Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/50

 

 

Р.Мөнхдалайд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Г.Уянга

Шүүгдэгч Р.Мөнхдалай, түүний өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Р.Мөнхдалайд холбогдох 2318000000400 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигин овогт Равжирын Мөнхдалай, 1999 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын зураг төслийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн 4 дүгээр байрны 61 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 886 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч Р.Мөнхдалай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Булгийн 1-6 тоот хашаанд хувийн маргааны улмаас иргэн Т.Батболдын нуруун тус газар нь хайчаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн даланд хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Р.Мөнхдалайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч Боржигин овогт Равжирын Мөнхдалайг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Мөнхдалайд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мөнхдалайд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Мөнхдалай нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайч, 1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.Мөнхдалайд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Мөнхдалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нар давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн хэлэлцүүлэгт Р.Мөнхдалай гэм буруугийн асуудлаар маргаагүй ба анхан шатны шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Үүн дээр нэмээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байж болохоор байна. Хохирогч нь бусдын хамт Р.Мөнхдалайг гудамжинд өдөж хоргоон ёс бус үгээр дайрч доромжилсноос болж энэ хэрэг эхэлсэн байдаг.

Анхан шатны шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамласан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний ял оногдуулж болохоор хуульчилсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Р.Мөнхдалайд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг 2 жил 5 сар болгон багасгаж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр тайлбартаа:

Р.Мөнхдалайн хувьд хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруу болон анхан шатны шүүхийн шийдвэртэй маргахгүй байгаа. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж ял оногдуулсан. Энэ хэсэгт тухайн зүйл заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах зохицуулалттай байгаа учраас шүүгдэгч Р.Мөнхдалайн хувийн байдал, хохирол төлбөр барагдуулсан байдал, гэмт хэргийн нөхцөл байдал болон хохирогчийн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байж болох байдлуудыг харгалзан ялыг багасгаж өгнө үү. Р.Мөнхдалайн хувьд нэг өдөр, нэг цаг, нэг минут ч гэсэн маш үнэтэй байна. Хууль хэрэглээний хувьд хуулийн боломжийг ашиглаад хорих ялыг 1 жилээр багасгаж өгнө үү. Үгүй юм гэхэд хүүхдийн ирээдүйг харж үзээд 1 сараар ч болов ялыг багасгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хонгор тайлбартаа:

Анхан шатны шүүх хуралд Б.Чинбаатар өмгөөлөгч оролцсон. Манай үйлчлүүлэгчийн хувьд харамсалтай зүйл болсон байна. Хэргийн тухайд хохирогч, шүүгдэгч талууд аль аль нь архи ууцгаасан. Тухайн үед шүүгдэгчийг урт үстэй явж байхад нь хохирогч эр, эмээр нь хэлж бэлэг эрхтнээ гаргаж дайрч давшилсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тусгагдсан байдаг. Б.Батболд нь тухайн үед хамт явсан гэрч нартай байнга хэл ам таталж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүн юм байна. Өнөөдөр шүүх хуралдаанд биечлэн оролцох талаараа шүүгдэгчийн ар гэрийнхэнд мэдэгдсэн боловч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул ирэх боломжгүй гэж хариу өгсөн байна. Өмнөх өмгөөлөгч сэтгэл гаргаад ажиллачихгүй яав даа гэж би хувьдаа халаглаж байна. Учир нь манай үйлчлүүлэгч мэдүүлэхдээ “бэлэг эрхтнээ гараад дайрсан, доромжилсон, тэгээд би айж, цочоод өөрийгөө хамгаалж хайчаар хатгасан” гэж мэдүүлдэг. Сайн шалгасан бол хохирогч нь шүүгдэгчийн найзыг хүрзээр цохисон, эрүүл мэндэд нь халдсан байдлыг дутуу шалгасан явдал харагдаж байна. Ийм нөхцөл байдлууд байгаа учраас шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдлуудыг харгалзаад хуульд заасан боломжийг дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Манай үйлчлүүлэгч гэм буруугаа маш сайн ойлгож байгаа. Хохирол төлбөрийг төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байж болзошгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Р.Мөнхдалайд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Р.Мөнхдалай тайлбартаа:

Надад хэцүү байна. Цээж нүцгэн залуу бэлэг эрхтнээ гаргаад над руу дайрч байсан, хүрзээр цохиж найзын маань толгойг хагалсан нь одоо ч нүдэнд харагдаад орой унтахад ч хэцүү байдаг. Айлын хашаанд халдаж орж ирээд, ёс бус аашилсан хүмүүсийг шалгаагүйг ойлгохгүй байна. Хэргийн нөхцөл байдлуудыг харгалзаад миний ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Шүүгдэгч Р.Мөнхдалайн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон. Хуульд заасан нотолбол зохих зүйл бүрэн нотлогдсон учраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Р.Мөнхдалайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Оногдуулсан ялын хувьд хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Гэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлахдаа 1.3-т заасныг баримталсан нь буруу гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэхээр заасан.

Гэтэл Р.Мөнхдалайн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн. Оногдуулах ялын хувьд 5-12 жилийн хугацаагаар оногдуулахаар заасан. Тэгэхээр Р.Мөнхдалайн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлаж ял оногдуулах нь зөв байсан гэж харж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Р.Мөнхдалайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Булгийн 1-6 тоот хашаанд хувийн маргааны улмаас иргэн Т.Батболдын нуруун тус газарт хайчаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн даланд хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Р.Мөнхдалайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүнд урьд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Р.Мөнхдалайд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-7-р тал/, хохирогч Т.Батболдын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2023 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 9.00 цагийн үед танил ах болох Итгэлтийн гэрт очиж тэдний байшинг барилцаж байгаад өдрийн 11.00 цагийн үед бид хоёр дэлгүүр лүү явж байгаад Ирээдүй ахтай таарсан. Ирээдүй ах архитай явсныг бид гурав хувааж уугаад Итгэлт ахын гэрт нь буцаж ирсэн, гэтэл 14.00 цагийн үед Итгэлт ахын найз Эрхээ нь залгаад “миний төрсөн өдөр болж байна. Дөрвөн замын уулзвар луу гараад ир” гэхээр нь Итгэлт, Ирээдүй бид гурав Эрхээ ахтай уулзахаар явж байтал үл таних 20 орчим насны урт үстэй залуу гарч ирээд бид нарыг хэл амаар доромжилж байгаад цаашаа гудамж руу гүйгээд орчихсон. Тухайн үед Итгэлт ах уг залуугийн араас гүйгээд хашаа руу орсон. Бид Итгэлт ахын араас очиход миний араас бид нарыг хэл амаар доромжлоод байсан үл таних залуу хайчаар хатгасан. Уг залуу хашаанаас гарсны дараа удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 17-р тал/,

-гэрч Б.Отгонбаатарын өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 23.00 цагийн үед манай найз болох Мөнхдалай гэрт ирсэн. Бид хоёр Цэнгүүнийг гэрээс нь очиж аваад Мөнхдалайтай уулзсанаа тэмдэглээд 750 граммын архи, хоёр шил пиво хувааж уусан. Маргааш өглөө нь дахин нэг шил 750 граммын архи, хоёр литрийн хоёр пиво авч уусан. Бид гурав архи, пивоо ууж дуусгаад би унтаад, Мөнхдалай гэр лүүгээ явахаар болсон. Намайг унтаж байтал 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай найз Мөнхдалай манай гэрт буцаж орж ирэхээр нь би гайхаад босоод хартал манай гэрийн үүдэнд Итгэлт, Ирээдүй, Батболд ах нар орж ирсэн байхаар нь би “юу болсон бэ, ах нараа” гэтэл Итгэлт ах над руу дайраад “танай найз чинь бид нарыг басаад байна” гэж хэлээд зогсож байтал Мөнхдалай гэрт байсан цэнхэр өнгийн хайчийг баруун гартаа барьчихсан гэрээс гарч ирээд Батболд ахын нуруу хэсэгт нэг удаа хатгасан. Тухайн үед Батболд ахын нуруу хэсгээс цус гараад байсан болохоор манай эхнэр Шүрэн-Эрдэнэ цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 20-р тал/,

-гэрч Э.Шүрэн-Эрдэнийн мэдүүлсэн: “...2023 оны 07 дугаар сарын 18-ны 23.00 цагийн үед бид гэртээ байхад Мөнхдалай орж ирээд манай нөхөр Отгонбаатарыг гэрээс авч гараад 2023 оны 7 дугаар сарын 19-ний өглөө 09.00 цагийн үед гэрт орж ирсэн. Тэгээд Мөнхдалай, Цэнгүүн, Отгонбаатар нар гэрт дахин 1 шил архи, хоёр литрийн хоёр ширхэг пиво хувааж уугаад 14.00 цагийн үед дуусгаад Отгонбаатар гэрт орж ирж унтаад, Мөнхдалай манай гэрээс гараад явсан. Цэнгүүн тасраад хашааны хаалганы дэргэд унтсан байсан. Мөнхдалай гарч яваад удалгүй буцаад гэрт гүйж орж ирсэн бөгөөд араас нь дөрвөн эрэгтэй хүн хашаанд орж ирээд орилоод эхэлсэн. Тэгтэл Отгонбаатар босоод гэрээс гараад уг ах нар дээр очиход манай нөхөр Отгонбаатарт хандан “танай найз чинь бид нарыг басаад доромжлоод байна” гэж хэлээд зогсож байтал Мөнхдалай гэрт байсан цэнхэр өнгийн бариултай хайчийг барьж гарч ирээд Батболд гэх нэртэй ахын ар нуруу хэсэг рүү нэг удаа хатгасан. Тухайн үед Батболд гэх ахын нуруу хэсгээс нэлээд цус гарсан бөгөөд Мөнхдалай манай хашааг даваад зугтчихсан" гэх мэдүүлэг /хэргийн 22-р тал/,

-гэрч Х.Балжиннямын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2023 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 09.00 цагийн үед гэртээ байхад манай танил дүү болох Батболд ирсэн. Бид хоёр байшинг барьж байгаад өдрийн 11.00 цагийн үед хамт дэлгүүр лүү явж байхад Ирээдүйтэй таарсан. Ирээдүй гартаа нэг шил архи барьчихсан зогсож байхаар нь уг архийг бид гурав хувааж уугаад манай гэрт буцаж очоод байшингаа барьж байхад 14.00 цагийн үед манай найз Эрхэмбаяр над руу залгаад “гараад ир” гэхээр нь гарч яваад Шинэбаяртай таарч  ойр зуурын юм яриад зогсож байтал үл таних 20 орчим насны урт үстэй залуу гарч ирээд “хөөе залуучуудаа, гал байна уу” гэж хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь миний дургүй хүрээд уг залуу руу дөхөөд очтол надаас зугтаад цаашаа гүйгээд бор өнгөтэй төмөр хашаатай айл руу яваад орсон. Би уг хашаа руу яваад ортол Отгонбаатар гэх дүү гэрээс гарч ирээд “юу болсон бэ, ахаа” гэж асуухаар нь миний дургүй хүрээд “сая гэр лүү чинь орсон залуу танай найз уу” гэж хэлээд зогсож байтал миний араас Батболд, Ирээдүй хоёр орж ирсэн. Батболд намайг тэр айлын хашаанаас гаргах гээд тэврээд явж байтал бид нарыг хэл амаар доромжлоод байсан залуу гэрээс баруун гартаа хайч барьчихсан гарч ирээд Батболдын нуруу хэсэг рүү хайчаар нэг удаа хатгасан. Уг залуу Батболдыг хайчаар хатгачихаад шууд хашаанаас гарч зугтаасан. Тухайн үед Батболдын нуруу хэсгээс маш их цус гараад байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирээд Батболдыг эмнэлэг хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хэргийн 24-р тал/,

-гэрч О.Бат-Ирээдүйн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ...Би 2023 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 10.00 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүрээс нэг шил архи аваад найз Итгэлтийнх рүү явж байгаад Итгэлт, Батболд хоёртой таарч бид гурав уг архийг хувааж уусан. Тэгээд Итгэлтийн гэрт очиж байшинг нь барилцаж байтал 14.00 цагийн үед Итгэлт рүү Эрхэмбаяр залгаад “гараад ир” гэхээр нь бид гурав гарч яваад Шинэбаяртай таарч юм яриад зогсож байтал үл таних 20 орчим насны урт үстэй залуу гарч ирээд “гал байна уу, халтар залуучуудаа” гэж хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгтэл Итгэлт уг залуу руу дөхөөд очтол тэр залуу гудамж руу гүйгээд явахаар нь Итгэлт араас нь дагаад гүйсэн. Ингээд Батболд бид хоёр Итгэлтийн араас гүйгээд явсан. Шинэбаяр салаад өөр тийшээ явсан. Итгэлт рүү очиход айлын хашаан дотор хүнтэй хэрүүл хийгээд зогсож байхаар нь яваад ортол зүс таних Отгонбаатар гэх дүүгийн гэр байсан. Ингээд Итгэлтийг Батболд өргөөд хашаанаас гарах гэтэл гэр дотроос бид нарыг хэл амаар доромжлоод байсан залуу баруун хайч барьчихсан гарч ирээд Батболдын ар нуруу хэсэг рүү нэг удаа хатгаад уг хайчийг хашаан дотор хаяад хашаа даваад зугтаасан” гэх мэдүүлэг /хэргийн 28-р тал/,

-Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 722 дугаартай: “...Т.Батболдын биед зүүн даланд хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 33-34-р тал/,

-Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаартай “...фудволкны ар тал зүүн дал тушаа үүссэн 3,5 см урттай З мм өргөнтэй зүүнээс баруун чиглэлтэй гэмтэл нь нэг удаагийн хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж байгаа цайвар ногоон өнгийн фудволконд үүссэн зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн хайчаар үүсгэгдсэн байж болно” гэх дүгнэлт /хэргийн 39-40-р тал/,

-шүүгдэгч Р.Мөнхдалайн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Отгонбаатарын гэрээс өөрийгөө хамгаалах зорилгоор хайч бариад гартал тухайн үед Отгонбаатарыг үл таних 3 эрэгтэй доороо хийгээд зодож байсан. Ингээд би тухайн хүмүүсийг Отгонбаатараас салгах гээд очтол үл таних залуу намайг “ална” гэж хэлээд дайраад байхаар нь би сандарсандаа уг залууг хайчаар хатгачихсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хэргийн 56-57-р тал/, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт, эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.Мөнхдалай нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултайг ухамсарлаж, ойлгох чадвартай нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 9/22 дугаартай: “...Р.Мөнхдалай нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй эрүүл, сэтгэцийн хувьд эрүүл учир болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, ...хэрэг хариуцах чадвартай болно” гэх магадалгаагаар тогтоогдсон ба хууль бус үйлдлийг хүсэж, дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэл учирсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоотой талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй, түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хайч хэрэглэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийн зүйлчлэлийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь зөв, шүүхээс дээрх үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Мөнхдалайг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэсэн нь буруу биш боловч шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хөнгөрүүлсэн зүйл, хэсгийг буруу хэрэглэсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1.д заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хэрэв хорих ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулах тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан энэ зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял буюу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хөнгөрүүлэн оногдуулсан хорих ялын хугацааг харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан гэж үзэхээр байх ба бичиг, техникийн алдаа гаргаж ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан... гэж хайхрамжгүй, буруу бичжээ гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн хэрэглэсэн хуулийн зүйл, хэсгийг давж заалдах шатны шүүх зөвтгөснөөр шүүгдэгч Р.Мөнхдалайд оногдуулсан ялын хэмжээнд өөрчлөлт орж хүндрэхээргүй байх тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Мөнхдалайд оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдэлд тохирсон байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч Т.Батболдын нэрийг Б.Батболд гэж буруу бичсэн байх ба цаашид ийм төрлийн алдаа гаргахгүй байхад анхаарах нь зүйтэй.

Хууль хэрэглээний илтэд буруу хэрэглээ, алдааг дээд шатны шүүх нь зөвтгөж засаж залруулах үүрэгтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нарын гаргасан... анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлаж ял оногдуулсан тул энэ зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний ял буюу Р.Мөнхдалайд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг 2 жил 5 сар болгон багасгаж өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

            “2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Мөнхдалайд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Мөнхдалайн өмгөөлөгч Т.Хонгор, Б.Баттөр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

       ДАРГАЛАГЧ

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

           ШҮҮГЧИД                                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                                                            Ц.АМАРЖАРГАЛ