Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/51

 

 

Н.Бэлэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор Г.Уянга

 Шүүгдэгч Н.Бэлэгжаргал, түүний өмгөөлөгч Н.Баярмаа

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нарантуяа

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бэлэгжаргал, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Бэлэгжаргалд холбогдох эрүүгийн 2318000000394 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Нүргээгийн Бэлэгжаргал, 1978 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 8 дугаар хэсгийн 2-57 тоотод оршин суух хаягтай, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 270 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч Н.Бэлэгжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 8 дугаар хэсгийн 2 дугаар гудамжны 57 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх Х.Ундрахыг биеэ хамгаалж чадахгүй өндөр настай болохыг мэдсээр байж “тог залгуулсангүй” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, онц харгис хэрцгийгээр зодож “зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Н.Бэлэгжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.7., 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Боржигон овогт Нүргээгийн Бэлэгжаргалыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Бэлэгжаргалд бүх насаар нь хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бэлэгжаргалд оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бэлэгжаргалын энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Бэлэгжаргал нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 24*30 хэмжээтэй 1 ширхэг хивсэнцэр, үс мэт зүйл 3 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, ягаан өнгийн дотуур хувцас 1 ширхэг, 0,5 литрийн Чанар нэртэй архины шил 1 ширхэг, улаан хүрэн өнгийн босоо захтай цамц 1 ширхэг, хар өнгийн цагаан судалтай нимгэн өмд 1 ширхэг, ягаан өнгийн эмэгтэй хүний дотоож 1 ширхэг, гарын мөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Бэлэгжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бэлэгжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Бэлэгжаргал давж заалдах гомдолдоо:

...Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь үнэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан бүх насаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч Н.Бэлэгжаргалын өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах гомдолдоо:

ХЗТТөвийн Дархан-Уул аймаг дахь салбарын улсын ахлах өмгөөлөгч Н.Баярмаа би Н.Бэлэгжаргалд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Дархан-Уул аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09-р сарын 12-ны өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Н.Бэлэгжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн. Өмгөөлөгчийн хувьд энэ ялыг хүндэдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Манай үйлчлүүлэгч Н.Бэлэгжаргалын тухайн төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж болохоор байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар Н.Бэлэгжаргалд хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй гэх нөхцөл байдлуудыг харгалзаад хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэх гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” хэмээн тус тус заасан байдаг. Үүнийг харгалзаж үзээд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хугацаатай хорих ялаар солих боломжтой учраас оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Бэлэгжаргал тайлбартаа:

Би ээжийгээ алъя гэж алаагүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би 2 охинтой, намайг харж үзээд хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нарантуяа тайлбартаа:

Н.Бэлэгжаргал нь айлын ганц хүү бөгөөд миний төрсөн эгчийн хүүхэд юм. Түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би уржнан жил ирэхэд амь хохирогчийн гар нь хөдлөхөө больсон байсан. Юу болсон талаар асуухад би унасан юм гэж хэлсэн. Сүүлд бид 2 хоёулхнаа хамт байхад манай хүү намайг зодоод гар гэмтсэн гэж хэлсэн. Эгч маань Н.Бэлэгжаргалын хажууд юу болсон талаараа надад огт хэлдэггүй. Харин байхгүй үед нь Н.Бэлэгжаргалыг зодсон талаар хэлдэг гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Шүүгдэгч Н.Бэлэгжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Хуульд заасан нотолбол зохих зүйл бүрэн нотлогдсон учраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Бэлэгжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт зааснаар  бүх насаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хугацаатай ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхээр заасан. Энэ хэргийн нөхцөл байдлын хувьд талийгаачид маш олон тооны шарх гэмтэл учирсан байсан. Анх хэргийн газрын үзлэг хийхээр очоод талийгаачид гадна үзлэг хийхэд биед нь шарх сорвигүй, хөхрөлтгүй, цус хуралтгүй хэсэг бараг байхгүй байсан. Нуруугаар нь ороолгосон гэхээр ормуудтай байсан. Энэ талаар шүүгдэгчээс асуухад мэдэхгүй гэж хариулдаг.

Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийхэд зүүн талын 6 хавирга, баруун талын 3 хавирга нь салж унаад, уушгилуугаа хатгаад дотуур цус алдаж, амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж талийгаач нас барсан байсан. Гэмт хэрэг 2023 оны 07 сарын 28-ны өдрийн 08 цагт гарсан гэж үзсэн. Гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч ээжийгээ загнаж, зандраад, талийгаач орилоод байсан цаг хугацааг 8-9 цагийн орчим гэж мэдүүлдэг. Эмнэлгийн тусламж авахаар 11 цагт хандсан байдаг. Цагдаагийн байгууллага тухайн өдрийн 12 цаг 30 минутад дуудлага мэдээллийг хүлээн авсан байдаг. Бид нарыг хэргийн газрын үзлэгээр очиход цогцос хөрөөд удсан, хувцсыг нь сольсон байдалтай цэвэрхэн хувцастай байсан. Орны хөндийгөөс хохирогчийн шээсэн гэмээр дотуур хувцас, өмдийг хурааж авсан. Шүүгдэгчээс асуухад мөн мэдэхгүй гэсэн тайлбарыг хэлсэн. Шүүгдэгч өмнө нь удаа дараа ээжийнхээ биед халдаж, гэмтэл учруулж байсан нь ямар нэг эрх зүйн үр дагаварт хүргэхгүй хэдий ч шүүгдэгчийн хувийн байдлыг харуулж байна гэж би үзэж байна. Н.Бэлэгжаргалын хувьд өөрийн үйлдэлдээ дүгнэлт огт хийгээгүй. Гэр бүлийн хүчирхийлэл нь даамжирч явсаар хохирогч амиа алдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Н.Бэлэгжаргалын үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдлын шинжийг хангаж байгаа учраас бүх насаар нь хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх санал гаргаж байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Бэлэгжаргал нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх Х.Ундрахыг биеэ хамгаалж чадахгүй өндөр настай болохыг мэдсээр байж “тог залгуулсангүй” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож “зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироож алсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нарантуяагийн...”миний сонссоноор талийгаач эгчийг маань “20000 төгрөг олж өг п... минь” гэж хэлээд зодсон юм шиг байна лээ. ...Талийгаач эгч маань эгч нь Н.Бэлэгжаргалд зодуулж нүдүүлээд их л зовж байна гэж хэлж байсан. Би Н.Бэлэгжаргалыг ганцааранг нь хүртэл дагуулж яваад хооллож, ундлаад, хувцас хунар авч өгөөд, мөнгө өгөөд ээжийгээ битгий зодоорой гэж зөндөө хэлж байсан. Би Н.Бэлэгжаргал эгчийг маань алчихсан гэдгийг нь мэдэрсэн. Өөрөө над руу ярихгүй, тойрч зугтаагаад байсан нь миний харыг төрүүлсэн. Одоо Н.Бэлэгжаргалд хуулийн дагуу хариуцлага хүлээлгээсэй гэж хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-49/,

Гэрч Н.Эрдэнэдаваагийн...” 2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн

үед санагдаж байна, би дөнгөж орноосоо босоод хашаан дотроо алхаж явтал манай урд талд байх хамар хашааны айлын хашааны хаалга тас хийгээд, том зүйлээр цохиж байгаа юм шиг дуугараад, тэр айлын нохой шуугиад эхлэхээр нь би гайхаад дээшээ өндийгөөд хартал түүний хүү нь болох залуу араас нь хөөгөөд “п... минь хурдал” гэж орилсон” гэх мэдүүлэг /хх-53/,

Гэрч Б.Итгэлийн...”талийгаач Х.Ундрахыг төрсөн хүү болох Н.Бэлэгжаргал нь байнга зодож нүддэг, талийгаачийн нүд ам нь хөхөрчихсөн байдаг байсан юм” гэх мэдүүлэг /хх-55/,

Гэрч Б.Нарантуяагийн...”өглөө намайг байшингаасаа гараад 00 орох гэж байхад Х.Ундрах болон Н.Бэлэгжаргал нарын оршин суудаг хашаанаас Н.Бэлэгжаргал согтуу байгаа бололтой “солиор п... авгай минь, солиор” гээд л орилж байгаа дуу чимээ их тод сонсогдсон. ...Н.Бэлэгжаргалын бололтой орилж, хашхирах дуу чимээ намайг гэртээ орсноос хойш нэг цаг орчмын дараа л чимээгүй болсон./хх-57/,

Дархан-уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 107 дугаар шинжээчийн:

1.Талийгаачийн биед зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний  дээд, доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, зүүн 9,10,11 дүгээр хавирганы хугарал, булчингийн цус хуралт, цээжний хөндийн шингэн хуралт гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.11-д зааснаар хүнд зэрэгт, дух, хүзүү, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийн цус хуралт гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна.

1.Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчтэй ба тухайн өвчин нь үхэлд хүргээгүй байна.

2.Талийгаач нь цээжний хөндийн битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.

3.Талийгаач нь 2023.07.28-ны хэргийн газрын үзлэгээр нас бараад 5-7 цаг болсон байх боломжтой.

Талийгаачид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 0.7 промилли, ходоодны шингэнд 0.7 промиллийн спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлт болно.

4.Талийгаачид хийсэн биологийн шинжилгээгээр дээж хүрэлцэхгүй тул үзэх боломжгүй байна.

5.Талийгаачид хийсэн биологийн шинжилгээгээр үтрээнээс эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна” гэх дүгнэлт /хх-74-78/

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 75/23 дугаар магадалгаа:

1.Нүргээ овогтой Бэлэгжаргал нь одоогоор үзлэгийн үед сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй. Эрүүл болно.

2.Нүргээ овогтой Бэлэгжаргал нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир болсон, өнгөрсөн явдлыг бодитоор тусган авч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно.

3.Нүргээ овогтой Бэлэгжаргал нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир албадан эмчилгээ шаардлагагүй болно.

4.Нүргээ овогтой Бэлэгжаргал нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл тул хэрэг хариуцах чадвартай болно. /хх-108/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 3461 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн босоо захтай цамц, 24*30 см хэмжээтэй хивсний тасархай дээр цус илэрсэн.

2. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд дээр болон бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Х.Ундрахын цогцсоос авсан улаан өнгийн вакумтай шингэн цус, яллагдагч Н.Бэлэгжаргалаас авсан улаан өнгийн вакумтай шингэн цус, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 3 хэсэг үс, улаан хүрэн өнгийн босоо захтай цамц, 24*30 см хэмжээтэй хивсний тасархай дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан 3 хэсэг үс, улаан хүрэн өнгийн босоо захтай цамц, 24*30 см хэмжээтэй хивсний тасархай дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Х.Ундрахын цогцсоос авсан цусны ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч Х.Ундрахын цогцсоос авсан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон” гэх дүгнэлт /хх-114-115/,

Яллагдагч Н.Бэлэгжаргалын хэргээ хүлээн мэдүүлсэн...”би талийгаач ээжийгээ гар хөлөөрөө цохиж зодсон. Гадны биетээр цохиж зодоогүй. ...цээж рүү нь 4-5 удаа өшиглөсөн. Хажуу тийшээ болон дээшээ харж хэвтэж байхад нь өшиглөж таарсан. Тогны мөнгө болон гэр цэвэрлээгүй, нүүх гэж байхад гэдэг шалтгаанаар цохисон юм”  гэх мэдүүлэг /хх-132/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн үйл баримт болсон явдлыг шууд гэрчлэн мэдүүлэх боломжтой ганц эх сурвалж нь шүүгдэгчийн мэдүүлэг бөгөөд түүний мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлон баримттай харьцуулан судалбал гэрч Н.Эрдэнэдаваагийн...” 2023 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн ...үед хамар хашааны айлын хашааны хаалга тас хийгээд том зүйлээр цохиж байгаа юм шиг дуугараад тэр айлын нохой шуугиад эхлэхээр нь би гайхаад дээшээ өндийгөөд хартал түүний хүү нь болох залуу араас нь хөөгөөд п... минь хурдал гэж орилсон” гэх, гэрч Б.Нарантуяагийн...”...Н.Бэлэгжаргал согтуу байгаа бололтой “солиор п... авгай минь солиор” гээд л орилж байгаа дуу чимээ их тод сонсогдсон. ...Н.Бэлэгжаргалын бололтой орилж, хашхирах дуу чимээ намайг гэртээ орсноос хойш нэг цаг орчмын дараа л чимээгүй болсон” гэх, Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 107 дугаар шинжээчийн : 1.Талийгаачийн биед зүүн 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, баруун 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний  дээд, доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлтээр зэргээр шүүгдэгч Н.Бэлэгжаргалын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэл болж байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба эдгээрийг үндэслэн хэргийн үйл баримтыг үндэслэлтэй, зөв тогтоосон байна.

          Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Бэлэгжаргалыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, зүйлчлэл тохирсон байна.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад “ арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан ялаас бүх насаар нь хорих ялыг сонгон оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн нь шүүгдэгч Н.Бэлэгжаргалын гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэсэн зорилгод нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа...”Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй гэх нөхцөл байдлуудыг харгалзаад хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэх гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” хэмээн тус тус заасан байдаг. Үүнийг харгалзаж үзээд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хугацаатай хорих ялаар солих боломжтой учраас оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгч Н.Бэлэгжаргалын ...”Би ээжийгээ алъя гэж алаагүй. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би 2 охинтой, намайг харж үзээд хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүгдэгч  урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн эх Х.Ундрахын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулж шүүхээс гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж байсан боловч үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй, дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүний амь насыг хохироосон байх тул “оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Бэлэгжаргал нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт  50  хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бэлэгжаргал, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бэлэгжаргалын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 50 /тавь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

        3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МАНЛАЙБААТАР

                      ШҮҮГЧИД                                                     Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                            З.ТӨМӨРХҮҮ