Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 109/ШШ2025/0007

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б нарын хоорондын “Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б-ын 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 0101016 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал С.Р, хариуцагч Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Х” ХХК-иас Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б-д холбогдуулан “Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч В.Б-ын 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 0101016 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Прокурорын газар, тус аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан нэгдсэн шалгалтын явцад тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-иас хадгалах хугацаа хэтэрсэн 9 нэр төрлийн 35 ширхэг, 15,28 кг, 418,360 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хураан авсан байна. (Хавтаст хэргийн 26 дахь тал)

2.2. Улмаар дээрх зөрчилд холбогдуулан иргэний мэдээллийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ********* дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт харьяаллын дагуу шилжүүлжээ. (Хавтаст хэргийн 26, 30 дахь тал)

2.3. Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б- 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 0101016  дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “Х” ХХК-д хадгалах хугацаа хэтэрсэн хүнс хадгалсан, худалдсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу 5000 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ. (Хавтаст хэргийн 59 дэх тал)

2.4. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Х” ХХК-иас 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туухай хуулийн 14.4 дэх хэсэгт хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Гурав. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч тайлбар, татгалзлын тухайд:

3.1. Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн “Х” хүнсний дэлгүүрт Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 0101016 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай байгууллага үйлдвэрлэгч биш бөгөөд иргэд, хуулийн этгээдээс нийлүүлсэн барааг хүлээн авч, хугацаа дуусах дөхсөн барааг дараагийн нийлүүлэлт иртэл хадгалж байгаад шинээр үйлдвэрлэсэн бараагаар сольдог. Манай байгууллагын ажилтан “Сүү” ХК-ийн Амтлаг нэртэй 500 граммын 3 ширхэг тараг, Лугавое нэртэй 250 граммын маслыг 12 ширхгийг хугацаа дууссаныг мэдээд нийлүүлэгч хуулийн этгээдийн төлөөлөгчийг ирэхээр солиулахаар хөргүүрт болон хайрцагт хийгээд складанд байлгаж байсныг тухайн шалгалтаар ирсэн албан тушаалтнуудад хэлтэл үл тоомсорлож хурааж авч яван эрх бүхий байгууллагад гомдол, мэдээлэл өгсний дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зөрчлийн хэрэг бүртгэлт нээж манай байгууллагад хариуцлага тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн барааг зориулалтын хөргөгчид байлгаж байгаад солиулахгүй бол исэх, сагах, үнэр орох гэх мэт сөрөг үр дагавар үүсдэг учир үүнээс сэргийлж хөргөгчид байлгаж байсан. Тухайн бараануудын хугацааг дууссанаас хойш нэг ч ширхэг барааг худалдан борлуулаагүй, энэ талаар эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа хэлсэн. Иймд манай байгууллагын зүгээс Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчлийг үйлдээгүй гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 0101016 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал С.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас хураагдсан бараа буцааж компанид өгөх бараа байсан. Хиам нь хадгалалт буруу гэж байсан. Хөлдөөгчид хийсэн байсан. Задраад исэглэн үнэр орсон гэж бичсэн нь манайд тийм байгаагүй. Хурааж авч яваад 2-3 хоногийн хугацаа болсон байсан. Хурааж авч яваад зориулалтын бус газарт хадгалсан. Масло гэдэг бол компаниас нь тухайн хүмүүст хэлсэн. Тухайн өдөр 2 ширхэг нь лангуун дээр байсан. Хугацаа нь дууссан байсан. Бусдыг нь харцаганд хийгээд тавьсан байсан. Хотруу тэр дор нь явуулна гэхээр унаа тэрэг болдоггүй. Машинд явуулъя гэхээр тэр нь хүргэж өгдөггүй. Авахгүй буцаад ирдэг, зам зуураа эвдэрч хэмхрээд буруудаад байдаг. Тийм хүлээгдэлтэй бараанууд байсан. Хиам нь нэр төрөл нь олон хэр нь 4, 5 төрлийн хиам байсан. Нухаш, зайдас, сальяам гээд тэр нь нийтдээ 9 төрөл болж байсан. Үүнээс масло, тараг, 1 компот байсан. Би өөрөө дэлгүүртээ нэлээн хяналт шалгалт хийж байдаг. Ажлынхаа байранд байнга байж хяналт шалгалт хийж байдаг гэв.

3.3. Хариуцагч Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа “ ... Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна” гэсэн заалтыг биелүүлсэн мэт боловч 8.3-д заасан “Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан үндэслэлээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авсан тохиолдолд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь энэ тухайгаа нэн даруй хяналтын байгууллага, хэрэглэгчид болон тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авсан хүнсний сүлжээний дараагийн шатны үйл ажиллагаа эрхлэгчид мэдэгдэнэ” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. “Луговое” нэртэй 250 граммын маслог 12 ширхгийг хугацаа хэтэрснийг мэдсээр байж нэн даруй хяналтын байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлж манай байгууллагад хандаагүй, нийлүүлэгчид буцаалт хийх талаар мэдэгдэлгүй ирэхийг нь хүлээж байсан нь харагдаж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7-д “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ” гэсэн байна. “Х” ХХК-ийн хүнсний дэлгүүртэй холбогдох гомдол мэдээлэлд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанарын байцаагч В.Б би ********** дугаар зөрчлийн хэрэг нээн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” зөрчил гаргасныг зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байсан тул 0101016 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан таван мянган нэгж буюу 5 сая төгрөгөөр торгох шийтгэлийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

3.4. Хариуцагч Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-тай холбоотойгоор аймгийн хууль хяналтын байгууллагын хамтарсан, өргөтгөсөн шинэ жилийг угтсан хяналт явсан байсан. Прокурор, цагдаагийн байгууллага болон татварын байгууллагын хамтарсан хяналт шалгалтаар 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Х” ХХК-д шалгалт хийгдсэн. Энэ шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн илэрснийг цагдаагийн байгууллага тэмдэглэж, харьяаллын дагуу манай байгууллагад шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагаас тус зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлэх албан тушаалтны санал “Х” ХХК-ийн захирал С.Р-ийг байлцуулан хадгалалтын хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг тэмдэглэсэн тэмдэглэл, хавсаргасан 3 хуудас материал манайд ирсэн. Шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цагдаагаас ирүүлсэн тэмдэглэл, “Х” ХХК-иас хураагдаж ирсэн 9 нэр төрлийн 35 ширхэг, 13 килограмм, 413,000 төгрөгийг хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнд үзлэг хийсэн.  Хадгалах горим зөрчигдсөн байсан. Хэрэглэх хүчинтэй хугацааг нарийн тогтоож үзэхэд 5-35 хоногоор хэтэрсэн  бүтээгдэхүүнүүд байсан. Хүнсний тухай хуульд бүтээгдэхүүн болгон өөр өөрийн гэсэн нэр төрөл, ангилалтай байдаг. Тэр утгаараа тоорын компот, лугови масло, шинэ зайдас гэх бүтээгдэхүүн болгон өөрсдийн нэр төрлөөр орж ирж байгаа. Энэ дээр Аянчин гэдэг нэртэй хиам байсан. Энэ нь хоёр давтагдсан учраас ингээд нийт 10-аас 9 нэр төрлийн бүтээгдэхүүн болгож орж ирсэн. Ингээд хугацаа дууссан буюу хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн тухайн дэлгүүрт байсан гэдэг нь тэмдэглэл болон хэргийн материалуудаас нотлогдож байгаа. Энэ үйл ажиллагаагаар “Х” ХХК-ийн хүнсний дэлгүүрт Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь хэсэгт заасан хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан, худалдсан гэдэг зөрчил нь нотлогдож байгаа.  Мөн өөрийнх нь холбогдогчийн болон гэрчээс авсан мэдүүлэг, хэргийн газраас хураагдсан эд зүйлийн үзлэг хийж тэмдэглүүлсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан зураг зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу хүний эрүүл мэнд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэх дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан гэдэг зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон байна гэж үзэж 0101016 дугаар шийтгэлийн хуудсаар 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгуулийн ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ ... манай байгууллага үйлдвэрлэгч биш бөгөөд иргэд, хуулийн этгээдээс нийлүүлсэн барааг хүлээн авч, хугацаа дуусах дөхсөн барааг дараагийн нийлүүлэлт иртэл хадгалж байгаад шинээр үйлдвэрлэсэн бараагаар сольдог ... өмнө ийм зөрчил гаргаж байгаагүй, хойшид ийм төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлж дотоод хяналтаа сайжруулж ажиллах болно, мөн буцаалтын барааг худалдахгүй гэсэн бичиг нааж хадгалах ёстойг ойлгож авлаа ...” гэж,

Хариуцагчаас “ ... хугацаа хэтэрснийг мэдсээр байж нэн даруй хяналтын байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлж манай байгууллагад хандаагүй, нийлүүлэгч рүү буцаалт хийх талаар мэдэгдэлгүй ирэхийг нь хүлээж байсан ... Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн ...” зөрчил гаргасан тул шийтгэл ногдуулсан гэж тус тус тайлбарлаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагчийн тайлбар, татгалзлын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1. Маргаан бүхий Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б-ын 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 0101016 дугаартай шийтгэлийн хуудасны тухайд

1.1. Маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 0101016 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “Х” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзжээ.

1.2. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих 3. дахь хэсэг Хуульд заасныг зөрчиж: 3.1.-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” гэж заасан байна.

1.3. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12.-т "хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийг, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.-д "хүнсний сүлжээ" гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг ойлгоно гэж хуульчлан зохицуулсан.

1.4.Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн *********** дугаартай гэрчилгээнд зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хүнсний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх буюу хүнсний дэлгүүр ажиллуулж хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 39 дэх тал)

1.5. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. дэх хэсэг Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавина: 10.1.1.-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах” гэж заасан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

1.6. Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ: 10.1.1.хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцах;”, 10.3. дахь хэсэгт Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно: 10.3.1.-д “хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх”, 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэг Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ: 11.1.7.-д “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” гэж тодорхойлсон байна.

1.7. Цаашилбал Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсэгт “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна.”, 8.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан үндэслэлээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авсан тохиолдолд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь энэ тухайгаа нэн даруй хяналтын байгууллага, хэрэглэгчид болон тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авсан хүнсний сүлжээний дараагийн шатны үйл ажиллагаа эрхлэгчид мэдэгдэнэ.” гэж заажээ.

1.8. Маргаан бүхий уг хэргийн тухайд, хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэл бүхий “Х” ХХК нь хадгалах хугацаа дууссан 9 нэр төрлийн /тоор компот 3 ш, янта масло 13 ш, шинэ зайдас 2.2 кг, гурван тоорой элэгний нухаш 12 ш, онцгой хиам 12 ш, нийслэл 1ш, салями-хос гарьд 6 кг, аянчин-хос гарьд 0.96 кг, аянчин-баялаг 3.924 кг, жуулчин-ануболор 2.2 кг/ 35 ширхэг, 15.28 кг, 418,360 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж хадгалсан болон нь хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

1.9. Тодруулбал, нэхэмжлэгч “Х” ХХК нь дээрх хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан эсэхтэй маргаагүй, уг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож буй бусад бүтээгдэхүүний хамт хөргүүрт хадгалсан үйлдэл нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 10 дугаар зүйлийн 10.3.1, 11 дүгээр зүйлийн 11.1.7-д заасныг зөрчсөн бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийн 6.15. дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулжээ.

1.10. Мөн нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал С.Р 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “ ... масло бол падан байгаа, хатчихсан байсан, 0.9 кг хиам бол бид устгахаар хөргүүрт хийсэн байсан ... бүтээгдэхүүн тавиут өрөөстэй байсан, зөрчлөө зөвшөөрч байна ...” гэх тайлбар гаргажээ. (Хавтаст хэргийн 18-20 дахь тал)

1.11. Түүнчлэн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хэрэглэгч, олон нийтэд стандартын шаардлагад нийцсэн, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг санал болгох, худалдах үүрэгтэй.

1.12. Нэхэмжлэгчээс маргаан бүхий дээрх асуудлаар “ ... хүнсний бүтээгдэхүүний хугацаа дууссаныг мэдээд нийлүүлэгч хуулийн этгээдүүдийн төлөөлөгчийг ирэхээр солиулахаар хөргүүрт болон хайрцагт хийгээд скаладанд хадгалж байсан ...” гэх тайлбар гаргасан боловч энэ нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах талаарх хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөх үүргээс чөлөөлөх, дээрх зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохооргүй байна.

1.13. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.3.1, 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалт, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасныг тус тус үндэслэн “Х” ХХК-иас Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б-д холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б-ын 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 0101016 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        А.ТҮВШИНТУЛГА