Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 415

 

Б.У, Б.Б, Б.Х

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Б.Х-ийн  өмгөөлөгч О.Алтанчулуу, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 562 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 571 дүгээр магадлалтай, Б.У, Б.Б, Б.Х  нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Б.У  нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Б-н У,

2. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заанаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж байсан, Г овогт Б-ын Б,

3. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б-ын Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “Бүлэглэж хүнийг санаатай алсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.У, Б.Б, Б.Х  нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар Б.У , Б.Б  нарт тус бүр 14 жилийн хугацаагаар хорих ял, Б.Х д 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Шүүгдэгч Б.Б , Б.У  нарт оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Х д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар оршуулгын зардалд Б.У, Б.Б, Б.Х  нараас тус бүр 770,000 төгрөгийг, нийт 2,310,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ад олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д- нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, шүүгдэгч Б.У , түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б  гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хэргийг хэлэлцээд гэм буруугүйг үнэн зөвөөр тогтоон цагаатгасан. 2019 оны 04 дүгээр сарын 10-нд анхан шатны шүүх хурал дахин болж хаалттай хорих ангид 14 жилийн хорих оноосонд гомдол гаргаж байна. Учир нь, талийгаач Б.Б- нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний шөнийн 03 цагт нас барсан. Үүнээс 18 цагийн өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагт уг гэмтлийг авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Би 13 цагаас 13 цаг 30 минутын хооронд цохисон. ...Гэмгүй иргэн намайг хүнийг санаатай алсан гэж хилс хэрэгт тулгаж ялласанд гомдолтой байна. Миний бие нь бага насны буюу 0-12 насны 4 хүүхэдтэй, барилгын ажил хийж амьдарлаа авч явсан. Хуулийг зөв хэрэглэж гэм буруутай эсэхийг нь тогтоох ёстой гэж бодож байна. Надад хүнийг алах санаа байхгүй. Иймд хэргийг шалгаж мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.У гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Өөрт холбогдох хэргийн үнэн зөвийг тогтоож, нотлох баримтад тулгуурлан хэргийг зөв зүйлчлүүлэх хүсэлтэй байна. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон үйлдэл нь Б.Б , Б.Х  бид гурвын хэнийх нь цохилтоос болсон, биднээс өмнө цохисон гэрч Цолмонгийн цохилтоос уу, хохирогч өөрөө татаж унаснаас болсон гэмтэл үү, эсхүл шинжээч эмч М.Э-ын 18 цагаас өмнө авсан гэмтлээс болсон уу гэдгийг нэг бүрчлэн тогтоогоогүй. Гэрч М.М, М.Б, А.М, Б.У нар “хохирогч өөрөө унадаг байсан. Зодоон болсны дараа унасан” гэдгийг мэдүүлж байхад үүнийг нотолгоо болгоогүй. Камерын бичлэгийг нэг бүрчлэн шалгаагүй. ... Энэ талаар прокурор дахин шинжээч томилох гэсэн боловч анхан шатны шүүх татгалзсан. Бидний хувьд хэний цохилтоос шалтгаалсан  гэдэгт дүгнэлт хийлгэмээр байна. Мөн хэргийг зүйлчилсэн зүйлчлэлийн ял, гомдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Х  гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 30 минутын үед хохирогч Б.Б-ыг би зодооноос салгаж цааш түлхэхэд салж өгөхгүй байхаар нь “салгаад байхад явчихад яадаг юм бэ” гээд зүүн хацар луу нь 1 удаа алгадсан. Өөрөөр цохиж, зодсон зүйл байхгүй. Шинжээчийн 1868, 914, 196 дугаартай дүгнэлтэд тодорхой байдаг. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б-ын  өмгөөлөгч С.Батдэлгэр гаргасан гомдолдоо“...Шийтгэх тогтоол, магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

...Уг хэргийн тухайд талийгаачийн нас барсан шалтгаан буюу юунаас болж нас барсныг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон. Өөрөөр хэлбэл, амь хохирогч Б.Б- нь “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Энэ талаар маргаагүй. Харин уг гэмтэл юунаас болж үүссэн бэ гэдэг асуудал энэ хэргийн гол эргэлзээтэй байдлыг үүсгэж байгаа болно. Учир нь, шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн амь насанд хүргэсэн гэмтэл нь уналтаас үүсч болно, мөн цохилтоос үүсч болно гэдгийг тогтоосон бөгөөд яг аль хүчин зүйлээс үүссэн гэдгийг тогтоож чадаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талийгаач нь зодоон болсны дараа тархиараа газар савж унасан гэдэг нь хохирогч М.М, насанд хүрээгүй гэрч Б.Б, гэрч А.М, гэрч Б.У нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. Мөн талийгаачийн тархины хатуу хальсан доорх цусан хураа анх үүссэн хугацаа нь нас барахаас 18 цагийн өмнө байна гэдгийг шинжээч эмч М.Э-ын удаа дараагийн мэдүүлгээр тогтоогддог. ...Тэгвэл эдгээр цагаатгах талын нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үгүйсгэсэн, уналтаас үүсээгүй, нас барахаас 18 цагийн өмнө гэмтэл аваагүй, зөвхөн зодооноос болж уг гэмтлийг авсан гэсэн хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй.

Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий эргэлзээ байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй юм. Харин шүүгдэгч нарын үйлдэлд олон нийтийн газар бусдын эрх чөлөөнд халдсан танхайрах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учир зүйлчлэл өөрчлөгдөх үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Х-ийн  өмгөөлөгч О.Алтанчулуу гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр Б.Х д холбогдох үйлдлийг цагаатгах байр суурьтайгаар гомдол гаргаж байна.

...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон хэрэг учралын үед камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-25-26/, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт уг камерын бичлэгийг үзсэн боловч шүүх бүрэлдэхүүн төдийлөн сайн шинжлэн судлаагүй ба шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Б.Х  нь талийгаачийн толгой руу гараараа цохиж байгаа бичигдсэн байна...” /1хх-25-26/ гэж нотлох баримтыг гуйвуулсан. Б.Х  нь анхнаасаа болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлдэг байсан ба хамгийн сүүлд хохирогч Б.Б-ын толгойн зүүн хэсэг рүү баруун гараараа алгадсан гэж мэдүүлж, энэ нь тухайн үеийн камерын бичлэгт тодорхой харагдаж байдаг.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 196 тоот дүгнэлтэд “... уг гэмтлийг учруулсан хүч нь толгойн баруун хэсэгт үйлчилсэн байх боломжтой байна. Уг гэмтэл нь унах үед учирсан бол толгойн баруун хэсгээр савж унахад үүссэн байх боломжтой...” 5. Дээрх гавал тархины гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд 14-16 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна...” /2хх-9-10/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь Б.Х-ийн  учруулсан гэмтэл биш болохыг нотолж байдаг.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа, анхан болон давж заалдах шатны шүүх хохирогч Б.Б-ын “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтлийг цохилтоос уу, уналтаас уу, савж унахдаа учирсан уу гэдгийг тогтоож чадаагүй.

Б.Х  нь хамгийн сүүлд салгаж цохисон байна энэ нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх байр сууринаас хандсан нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дүгээр зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй, мөн яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох байтал хэргийн бодит байдлыг нотолж чадаагүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул магадлалыг хүчингүй болгож Б.Хаш-Эрдэнийг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг болсноос хойш 3 жил өнгөрч байгаа. Уг хугацаанд шинжээчийн дүгнэлт, прокурорын яллах дүгнэлт 3 удаа гарч, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээр 3 удаа хянан хэлэлцэгдэж байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Б.У  нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Б , Б.Х , Б.У  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Б , Б.Х , Б.У  нар нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Б-ыг бүлэглэн зодож “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж алсан нөхцөл байдал хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт тогтоож, дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шийтгэх тогтоолыг энэ үндэслэлээр хүчингүй болгох ямар нэг ноцтой зөрчил гаргаагүй байна.

Хоёр шатны шүүх дээрх үйл баримтад тулгуурлан Б.Б , Б.Х , Б.У  нарыг бүлэглэн хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж тэднийг гэм буруутайд тооцож, уг зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Түүнчлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, гэм буруугийн хэлбэр, тэдний хувийн байдалд нь тохируулан ялгамжтай ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, улмаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тохиолдолд шийдвэрүүдийг хүчингүй болгох, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх, эсхүл прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Б , Б.Х , Б.У  нар нь үйлдлээрээ нэгдэж, хэн аль нь тухайн цаг хугацаанд Б.Б-ыг зодож, үүний улмаас амь насанд нь аюултай гэмтлийг учруулсан, уг гэмтлийн улмаас Б.Б-ын амь нас хохирсон нь гэмт хэргийн санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн үйлдлээр нотлогдсон, хэргийн зүйлчлэл зөв байх ба нотлох баримтуудыг харьцуулан судалж, шалгасны эцэст шүүгдэгч нарыг бүлэглэж хүн алсан талаарх нөхцөл байдлыг тогтоосон шүүхийн дотоод итгэл бүхий дүгнэлтийн талаар шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргаж, үйл баримтыг өөрчлүүлэх улмаар, уг нөхцөл байдалд нь үндэслэн Эрүүгийн хуулийг хэрэглэх шаардлагатай гэж үзсэн нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй байгааг тэмдэглэвэл зохино.

Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, улмаар үүнийг үндэслэн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр “үйл баримтыг дахин тогтоох зорилгоор хэргийг прокурорт буцаах, дахин өөрчлөн тогтоож, шийдвэр гаргах” агуулга бүхий шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Б.У  нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 562 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 571 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Б.У  нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН