Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2023/ДШМ/34

 

 

 

 

 

                                                                            Ж.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ж.У

Хохирогч: Б.Э

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Б 

Нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/686 дугаартай шүүгчийн захирамжид яллагдагчийн өмгөөлөгч С.П-гийн гомдол, прокурорын эсэргүүцэл зэргийг үндэслэн яллагдагч Ж.Ц-д холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ц сумын Х багийн Я гэх газар оршин суух, урьд нь тус аймгийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар прокурорын тогтоолоор Ж.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,  хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Л овогт Ж-ийн Ц /РД:*********/,

Яллагдагч Ж-ийн Ц нь Архангай аймгийн Ц сумын Х багийн Б цагаан гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 04 цагийн үед өөрийн гэртээ хохирогч Б.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Архангай аймгийн Прокурорын газраас Ж.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/686 дугаартай шүүгчийн захирамжинд: Яллагдагч Ж.Ц-д холбогдох ************* дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч нар хүлээн авснаас хойш ажлын 5 өдөр багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: “ ... 1. Гэрч Б.Т-н “...Бид нар хонь хорхоглож идээд ганц 2 шил архи уусан. Хууч хөөрөөд сууж байхад Э ах бид нар руу агсам тавих янзтай байхаар нь би 04 цагийн үед эхнэр Э-ийн хамт Архангай аймгийн  Ц сумын Ш гэх газар байх гэр рүүгээ явсан. Би Н гэх хүнийг танихгүй. Ц-ын гэрт Архангай аймгийн Б сумаас туслахаар ирсэн гэсэн. Ц,Н хоёртой олон жил нөхөрлөж байгаа болохоор сайн мэднэ. Зан байдал нь төлөв даруухан, тусархаг хүмүүс байгаа. Э ах архи уухаараа догшин араншинтай, архи уусан үедээ хүнтэй таарахгүй байнга маргалдаж явдаг хүн. Ц-ыг Э нь байнга ална гэж өс санаж явдаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32 дугаар хуудас),

  1. Гэрч Ц.Б-н “...Архи ууж байгаад Э ах Н-гийн эхнэр А рүү аяга шидэх гээд байхаар Н, Э ахыг баруун гараараа зүүн шанаа хэсэгт нэг удаа алгадсан. Э ах Ц-ын ширээн дээр байсан юмнуудыг унагаад, гадаа гараад Н-тай барьцалдаад авсан. Ц бид хоёр Э, Н хоёрыг салгасан. Ц, Э ахын хамар, нүд рүү нь гараараа 2-3 удаа цохисон. Н бид зодооныг салгасан. Э ах Ц-ын гэрт нь ороод хоол идээд гэр рүүгээ харилаа гээд эхнэрээ орхиод явсан. ...Тухайн үед Э ахын хамраас цус гарсан байсан. Өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Тухайн үед Э ах А рүү аяга шидэх гэхээр нь түүний нөхөр Н, Э ахыг нэг удаа алгадсан. Ц, Н, Э хоёрын зодооныг салгах гэж байгаад Э ахын нүүрэн хэсэгт 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас),
  2. Гэрч Б.Н-гийн “...3-4 шил архи хувааж уусан. Би Э ахыг “эхнэртэйгээ хамт манай гэрт очиж цай уугаарай” гэж хэлсэн. Э ах “намайг зодно” гээд дайраад байсан. Э ах манай эхнэр А рүү цайны аяга шидэх гэхээр нь би Э-ын зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа алгадсан. Ц. Э ахыг “та яагаад байгаа юм найзууд цай уух гээд ирсэн байхад ямар зан араншин гаргах гээд байгаа юм” гэж хэлээд Ц, Э ахын хамар, нүд рүү нь ...цохисон. Ц, Э хоёрыг бид нар салгаад Ц-ын гэрт нь ороод цай хоол идээд би эхнэрийн хамт гэр рүүгээ явсан. ...Н гэх залуу Э ахыг цохиж зодсон зүйл байхгүй. Бид нартай ч юм ярихгүй суугаад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40 дүгээр хуудас),
  3. Гэрч Э.А-гийн “...бууз идэх гээд байж байтал манай нөхөр Н, Э ахыг “та эхнэртэйгээ хамт манай гэрт очоод цай уугаарай” гэж хэлэхэд “би чамайг ална” гээд дайраад байхаар нь би “та ахаа согтсон байна, одоо харьж амар” гэж хэлэхэд над руу цайны аяга шидэх гэхээр нь манай нөхөр Н.Э ахын зүүн талын шанаа хэсэгт нь баруун гараараа нэг удаа алгадсан. Манай нөхрийг сандлаас нь түлхэж унагасан. Э ах Ц-ын гэрээс гартал Ц, Э ахын нүүр хэсэг рүү нь 1 удаа цохиод авахаар нь Ц-ыг гэр рүү нь аваад орсон. Э эхнэр рүүгээ дайраад байхаар нь бид нар О эгчийг гэрээс гаргаад гэрийн хаяанд суулгасан. ...Н, Э ахыг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-45 дугаар хуудас),
  4. Гэрч Б.Э-гийн “...бид нар хөзөр тоглоод архи тойруулаад байж байтал Э ах яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хүн хүн рүү огшоод байсан. Н, Э ахыг “та тэгж байгаад манай гэрт очиж цай уугаарай” гэж хэлсэн чинь “чи намайг доромжлоод байна уу би чамайг сумаас хүмүүс дуудаж алуулна” гэж хэлсэн. А, “Э ахаа та буруу юм яриад байна. Бүгдээрээ 3, 3 бууз идээд гэр гэр рүүгээ явъя” гэсэн. Э ах А рүү аяга шидэх гэхээр нь Н, Э ахын зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа алгадсан. Манай ширээг хөмрөөд унагасан. “Та юу болж байна” гэж хэлэхэд намайг газар түлхээд унагасан. Ц намайг өмөөрөөд Э ахын нүүр хэсэг рүү 1 удаа цохисон чинь хамраас нь цус гарсан. Э, Цын нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон. Э ах “эхнэрээ ална” гээд байхаар нь бид нар Э ахыг явуулаад Н, А, Б, Б бид 4 гэр рүүгээ харихаар явсан. ...Н гэх хүн Э ахыг цохиж зодсон асуудал байхгүй. Харин Э ах Н руу дайраад байсан. Урдаас нь Н хариу үйлдэл хийгээгүй сандал дээрээ сууж байсан. Тухайн үед Э ахын хуруу гартай зууралдаж, гэмтээсэн асуудал байхгүй. Би машины түлхүүр булаацалдаад гэрт нь хүргээд өгье гэхэд гар нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-50 дугаар хуудас),
  5. Гэрч Г.Б-гийн “...Бид нарыг бууз жигнэж идээд байж байтал Э ах хүмүүстэй маргалдаад хэрүүл өдөөд байхаар нь А, Э ахыг “эхнэртэйгээ тэгж байгаад манайд очиж цай уугаарай” гэж хэлэхэд “чи намайг доромжлоод байгаарай” гээд А рүү аяга авч шидэх гэхээр нь Н эхнэрээ өмөөрөөд ...нэг удаа алгадаад авсан. ...Тухайн үед Э-ын хамраас бага зэрэг цус гарсан байсан. Тухайн үед Н, Э гэх хүнийг цохиж зодсон асуудал байхгүй. Сандал дээр суугаад байсан. Э-ын баруун гарын эрхий хурууг гэмтэхээр юм болоогүй. Эын баруун гартай нь хүн зууралдаж харагдаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 59-60 дугаар хуудас),
  6. Гэрч И.Н-н “...Ингээд Ц-д 4 айл гэр бүлээрээ ирсэн. Тэдгээр хүмүүс хонины хорхог идээд, архи ууж, хууч хөөрөөд, хөзөр тоглож байгаад Т гэх залуу эхнэрээ аваад харилаа гээд явсан. Удалгүй Э гэх хүн согтоод нэг эмэгтэй рүү аяга шидэх гээд агсраад эхэлсэн. Гэтэл Н нь Э-ын зүүн талын шанаа хэсэгт нэг зөөлхөн алгадсан. Гэтэл Э улам агсарч Ц-ын ширээг баруун гараараа өргөж шидээд ширээн дээр байсан хоол унд бүх зүйлийг тараагаад хаячихсан. Энэ үед би гэрээс гараад гадаа байж байтал гэрт хүмүүс хэрэлдээд дуу шуу болоод Ц нь Э-тай барьцалдаад гэрээсээ гарч ирсэн. Ингээд гадаа Ц, Э нар хоорондоо зодолдоод унасан. Энэ үед нь би салгах гэтэл над руу Э нь “чи юу юм яах гээд байгаа юм” гэх мэтээр над руу уурлах шинжтэй болохоор нь би гэр рүү нь яваад орсон. Э миний араас орж ирээд надад агсраад намайг зодох гээд байсан. Гэтэл тэнд байсан хүмүүс өөр газраас ирсэн хүнийг чи яах гээд байгаа юм гээд болиулсан юм. Н гэрт байхад нь Э-ын зүүн шанаа хэсэгт нь нэг удаа зөөлхөн алгадсан гэрийн гадаа Ц нь Эын хамар хэсэг рүү нь 2-3 удаа цохих шиг болсон. Тэр үед Э-ын хамраас цус гарч байсан өөрөөр хэн нэгэн хүн Э гэх хүнд гар хүрээгүй. Тухайн үед Ц-ын гэрийн гадаа Э-ыг газар унагаж байгаад Н, Ц бид 3 нийлж зодож цохисон асуудал болоогүй. Ц, Э 2 хоорондоо зодолдсон. Н бид 2 Ц-тай нийлж Э-ыг зодсон асуудал бүр ч байхгүй. Ц нь Э-ын хамар хэсэгт 2-3 удаа цохисон. Э-ын хамраас цус гарсан. Харин Э нь Ц-ын нүд рүү нь баруун гараараа 1 удаа цохисон. Ц-ын нүд нь хавдсан байсан. Өөрөөр нэг нэгнээ зодож цохисон асуудал байхгүй. Тэнд байсан хүмүүс салгаад зодоон хийлгээгүй. Тухайн үед Б.Э-ын баруун гарыг гэмтээсэн хүн огт байхгүй. Тухайн үед Э нь хамрын цусаа гараараа угаахдаа ямар нэгэн байдлаар гэмтсэн гэхээр зүйл огт анзаарагдаагүй. Ямар нэгэн байдлаар зовуурьгүй нүүр гараа угаагаад өөрийн машинаа жолоодоод явсан. Тэгэхээр баруун гар нь гэмтээгүй байсан гэж бодож байна. Э Ц-ынхаас хөдлөх үедээ гараа гэмтсэн талаар огт юм яриагүй. Цаа “чи миний хамар руу цохисон шүү” гэж ярьж байсан. Би Э-ыг огт зодож цохиогүй. Харин Э нь намайг чи юу юм бид хоёрыг салгадаг гээд намайг зодох гээд байсан. Тэнд байсан хүмүүс болиулсан. ...Э нь нэг эмэгтэй рүү аяга шидэх гээд байсан. Мөн гэрийн гадна өөрийнхөө эхнэрийг зодох гээд байсан. Тухайн үед Ц сумын төвд Э гэх хүн мотоцикльтой зогсож байсан. Би баяртай гээд гараараа даллахад миний өөдөөс Э мөн адил баяртай гээд гараараа даллаж байсан. Сүүлд яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй, санахгүй байна. Архангай аймгийн төвд нийтийн худалдааны төвийн хажууд тааралдаад мэнд мэдээд өнгөрсөн. Ахиж таараагүй. Тийм ч томгүй, тийм ч жижиг биш 4 хөлтэй модон ширээ байсан. Ширээн дээр нэлээд их идэж уух юм байсан. Тэрийг бүгдийг нь асгаад хаячихсан. Ц-ын нүд рүү баруун гараараа цохисон. Тэгж бодохоор Э-ын баруун гар зүгээр байсан юм шиг санагдаад байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 112-115 дугаар хуудас) зэрэг мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар яллагдагч Ж.Ц нь хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон.

Харин хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...намайг Ж.Ц, Б.Н, И.Н нар бүлэглэж зодсон ...” гэх асуудал нь гэрч Б.Н-гийн “...Н гэх залуу Э ахыг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх, гэрч Э.А-гийн “...Н, Э ахыг зодож цохисон зүйл байхгүй...” гэх, гэрч Б.Э-гийн “...Н гэх хүн Э ахыг зодож цохисон асуудал байхгүй...” гэх, гэрч И.Б-гийн “...Тухайн үед Н Э гэх хүнийг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх, гэрч И.Нийн "... Ц, Э 2 хоорондоо зодолдсон...” гэх зэрэг нотлох баримтуудаар, мөн "... Ж.Ц нь миний эрүүл мэндэд баруун сарвууны эрхий хурууны 3-р шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан” гэх асуудал нь гэрч Ц.Б-ийн “...Э ах Ц-ын ширээн дээр байсан юмнуудыг унагаад, гараад Н-тай барьцалдаад авсан. Ц ...Э ахын нүүрэн хэсэгт 2-3 удаа цохисон...” гэх, гэрч Б.Н-гийн “...Ц, Э ахын хамар, нүд рүү нь... цохисон...” гэх, гэрч Б.Э-гийн “...тухайн үед Э ахын хуруу гартай зууралдаж гэмтээсэн асуудал байхгүй...” гэх, гэрч И.Н-ийн ... Ц нь Э-ын хамар хэсэг рүү 2-3 удаа алгадсан..., ...Ц-ын нүр рүү баруун гараараа цохисон. Тэгж бодохоор Э-ын баруун гар зүгээр байсан юм шиг санагдаад байгаа юм...” гэх зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байсан тул Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон прокурорын яллах дүгнэлтдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчиж хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/686 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П давж заалдах гомдолдоо: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, 2023 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 04 цагийн орчим хохирогч Б.Э нь архидан согтуурсан үедээ хамт байсан хүмүүстэй агсан тавьж, бусдыг зодох гэж аяга авч далайсан, энэ үед гэрийн эзэн болох яллагдагч Ж.Ц нь түүний нүүрэн тус газар гараараа цохисон. Б.Э түүний нүүрэн тус газар зөрүүлж цохисон хамт байсан хүмүүс тэднийг салгасан, түүний дараа Б.Э нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Ж.Ц-ын гаднаас явсан үйл явдал тогтоогддог.

Харин энэ үед болон тэднийхээс явах үед Б.Э-ын гар гэмтсэн өвдсөн ёолсон нөхцөл байдал байхгүй байсан талаар гэрчүүд мэдүүлдэг Б.Э-ын гарын баруун сарвууны эрхий хурууны 3-р шивнүүр хугарал бүхий гэмтэл нь хэдийд хэрхэн, яаж үүссэн болох нь эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдоогүй. Прокурор энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж яллагдагчид ашигтай байдлаар хэргийг зүйлчлэн ирүүлсэн. Гэрч Э.Ч нь хэрэг маргаан болох үед тэдний дэргэд байгаагүй, тухайн үеийн нөхцөл байдлыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүх хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хэргийг прокурорт буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хэргийг хянаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хэрэг учрал болох цаг хугацаанд яллагдагч Ж.Ц, хохирогч Б.Э-ын нүүрэн тус газар 2, 3 удаа цохиж зодсон үйл баримт нь хавтаст хэргийн материалд авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Гэрч нар ч мэдүүлгийн зөрүүгүй анхнаасаа мэдүүлдэг. Нотлох баримт шинжлэн судлах явцад зөрүүгүй болох нь тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогчийн 2 удаагийн мэдүүлэг байгаа. Өмгөөлөгч 3 гэрчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад асуугаагүй гэж байна. Гэтэл хохирогчийн 2 удаагийн өгсөн мэдүүлэгт Ж.Ц-ын гэрээс 5 дугаар сарын 10-ны өдөр гарч явахдаа 2 гэрчийг асуугаагүй гэлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр 3 хүний нэрс байхгүй учраас тухайн хүмүүсийг гэрчээр асуухгүй байх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж асуугаагүй нь зөв. Мөн хохирогчийн 2 удаагийн өгсөн мэдүүлэгт “миний баруун гарын эрхий хурууг ямар нэг байдлаар хэн нэгэн гэмтээсэн эсэхийг” мэдэхгүй байна гэж мэдүүлдэг. Гэтэл шүүх хуралдаанд гаргасан хохирогчийн мэдүүлгээс аваад үзэхэд тэр 2 намайг зодсон би толгой хэсгээ хааж хэвтсэн гэлээ. Хохирогчийн яриад байгаа үйлдлийг сэргээн дүрсэлж байгаа үйлдэл нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан баримтаас эрс зөрүүтэй ярьж байна. Ийм учраас хохирогчийн 2 удаа өгсөн мэдүүлэгт Ц-ын гэрээс явсан үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт дурдсан зүйл байдаггүй учраас тэдгээр хүмүүсийг асуух нь үндэслэлгүй юм. Мөн хохирогчийн мэдүүлэгт “Баруун гар талын эрхийн хурууны шивнүүр хэсгийг хэн нэгэн гэмтээсэн гэдгийг тодорхой субъект зааж хэлдэггүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй гэж үзэж байна. Энэ нь өөрөө тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөгч прокурорт үндэслэл бүхий эргэлзээ төрсөн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсгийн 15 дахь зүйлд заасны дагуу яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх үндэслэл бүрдсэн гэж тайлбарламаар байна. Шүүгчийн захирамжийн 2 дахь үндэслэлийн тухайд хохирогчийн 2 удаагийн мэдүүлэг, гэрч нарын өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэлт хийж үзэхэд хохирогчийн баруун талын гарын эрхий хурууны 3 дугаар үеийн шивнүүр хэсэгт заасан хугарлыг тухайн хавтаст хэргийн материалаас харахад хэн учруулсан нь тодорхойгүй үйл баримт харагдаж байгаа. Мөн нэг цаг хугацаанд 2 өөр гэмтлийг учруулсан болохыг хохирогч, гэрч нар мэдүүлдэг гэдэг. Шүүгчийн захирамжийн хууль зүйн дүгнэлт хэсэгт гэрч Ч-ийн мэдүүлгийг үндэслэсэн байдаг. Гэтэл Ч-ийн мэдүүлэг нь өөрөө хэрэг учрал болох цаг хугацаанд байсан гэрч биш. Харин дамжмал байдлаар Ц-тай 10-ны өдрийн 11 цагийн үед уулзсан гэрч байдаг. Иймд энэ гэрчийн мэдүүлгийг үндэслэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн шүүгчийн захирамжид дурдсанаар ямар шалтгааны улмаас прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлээд байгаа гэхээр хүндэвтэр гэмтлийг хөнгөн гэмтлээр зүйлчлээд байгаа вэ гэдэгт дүгнэлт хийгээгүй гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахдаа Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан баримтуудыг шинжлэн судлахдаа ямар үндэслэлээр хууль зүйн дүгнэлт хийсэн бэ гэдгээ тодорхой дурдсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг нэг бүрчлэн судалсан учраас хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд яллагдагчид хуульд заасан зарчмыг баримталж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Гуравдугаарт шүүгчийн захирамжийн үндэслэл болгоод байгаа Ч-ийн мэдүүлэг дамжмал нотлох баримт гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг хэн нэг нь учруулсан талаар мөн гэрч нарын мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэгт тодорхой заагаагүй. Ийм учраас хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс тодорхой тайлбаруудыг хэллээ. Үүнд тодорхой няцаалт хийе. Хэрэг учрал болсны дараа 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ц-ын гэрээс буцах замдаа гарын гэмтэл буюу буглаг хэсгээр хавантай байсныг хохирогч хэлдэг. Тэгэхдээ А, Б, танихгүй хүнтэй таарахдаа мэдүүлсэн гэдэг. Хэрэгт авагдсан мэдүүлэгт огт дурдагдаагүй. Тиймээс гэрчийн мэдүүлэг авхуулах хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар М өмгөөлөгчөөс хүсэлт гаргасан байсныг прокурорын зүгээс хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн шинжээчийн дүгнэлтийг дутуу гаргасан үйл баримтын талаар хохирогчийн өмгөөлөгч маргаж байна. Шинжээчийг прокурорын зүгээс шүүх хуралдаанд оруулах зорилгоор яллах дүгнэлтийн хавсралтад дурдсанаар шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг тавьсан. Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг товлож хэргийг буцаасан учраас шинжээч шүүх хуралдаанд орох боломжгүй байсан. Хэрвээ шинжээч шүүх хуралдаанд оролцсон тохиолдолд шинжээчийн дүгнэлттэй холбоотой зүйлийг асуугаад явах боломжтой байсан. Өмгөөлөгчийн дурдаад байгаа нүдний ухархайн хугарал гэмтийг шинжээч үнэлж дүгнээгүй тухайн хохирогчийг үзэх явцад гарсан гэмтэл буюу эрхийн хурууны 3 дугаар үе буюу шивнүүр эдийн хугарал, мөн хамрын хэсэгт үүссэн гэмтлийг хэрэг учрал болох цаг хугацаанд хамаарах гэмтэл гэж үзэж хөнгөн болон хүндэвтэр зэрэгт хамааруулсан. Хохирогч нь хэрэг учрал болох цаг хугацаанд гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдлыг өөрөө бүрдүүлсэн. Гэрч нарыг бөөндөө цуглаж байх хооронд агсам тавьж бусад руу ямар нэг байдлаар эд зүйл авч шидэлж зарим нэг гэрчийг газар унагасан. Тухайн гэрт байсан 4 хөлтэй модон ширээг баруун талын гараараа өргөж шидсэн гэсэн. Дээрх үйл баримт нь гэмт хэргийн шалтгаант холбоо юм. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/686 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурор, мөрдөгч нь хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Бодит байдлыг тогтоохгүй орхигдуулж хууль зүйн талаас нь шалгахгүй байгаад эмзэглэж байна. Хохирогч мэдүүлэгтээ 3 хүн зодсон гэдгийг хэлсэн. Нөгөө гэрч нар нь дан гэр бүлийн гишүүд байгаа. Олон гэмтэл учирсан байхад яагаад хөнгөн гэмтлийн зэргээр оруулж ирээд байгаа юм. Б гэсэн шинэ шинжээч эмч дүгнэлт гаргасан байна. Шүүх хуралдаанд оролцуулсан бол яагаад нүдний гэмтэл гаргаагүй гэдгийг асууна. Үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Хэргийг заавал мөрдөн байцаалтын шатанд буцааж нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байна. Мөн гэрч Ч-ийн мэдүүлгийг хэрэгт хамааралгүй дамжмал нотлох баримт гэж хэлээд байна. Гэрч үзсэн харсан зүйлээ хэлсэн. Түүнээс бол тэр түүнийг гэмтсэн явж байсан гэдгийг хүнээс сонссон биш гэмтсэн нөхцөлийг нүдээрээ харсан. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгчийн гомдол зэрэг үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Ж.Ц-ыг Архангай аймгийн Ц сумын Х багийн Б гэх газарт 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 04 цагийн үед өөрийн гэртээ хохирогч Б.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Ж.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

   Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх...              хохирогч нэг цаг хугацаанд биедээ хоёр өөр гэмтэл авсан талаар хохирогч, гэрч  нар мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтэд заасан байхад хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, хүндэвтэр гэмтэл учирсан үйлдлийг орхигдуулсан талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч яллагдагч Ж.Ц-д холбогдох ************* дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч нь...Ц, Н, Н нар намайг зодсон....гэж, гэрч Э.Ч...Э надад хэлэхдээ намайг Ц хоёр хүнтэй элбээд зодсон миний нүүрийг хар даа хө гэсэн. Э-ын хамраас их хэмжээний цус гараад нүүр хэсэг нь цус болсон байсан. Хамар хэсэг нь хавдаж улайсан байсан. Баруун гарын бугалга хэсэг нь нилэнхүйдээ хавдаж улайсан байсан. Миний эрхий хуруу мултарсан юм шиг байна. Татаад өгөөч гэж хэлэхээр нь би чадахгүй чи эмнэлэг яваад үзүүл гэсэн...гэх мэдүүлгүүд, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан талаарх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Дээрх нотлох баримтуудад заасан нөхцөл байдлыг хэн нэгэн эрх бүхий этгээдийн таамгаар бус хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж, улмаар нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Прокурор яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт зэргийн үндэслэлээ хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг хохирогч өөрөө учруулсан байж болзошгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй дүгнэлт болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ ... гэж хуульчилжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Э.Ч нь ... хохирогч Б.Э намайг Ц хоёр хүнтэй элбээд зодсон миний нүүрийг хар даа хө гэсэн. Э-ын хамраас их хэмжээний цус гараад нүүр хэсэг нь цус болсон байсан. Хамар хэсэг нь хавдаж улайсан байсан. Баруун гарын бугалга хэсэг нь нилэнхүйдээ хавдаж улайсан байсан. Миний эрхий хуруу мултарсан юм шиг байна. Татаад өгөөч гэж хэлэхээр нь би чадахгүй чи эмнэлэг яваад үзүүл гэсэн...гэх нөхцөл байдлыг харсан байх ба энэ талаар мэдүүлсэн байгаа нь дээрх хуулийн заалтад заасан шаардлагыг хангасан гэрч мөн.

Өөрөөр хэлбэл хохирогч тухайн үед ямар байдалтай явсныг мэдсэн ба түүний мэдүүлгийг дамжмал нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь хэрэгт ач холбогдолтой байх тул дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал болох дээрх нөхцөл байдлыг шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

            Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/686 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол зэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

    

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/686 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол зэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Л.АРИУНЦЭЦЭГ