэст авч ирэхэд ямар нэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14-15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ийн өгсөн: “...Ямар ч байсан нэг цагдаа дохихоор нь зогсоод бичиг баримтаа шалгуулахад архи уусан гэдгийг мэдсэн, тэрнээс хойш юу болсныг бараг санахгүй мэдэхгүй байгаа. Саатуулах байр руу цагдаа дагуулаад алхаж байсныг санаж байна, тэгээд л нэг мэдэхэд саатуулах байранд унтаж байгаад сэрсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25-26 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ын өгсөн: “...Б.******* нь 1979 онд ******* аймгийн Бэрх суманд манай том хүү болж төрсөн. Миний бие дөрвөн хүүхэдтэй, 2 хүү, 2 охинтой. Миний хүү бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжээд 1986 онд ******* аймгийн Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж суралцаад 4 дүгээр ангиа төгсөөд тухайн үед манайх хүн хүч муу байсан учир хүүгээ сургуулиас нь гаргаад мал дээр гаргасан. Ингээд 2000 онд цэргийн албанд татагдаж Дорнод аймагт алба хаагаад халагдаж ирээд 2001 онд эхнэр тэй танилцаж гэр бүл болсон. Одоо миний хүү гурван хүүхэдтэй, том хүү нь 14 настай, дунд охин нь 13 настай, бага хүү нь 1 нас гарантай. 2003 онд эхнэрээ сургуульд сургана гээд Налайх руу шилжин ирсэн ба миний бие 2004 онд араас нь ирж одоог хүртэл хамт амьдардаг. Миний хүү зан байдлын хувьд даруу төлөв зантай, архи уугаад байдаггүй хааяа нэг баяр ёслолоор уусан харагддаг. Одоо харин энэ асуудлыг сонсоод л архи ууж гадуур явж байгаа юм байна даа гэж бодож байна. Уг нь бид нар хамт амьдардаг болохоор огт архи ууж харагдлаггүй юм. Элдэв архаг хууч өвчингүй, догшин ширүүн ааш араншин байхгүй гэр бүлдээ хайртай, тусч энэрэнгүй хүн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29-30 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №08шэ/76 дугаар:

  1. “Ц.*******ын биед зүүн чихний дэлбээнд шарх, хамрын нуруу, баруун доод зовхинд зулгаралт, зүүн чихний дэлбээ, зүүн чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх зүүн чихний дэлбээнд шарх, хамрын нуруу, баруун доод зовхинд зулгаралт, зүүн чихний дэлбээ, зүүн чамархайд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 32 дугаар тал/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,

/хх-ийн 08 дугаар тал/

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №0006693 дугаар шийтгэлийн хуудас,

/хх-ийн 10 дугаар тал/

2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл,

/хх-ийн 45-55 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 56 дугаар тал/

          Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт,

          /хх-ийн 57 дугаар тал/

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

          /хх-ийн 58 дугаар тал/

          “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ-ын тодорхойлолт,

          /хх-ийн 64 дүгээр тал/

          Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

          /хх-ийн 66 дугаар тал/

          Хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ,

          /хх-ийн 67-68 дугаар тал/

          Гэрлэлтийн гэрчилгээ,

          /хх-ийн 69 дүгээр тал/

Шүүхийн хэлэлцүүлгийг эхлэхээс өмнө шүүхэд шинээр гаргаж өгсөн “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ-ын тодорхойлолт, “Хасбанк”, “Төрийн банк”-ны дансны хуулга зэрэг баримтуудыг цуглуулжээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******ийг 2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны үүдэнд зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.*******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны үүдэнд Замын зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.*******ыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж саатуулах байрны хаалгыг нээх гэж бариулаас барих үед ардаас нь цохиж зүүн чихний дэлбээнд шарх, хамрын нуруу, баруун доод зовхинд зулгаралт, зүүн чихний дэлбээ, зүүн чамархайд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэгээд найзыгаа 75 дугаар байранд хүргэж өгөх гэж яваад цагдаад баригдсан. Цаашаа өөр юу болсныг санахгүй байна” гэх, хохирогч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.*******ийн авто машиныг зогсоох үед, Цагдаагийн хэлтэст хүргэхэд, тээврийн хэрэгсэл саатуулах, өөрийг нь саатуулж цагдаагийн хэлтэст авч ирэхэд ямар нэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн асуудал байхгүй. ...Тухайн үед шүүгдэгч эсэргүүцэл үзүүлээгүй. Шүүгдэгч өмнө нь эсэргүүцэл үзүүлсэн бол би гавлах байсан. Шүүгдэгчийг анх саатуулснаас цагдаагийн үгээр байсан болохоор цохиод авна гэж бодоогүй.” гэх, ...мөрдөн байцаалтад өгсөн: “...авто машиныг зогсоох үед, Цагдаагийн хэлтэст хүргэхэд, тээврийн хэрэгсэл саатуулах, өөрийг нь саатуулж цагдаагийн хэлтэст авч ирэхэд ямар нэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №08шэ/76 дугаар дүгнэлт, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт цугласан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа нь Б.*******ийг яллах үндэслэл болж байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй ба хохирогч Ц.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  мөн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. ******* овогт *******ын *******ийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******өд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 200,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.*******өд мэдэгдсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ