Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00418

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00418

 

 

 

Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/00065 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн хариуцагч Б.Бөд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 81 195 865.98 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Г.Бтай ЗГ1605021686 тоот зээлийн гэрээ байгуулж, 87 582 000 төгрөгийн зээлийг жилийн 12.0 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай орон сууцны зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 221 хоног зээлийн төлбөрөө төлөөгүй. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Б.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/ Их Монгол улсын гудамж 416 байр ....тоот, 71.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Хариуцагчийн зээлийг 8 хувьд хөрвүүлэх боломжгүй, тухайн үед мөрдөгдөж байсан орон сууцны журмын шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл 8 хувийн зээлд ороход байраа барьцаалах эсвэл 30 хувийн урьдчилгаа өгөх ёстой. Гэтэл хариуцагч нь 20 хувийн урьдчилгаа төлсөн. Түүнчлэн 8 хувийн зээлд хөрвүүлэх хүсэлт ирүүлээгүй. Мөн хугацаа хэтрэлтийн үлдэгдэлгүй байх ёстой.

Иймд хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 74 971 707.16 төгрөг, зээлийн хүүд 6 210 826.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13 332.70 төгрөг нийт 81 195 865.98 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б нь Г.Б ХХК-тай маргаан бүхий зээлийг анх 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ЗГ1605021686 дугаартай зээлийн гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол улсын гудамж 416 байр, ..... тоот, 71.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Уг зээлийг гаргуулахдаа эхний ээлжид банкны ердийн зээлээр гаргуулж дараа нь МИК-ийн залуу гэр бүлийг дэмжих орон сууцны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн учир 80 м.кв талбай хүрэхгүй байх ёстой шаардлагад нийцүүлэн энэ орон сууцыг зээлээр худалдаж авсан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд банкны ажилчдын хэлсэн хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлд хамруулж өгөхгүй байсан учир, зээлийн гэрээний үүргээ өөрийн боломжтой хэмжээнд төлж ирсэн бөгөөд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, цар тахал гараад орлого буурсан учир зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Иймд миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хөнгөлөлттэй урт хугацааны зээлд хамруулсан бол өнөөдрийн байдлаар миний төлсөн төлөлт хангалттай байх ёстой, мөн банк зээлийн гэрээг цуцлаагүй зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Б.Бөөс зээлийн гэрээний үүрэгт нийт 81 195 865.98 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Их Монгол улсын гудамж, 416 дугаар байр, .... тоот хаягт байрлах, 71.8 м.кв талбай бүхий, 2 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040424... дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 634 130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бөөс 634 130 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Хариуцагч миний хувьд уг зээлийг авсан, гэрээний үүргийн дагуу төлбөрийг 2019 оны дуусах хүртэл хугацаанд сарын 12 хувийн хүүтэйгээр төлж байсан зэрэгт маргаагүй бөгөөд харин дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсан, олон улсын болоод Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямралтай нөхцөл байдал, улс орнууд хилээ хаасан, цаашлаад өрхийн орлого, хувь хүний орлого буурсан төр засгийн зүгээс хөл хорио, бүх нийтийн бэлэн байдал зэрэг арга хэмжээг авсан зэргээс шалтгаалаад зээлийн гэрээний үүргийг хэвийн төлөлттэй байлгаж чадаагүй.

Мөн энэ орон сууцны зээлийг миний хувьд анх 12 хувийн хүүтэйгээр авсан боловч 8 хувийн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлд хамруулах зорилготой байсан бөгөөд банкны зүгээс ч харилцан бие биенээ ойлгож хамтарч ажиллах ёстой байсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл би зээлээ төлж чадахгүй болоод үүссэн нөхцөл байдлыг ашиглаад бурууг өгөөд байгаа биш, харин ч үүссэн нөхцөл байдал нь аргагүй эрхэнд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болоод байна, банкны зээлийг хөнгөлөлттэй нөхцөлд оруулах ёстой байсан зэргийг үндэслэж шүүхийн шийдвэрийн хүү тооцсон шийдвэрийг эс зөвшөөрч байна. Одоо миний хувьд шүүхийн шийдвэрээр зээлийн үндсэн төлбөр 74 971 0707.16 төгрөгийн төлөх ёстой тухайд маргаан байхгүй, зээлийг ашигласан хугацаа буюу 2020 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд сарын 12 хувиар тооцсон хүүгээ төлсөн тухайд маргаан байхгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайд маргаан байхгүй, харин үүнээс хойшхи хугацаа буюу 2020 оны 01 дүгээр сараас хойш хүүг тооцож нэхэмжилж буйг 6 210 826.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 332.70 төгрөгийг нийт 6 224 158.83 төгрөгийг эс зөвшөөрч байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь хариуцагч Б.Бөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 81 195 865.98 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ1605021686 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Г.Б ХХК нь 87 582 000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Б.Б нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-17-21/ Энэ гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн зээлдэгч нар зээлдүүлэгчээс 87 582 000 төгрөг шилжүүлэн авсан үйл баримтад талууд маргаангүй тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн заасанд нийцжээ. /хх-10/ Иймд гэрээний нэг тал нь нөгөө талаасаа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нөхцөл, байдлыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан байна. Энэ талаарх анхан шатны шүүх зөв дүгнэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн заасныг зөв хэрэглэжээ.

Хариуцагч нь үүргийн зөрчил гаргасан үндэслэлээ ...8 хувийн хүүтэй нөхцөлд зээлийг шилжүүлээгүй, ... цар тахал гарсантай холбоотой төлбөр төлөх боломжгүй болсон тул үүрэг зөрчсөн 2020 оны 01 дүгээр сараас хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж тайлбарлан, маргасан байна.

Талууд гэрээний 2.3 дах заалтаар хамтран ажиллах гэрээнд заасан нөхцөл биелбэл энэ гэрээний 2.1-д заасан нөхцөл тухайн гэрээнд заасны дагуу өөрчлөгдөх болзолтойгоор байгуулжээ. /хх-17-19/ Харин уг болзол, нөхцлийг нэхэмжлэгч бүрдүүлж, биелүүлэх үүргийг хүлээсэн гэх үйл баримтыг хариуцагч баримтаар нотлоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн Б.Б нь Г.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаар тушаалаар баталсан 8,0 (+/-1) хөтөлбөрийн орон сууцны зээлийн нөхцлийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл орон сууц худалдан авах үнийн дүнгийн 30 хувиас багагүй урьдчилгаа төлбөр хийх нөхцлийг зөрчсөн, зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлт гаргаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй байна. /хх-67-68, 117/ Иймээс хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

Хариуцагч Б.Б цар тахлын улмаас Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авснаас орлого буурч, зээл төлөх боломжгүй болсон гэх татгалзлыг анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолыг үндэслэн ... нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнөх хугацаанд аливаа үйл, ажиллагааг хориглоогүй байсан нь нийтэд илэрхий үйл баримт ..., ... зээлийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэлд шууд хамаарахгүй ... гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцжээ. Мөн хариуцагч нь цар тахал өвчин гарсантай холбоотой цалин орлогогүй болж, зээл төлөх боломжгүй байсан гэдгээр баримтаар нотлоогүй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, талууд гэрээгээр зээл төлөх хугацаа, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцсон, хариуцагч Б.Б гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил тогтоогдсон тул түүнд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт зааснаар гэрээг цуцлах хүртэл хугацааны хариуцагчаас төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсгийн заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байгаа боловч хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй байна.

Тодруулбал, хариуцагч нь зээл тооцсон дүнд маргаагүйн гадна шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг зээлийн гэрээ цуцлах хүртэлх хугацааны нийт үүргээс, зээл төлсөн дүнг хасч тооцоход нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнээс хэтэрсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн дүн болох 81 195 865.98 төгрөгийн хэмжээгээр тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.Б ХХК нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ипотекийн гэрээ байгуулж, зээлдэгч Б.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ....дугаар хороо, Баянмонгол хороолол /13311/, Их Монгол Улсын гудамж 416 байр, ..... тоот, 71.8 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх23-25/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.Бийн өмчлөлд бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/00065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 114 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ч.ЦЭНД