| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0083/Э |
| Дугаар | 000098 |
| Огноо | 2018-02-21 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 000098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Хохирогч Н.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н, А.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, Б.Баттунсаг
Шүүгдэгч Н.А, П.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А, П.Б нарт холбогдох эрүүгийн 201718010077 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: 1.Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 78 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн ХХХХтоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, У овгийн Н-ийн А.
2. Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо Тахилтын ХХХХ тоотод оршин суудаг, урьд 2002 оны 12 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, Х овгийн П-ийн Б.
Шүүгдэгч Н.А-ийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр 92-15 УБХ улсын дугаартай Ниссан Патрол загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг,
-шүүгдэгч П. Быг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр 98-82 УБЯ улсын дугаартай Синотрак загварын ачааны тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 6.2, 6.3, 11.1, 11.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ж.Д-ийн амь нас хохирсон, Н.Бтийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай авто замаар 98-82 УБЯ улсын дугаартай Синотрак загварын ачааны тээврийн хэрэгслийг П.Б жолоодож яваад зорчих хэсгийг чөлөөлөөгүй, ослын дохио асааж, тэмдэг тавиагүй зогссоны дараа, араас нь П.А 92-15 УБХ улсын дугаартай Ниссан Патрол загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөргөж замын хажуу руу орж уг машинд зорчиж явсан Ж.Д-ийн биед гавал, тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн цусархаг няцрал, гавлын суурь ясны зүүн талын жигүүр сэртэнгийн гадна ялтасны хугарал, зүүн зулайн хуйхан дор цус харвалт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын яс, хацрын нумны хугарал, баруун хоншоор ясны өмнөд болон латериал ханын хугарал, эрүүний ясны их бие, дунд хэсгийн зөрүүтэй хугарал, эрүүний ясны үений сэртэнгийн хугарал, зүүн хацар ясны хугарал, баруун гайморын хөндийн урд хана, гадна ханын хугарал, баруун 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, баруун хөлний үеийн шагайн үений гадна дотно хавчаар ясны хугарал, шагайн үений мултрал, дух, хамар, нүдний доод зовхинд шарх, ооч, дээд уруул, хэлэнд шарх, 4 шүдний хугарал зэрэг гэмтлүүд учирч эмчлүүлж байгаад эдгээр хавсарсан хүнд гэмтлийн улмаас тархины ком төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалаар нас барсан, Н.Б-ын биед дэлүүний няцрал , зүүн хацар ясны нум, гайморын хөндийн урд хана, зүүн хоншоор ясны дээд хана, зүүн ухархайн гадна хана, дотор хана, доод ханыг хамарсан нийлмэл хугарал, тархи доргилт, зүүн хэнгэргэн хөндийд цус хуралт, зүүн хөмсөг, зовхи, хацар, завьжинд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд шарх зэрэг хүнд зэргийн гэмтэл учирсан байна.
Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-13-р хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-15-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 16-19-р хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 27-р хуудас/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 28-р хуудас/, хохирогч Н.Боос авсан мэдүүлэг /хх-ийн 40-44-р хуудас/, сэжигтэн Н.Аийн мэдүүлэг /1-р хх-ийн 45-47-р хуудас/, сэжигтэн П.Бы мэдүүлэг /1-р хх-ийн 48-49-р хуудас/, гэрч Н.Эрдэнэпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/, гэрч А.Нийн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/, амь хохирогч Ж.Д-ийн өвчний түүх /1-р хх-ийн 61-82-р хуудас/, гэрч Ч.Алдарын мэдүүлэг /1-р хх-ийн 86-87/, гэрч Б.Ламжавын мэдүүлэг /1-р хх-ийн 88-89-р хуудас/, Цементийн үйлдвэрээс ачаа ачаад гарсан тээврийн хэрэгслийн бүртгэлийн хуулбар /1-р хх-ийн 90-96-р хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ /1-р хх-ийн 106-р хуудас/, 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 798 дугаар материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ /1-р хх-ийн 111-112-р хуудас/, “Бан Хас” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 124-126-р хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 132-р хуудас/, 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 76 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 139-р хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 148-151-р хуудас/, 2017 оны 11 сарын 27-ны өдрийн 220 дугаар цаг агаарын тодорхойлолт хүргүүлэх тухай албан тоот /1-р хх-ийн 225-р хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай авто замаар 98-82 УБЯ улсын дугаартай Синотрак загварын ачааны тээврийн хэрэгслийг П.Б жолоодож яваад зорчих хэсгийг чөлөөлөөгүй, ослын дохио асааж, тэмдэг тавиагүй зогссоны улмаас араас нь П.А 92-15 УБХ улсын дугаартай Ниссан Патрол загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөргөж замын хажуу руу орсон үйлдэлүүд нь хохирогч А.Цын .......” Би хэрэг болсон гэх газар очиход зогсож байсан гэх тээврийн хэрэгсэл нь зам чөлөөлсөн зүйл огт байхгүй, Орхон аймаг явах чиглэлийн эгнээнд зогсож байсанд гомдолтой байна.” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч Н.Бийн .......”Өвөө машинаа бариад, эмээ хажууд нь суугаад явж байсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум өнгөрөөд явж байх үед нэлээн ойрхон том машины хойд тал нь харагдахаар нь өвөө машин гэж хэлээд л би дараа нь юу ч санахгүй байна. ..... Гадаа гэгээ тасраад харанхуй болж байсан. Эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгслүүд гэрлээ асаачихсан явж байсан. Өвөө бас гэрлээ асаасан байсан. Ямар ч гэрэл дохио асаагаагүй ослын тэмдэг тавиагүй байсан. ....Холоос бол юу ч харагдахгүй байсан, явж байсан чинь гэнэт гараад ирсэн.” гэх мэдүүлэг, гэрч Н.Эрдэнэпүрэвийн . . . . 2017 оны 06 сарын 10-ны өдөр манай “SINOTRUK” маркийн 98-82 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан Б над руу 20 цаг 46 минутад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд явж байна гэж хэлсэнээ утас нь тасраад удалгүй 21 цаг 15 минутад түлш дуусчихсан гэж хэлж байтал утас тасарчихсан. Би Орхон аймагт байсан учраас түлш аваад Баруунбүрэн сумын төв замаар явж байсан чинь аваар гарчихсан байсан. Би машинаас буугаад юу болсон талаар асуухад ямарч байсан араас орчихсон гэж хэлж байсан...гэх мэдүүлэг, гэрч А.Нийн . . . Тэгээд явсаар байгаад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум өнгөрөөд явж байтал замын хажууд аваараа асаачихсан машин байсан ба нэг хүн гараа өргөөд байсныг сайн хартал аав байсан болохоор нь энэ чинь аав байна шүү дээ гэж хэлээд урагшаагаа харсан чинь манай нөхөр энд машин байна гээд огцом тоормоз гишгэсэн. Сайн харсан чинь өндөр машин байсан...Зам дээр зогсож байсан машин нь харагдахгүй байсан нэлээн тулж ирээд гэнэт тоормоз гишгэсэн гэсэн. Тэгээд аав ээж охин гурав дээрээ очоод машинаас гаргаад байж байтал том машины жолооч зам дээр зогсож байхаар нь ирээд туслаад өгөөч гэж хэлсэн чинь үгүй би айгаад байна гэж хэлээд машиныхаа хажууд зогсоод байсан.гэх мэдүүлэг, Шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай: 1.”SINOTRUК” маркийн 98-82 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2. Ослын дохионы гэрлийг дараахи тохиолдолд хэрэглэнэ: в/харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгсэл зогсоосон үед, е/тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд, 6.3. ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээр суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна. Ослын зогсолтын тэмдгийг дараахи тохиолдолд хэргэлэнэ: б/түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй /эсвэл байхгүй/ буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд, в/харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед: гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.Ниссан Патрол” 92-15 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.”SINOTRUК” маркийн 98-82 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зогсож байсан, “Ниссан Патрол” маркийн 92-15 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдийг тогтоох боломжгүй”гэх дүгнэлт, Шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 76 дугаартай: 1.Хэргийн газар үзлэгээр тогтоогдсон “А” цэг үндэслэлтэй байна. Жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино. 11. Түр буюу удаан зогсох, 11.1 Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлагад шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэргийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсоно. 11.7.Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино. 6.2 Ослын дохионы гэрлийг дараахи тохиолдолд хэрэглэнэ: в/харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгсэл зогсоосон үед, 6.3. Ослын зогсолтын тэмдэгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв. Жолооч Н.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. Сайхан сум дахь Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мянганбаярын №11 тоот дүгнэлтэд жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 11.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байх тул дүгнэлтэнд тусгаагүй байна” гэх дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Цын өгсөн...Ослын газар очоод харамссан. Том машин замын голд зогссон байсан. Гэрэлгүй байсан. Том машины жолооч ослоос хамгаалах нэг ч зүйл хийгээгүй байсан...”гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Шүүдэгч П.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...”Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн буюу Бургалтайн гүүр буюу гуанз өнгөрөөд өгсүүр зам дээр миний барьж явсан тээврийн хэрэгслийн түлш тасалдаад гэнэт унтарч зогссон. Асаах оролдлого хийсэн боловч асахгүй байсан. Тэгээд би ослынхоо тэмдэгийг аваад буугаад ирэх үед араас машин ирээд миний барьж явсан тээврийн хэрэгслийг мөргөчихсөн юм. Зам чөлөөлөөгүй гэдгээ хүлээнэ. Тэмдэг тавих боломж хугацаа байгаагүй. Осол гарахад миний буруу байгаа гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Би тухайн үед 40-50 км цагийн л хурдтай явж байсан. Урд машин ерөөсөө харагдаагүй. 10-аад метрт гэнэт том юм харагдсан. Би баруун тийш дарсан. Гэрэл дохио, ослын тэмдэг зэрэг юу ч байгаагүй. Бүрэнхий болсон, машинууд гэрлээ асаагаад явж байсан. Тэгтэл миний барьж явсан тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг тал буюу зүүн талаараа мөргөх шиг болсон” гэх мэдүүлэг зэрэг нь дээрхи тогтоогдсон үйл баримтыг баталсан байна.
Шүүгдэгч нарын эдгээр болгоомжгүй, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас Ж.Д-ийн амь хохирч, Н.Бтын биед хүнд гэмтэл учирсан болох нь Шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 798 дугаартай: 1.Бтын биед дэлүүний няцрал /дэлүү мэс заслаар авагдсан/, зүүн хацар ясны нум, гайморын хөндийн урд хана, зүүн хоншоор ясны дээд хана, зүүн ухархайн гадна хана, дотор хана, доод ханыг хамарсан нийлмэл хугарал, тархи доргилт, зүүн хэнгэргэн хөндийд цус хуралт, зүүн хөмсөг, зовхи, хацар, завьжинд шарх, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 4.11.56.6-д зааснаар гэмтлийн хүнд хамаарна. 4.Гэмтлийн улмаас дэлүү авахад цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 30% алдагдуулна. гэх дүгнэлт, Нэмэлт шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай: 1. Талийгаач Ж.Д-ийн биед тухайн үед гавал, тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн цусархаг няцрал, гавлын суурь ясны зүүн талын жигүүр сэртэнгийн гадна ялтасны хугарал, зүүн зулайн хуйхан дор цус харвалт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын яс, хацрын нумны хугарал, баруун хоншоор ясны өмнөд болон латериал ханын хугарал, эрүүний ясны их бие, дунд хэсгийн зөрүүтэй хугарал, эрүүний ясны үений сэртэнгийн хугарал, зүүн хацар ясны хугарал, баруун гайморын хөндийн урд хана, гадна ханын хугарал, баруун 8,9,10 дугаар хавирганы хугарал, баруун хөлний үеийн шагайн үений гадна дотно хавчаар ясны хугарал, шагайн үений мултрал, дух, хамар, нүдний доод зовхинд шарх, ооч, дээд уруул, хэлэнд шарх, 4 шүдний хугарал зэрэг хавсарсан гэмтлүүд учирчээ. Хавтаст хэрэгт хавсаргасан Монгол Хьюндай эмнэлгийн №369 дугаартай өвчний түүхээс үзэхэд Ж.Д нь зам тээврийн ослын улмаас авсан дээрх гавал, тархиний болон бусад хавсарсан хүнд гэмтэлийн улмаас тархины ком төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалаар нас барсан байх боломжтой байна. Монгол Хьюндай эмнэлгийн №369 дугаартай өвчний түүх болон 2017.06.30-ны өдрийн цээжний КТГ-н зураг зэргээс үзхэд талийгаач Ж.Д нь цусны даралт ихдэх өвчин, гол судасны хатуурал, шохойжилт, 2 бөөрний чулуужих өвчин зэрэг архаг хууч өвчтэй байсан байх ба энэ нь үхэлд хүргээгүй байна. Монгол Хьюндай эмнэлэг нь өвчтөнд зохих хуулийн дагуу эмчилгээ үйлчилгээ хийгдсэн байна. ШШҮХ-ийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2017.06.21-ний өдөр гаргасан №797 дугаартай дүгнэлтэнд тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн цусархаг няцрал, гавлын суурь ясны зүүн талын жигүүр сэртэнгийн гадна ялтасны хугарал зэрэг гэмтлүүд тусгагдаагүй байна. Монгол Хьюндай эмнэлгийн №369 тоот өвчний түүхэнд үндсэн онош гавал тархний битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт хэл тасрал, эрүүний ясны ил хугарал, 2 хацар, ухархайн ясны хугарал, баруун шуу, тохой ясны хугарал, баруун 9.10 дугаар хавирганы хугарал, уушигны зогсогишлийн гаралт үрэвсэл, амьсгалын дутагдал 2-р зэрэг, олон эрхтэний дутагдал, тархины ком, комын байдал байжээ. Талийгаач Ж.Д-ийн биед учирсан тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн цусархаг няцрал, гавлын суурь ясны зүүн талийн жигүүр сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтэлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх байх боломжтой” гэх дүгнэлт, гэрч Б.Цогтбаярын . . . Ерөнхий эмчлэгдэж байсан онош нь тархины хүнд гэмтэл байсан бөгөөд нас барсан шалтгаан нь зүрх судасны хурц дутагдал байсан” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нийн өгсөн ...Миний охин Бтын 1 талын хацар яс цуурсан. Металл авах хагалгаа хийсэн. Дэлүүг авсан. Үргэлжлүүлээд арьс солих гоо сайханы хагалгаа хийнэ...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон тул шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
Шүүгдэгч П.Б Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчих үүргээ биелүүлээгүй, шүүгдэч Н.А нь хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй, хэн алин нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэм буруутай байна.
Хэргийн газрын үзлэгээр ослын газарт Н.Аийн жолоодож явсан машинд тормозны мөр илрээгүй байх тул “хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй” гэж дүгнэх үндэслэл болж байна.
Мөн, гэрч Н.Эрдэнэпүрэвийн “...Б над руу 20 цаг 46 минутад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд явж байна гэж хэлсэнээ утас нь тасраад, удалгүй 21 цаг 15 минутад түлш дуусчихсан гэж хэлж байтал утас тасарчихсан. Би Орхон аймагт байсан учраас түлш аваад Баруунбүрэн сумын төв замаар явж байсан чинь аваар гарчихсан байсан...”гэх мэдүүлэг, шүүгдэгч П.Бы “...түлш тасалдаад гэнэт зогссон...”гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч П.Бы жолоодож явсан SINOTRUК” маркийн тээврийн хэрэгслийн түлш тасалдсаны улмаас зорчиж явсан замын хэсэгтээ гэнэт зогссон болох нь тогтоогдсон боловч энэ нөхцөл байдал нь жолоочийн ослын гэрлээ асаах, тэмдэг тавих үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хүнд гэмтэл хохирол учирч, нэг хүний амь нас хохирсон байх бөгөөд энэ шинжээрээ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн нөхцөл байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болон шүүгдэгч нарын сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Хохирол, төлбөрийн тухайд: Иргэний хариуцагч Ц.Намуунзулын мөрдөн байцаалтад өгсөн “Би 2017 оны 6 дугаар сард Эрдэнэпүрэвтэй хамтарч 98-82 УБЯ улсын дугаартай Хово маркийн машиныг худалдаж аваад засвар үйлчилгээг нь хийлгэж байгаад Эрдэнэпүрэв нь ажил хийлгэхээр явуулж байгаад осол гаргасан байна. .... Автомашин нь миний нэр дээр шилжсэн байдаг. Өөрт холбогдох хэсэгтэй танилцлаа шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Эрдэнэпүрэвийн “...Намуунзул гэдэг хүн бид 2 дундаасаа авсан тээврийн хэрэгсэл юм. Гэхдээ Намуунзулын нэр дээр байдаг...”гэсэн мэдүүлэг, шүүгдэгч П.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Эрдэнэпүрэв өөрийн машиныг Эрдэнэт рүү оруулж өгөөч гэсэн. Замаас ачаа ачина гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг зэргээр ”SINOTRUК” маркийн 98-82 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч Ц.Намуунзулын эзэмшилд байдаг ба П.Баянзул нь Н.Эрдэнэпүрэвийн хүсэлтээр тухайн өдөр жолоодож явсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “...тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу дээрхи хэргийн улмаас хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч Ц.Намуунзул хариуцан арилгах үүрэг хүлээнэ. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхолын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд зээмшигч байна” гэж заасны дагуу тээврийн хэрэгслийг тухайн үед жолоодож явсан П.Б эзэмшигч болохгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Эмчилгээний зардал 10 сая төгрөг гарсан. Дээр нь металл тавиулах хагалгааны зардал 2,400,000 төгрөг гарсан тул 12,400,000 төгрөг болсон. Баас хэдэг төгрөг гаргуулах байх гэж бодож байна. Бидний аав А өнгөрсөн хугацааны эмчилгээний бүх зардлыг гаргасан байгаа” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэж бид шийдсэн” гэж тус тус мэдүүлсэн.
Хохирогч Н.Бтын эмчилгээний зардалд нийт 12,400,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийн 186-187 дугаар хуудаст нийт 10 сая төгрөгний баримт, шүүх хуралдаанд 2,400,000 төгрөгний баримт гаргажээ. Хэргийн 35, 44 дүгээр хуудаст авагдсан хохирогч Н.Бт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нийн мэдүүлэгт “...7000000 төгрөгний хагалгаа хийж нүүрэнд нь төмөр суулгасан...2018 оны 2 сард дахин хагалгаанд орж нүүрэндээ суулгасан төмрөө авахуулна...” гэж мэдүүлсэн ба хэргийн 187 дугаар хуудаст авагдсан ялтас авах хагалгаа 3,000,000 төгрөг гэсэн баримт нь шүүх хуралдаанд гаргасан хагалгааны төлбөр 2,400,000 төгрөгний баримттай давхцаж байна. Иймд хохирогч Н.Бтын эмчилгээний зардалд нийт 9,400,000 төгрөгний зардал гарсан гэж дүгнэж, шүүгдэгч Н.А эмчилгээний төлбөрийг төлсөн талаар баримт ирүүлээгүй тул төлбөрийг шүүгдэгч Н.А, П.Б нараас тэнцүү хувааж гаргуулах үндэслэлтэй байна. Гэвч хохирогч Н.Ааас төлбөр гаргуулах бодолгүй байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч П.Бд оногдох төлбөрийг хуульд заасны дагуу иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Харин шүүгдэгч П.Бы хувьд гэмт хэргийн хор уршигийг арилгах тодорхой хугацаа тогтоож үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Нэхэмжлэлээс баримтаар давхцаж илүү нэхэмжилсэн 3,000,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгохоор заалаа.
Тогтоолд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг хуульд заасны дагуу шийдвэрлэж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нар төлөх төлбөргүйг заалаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч У овгийн Н-ийн А, Х овгийн П-ийн Б нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.А, П.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд гэмт хэргийн хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180, 186, 189 дүгээр зүйлд зааснаар П.Б, Н.А нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлт, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
6.Шүүгдэгч нарт тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.Намуунзулаас тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор, сард 2,350,000 төгрөг, нийт 4,700,000 төгрөг гаргуулан хохирогч Н.Бтод /хууль ёсны төлөөлөгч А.Н /олгож, иргэний нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 01532169 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Н.Ат олгож, 52238, 503295 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 2 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ