Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Д.Дэлгэрмаа,

шүүгдэгч Б.Д /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711011410093 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Жолоо овогт Б.Д, 1994 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дүрс оношилгооны эмч мэргэжилтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт дүрс оношилгооны эмчээр ажилладаг, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 6-519 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...............

 

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Балжиннямтай маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гэртээ харих гээд явж байтал автобусны буудал дээр 5 ахтай тааралдсан юм. Тэдний хоёрыг нь би танихгүй. Бүдүүнээ, Цэнгээ гэх 2 залуу нь надаас архи нэхсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй. Тэгээд жаахан маргаан болсон” гэв.  

Хохирогч Б.Балжинням мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Даваа намайг Бүдүүнээ, Цэнгээ нартай хамт явж байна гэж ойлгосон юм шиг байна лээ. Бүдүүнээ, Цэнгээ нар нь Даваагаас архи нэхсэн гэж Даваа хэлж байсан. Би тухайн үед нилээн согтуу байсан. Даваа намайг цохиж унагаагаад дээрээс өшиглөх шиг болсон. Надад учирсан гэмтлийг Даваа учруулсан гэж бодож байна. Анхаа Даваатай хамт явж байсан. Миний мэдэж байгаагаар Анхаа цохиж зодсон зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй, хохирлоо авсан. Даваатай сайн дураараа эвлэрсэн…” гэсэн мэдүүлэг. /хх-14/,

            Яллагдагч Б.Д мэдүүлэхдээ: “...Балжинням надаас ганц юмаа яасан бэ гэхээр нь дүүд нь мөнгө алга байна харьлаа гэсэн чинь хөөе байж бай гээд миний цамцнаас барьсан. Тэгээд би гэтэл хоёр гараараа заамдаж авснаа гараа далайхаар нь би зүүн гараараа баруун шанаа руу нь алгадахад замын боржур дээр доошоо хараад уначихсан. Тэр үед Балжинням ах нилээн согтуу байсан. Тэр орой нь Балжинням ах чи намайг ийм болгочихлоо гээд надаас 500.000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан. Би уучлал гуйж, Балжиннямтай эвлэрсэн байгаа. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна” гэсэн мэдүүлэг. /хх-30-31/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн №13655 тоот дүгнэлтэд: 

  1. Б.Балжиннямын биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт. /хх-22/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 10 дугаар 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Балжиннямтай маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч Б.Балжинням нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.