| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2018/0017/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2018-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 21
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн Ш.Дорж-Очир, Улсын яллагч Б.Төрболд, Шүүгдэгч Б.Б-, Шүүгдэгчийн С.Долгорсүрэн, Хууль ёсны төлөөлөгч С.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 1823000130015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Шилүүстэй сумд 2001 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн сурагч, ам бүл-4, эцэг, эх ах нарын хамт амьдардаг, Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмань багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Гэгээнтэн овогт Б-ийн Б-, РД:ИУ********
Шүүгдэгч Б.Б- нь иргэн Д.А-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Гэгээнтэн овогт Б-ийн Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн орчимд Завхан аймгийн Шилүүстэй сумын Балгатай багийн нутагт байрлах бүрэн дунд сургуулийн биеийн тамирын зааланд иргэн Д.А-тай сагсан бөмбөг тоглох явцдаа маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохисон хэргийн үйл баримт нь хохирогч Д.А-ын “ 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Шилүүстэй сумын сургуулийн зааланд тоглож байх үед... Б- бид хоёр маргалдаад нэг нэгнийгээ шахалцаад байж байхад миний нүүр рүү гараараа цохих үед би газар унасан. Миний хамрын зүүн таславч цөмөрч, хамар муруйсан...” гэсэн мэдүүлгээр, Д.А-, Б.Б- нартай хамт сагсан бөмбөг тоглож байсан гэрч Т.М-ын “...би бөмбөгөө аваад эргээд харахад А миний хойно цохиулсан гээд хамраа дараад заалны шалан дээр хэвтчихсэн байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.Д-ын “...Б- А-т хоёр хоорондоо муудалцаад байсан... тэгээд Б- нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Б.Б-гийн Д.А-ыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 201820047 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...Иргэн Д.А-ын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт хамрын муруйлт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой... Хамрын муруйлт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Б.Б- сагсан бөмбөг тоглож байх явцдаа хохирогчтой маргалдаж хувийн сэдэлтээр хохирогчийн нүүрэнд гараараа цохисон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна.
Б.Б- нь шууд санаатай үйлдлээрээ хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч Б.Б- нь иргэн Д.А-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж зодсон үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд Б.Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардал нийт 500000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хохирол нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Долгорсүрэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд “ Б.Б-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү... “гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулахад чиглэх учир түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гэгээнтэн овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 125 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгчийн нас биед тохирсон, эрүүл мэнд ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэхийг Завхан аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн Samsung Galaxy S-5 маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 5/17 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн төрсний гэрчилгээний лавлагаа хэрэгт хавсаргагдсан, болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ