Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00457

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00457

 

 

Г.Шийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/00134 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Шийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ш нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/Ш32020/11620 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийн дагуу Т.Ф ББСБ ХХК-д 54 902 691 төгрөг төлөхөөр болсон. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Г.Шт 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4-189/32409 тоот мэдэгдлийг өгсөн. Уг мэдэгдэлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003029 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр 73 тоот, 40 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 106 360 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэж байна гэжээ. Харин төлбөр төлөгчийн зүгээс Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хэд хэдэн шалтгааны улмаас зөвшөөрөхгүй байна. Орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн үйлчилгээний талбайн хуучин хэмжээ болох 40 м.кв-аар үнэлсэн. 2009 оноос өмнө хуучны орон сууцны сууцны талбайг хэмжихэд тагт, харанхуй өрөө, хонгилын талбай ордоггүй ба Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009 дугаартай стандартын дагуу ариун цэврийн өрөө, тагт зэргийг сууцны ашиглалтын талбайд оруулж тооцвол үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд талбайн хэмжээ нь доод талдаа 80 м.кв болно. Үүнээс гадна талбайг хэмжих тусгай зөвшөөрөлгүй этгээд дүгнэлт гаргасан. Мөн хөрөнгийг үнэлэхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлал хэрэглэсэн гэж бичсэн боловч бодит байдалд Үнэгүй.мн сайтаас гурван зар оруулан түүний дундаж үнээр тооцож үнэлгээний тайлан гаргаж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Аливаа аргыг хослуулан хэрэглэнэ гэсэн боловч сонгож хэрэглэнэ гэж хуульд байхгүй.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11620 дугаар захирамжаар Г.Шээс 54 902 691 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг нийт 54 932 691 төгрөгийг гаргуулж, Т.Ф ББСБ ХХК-д /хуучнаар Домог инвест ББСБ" ХХК-д/ олгохоор шийдвэрлэсэн. Иймд төлбөр төлөгч Г.Шийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, 11 дүгээр 2 дугаар байр, 73 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч талаас 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 200 000 000 төгрөгөөр үнийн санал ирүүлснийг төлбөр авагч зөвшөөрөхгүй талаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 04/453 дугаар албан бичиг ирүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд тохиролцоогүй тул шинжээч томилох тогтоол гарсан. Шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээг 106 360 000 төгрөгөөр тогтоосон. Хөрөнгийг үнэлгээг талуудад 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 4-189/32409, 4-189/34408 дугаар албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний тайлан танилцуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрд эрх, үүргийг тайлбарлан танилцуулж байсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь үндэслэлээ баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар хариуцагч НШШГГт холбогдох Сүхбаатар дүүрэг, .... дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр, 73 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003029 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г.Шийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэгч Г.Шийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003029 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2 дугаар байр 73 тоот, 40 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо өртгийн болон зах зээлийн үнийн жишиг хандлагын аргаар тогтоосон, мөн харьцуулан судалсан обьектуудын талаархи дүгнэлтийг хавсаргасан, үндэслэлээ тодорхой дурдсан тул хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн.

Харин бодит байдал дээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь дээр Үнэгүй.мн гэсэн сайтаас гурван орон сууцны дундаж үнээр тооцож хөрөнгийг үнэгүйдүүлсэн болох нь тусгай мэдлэг шаардагдахгүй, энгийн хүн хараад шууд ойлгогдохоор байдаг. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа орлогын, өртгийн, жишиг үнийн, харьцуулах зэрэг аргуудын алийг нь ч ашиглаагүй гэсэн үг юм.

Орон сууцны талбайг хэмжихэд тагт, харанхуй өрөө, хонгилын талбай ордоггүй байсныг шинэ стандартын дагуу ашиглалтын талбайд оруулж тооцох болсон бөгөөд ингэж тооцвол Г.Шийн өмчлөлийн сууцны талбайн хэмжээ нь доод талдаа 80 м.кв болно. Энэ талаар хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Г.Отгонбаяр нь шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ манай компани үнэлгээ хийдэг болохоос талбайн хэмжилт хийх эрх бүхий этгээд биш гэдгээ хэлсэн. Тиймээс орон сууцны зах зээлийн үнийг үнэн зөв, бодитой тогтоохын тулд эрх бүхий этгээдээр талбайн хэмжилт хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Ш нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, маргажээ.

Төлбөр төлөгч Г.Ш нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2020/11620 дугаар захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас НШШГГ-аас тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Шүүгчийн захирамжийн албадан биелүүлэх тухай 11620 дугаартай захирамж, 926 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасанд нийцжээ. /хх-60/

НШШГГ, төлбөр төлөгч Г.Шийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, ....дугаар хороо, 2 дугаар байр, 73 тоот, 40 м.кв талбай бүхий орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 20380575/02 дугаартай тогтоолоор битүүмжлэн, мөн сарын 19-ний өдрийн 20380575/08 дугаартай тогтоолоор хураан авч, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал авах ажиллагаа явуулсан байна. /хх-13-15, 75-76 / Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүйн улмаас НШШГГ-аас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцжээ. Дээрх ажиллагаанд талууд маргаагүй, харин шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Хэргийн баримтаас үзвэл, шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК нь Сүхбаатар дүүрэг, .... дугаар хороо, 2 дугаар байр, 73 тоот, 40 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлэхдээ өртгийн болон жишиг үнийн хандлагын аргыг ашигласан байх ба жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээг үндэслэн хөрөнгөд эцсийн үнэлгээг 106 360 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-83-109/ Шинжээч нь дүгнэлт гаргахдаа үнэлж буй хөрөнгөтэй жишиж болох буюу ижил дүүрэгт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч жишиг үнийн аргаар үнэлгээ тогтоон, дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан шаардлагад тус тус нийцжээ.

Мөн НШШГГ-ын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжээч томилох тухай 9/403 дугаартай тогтоолын дагуу шинжээч нь орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон тул талбайн хэмжээг тогтоох шаардлагагүй. Иймд орон сууцны талбайн хэмжээг шинэ стандартаар тооцож үнэлээгүй, хуульд заасан үнэлгээний аргыг ашиглаагүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ 200 000 000 төгрөг байна гэх тайлбарын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/00134 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД