| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 184/2025/00122/И |
| Дугаар | 197/ШШ2025/03528 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/03528
| 2025 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 197/ШШ2025/03528 |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ............ тоотод оршин суух, Ц овогт Б-ийн У /РД:00000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ......... тоотод оршин суух, Д овогт С-ийн Х /РД:УШ00000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 9,736,768 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.У-ын хариуцагч С.Х-д холбогдуулан гаргасан 9,565,258 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Б.У нь С.Х нь хариуцлага алдсаны улмаас ус алдаж, манай байранд их хэмжээний хохирол учирсан тул үнэлгээний компаниас гаргасан хохирол 9,024,258 төгрөг, үнэлгээ гаргуулахад төлсөн 541,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 171,500 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь тухайн байрны эцсийн өмчлөгч нь би биш, дундын өмчлөлийн эд хөрөнгө чанарын шаардлага хангаагүйгээс ус алдсан тул би хариуцахгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар паарны спон комоос ус алдсан тул дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзнэ гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
4. Сонгинохайрхан дүүрэг, ............ тоот орон сууцанд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр паарны спон комоос ус алдсан байх ба үүний улмаас Сонгинохайрхан дүүрэг, ......... тоот орон сууцны жижиг өрөө, коридорын тааз, ханын обой, эмульс, замаска, шохой хуурсан, жижиг өрөө, коридорын шал бөмбийж норсон болохыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ын Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох тухай №89, 90 дугаартай дүгнэлт, Шүүхээс үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ус алдсан тухай флашинд бичигдсэн бичлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
5. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 41 тоотод байрлах, үл хөдлөх хөрөнгийн Ү-000000000000 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны өмчлөгч нь Б.У байх тул тэрээр өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна. /хх9-11/
6.Ус алдсаны улмаас нэхэмжлэгч Б.У-ын эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоолгохоор Х ХХК-иар дүгнэлт гаргуулсан байх ба тус компаниас унтлагын өрөөнүүд хана таазаар ус нэвчиж, тааз халтартаж ханын обой хууларч, паркетан шал норж дэвтэж хөөж, ариун цэврийн өрөөнүүдийн тааз норж халтартаж хуурч, коридорын тааз хана халтартаж, коридорын хананы обой хууларч, паркетан шал хөөж дэвтэж, том өрөө болон гал тогооны хэсгийн паркетан шал норж, хөөж дэвтэж, унтлагын өрөөний хувцасны шкаф норж, хаалга шургуулга хөөж, ирмэг хөндийрч, тавцан тавиурууд хөөж арзайж, унтлагын өрөөний хаалганы хроп дэвтэж хөөж гацсан ба дээрхийг засварлахад материал, ажлын хөлс, тээврийн зардал нийт 9,024,258 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.
7.Хариуцагч С.Х Сонгинохайрхан дүүрэг, ........ тоот орон сууцны өмчлөгч биш, ус алдсан хоолой дундын өмчлөлийн зүйл бөгөөд дангаар өмчлөх хөрөнгөд хамаарахгүй тул хохирлыг хариуцахгүй гэж тайлбарласан.
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаанд С.Х-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй гэсэн байх ба С.Х нь Сонгинохайрхан дүүрэг, ........ тоот орон сууцны өмчлөгч биш боловч тухайн орон сууцанд оршин суудаг тухайгаа хариу тайлбартаа дурдсан, Иргэний үнэмлэхийн лавлагаанд түүнийг уг орон сууцанд 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс байнга оршин сууж байсан гэсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иймд С.Х нь уг орон сууцанд оршин сууж байгаагийн хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд мөн гэж шүүх дүгнэв.
8. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн
тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заасан.
Орон сууцны хананы дотор байрлалтай шугам гэмтэх нөхцөл байдал нь тухайн орон сууцны өмчлөгч, эзэмшигчид хамаарах ба түүнээс шалтгаалсан үр дагавар, бусдад учирсан хохирлыг дангаар өмчлөх хэсэгт тооцон орон сууц өмчлөгч, эзэмшигч хариуцагч арилгах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл хуульд зааснаар орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт нь дундын өмчлөлд хамаарах тул айлын доторх ус алдсан хоолойг дундын өмчлөлийн зүйл гэж үзэх үндэслэлгүй байна.
9.Нэхэмжлэгч Б.У нь өндөр настай хүнтэй амьдардаг, цагаан сарын баяр болохтой холбогдуулан орон сууцандаа засвар хийсэн гэж тайлбраласан бөгөөд засвар хийсэнтэй холбоотой зардлаа нэхэмжлээгүй, харин өөрт учирсан хохирлоо шаардаж байгаа нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д заасан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, 9.4.4-т заасан учруулсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа зохицуулалтад нийцэж байна.
Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэх заалтын дагуу Б.У-д учирсан хохирол болох 9,024,258 төгрөг, үнэлгээ гаргуулахад гарсан зардал 541,000 төгрөг, нийт 9,565,258 төгрөгийг хариуцагч С.Х-гээс гаргуулж, Б.У-ад олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэлийн шаардлагад өргөдөл гаргахад өгсөн 171,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тусгаад үүнийг улсын тэмдэгтийн хураамж гэж тайлбарласан бөгөөд улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэгсэнээс хамаарч нэхэмжлэгч, хариуцагчид хэрхэн хариуцуулахыг хуульчилсан тул хуульд заасан журмын дагуу шийдвэрлэдэг зохицуулалттай.
10.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 167,994 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 2,744 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 167,994 төгрөгийг С.Хэрлэнгээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Х-гээс гэм хорын хохиролд 9,565,258 төгрөг гаргуулж, Б.У-ад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2,744 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч С.Х-гээс 167,994 төгрөгийг гаргуулж, Б.У-ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭ