Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/33

 

-                                                               

                                                                                                                                                              

 

 

 

Н.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

 

Прокурор Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У, О.Б

Хохирогч Т.З

Хохирогчийн өмгөөлөгч Д.Г

Шүүгдэгч Н.Э

           Нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан,

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б, хохирогч Т.З нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Эт холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

              

               Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Б суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Э сумын 05 дугаар багийн Наранбулагийн **** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Н-н Э /РД:**********/

 

Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Архангай аймгийн Э сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” мини маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч Т.З-д 11.850.995 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Архангай аймгийн Прокурорын газраас Н.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт Н-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Э сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Э-ээс 10.750.995 /арван сая долоон зуун тавин мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Э сумын 3 дугаар баг, 72 дугаар байрны 10-08 тоотод оршин суух Б овогт Т-ийн З /РД:*********/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тооцооны дэвтэр 3 ширхгийг хохирогч Т.З-д буцаан олгож, Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Эийг бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо:  Өмгөөлөгч О.Б миний бие Н овогтой Эийн хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний өмгөөлөгчөөр оролцож байгаа билээ. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолыг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гардан авч уг шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 6 дах заалтыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Н.Эт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас хохирогч Т.З-д 11 850 995 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба шинжээчийн зардалд 500 000 төгрөг төлсөн тасалбарыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршиг нийт 12 350 995 төгрөг болсон ба үүнээс Н.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 700 000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс 900 000 төгрөгийг цалинд тооцож хассан гэж дүгнэлт хийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ээс 10 750 995 /арван сая долоон зуун тавин мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Э сумын 3 дугаар баг, ** дугаар байрны **** тоотод оршин суух Б овогт Т-н Зд олгож шийдвэрлэсэн.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө. нийтийн болон үндэсний ашиг сонирхол. аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно." гэж заажээ. Н.Э-ийг “Э’’ мини маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа анх 46 619 104 төгрөгийн бараа материалыг гарын үсэг зурж тооллогоор хүлээн авч 61,038, 925 төгрөгийн бараа материалыг орлогод хүлээн авч 39, 082, 185 төгрөгийн борлуулалтын орлогыг хохирогч Т.З-д тушааж, 56 018 077 төгрөгийн бараа материалыг ажлаас гарахдаа буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгч 11 850 995 төгрөгийн бараа материалыг тооцооноос дутаасан гэж үзсэн.

Үүнийг шүүгдэгчийн зүгээс дэлгүүрийн бараа материалыг бүрэн тоолж, дараагийн худалдагчид хүлээлгэж өгөөгүй байхад тухайн өдрөө надад дэлгүүрийнхээ түлхүүрийг өгөөгүй "хохирогч Т.З өөрөө аваад явсан гэж мэдүүлдэг бөгөөд энэ хугацаанд дэлгүүрт ямар нэгэн байдлаар өөр хүний үйлдлийн улмаас бараа дутах, алга болох эрсдэлийг үүсгэх бүрэн боломжтой байсан. Мөн түүнчлэн шүүгдэгч Н.Э нь худалдагчаар ажиллаж байхдаа өөрийнхөө хэрэглээнд бараа материал, зарим тохиолдолд цалингаасаа бодуулчихна гэсэн бодлоор бэлэн мөнгөний орлогоос өөрт авч хэрэглэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь гэмт хэрэг байсан гэдгийг мэдэлгүй, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэлгүйн улмаас бусдын эд хөрөнгийг өөрт авч хэрэглэж байсан нь хууль бус байсан гэдгийг сүүлд нь ойлгож мэдсэн гэж мэдүүлдэг ба өөрийнхөө энэ хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.Зд учруулсан хохирол болох 2 004 461 төгрөгийг төлөх болно гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүнийг Эрүүгийн хуульд заасан Н.Эийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Згийн эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол гэж үзэж болох юм.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 128 тоот шинжээчийн дүгнэлтүүд “Н.Эийн хариуцлагад байвал зохих бараа материалын тооцооноос 11 850 995 төгрөг дутагдаж байна." гэсэн байх бөгөөд энэхүү шинжээчийн дүгнэлт нь зөвхөн бараа материал хүлээн авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг үндэслэл болгон зөрүүг тогтоосон болохоос Н.Эийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид хэдэн төгрөгийн хохирол учруулжээ гэж нарийвчлан нягталж тогтоогоогүй дүгнэлт юм. Шинжээч дүгнэлт гаргахдаа шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг баримтлах ёстой бөгөөд Н.Э бүх хохирлыг өөрт ашиглаж бусдын эд хөрөнгийг завшсан гэсэн байдлаар түүнийг 11 850 995 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир'нь Н.Эээс шалтгаалахгүй өөр бусад хүчин зүйлээс болсон, бараа материалаа хүлээлгэж өгөхдөө дунд нь тухайн дэлгүүрийн түлхүүр Эээс өөр хүнд шилжсэн, мөн түүнчлэн ганцаараа ажилладаг, өөр хяналт байхгүйн улмаас барааг бусдад хулгайд алдах зэрэг үйлдлийн улмаас дээрх хохирол учирсан байхыг үгүйсгэхгүй юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзэн Н.Эийн өөртөө авч ашигласан гэдгийг хүлээн зөвшөөрч буй мөнгөн дүн болох 2 004 461 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэн хохирогч Т.Зд гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байсан.

Иймд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул уг шийтгэх тогтоолын 6 дах заалтад өөрчлөлт оруулж шүүгдэгч Н.Эээс 2 004 461 төгрөг гаргуулж хохирогч Т.Зд олгохоор өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие оролцож дэлгэрэнгүй тайлбар гаргах тул шүүх хуралдааны товыг 99077061 дугаарын утсанд мэдэгдэж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар өмгөөлөгч давж заалдах гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ давж заалдах гомдлыг урьдчилан танилцуулсан байна гэж заасны дагуу Н.Эт танилцуулж гарын үсэг зуруулсан болно гэжээ.

Хохирогч Т.З давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч Н. Эт холбогдох эрүүгийн ************* тоот хэргийн хохирогч Т. З би анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 28-ны 200 тоот шийтгэл тогтоолтой танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хэргийг анх эрүү үүсгэн шалгаж эхэлснээс хойш өнөөг хүртэл ЭХХШТХ-ийн 16.2-ын 1.1, 1.2 хэн үйлдсэн хэрхэн яаж үйлдсэнийг гэрч Д.П, гэрч А.О, хохирогч Т.З-гийн мэдүүлгүүдээс шүүгдэгч Н.Э-ийн нөхөр А.О нь анх энэ хэргийг сэдэж (эхнэрээ манайд ажилд оруулахыг санал болгосон), манайхыг мөнгө идэх, ашиглах байгаа болгосон. Улмаар 2023 оны 05 сарын 10-ны үеэс орлого багасаж, барааны үлдэгдэл эрс багасч, худалдагч Д.П ажлаа тоолж авах гэхэд Н.Э нь нөхөр бид 2 хоорондоо ярилцсан, манай нөхөр намайг ахиад 10 хоног ажиллаад нэг мөр хүлээлгээд өгчих гэлээ, гээд бид 2 ажлаа зохицуулчихлаа гэж ахин суух гэж улайрч, цаашид үргэлжлүүлэн ажиллаж дэлгүүрийн орлого, бараанаас үрвэлжлүүлэн авахыг санаархаж байсан байдал зэргээс үзэхэд гэрч А.О-ыг хамтран үйлдсэн үндэслэлээр огт шалгаж, өгөөгүйд гомдолтой байна. Хэрэг шалгахад Н.Э-ийн дансанд 3 сая гаран төгрөг орж гарсан байсан. Үлдсэн мөнгө А.Оын дансаар орж гарсан байх бүрэн боломжтой байсан. Хэрэв шалгасан бол Н.Эийн нөхөр А.Оын банкны нэр дээрх дансанд орлого орж гарч байсан эсэх, 1 сар гарангын хугацаанд идэж ашигласан 12 сая төгрөгөөс хувьдаа мотоцикль авсан байх үндэслэлтэй тул, хэзээ хэнээс ямар үнээр авсныг нь тогтоох, мөн Н.Э, А.О нар нь банканд өр зээлтэй байсан эсэх, тухайн үед төлөгдсөн эсэхийг шалгаж тогтоох байсан.

Н. Эийг анх худалдагч гэрч Д. Пд танилцуулахдаа худалдаанд олон жил ажилласан, туршлагатай, алдаа дутагдал гаргаж байгаагүй мэтээр худал хэлсэн байдаг. Бодит байдал дээр өмнө нь Н.Э нь А хүнсний дэлгүүрт ажиллаж байгаад мөн л орлогоосоо идэж ашиглан шамшигдуулсныг тухайн дэлгүүрийн эзэн Ц тогтоогоод, худалдагч хийлгэхгүй үйлчлэгч хийлгэж байгаад цалингаас нь өр ширийг нь суулгаж авахаар ажиллуултал, дэлгүүрийн хамгийн үнэ цэнтэй архи, виски, бараа зэргийг, хулгайлж хогийн хар уутанд хийж энд тэнд нууж тавьж байгаад авч явдаг байсан нь илэрч ажилгүй болоод удалгүй манайд худалдагчаар орсон байдаг. Энэ байдлыг нөхөр болох А.О нь мэдэж байсан байдаг. Энэ бүхнийг миний бие өөрийн өмгөөлөгч Д. Г-н хамт хэрэг шүүх дээр байх үед, өмнө нь олон жил ажилласан гэх дэлгүүрийн эзэн Цэрэндолгортой нь уулзаж мэдсэн. Хуульд зааснаар Н. Эийн хувийн байдлыг шалгасан бол энэ бүхэн тогтоогдох баасанг огт шалгаагүйд гомдолтой байна.

Шийтгэх тогтоолыг гардаж аваад, уншиж танилцахад, шүүгдэгч Н. Э-ийг (өөрийн) гэм буруугаа хүлээсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирол төлөхөөр илэрхийлсэн мэтээр бичсэн байна. Бодит байдал дээр 2 өмгөөлөгчтэйгөө нийлээд дэлгүүрийн эхний үлдэгдэл, эцсийн үлдэгдэл худал гарсан, миний бие хэлмэгдсэн байна. Би гэм буруугүй, шүүхээс гэм буруутайд тооцох хүртэл мэтгэлцэж, нэхэмжлээд байгаа мөнгийг хүчингүй болгож өгнө үү, чухам өөрийгөө хэлмэгдэж байна, хохирогч намайг худал тооцоо гаргаж гүтгэж байгаа мэтээр, цагдаагийн байгууллага дутуу шалгасан мэтээр мэдүүлж байсан. Шүүх хурал дуусах үед хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч ямар ч мөнгө төлөх сэтгэл байгаагүй. Одоо ч төлөөгүй, таг чиг алга болсон. Энэ байдал нь шүүх, шүүхийн тогтоолд бичигдсэн байдал, хэргийн бодит байдал 2 илт зөрүүтэй байна.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан, нэмэлт мөрдөн байцаалт явуулж, дутуу шалгасныг гүйцээж, бодит үнэнийг тогтоон, хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогч Т.З шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Миний хувьд О-ыг шалгаагүйд гомдолтой байгаа. Э өмгөөлөгч аваад л ийм зүйл яриад эхэлсэн. Түүнээс бол анх идсэн ууснаа хүлээн зөвшөөрч байсан. Мэдээж 10,000,000 сая төгрөгийг нөхөртэйгөө зөвшилцөж хулгайлсан байж таарна. Ийм зориг гаргаж ганцаараа хийнэ гэж байхгүй. Намайг түлхүүр авч явсан гэж яриад байна. Түлхүүрийг П энэ хоёр хоорондоо зохицож нааш нь цааш нь болгосон байх. Яагаад гэвэл нэг нь хүлээж аваад нөгөөх нь хүлээж авч байгаа. Тэнэг л биш бол надад мэдээж түлхүүрээ өгөхгүй. Энэ асуудалд намайг хольж хутгаж яриад байгаа нь өөрсдийгөө гэмгүй ариухан цагаахан харагдуулах гэсэн арга хэлбэр гэж харж байна. Шүүгдэгчийн байр байдлыг цагдаад хэлж байсан. Өмнөх ажиллаж байсан дэлгүүртээ өр дутагдалтай юм билээ тэрийгээ төлөхгүй яваад байгаа. Тэрийгээ мэдсээр байж манайд ажилд орсон гэж хэлэхэд цагдаа нар шалгаж өгөөгүй. Дутуу хагас шалгаад хаясан, ерөөсөө шалгаагүй. Би өмнө нь ийм асуудлаар цагдаагийн байгууллагаар явж үзээгүй. Хэлсэн учраас шалгах байх гэсэн үүднээс хандсан. Гэтэл огт шалгаагүй байсан. Зузаан хавтастай хэргийн материалтай танилцаад хаана юу байгааг нь үнэндээ үзээд ойлгохгүй байсан. Тэгээд сүүлд аргаа бараад өмгөөлөгч аваад бодит байдлыг хэлсэн. Мөн 2 тооллогын хуудсыг тусад нь хөтөлдөг. Тэрийг нь эмх цэгцэд оруулаад шивээд гаргасан. Тэгсэн эмх цэгцтэй болгосны төлөө намайг тархи толгой эргүүлсэн гэж яриад байгаа. Тухайн үед Э будилуулах гэж нэлээн оролдож байсан. Сүүлийн тооллого дээр хүртэл тархи толгой өвдөөд байна гэж гарч гүйгээд нөхөртэйгөө утсаар хэрэлдэж гүйгээд тооцоогоо тулгахгүй гэж өчнөөн юм болсон. Тэр бүхнийг цагдаад хэлж байсан. Тооллогын 2 дэвтэр нь надад байгаа. Тэрийгээ ирж авахгүй байгаа гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн тайлбарыг сонслоо. Хохирогч өөрөө нягтлан хүн учраас боломжийн хэмжээнд шалгасан. Энэ хүнийг хэлмэгдүүлэх хэмжээний хүн чанаргүй ч хүн. Мөрдөн байцаагч баримтыг үндэслэж л шалгасан. Тиймээс энэ яриад байгаа гомдол нь үндэслэлгүй байна. Хохирогчийн гомдоод байгаа нөхрийнх нь дансаар орсон гарсан мөнгийг шалгасан бол нэлээн үнийн дүн гарах боломжтой. Хэргийн хөдөлбөргүй тогтоож чадаагүй гэж ярьж байна. Хэргийг дутуу шалгаснаар ингэж ярих боломжийг олгож байна. Шүүх хэргийг хэтэрхий удаашруулж буцаасан. Тиймээс хохирогчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна. Анхнаасаа зөв шалгасан бол ийм зүйл ярихгүй байсан гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх дэлгүүрт өртэй ширтэй гэж яриад байгаа нь худлаа. Цэрэндолгор эгч болон худалдагч нар хэлээд батлаад өгнө. Хүнийг тэгж гүтгэж болохгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцээд 2023/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолын Н.Э-ээс гаргуулсан хохирол байгаа. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Яллах дүгнэлт болоод шүүхэд шилжсэн хэргийн хүрээнд шийдвэрлүүлэх саналтай байна. Баримтаар тогтоогдож байгаа 2,044,000 төгрөгийг шийдвэрлүүлэх саналтай байгаа. Хохирогч талаас тайлбар хэлээд байгаа учраас нэг зүйл хэлье. Аль аль талын зэрэгцүүлээд үзэж байсан баримт байгаа. Харин хооронд нь нэгтгэж үнийн дүн таарч байна уу гэдгийг шалгаагүй байдаг. Н.Э тухайн дүнг нэгтгэж гаргаагүй байдаг. Үүнийгээ анхан шатны шүүх хуралдаанд ч хэлдэг. Шинжээчийн дүгнэлт гарахдаа эх хувь нотлох баримтыг огт үндэслээгүй. Згийн гаргаж өгсөн жагсаалтыг үндэслэж дүгнэлт гаргасан учраас гомдолтой байгаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хохирогч шүүгдэгчийг өмгөөлөгч аваад хэргээ хүлээгээгүй гэж ярилаа. Н.Э өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч буруу үйлдэл хийсэн гэдгээ өмгөөлөгч авсныхаа дараа ойлгосон. Түүнээс өмнө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаад явж байсан. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцээд 2023/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэмт хэргийн хохиролд 11,850,995 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Э-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2,004,461 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнийг гэмт хэргийн хохиролд тооцож Эрүүгийн хуульд зааснаар Н.Э-ээс гаргуулж Зд олгох бүрэн боломжтой байсан гэж үзэж гомдол гаргасан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцээд 2023/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Өмнө нь шүүхээс буцаасан шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийсэн. Мөн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад завших гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзээд түүнийг гэм буруутайд тооцсон. Гэмт буруутайд тооцохдоо өмгөөлөгчийн зүгээс торгуулийн шийтгэл оногдуулах санал гаргаж байсан. Гэвч хохирол төлбөрийн хэмжээ 11,000,000 төгрөгийн төлбөр гарсан. Тийм учраас нэг талдаа хохирогчид ашигтай гэсэн байдлаар торгуулийн ял оногдуулбал мөнгөн дүн нэмэгдэх учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулаад аль аль талд нь ашигтай байдлаар шүүхээс зорчих эрхийг оногдуулсан. Тиймээс Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцээд 2023/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудал бүрэн шалгагдсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б, хохирогч Т.З нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хяналаа.

 Хэргийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Архангай аймгийн Э сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” мини маркет дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч Т.З-д 11.850.995 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Т.З, гэрч Д.П, А.О, Т.Б, яллагдагч  Н.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт, Н.Э-ийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч Н.Э-т холбогдох хэргийн  зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн  бөгөөд шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь тохирсон байна.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б  “...Н.Э-ийн өөртөө авч ашигласан гэдгийг хүлээн зөвшөөрч буй мөнгөн дүн болох 2.004.461 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэн шийтгэх тогтоолын 6 дах заалтад өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Э-ээс 2.004.461 төгрөг гаргуулж хохирогч Т.З-д олгохоор өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

   Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Эийн үйлдлийн улмаас хохирогч Т.З-д 11.850.995 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч Т.З-гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэн, хохирогч Т.З-гийн “М” ХХК-д шинжээчийн зардалд 500.000 төгрөг төлснийг гэм хорын хохиролд тооцон нэмж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 12.350.995 төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Н.Э-ийн  төлсөн 700.000 төгрөг, Н.Э-т олгох байсан цалин 900.000 төгрөгийг тус тус хасч тооцон, 10.750.995 төгрөгийг шүүгдэгч Н.Э-ээс гаргуулж, хохирогч Т.З-д олгохоор шийдвэрлэжээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад түшиглэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр  дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд бүрэн нийцсэн, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөв тооцсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б-гийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Хохирогч Т.З “...Гэрч А.О-ыг хэргийг хамтран үйлдсэн үндэслэлээр  шалгаагүй, шийтгэх тогтоолд шүүгдэгч Н. Э-ийг гэм буруугаа хүлээсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирол төлөхөө илэрхийлсэн мэтээр бичсэн, шүүгдэгч Н.Э-ийн хувийн байдлыг гүйцэд шалгаагүй учир  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэнэ ...” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдсэн, энэ хэрэгт гэрч А.О-ыг холбогдуулан шалгах үндэслэлгүй, шүүгдэгч Н.Э-ийг гэм буруугаа хүлээсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирол төлөхөө илэрхийлсэн гэж анхан шатны шүүх  дүгнээгүй тул хохирогч Т.З-гийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б, хохирогч Т.З нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                 ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн 2023/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б, хохирогч Т.З нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

Л.АРИУНЦЭЦЭГ