Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 16

 

                                                                                                  

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А-26-09 тоотод оршин суух Боржигон овгийн Пүрэвбанзрагчийн Наранбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/153 дугаар “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батмөнх, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвабаатар, Т.Бямбабаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

                                                

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/153 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг захирамжинд газрын тухай хуулийн 2 заалтыг үндэслэсэн байсан.

Үүнд:

  1. Газар эзэмшигчийг хууль тогтоомж болон газар эзэмших гэрээг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасан байдаг. Гэтэл ноцтой зөрчил гэдгийг талууд газар эзэмших гэрээндээ нэрлэн заасан байхыг шаарддаг. Мөн Мэргэжлийн хяналтын газар болон эрх бүхий байгууллагаас энэ талаар дүгнэлт гарсан байх ёстой. Гэвч дүгнэлтийг гаргуулаагүй байж газар эзэмших гэрээг хүчингүй болгосон нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн байна. Хавтаст хэргээс үзэхэд хариуцагч тал улсын байцаагчийн албан шаардлага ирүүлсэн  байсан. Үүнийг хууль зөрчсөн гэж үзэх  боломжгүй. Учир нь газар эзэмшигч нь П.Наранбилэг бөгөөд уг албан шаардлагын хаяглагдсан этгээд нь “Санбүрд” ХХК байгаа. Огнооны хувьд ч нэхэмжлэгч П.Наранбилэгийг газар хүлээн авахаас өмнө актыг гаргасан байгаа.

 2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн байгаа.  Гэтэл 2013 оноос нэхэмжлэгч П.Наранбилэг тухайн газрыг эзэмшиж эхэлсэн бөгөөд “Санбүрд” ХХК нь 2008 оноос 2013 он хүртэл эзэмшиж байсан. Дээрх хугацаанд эзэмшиж, ашиглаагүй нь П.Наранбилэгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн № А/285 дугаар захирамжаар П.Наранбилэг нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан. Хариуцагч нар ойлгохдоо “Санбүрд” ХХК-ийн эрх, үүрэг нь  үргэлжлээд явж байгаа гэж ойлгоод байгаа юм. “Санбүрд” ХХК-иас нэхэмжлэгч нь эрх залгамжлалаар аваагүй тул газрын тухай хуульд зааснаар П.Наранбилэгийн эрх үүрэг нь шинээр үүссэн. Мөн тухайн газрыг шилжүүлж авахдаа тухайн газарт байсан хоёр давхар байшинг нэр дээрээ шилжүүлж авсан. Анх кабелын телевизийн зориулалтаар хоёр давхар байшин барьсан бөгөөд нийт 88 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гадна нэхэмжлэгч нь Рояаль телевизтэй хамтарч Хэнтий аймагт хамгийн сүүлийн үеийн кабелын телевиз байгуулах гэрээг 2015 оны 09 дүгээр сард байгуулаад энэ гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Газрын тухай хуульд заасан үүргээ хангалттай биелүүлж байгаа тул Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/153 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 онд “Санбүрд” ХХК-нд телевизийн үйл ажиллагаа явуулах зорилготой газар олгосон. Үүнээс хойш 8 жилийн хугацаанд тухайн маргаан бүхий газарт кабелын телевизийн зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй тул захирамжийг хүчингүй болгосон. Мэргэжлийн хяналтын газраас болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас  удаа дараа шаардлага тавьж байсан боловч үүргийг биелүүлээгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж авч байгаа этгээд гэрээний үүргийг хүлээнэ гэж 2002 оны газрын тухай хуульд болон газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д заасан байгаа. Тиймээс “Санбүрд” ХХК-ийн үүрэг нь П.Наранбилэгт шилжиж, газрыг чөлөөлж өгөх үндэслэлтэй. Пүрэвбанзрагч гэдэг хүнд 2014, 2015 онд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдэгдэх хуудас өгч байсан. Мөн П.Наранбилэг нь 2013 оны 06 дугаар сараас өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдээ, мэдээлэл цацагдаж байгаагүй. 2013 онд аймгийн Засаг даргын захирамжаар төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаагаар авсан газруудыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн шалгалтаар маргаан бүхий газар нь тухайн газарт зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байсан тул аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/153 тоот захирамж гаргасан. Иймд тухайн захирамж нь хууль ёсны дагуу байгаа тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/153 дугаар “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан заалтуудыг үндэслэсэн байна.

  1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан заалтын тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг дурдсан ба тус хуулийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” бол эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн № 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.9-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “… удаа дараа …” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... ноцтой зөрчил...”-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино” гэж тайлбарлажээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар захиргааны актын үндэслэлээ Мэргэжлийн хяналтын газраас албан шаардлага, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгч П.Наранбилэгийн эцэг н.Пүрэвбанзрагчид мэдэгдэх хуудас тус тус хүргүүлсэн, мөн нэхэмжлэгч нь дур мэдэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр газраа сунгасан зэрэг зөрчил гаргасан тул газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа нь хууль нийцэхээргүй байна.

Учир нь:

Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн № А/285 дугаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжаар[1] “Санбүрд” ХХК-ийн эзэмшлийн 1200м2 газрыг нэхэмжлэгч П.Наранбилэгт шилжүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр газраа дур мэдэн сунгасан зөрчил гаргасан”  гэж тайлбарлаж байгаа бөгөөд уг зөрчилтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 22/04/015/102 тоот албан шаардлагаар[2] “Санбүрд” ХХК-д эзэмшил газрын хэмжээнээс илүү 984м2    газрыг чөлөөлөхийг шаардаж байжээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд  бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрийг газрын албанд бүртгүүлснээр түүний газар эзэмших гэрээнд заасан эрх, үүрэг нь хэрэгжиж эхлэхээр байна.

Гэтэл дээрх Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага нь нэхэмжлэгч П.Наранбилэгт уг маргаан бүхий газар шилжихээс 7 хоногийн өмнө гарсан бөгөөд өмнөх эзэмшигчид хаяглагдсан байх тул нэхэмжлэгч П.Наранбилэгийг  эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр газраа дур мэдэн сунгасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгч П.Наранбилэг болон түүний эцэг н.Пүрэвбанзрагчид мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг баримт нь дурдагдаагүй бөгөөд  энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвабаатараас шүүх хуралдаан дээр тодруулахад  “2014, 2015 онуудад мэдэгдэх хуудас өгч байсан, гэтэл манай байгууллагын архив бичиг хэрэг болон маргаан бүхий газрын хувийн хэрэгт уг баримт нь байхгүй, зөвхөн миний ажлын компьютер дээр файл хэлбэрээр байгаа” гэх мэдүүлснээс дүгнэхэд тус байгууллагаас ямар агуулгатай мэдэх хуудсыг хэзээ  нэхэмжлэгч болон түүний эцэгт хүргүүлсэн, мөн уг мэдэгдэх хуудас нь анхнаасаа үйлдэгдсэн эсэхийг тогтоох боломжгүйн дээр шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байна.

Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч П.Наранбилэгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн хуулийн 40.1.1-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

2.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан заалтын тухайд:

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан  ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн № 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарлажээ.

Хэнтий аймгийн Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн № 48 дугаар “газар эзэмшүүлэх тухай” захирамжаар[3] Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах 1200м2 газрыг төсөл сонгон шалгаруулалтаар шалгарсан “Санбүрд” ХХК-д кабелийн телевизийн үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “ 2008 онд төсөл сонгон шалгаруулалтаар олгосноос хойш уг газрыг эзэмшигч нар нь кабелийн телевизийн үйлчилгээний зориулалтаар огт ашиглаагүй” гэх тайлбар нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 “Санбүрд” ХХК нь 2008 онд уг маргаан бүхий газрыг төсөл сонгон шалгаруулалтаар авснаас хойш хашиж, барилга байгууламж барьсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Мөн Хэнтий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн № А/285 дугаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамжаар “Санбүрд” ХХК-ийн эзэмшлийн 1200м2 газрыг нэхэмжлэгч П.Наранбилэгт шилжүүлсэн байх ба нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг өөрийн эзэмшилд шилжиж ирснээс хойш зориулалтын дагуу ашиглаж байгаа болох нь 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн № 09-14/01 дугаар “ЭН БИ ЖИ КИНГ МОНГОЛИА” ХХК-ийн “РОЯАЛЬ ЭЙЧ ДИ” телевизтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ[4],   гэрч Л.Тулгабаатарын “2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймагт кабелийн телевизийг дахин дамжуулах төв байр барих асуудлаар хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан” гэх мэдүүлэг[5]  зэргээр нотлогдож байна.

            Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/153 дугаар “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.12-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

ТОГТООХ НЬ:

  1.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д  тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/153 дугаар “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

 

           Шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ. 

 

 


[1] Хх-ийн 81 дүгээр тал

[2] Хх-ийн 153 дугаар тал

[3] Хх-ийн 80 дугаар тал

[4] Хх-ийн 15 дугаар тал

[5] Хх-ийн 149 тал