Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00456

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00456

 

 

 

Л.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/04132 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Хын хариуцагч З.Ж.Х ХХК-д холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 17 152 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О түүний өмгөөлөгч Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагчтай 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан, уг гэрээг бичгээр байгуулахаас өмнө амаар тохиролцсон байсан. Ингээд компанитай өмнө тохиролцсоны дагуу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нарийн ногооны үр авч бэлтгэн нийлүүлэх гэрээг захиалагч талыг төлөөлж Д.Э, Л.Х, Г.Ю нар, нийлүүлэгч талыг төлөөлж Ч.Дтэй гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Л.Х нь 2 747 400 төгрөгийг бэлнээр Ч.Дд өгсөн, тэрээр үүнээс 1 047 000 төгрөгийг Л.Хт буцаагаад өгсөн, үүнээс үлдэх 1 700 000 төгрөгийг Д.Э хариуцахаар болсон. Мөн Д.Эд 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1 200 000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 13-ны өдөр 400 000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр 1 400 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, мөн сарын 15-ны өдөр 4 төрлийн ногооны үр авах 912 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тодотгол гэрээний дагуу 5 500 000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн. Харин Э.Сд бэлнээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, түүний ХААН банкны данс руу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1 400 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үүнээс үзвэл гэрээний дагуу Э.Сд 3 удаа дансаар буюу бэлнээр 4 900 000 төгрөг, Д.Эд 7 удаа бэлнээр 12 252 000 төгрөг, нийт 17 152 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Дээрх гэрээний дагуу З.Ж.Х ХХК нь үйл ажиллагааны зардлыг хариуцах, сар тутамд ашиг орлогын тооцоог бодож, эзэмших эрхийн дагуу ашгийг хуваарилахаар тохиролцсон.

Гэтэл З.Ж.Х ХХК-ийн захирал Э.С, ажилтан Д.Э нар 2018 оны 8 сараас эхлэн ашгийн хуваарилалтын талаар хөөцөлдөж эхлэхээр үйлдвэрлэлийн байраа сольж, харилцах утаснуудаа өөрчлөн зайлсхийх болсон. Үүний улмаас би аргагүйн эрхэнд гэрээнээс татгалзаж 2019 оны 5 дугаар сард Цагдаагийн байгууллагад хандсан.

Гэрээгээр тохиролцсон хугацаанд З.Ж.Х ХХК нь гэрээгээ дүгнэж ашиг орлогоо хуваарилаагүй, гэрээ дуусгавар болсон. З.Ж.Х ХХК-ийн захирал Э.С гэрээний дагуу миний оруулсан хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сард, үлдэх мөнгийг 2019 он гараад төлөхөөр амлаж байсан.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д санхүүгийн байдлын тайлан байхыг шаардана. Гэтэл З.Ж.Х ХХК-аас зардал гаргасан бол энэ бүх зардлыг бүртгэх ёстой байтал энэхүү санхүүгийн тайлангаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй, өөрийнхөө хувийн эзэмшлийн данснаас гаргасан зардлыг хамтын үйл ажиллагааны зардал гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд дээр дурдсан хуульд нийцэхгүй байна.

Иймд хариуцагч З.Ж.Х ХХК-аас 17 152 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Хт олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: З.Ж.Х ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Л.Хтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний талууд З.Ж.Х ХХК-ийн кимчиний хаяг шошгыг ашиглан 200, 300, 500 гр-ын савалгаатай кимчи үйлдвэрлэн борлуулах зорилгоор Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт 0,4 га газарт кимчиний байцаа тариалахаар шийдэж БНХАУ-аас үр авах зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нарийн ногооны үр авч бэлтгэн нийлүүлэх гэрээг Г.Ю, Д.Э Л.Х нар байгуулсан. Тус гэрээнд эртийн байцаа 50 хоногтой 15 уут, эрт ба дундын сорт 63 хоногтой 35 уут, кимчи байцаа 50 хоногтой 60 уут, лууван эртийн 30 лааз, эртийн тарвас 22 лааз, брокли байцаа 2 уут, сармис 8кг, нийт 7 төрлийн үр 2 747 400 төгрөгөөр авах захиалга байдаг.

Уг үрнээс 3.Ж.Х ХХК нь кимчи байцаа 456 000 төгрөг, тарвас 76 000 төгрөг, брокли 70 000 төгрөг, лууван 304 000 төгрөг, нийт 912 000 төгрөг үнэ бүхий үр авч тариалсан бөгөөд үлдсэн сармис, эрт ба дундын сорт, эртийн байцаа болох 1 835 400 төгрөгийн үнэ бүхий 3 төрлийн үрийг Л.Х нь Г.Бтай /Г.Юын нөхөр/ хамтран тариалсан.

Л.Х болон Г.Б нар хамтарч тарьсан 3 төрлийн ногоогоо хураах болоход Д.Эийг хамтран ажиллах санал тавьсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 5 500 000 төгрөгийг ургац хураалт ашиг орлогоос үл хамааран төлнө гэсэн утга бүхий гэрээ байгуулсан боловч тус ажилдаа Д.Эийг огт оролцуулаагүй өөрсдөө ногоогоо хураасан нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болсон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Г.Баас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд байдаг.

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр кимчиний уутанд зориулж 2 000 000 төгрөг авсан. Гэвч тариалсан ногоо ургаагүйн улмаас кимчи үйлдвэрлэх боломжгүй болж тэдгээр уутыг огт ашиглаагүй одоог хүртэл агуулахад хадгалж байгаа. Иймд 2 000 000 төгрөгийн үнэ бүхий уутыг бүрэн бүтнээр нь нэхэмжлэгч авч болно.

З.Ж.Х ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Л.Хтай хамтран ажиллах гэрээнд нийт 13 746 000 төгрөг гаргасан болох нь захирал Э.Сын ХААН банкны дансны хуулгаар тогтоогдох бөгөөд уг гэрээний дагуу Л.Х нь 9 812 000 төгрөг гаргасан. Хамтран ажиллах гэрээний 4.1-т хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг хэсгээр өмчлөх хувь хэмжээний дагуу хариуцна гэж зааснаар талуудын гаргасан нийт төгрөгөөс гэрээнд заасан 60 хувь, 40 хувиар тооцож үзэхэд 8 623 200 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 17 152 000 төгрөгөөс З.Ж.Х ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 5 500 000 төгрөгийн гэрээнд огт оролцоогүй, 1 835 400 төгрөгийн 3 төрлийн үр огт тариалаагүй, 2 000 000 төгрөгийн кимчиний уут одоог хүртэл бүрэн бүтэн байгаа тул үүнийг буцаагаад нэхэмжлэгчид өгөх боломжтой.

Эдгээр үнийн дүнг хасахад 7 812 000 төгрөг болох ба үүнээс гэрээнд заасан 40 хувийг тооцож үзэхэд ашиг олоогүй тул нэхэмжлэгч өөрөө гэрээнд заасны дагуу алдагдлаа өөрөө хариуцах нь зүйтэй. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан талаар маргах зүйлгүй. Уг гэрээнээс татгалзах талаар нэхэмжлэгч огт дурдаагүй мөртлөө 17 152 000 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлгүй юм.

Талууд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх бөгөөд Л.Х 9 812 000 төгрөг, З.Ж.Х ХХК нь 13 746 000 төгрөг, нийт хөрөнгө оруулалт 23 558 000 төгрөг болох ба гэрээнд заасны дагуу хариуцлагыг 40, 60 хувиар бодоход Л.Х 9 423 200 төгрөг, компани 14 134 800 төгрөгийн алдагдал хүлээх бөгөөд эндээс зөрүү нь 388 000 төгрөг болно. Хамтран ажиллах гэрээний дагуу кимчиний байцаа тариалсан боловч хорхойд идэгдэж ургац аваагүй, кимчи үйлдвэрлэж, борлуулалт хийгдээгүй. Дээрх гэрээ Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4 дэх хэсэгт заасны дагуу ашиг олоогүй тул гэрээ дүгнэгдээд дуусгавар болсон.

Иймд З.Ж.Х ХХК-иас 17 152 000 төгрөг гаргуулах тухай Л.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т тус тус зааснаар хариуцагч З.Ж.Х ХХК-иас 15 312 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 840 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар хариуцагч З.Ж.Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 234 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Хт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус шүүх хуралдаанаар гэрч Г.Б нь 5 500 000 төгрөгийн гэрээг байгуулахдаа З.Ж.Х ХХК нь огт оролцоогүй Л.Х бид хоёр нийлж тарьсан ургацаа хураагаад Л.Хт ашиг өгсөн гэр мэдүүлгийг 2 удаа өгсөөр байтал гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүй. Мөн Э.Сын ХААН банкны 5753523937 тоот дансны хуулгыг нотлох баримтаар үнэлээгүй, тус хуулга нь тухайн дансаар З.Ж.Х ХХК нь хамтран ажиллах гэрээнд 13 746 000 төгрөг гаргасан болох нь тогтоогдсон.

Гэрч Г.Б, М.Энхнасан нарын мэдүүлэг, Э.Сын дансны хуулгыг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй байсан. Иймд З.Ж.Х ХХК-аас 15 312 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Хт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов

Нэхэмжлэгч Л.Х нь хариуцагч З.Ж.Х ХХК-аас хамтран ажиллах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 17 152 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2018 оны 02 дугаар сард хамтарч кимчи үйлдвэрлэн, худалдан борлуулах, кимчи хийхэд шаардагдах кимчиний байцаа, лууван, тарвас, сармис зэрэг хүнсний ногоо тариалахаар харилцан тохиролцсон, уг тохиролцоогоо мөн оны 6 дугаар сарын 03-ны өдөр бичгийн хэлбэрт оруулан гэрээ байгуулсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдсон байна. /хх-4-6, 12-13/ Гэрээгээр З.Ж.Х ХХК-ийн кимчиний хаяг, шошгыг ашиглан 200, 300, 500 грамм, килограммын савлагаатай кимчи үйлдвэрлэн борлуулах, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт 0.4 га газарт кимчиний байцаа тариалах ажлуудыг хамтарч хийх, газар тариалангийн үйл ажиллагаа болон кимчиний үйлдвэрлэлийн санхүү төсвийг хамтран гаргахаар талууд харилцан тохирчээ. /1хх-4/ Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаарх зохигчдын маргаангүй тайлбар, хэрэгт авагдсан Хамтран ажиллах гэрээ зэрэг баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Зохигчид хамтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгийн хэмжээ, гэрээний дагуу хамтын үйл ажиллагаа явуулсан эсэх болон гэрээнээс татгалзсан үндэслэлд маргажээ.

Нэхэмжлэгч Л.Х нь хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагаанд 17 152 000 төгрөгийн хураамж төлсөн гэх үндэслэлээ .... Ч.Дд ногооны үрний үнэд 2 747 400 төгрөгийг бэлнээр төлснөөс 1 047 000 төгрөгийг буцаагаад авсан, үүнээс үлдэх 1 700 000 төгрөгийг Д.Э хариуцахаар болсон. Мөн Д.Эд 5 удаагийн үйлдлээр нийт 4 912 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тодотгол гэрээний дагуу 5 500 000 төгрөг, З.Ж.Х ХХК-ийн захирал Э.Сд 3 удаагийн шилжүүлгээр нийт 4 900 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ... гэж тайлбарласан байна. Хариуцагч З.Ж.Х ХХК-ийн хувьд гэрээний дагуу нэхэмжлэгч 9 812 000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх, зохигчдын маргааны зүйл болж буй нэхэмжлэгчийн хамтын үйл ажиллагаанд оруулсан хураамж /хөрөнгө/-ийн хэмжээг 17 152 000 төгрөг гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

Хэргийн баримтаар Л.Х, Г.Ю, Д.Э нар Ч.Дтэй 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нарийн ногооны үр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Л.Х гэрээний үнэд 1 700 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 13 дах талд авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /1хх-13, 2хх12-13/

Нэхэмжлэгч Л.Х нь худалдан авсан уг 1 700 000 төгрөгийн үнэ бүхий ногооны үрийг зохигчдын хамтын үйл ажиллагаанд зориулсан гэдгээ баримтаар нотлоогүй байна. Харин хэргийн 14 дэх талд авагдсан бичгийн баримтад кимчиний байцааны үр 465 000 төгрөг, сармис 76 000 төгрөг, брокли 7000 төгрөг, лууван 30 400 төгрөг, бүгд 912 000 төгрөг, жич хүүтэй нь 2018.08.15-2018.08.20-ны дотор өгнө гэсэн агуулгыг тусган хүлээлцсэн гарын үсэг Д.Э, Л.Х нар гарын үсэг зуржээ. /1хх-14/ Хариуцагч З.Ж.Х ХХК нь дээрх баримтад тусгагдсан 4 төрлийн ногооны үрний үнийг нэхэмжлэгч Л.Х төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргаж байх тул уг 912 000 төгрөгийг зохигчдын хамтын үйл ажиллагаанд төлсөн нэхэмжлэгчийн хураамж гэж үзнэ.

Мөн хариуцагч тал 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1 200 000 төгрөг, 6 дугаар сары 13-ны өдөр 400 000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр 1 400 000 төгрөг, 8 дугаар сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, нийт 4 912 000 төгрөгийг Д.Эийн дансаар, мөн сарын 06-ны өдөр 1 500 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1 400 000 төгрөг, 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 4 900 000 төгрөгийг З.Ж.Х компанийн захирал Э.Сын дансаар тус тус хүлээн авсан, уг мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэгчээс хамтын үйл ажиллагаанд оруулсан хураамж гэдгийг зөвшөөрсөн тайлбар гаргажээ. /1хх-7, 11-12, 2хх28/

Хэргийн 8 дах талд авагдсан Л.Х, иргэн Д.Э нарын 2018 оны 9 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Хүнсний ногоо тариалахад хамтран ажиллах хэлцлийн дагуу тодотгол гэрээ нэртэй хэлцэлд тусгагдсан 5 500 000 төгрөгийг хамтын үйл ажиллагаанд оруулсан нэхэмжлэгчийн хөрөнгө /хураамж/ гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч компанид 912 000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгч Л.Хыг хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагаанд 9 812 000 төгрөгийн хураамж төлсөн гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Х нь гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... гэрээ хэрэгжээгүй, ашиг хуваарилаагүй учир гэрээнээс татгалзаж байна ... гэж тайлбарласан байна. Хариуцагч З.Ж.Х ХХК кимчиний байцаа тариалсан, хорхойд идэгдсэний улмаас ургац хураан авч чадаагүй, гэрээний дагуу алдагдлаа 40/60 хувиар хувааж хариуцах ёстой гэх үндэслэл заан маргажээ. /2хх 13-14/

Хэргийн баримтаар хариуцагч тал хамтран ажиллах гэрээний дагуу кимчиний байцаа тариалсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Тодруулбал, гэрч М.Энхнасангийн Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт байрлах ногооны талбайд усалгааны ажил хийсэн, ... Д.Э кимчиний байцаа, төмс тарьсан, ... кимчиний байцаа хорхой идсэний улмаас хурааж авч чадаагүй, ... З.Ж.Х ХХК-аас ажлын хөлсөд 3 000 000 төгрөг авсан ... гэж мэдүүлснийг нэхэмжлэгч үгүйсгэж, маргаагүй байна. /1хх-225-227/

Түүнчлэн гэрч Г.Б ... Л.Х, .Болдбаатар нар хамтарч манжин, ногоон тэжээл тарьсан, энэ нь Д.Эд хамаагүй, Д.Э өөр газар ногоо тариалсан, гэрч Энхнасан Д.Эийн газарт ажилласан ... гэж мэдүүлжээ. /1хх-22-24/ Хариуцагч тал кимчиний байцаа тарих ажлыг Д.Э хариуцаж байсан гэдэгт маргаангүй.

Эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнэвэл хариуцагч З.Ж.Х ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу кимчиний байцаа тарьсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн заасантай нийцэхгүй байна.

Харин гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан талууд гэрээгээ дүгнэх, гэрээнд заасны дагуу ашиг, алдагдлаа хуваарилах эрх нь нээлттэй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэгч Л.Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/04132 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч З.Ж.Х ХХК-аас хамтран ажиллах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 17 152 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 234 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ч.ЦЭНД