| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Ням |
| Хэргийн индекс | 170/2018/0018/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-03-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Ш |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 22
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Д.******* Шүүгдэгч Г.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-д холбогдох 1823000060013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн 39 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, *******, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газар оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Г-ийн С- РД:/ИК********/ Шүүгдэгч Г.С- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг буюу бусдын 2 үхрийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
******* сумын иргэн Н.Т- 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд тус сумын ******* багийн Бор майхантын Урд хүүш гэдэг газраас улаан зүсмийн дөнжин үнээ, саарал зүсмийн шүдлэн үхрээ алдсан болох нь мөрдөн байцаалтын шатанд түүний хохирогчоор өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 17-ны үед үхрээ харахад манай үхэр Бор майхантын Урд хүүш гэдэг газар байсан тэгээд 11 дүгээр сарын 20-ны өдөр үхрээ харсан чинь 2 үхэр алга байсан. Тэгээд хайгаад олдохгүй болохоор нь цагдаад тэмдэглүүлсэн. Нэг нь улаан зүстэй дөнжин үнээ, нөгөөдөх нь саарал зүстэй шүдлэн үхэр, хоёулаа буруу чих гол цуулбар эмтэй өөр содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй.” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Харин дээрх 2 тооны үхрийг хулгайлан авсан гэдгээ шүүгдэгч Г.С- мөрдөн байцаалтын шатанд “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* уулын энгэр гэдэг газар луу би мотоциклтойгоо үхэрдээ яваад үхэр хураатал үхэр дотор сартай, саарал шүдлэн, улаан хүрэн гунжин үнээ байсан. Тэгээд шууд хашаандаа аваачаад тэр 2 үхрийг алсан. Манайд эхнэр *******оос өөр хүн байгаагүй. Би эхнэртээ өнөөдөр үхрээ хураагаад ирсэн юм чинь 2 үхэр гаргаж хот руу явуулъя гэсэн чинь тэг гэсэн. Тэгээд би нар жаргаад яг харанхуй болох гэж байхад хоёр үхрийг гаргаж махыг нь манай сумын жолоочид хот руу дайж ах, эгчдээ өгч явуулсан.” гэж хүлээн мэдүүлжээ. Мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн эхнэр Н.*******т гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарласны дараа мэдүүлэг өгөхөө зөвшөөрөн мэдүүлэхдээ “2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* уулын энгэр гэдэг газар луу манай нөхөр С- өөрийнхөө мотоциклтой үхэрдээ яваад орой эргэж ирээд 2 үхэр гаргаад хот руу явуулъя гэж надад хэлэхээр нь би тэг гэсэн. Тэгээд тэр оройноо манай нөхөр С- хоёр үхэр гаргасан. Харанхуй болж байсан болохоор би гарч хараагүй. Угаасаа гаргана гээд хоёр шүдлэн үхэр байсан, тэр хоёр үхрээ гаргаж байгаа юм байна гэж бодсон. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй, бид нар бүл муутай болохоор бид хоёрын зав орой л гардаг, тэгээд ерөөсөө анзаарч хараагүй, бас асуугаагүй, өөрийнхөө гаргана гэсэн үхрээ гаргаж байгаа юм байна гэж бодсон. Хулгайн үхэр гэдгийг нь сая он гаргаад мэдсэн” гэжээ. Н.*******ын дээрх мэдүүлэг шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Ийнхүү шүүгдэгч Г.С- бусдын 2 тооны үхрийг хулгайлсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Н.Т- нь хохиролгүй болгосон тул гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. Шүүгдэгч Г.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжжээ. Шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт Г-ийн С-ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Г.С-ыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.С-ыг тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Г.С- тэнссэн хугацаанд хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Г.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Г.С- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар нь хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгчийн эд хөрөнгө гэх тус бүр нь 500000 төгрөгийн үнэлгээтэй 2 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 5/19 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НЯМ