Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-т холбогдох эрүүгийн 1710 0096 70068 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг У пабад хөзөр тоглож байгаад “Хожсон мөнгөө хуваана” гэж иргэн Н.Г-тай маргалдан, түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад                                                     

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Шүүгдэгч Г.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Г, Б, Г гэдэг хүмүүс намайг дуудсан. Би тэдний сууж байсан “Ундрага” гэдэг пабад очиж хөзөр тоглосон. Бид хөзөр тоглож байхад Н.Г нь Г.Г-тай маргалдсан. Би тэр хоёрыг салгах зорилготой очиход Н.Г намайг маргаанд оролцуулсан. Бид хөзөр тоглож дуусахад маргаан үүсэж би Н.Г-ыг нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хохирогчтой хамт эмнэлэг явж, эмнэлгийн зардлыг бүрэн барагдуулсан. Би хохирогчид эмчилгээний зардалд 950.000 төгрөг төлсөн. Бооцоот тоглоом тоглох зөвшөөрөлтэй үгүйг би мэдэхгүй байна. Зөвшөөрөл байхгүй байх. Бооцоот тоглоом тоглож ямар нэгэн арга хэмжээ авхуулаагүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710009670068 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21:00 цагийн орчим миний танил ах болох Б миний гар утас руу залгаад “Покер тоглох уу, хэдэн хүн рүү ярьчихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд 22:00 цагийн үед У пабад ирсэн. Намайг У пабад очиход Б, Б, Г, О нар ирсэн, намайг хүлээж байсан. Намайг ирсний дараа У пабын хоёрдугаар давхарт №1 номерын өрөөнд орж тоглохоор болсон. Тэгээд бид нар техас покер нэртэй тоглоом тоглоод 30 орчим минут болсон. Тухайн үед би 30 гаруй мянган төгрөг хожсон байсан бөгөөд миний хожлын мөнгөнөөс Г нь “хуваана” гээд, би “яахаараа хуваадаг юм бэ, би авна ш дээ” гэснээс болоод Г-тай маргалдаж, маргаан эхэлсэн. Тэгтэл Г намайг “ална шүү, пизда минь” гэж хэлээд босоод ирсэн. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Би тэр үед сандал дээрээ зүгээр сууж байсан. Тэгтэл хажуу талаас Г гэх залуу сандлаасаа босож ирээд миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохисон.

Миний хамарнаас их хэмжээний цус гарсан. Тэгээд би хамраа тэмтрээд үзэхэд миний хамар голоороо хугарсан юм шиг далийсан байсан. Тэр даруйдаа Г-тай хамт Гэмтлийн эмнэлэг явж хамрын зураг авахуулахад хамар  хугарсан байна гэсэн. Тухайн үед нь тэр доороо хамраа янзлуулах гэсэн боловч эмч боломжгүй гэж хэлсэн, Маргааш өглөө нь 1 дүгээр эмнэлэг юм уу, МЖ нэртэй эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд Г бид хоёр У пабын гадна ирээд, машинаа аваад гэр гэртээ харьсан.

Би Г-тай хааяа хамтдаа техас покер нэртэй тоглоом тоглодог байсан. Тэр өдөр ч гэсэн хамтдаа техас покер нэртэй тоглоом тоглохоор цугларсан байсан. Миний хамар хэсэгт Г гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Тухайн үед бид нар бүгдээрээ архи уугаагүй эрүүл байсан. Би эхлээд Г-тай тоглоомны бооцоо болох мөнгөнөөс болж маргалдсан. Харин Г бид хоёрыг маргалдаж байхад дундуур нь Г хажуунаас орж ирээд шууд намайг цохиод авсан юм. Өөр бидэнд маргалдах ямар нэгэн шалтгаан байгаагүй. Би эмчилгээний зардалд Г 950.000 төгрөг авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээний 400 орчим мянган төгрөгийн баримт байгаа, тэр баримтаа хэргийн материалд хавсаргуулна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,

 

2. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би Г.Г-ыг бага хүүхэд байхаас нь мэднэ. Г бид хоёр Яармагт хамт өссөн юм. Харин Гыг бол би зүс танина, сайн мэдэхгүй. Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20:00 цагийн орчим би өөрийн найз Г луу залгасан. Би Г-тай хувийн асуудлаар уулзах гэж залгасан. Тэгтэл Г “Ундарга пабад байна хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа очсон. Намайг ороход тэд хоёр давхарын караокены өрөөнд сууж байсан. Г-тай хамт түүний ихэр Г, зүс таних Г, бас нэг зүс таних, нэрийг нь мэдэхгүй залуу хамт байсан. Тэд нар хөзөр тоглож байсан. Тэгтэл Г, Г хоёр маргалдсан. Би тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Г, Г нарын маргааны хажуугаар Г ороод тэр хоёр барьцалдаж авахад, удалгүй Г хамраас нь цус гарсан.

Тэгээд шууд эмнэлэг явна гээд Г, Г нар явсан. Би удалгүй гэртээ харих гээд явсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Г хэлэхдээ “Чи намайг пизда” гэж хэллээ гээд л Г-тай маргалдаад байсан. У пабад байсан манай найз Г болон бусад хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, бүгдээрээ эрүүл байсан. Гыг Г нэг удаа гараараа хамар хэсэгт нь цохисон. Өөр ямар нэгэн байдлаар Г биед хэн нэгэн хүрээгүй.

Г нь хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, яриа хөөрөө сайтай, төлөв даруу хүн байгаа юм. Г урд өмнө нь хүнтэй маргаан зодоон хийдэг байсан талаар мэдэхгүй байна. Миний мэдэхийн хүүхэд байхаасаа л ямар нэгэн асуудалд орж байгаагүй хүн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20х/,

 

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14538 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Н.Г-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зовхины дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 25х/,

 

4. Шинжээч эмч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14538 дугаартай дүгнэлтэд Н.Г-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зовхины дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гараар цохих үед үүсгэгдэнэ. Харин алгадах, түлхэх үед үүсгэгдэх боломж бага юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,

 

5. Шүүгдэгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19:00 цагийн орчим танил Б над руу залгаад “хөзөр тоглох уу” гэж асуусан. Тухайн үед Б намайг У пабад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд намайг очиход Б, Б нар ирсэн, намайг хүлээж байсан. Мөн араас Г, Г нар  ирсэн. У пабын хоёр давхарын өрөөнд ороод Техас нэртэй покер тоглоом тоглосон. Нэг хүний 20.0 мянган төгрөгийн бооцоо тавьж тоглосон.

Бид нар 30 минут тоглоод хясаагаа хэн нь их цуглуулсан нь бооцоогоо авах дүрмээр тоглосон. Тэгээд тоглож байхад Г, Н.Г нар тоглоомын дүрэмнээс болоод маргалдсан. Г тоглоомын дүрмийг буруу ойлгосон бололтой, цугларсан байсан мөнгийг авна гэж уурлаад маргаан болсон. Тэр үед Н.Г надад хандаад миний ихэр Г, бид хоёрыг “та хоёр яадаг юм бэ” гэж хэлээд дайраад байсан.

Тэгэхээр нь би очоод Н.Г-ын нүүрэн тус газарт нь нэг удаа түлхсэн. Тэгтэл Н.Г миний хамар эвгүй болчихлоо гэж хэлээд доошоо суусан. Н.Г-ын хамарнаас цус гарч, би “яасан бэ” гэж асуутал “хамар хугарчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээгүй очоод хартал Г хамраа дарж суугаад тэгтэл хажуунаас нь цус гарсан байсан. Би сандараад Н.Г-ыг аваад өөрийнхөө машинаар Гэмтлийн эмнэлэг рүү очсон. Эмнэлэг дээр очиж зураг авахуулахад Н.Г-ын “хамар нь хугарсан байна, хамар татаж гаргадаг эмч нь байхгүй байна, маргааш ирээрэй” гэж хэлж байсан.

Би Г-т 7 хоног уух эмийг нь авч өгөөд, буцаад У пабад ирсэн. Тэгээд Н.Гаас уучлалт гуйгаад салсан. Тэгтэл орой нь Н.Г-ын ээж яриад “миний хүүхдийг яаж байгаа юм бэ, юунаас болсон юм бэ” гэж хэлэхээр нь би “санаатай зодсон асуудал байхгүй, гомдол саналыг нь барагдуулж өгнө” гэж хэлээд салсан юм. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөн ямар нэг эм, бэлдмэл хэрэглээгүй байсан.

У пабад мөрийтэй тоглоом тоглодоггүй байсан, тэр өдөр л Бийг дуудахаар нь очсон юм. Тухайн өдөр тоглоомны дүрэмнээс болж маргалдсан. Өөр маргалдах ямар нэгэн шалтгаан байгаагүй. Ерөнхийдөө Г нь манай ихэртэй маргалдаад, хүний дургүй хүргэхээр үг хэллэг хэрэглээд байсан. Тэгэхээр нь би босож очоод алгадсан юм. Би Н.Г-ын нүүрэн хэсэгт нэг удаа алгадсан. Үүнээс болж гэмтэл үүссэн гэж бодож байна. У паб нь караоке пабын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мөрийтэй тоглоомын өрөө тасалгаа байхгүй. Бид нар орж тоглосон өрөө нь нэг ширээтэй, ширээгээ тойроод 3 ширхэг буйдан сандалтай, караоке машинтай өрөө байсан. Би хохирогч Н.Г-ыг хохиролгүй болгож, бид хоёр эвлэрсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 68-69х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 33х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулга хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан болон зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

 

Шүүгдэгч Г.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүх уг эрхийг нь хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн талаархи:

 

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг У пабад техас хөзөр гэх бооцоот тоглоом тоглож байх үедээ хамт тоглож байсан  Н.Г, Г.Г нар нь “хожлын мөнгө хуваана, хуваахгүй” хэмээн маргалдах явцад дундуур нь орж Н.Г-тай барьцалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь “хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зовхины дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

- ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14538 тоот “Н.Г-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зовхины дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн  дүгнэлт,

- хохирогч Н.Г-ын “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21:00 цагийн орчим миний танил ах болох Б миний гар утас руу залгаад “Покер тоглох уу, хэдэн хүн рүү ярьчихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд 22:00 цагийн үед У пабад ирсэн. Намайг У пабад очиход Б, Б, Г, О нар ирсэн, намайг хүлээж байсан. Намайг ирсний дараа У пабын хоёрдугаар давхарт №1 номерын өрөөнд орж тоглохоор болсон. Тэгээд бид нар техас покер нэртэй тоглоом тоглоод 30 орчим минут болсон. Тухайн үед би 30 гаруй мянган төгрөг хожсон байсан бөгөөд миний хожлын мөнгөнөөс Г нь “хуваана” гээд, би “яахаараа хуваадаг юм бэ, би авна ш дээ” гэснээс болоод Г-тай маргалдаж, маргаан эхэлсэн. Тэгтэл Г намайг “ална шүү, пизда минь” гэж хэлээд босоод ирсэн. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Би тэр үед би сандал дээрээ зүгээр сууж байсан. Тэгтэл хажуу талаас Г гэх залуу сандлаасаа босож ирээд миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохисон. ...Тэр даруйдаа Г-тай хамт Гэмтэлийн эмнэлэг явж хамрын зураг авахуулахад хамар хугарсан байна гэсэн. ...Г-тай тоглоомны бооцоо болох мөнгөнөөс болж маргалдсан. Харин Г бид хоёрыг маргалдаж байхад дундуур нь Г хажуунаас орж ирээд шууд намайг цохиод авсан юм. Би эмчилгээний зардалд Г 950.000 төгрөг авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

- шинжээч эмч Г.Э-ын “2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14538 дугаартай дүгнэлтэд Н.Г-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зовхины дотор булангийн цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гараар цохих үед үүсгэгдэнэ. Харин алгадах, түлхэх үед үүсгэгдэх боломж бага юм.” гэсэн мэдүүлэг,

- гэрч Г.Б-ийн “...хоёр давхарын караокены өрөөнд сууж байсан. Г-тай хамт түүний ихэр Г, зүс таних Г, бас нэг зүс таних, нэрийг нь мэдэхгүй залуу хамт байсан. Тэд нар хөзөр тоглож байсан. Тэгтэл Г, Г хоёр маргалдсан. Би тэр хоёрыг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Г, Г нарын маргааны хажуугаар Г ороод тэр хоёр барьцалдаж авахад, удалгүй Г хамраас нь цус гарсан.

...У пабад байсан манай найз Г болон бусад хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, бүгдээрээ эрүүл байсан. Гыг Г нэг удаа гараараа хамар хэсэгт нь цохисон. Өөр ямар нэгэн байдлаар Г биед хэн нэгэн хүрээгүй.” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Г.Г-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Н.Г-ын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Г түүний нүүрэн тус газарт /хамар хэсэгт/ цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-ын “бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэмт үйлдэлд нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.   

 

Мөн шүүгдэгч Г.Г нь хохирогч Н.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд энэ хэргийн хохирогч Н.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан, гэм хорын хохиролд тооцож 950.000 төгрөгийг Г.Г нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байна. /хэргийн 11х, 74х/

 

Иймд шүүгдэгч Г.Г-ыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон бөгөөд хохирогч Н.Г-ын эрүүл мэндэд учирсан “хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол” нь тухайн гэмт хэргийн шууд хохиролд тооцогдоно.

 

Харин учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан болон гарах бусад зардал нь хохирол учирсны улмаас үүссэн хор уршиг болох юм.  

 

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх, ...гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй бөгөөд ...зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болох талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Н.Г-т эмчилгээний зардал төлбөрт тооцон 950.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан, хохиролд тооцож 950.000 төгрөгийг нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх тул  /хэргийн 11х, 74х/ шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, төлөх төлбөргүй гэж үзлээ.      

 

  1.3. Эрүүгийн хариуцлага талаархи:

 

Шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

 

Шүүгдэгч Г.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 33х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон хохирогч Н.Г-т 950.000 төгрөгийг эмчилгээний зардалд нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарна.      

 

Шүүх, шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Энэ хэрэгт Г.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Г нь хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Г.Г-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Г.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Н.Г нь хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД