Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 109/ШШ2025/0008

 

 

 

 

 

 

 

 

                             Нэхэмжлэгч, хариуцагч нарын

                             эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ММБ” ХХК

Хариуцагч: Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б нарын хоорондын “Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б-ын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0101015 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ММБ” ХХК-ийн захирал Д.Б, хариуцагч Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “ММБ” ХХК-иас Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б-д холбогдуулан “Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч В.Б-ын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0101015 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Прокурорын газар, тус аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан нэгдсэн шалгалтын явцад тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “ММБ” ХХК-иас хадгалах хугацаа хэтэрсэн 8 нэр төрлийн 19 ширхэг, 83,800 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн хураан авсан байна. (Хавтаст хэргийн 33-34 дэх тал)

2.2. Улмаар дээрх зөрчилд холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ************** дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт харьяаллын дагуу шилжүүлжээ. (Хавтаст хэргийн 24, 29 дэх тал)

2.3. Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б- 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0101015  дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “ММБ” ХХК-д хадгалах хугацаа хэтэрсэн хүнс хадгалсан, худалдсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу 5000 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ. (Хавтаст хэргийн 3, 63 дахь тал)

2.4. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “ММБ” ХХК-иас 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туухай хуулийн 14.4 дэх хэсэгт хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Гурав. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч тайлбар, татгалзлын тухайд:

3.1. Нэхэмжлэгч “ММБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн М хүнсний дэлгүүрт Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанад стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0101015 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай байгууллага үйлдвэрлэгч биш бөгөөд иргэд, хуулийн этгээдээс нийлүүлсэн барааг хүлээн авч, хугацаа дуусах дөхсөн барааг дараагийн нийлүүлэлт иртэл хадгалж байгаад шинээр үйлдвэрлэсэн бараагаар сольдог. Манай байгууллагын ажилтан “Сүү” ХК-ийн Амтлаг нэртэй 500 граммын 6 ширхэг тараг, “Витавит” ХХК-ий Өлзий нэртэй 450 граммын тараг 6 ширхэг барааг хугацаа дууссаныг мэдээд нийлүүлэгч хуулийн этгээдүүдийн төлөөлөгчийг ирэхээр солиулахаар хөргүүрт байлгаж байсныг тухайн шалгалтаар ирсэн албан тушаалтанд энэ талаар хэлтэл үл тоомсорлож хурааж авч яван эрх бүхий байгууллагад гомдол, мэдээлэл өгсний дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зөрчлийн хэрэг бүртгэлт нээж манай байгууллагад хариуцлага тооцсонд гомдолтой байна. Тухайн барааг зориулалтын хөргөгчид байлгаж байгаад солиулахгүй бол исэх, сагах, үнэр орох гэх мэт сөрөг үр дагавар үүсдэг учир үүнээс сэргийлж хөргөгчид байлгаж байсан. Тухайн бараануудын хугацааг дууссанаас хойш нэг ч ширхэг барааг худалдан борлуулаагүй, энэ талаар эрх бүхий албан тушаалтанд удаа дараа хэлсэн. Иймд манай байгууллагын зүгээс Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчлийг үйлдээгүй гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанад стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0101015 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч “ММБ” ХХК-ийн захирал Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг хэсэгчлээд 1 жилийн дотор хуваагаад төлөх саналтай байна ...” гэв.

3.3. Хариуцагч Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа “ ... Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна” гэсэн заалтыг биелүүлсэн мэт боловч 8.3-д заасан “Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан үндэслэлээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авсан тохиолдолд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь энэ тухайгаа нэн даруй хяналтын байгууллага, хэрэглэгчид болон тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авсан хүнсний сүлжээний дараагийн шатны үйл ажиллагаа эрхлэгчид мэдэгдэнэ” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг мэдсээр байж нэн даруй хяналтын байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлж манай байгууллагад хандаагүй, нийлүүлэгч рүү буцаалт хийх талаар мэдэгдээгүй ирэхийг нь хүлээж байсан нь харагдаж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7-д “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ” гэсэн байна. Хугацаа хэтрээд 2-25 хоносон бүтээгдэхүүнийг буцаан авсан, худалдахыг хориглосон тэмдэглэл хийлгүй хөргүүрт бусад бараатай хамт хадгалсан байна. Холбогдогчийн мэдүүлэгт буцаалтын тавиур байхгүй гэж мэдүүлсэн. “ММБ” ХХК-ийн хүнсний дэлгүүртэй холбогдох гомдол мэдээлэлд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б би ******* дугаар зөрчлийн хэрэг нээн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” зөрчил гаргасныг зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул 0101015 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан таван мянган нэгж буюу 5 сая төгрөгөөр торгох шийтгэлийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

3.4. Хариуцагч Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... нэхэмжлэгч “ММБ” ХХК-д шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хэсэгчлэн төлөх боломжтой байна ...” гэв.

3.5. Хэргийн оролцогч нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчид харилцан буулт хийж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх замаар 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасан зөрчилд ногдуулсан 5 сая төгрөгийг төлөхөөр болсон. Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар торгох шийтгэлийн 5 сая төгрөгийг 1 жил хүртлэх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцов. 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 380.000 (гурван зуун наян мянга) төгрөгийг төрийн сангийн ************* тоот дансанд тогтоосон хугацаанд сайн дураар төлж барагдуулахаар хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт зааснаар уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийн оролцогч нар харилцан буулт хийж, зөрчилд ногдуулсан торгуулиа биелүүлэх арга замаа тодорхойлсон тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,

1.1. Маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0101015 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “ММБ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзжээ. (Хавтаст хэргийн 3 дахь тал)

1.2. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих 3. дахь хэсэг Хуульд заасныг зөрчиж: 3.1.-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” гэж заасан байна.

1.3. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12.-т "хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийг, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6.-д "хүнсний сүлжээ" гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг ойлгоно гэж тодорхойлжээ.

1.4. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ************ дугаартай гэрчилгээнд зааснаар нэхэмжлэгч “ММБ” ХХК нь худалдаа үйлчилгээ эрхлэх буюу хүнсний бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг хуулийн этгээд байна. (Хавтаст хэргийн 50-55 дахь тал)

1.5. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. дэх хэсэг Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавина: 10.1.1.-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах”, 12 дугаар зүйлийн 12.1. “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна.” гэж заасан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

1.6. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсэгт “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна.”, 8.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан үндэслэлээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авсан тохиолдолд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь энэ тухайгаа нэн даруй хяналтын байгууллага, хэрэглэгчид болон тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авсан хүнсний сүлжээний дараагийн шатны үйл ажиллагаа эрхлэгчид мэдэгдэнэ.” гэж заасан.

1.7. Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-т “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ: 10.1.1.хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцах;”, 10.3. дахь хэсэгт Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно: 10.3.1.-д “хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх”, 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэг Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ: 11.1.7.-д “хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн” гэж тодорхойлжээ.

1.8. Маргаан бүхий уг хэргийн тухайд, Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0101015  дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч “ММБ” ХХК-д хадгалах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу 5000 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

1.9 Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлж, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

1.10. Тодруулбал, Хэргийн оролцогч нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчид харилцан буулт хийж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх замаар 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасан зөрчилд ногдуулсан 5 сая төгрөгийг төлөхөөр болсон. Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар торгох шийтгэлийн 5 сая төгрөгийг 1 жил хүртлэх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцов.

2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга),

2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга),

2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга),

2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга),

2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга),

2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга),

2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга),

2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга),

2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга),

2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга),

2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга),

2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 380.000 (гурван зуун наян мянга) төгрөгийг төрийн сангийн ****************** тоот дансанд тогтоосон хугацаанд сайн дураар төлж барагдуулахаар хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэж заасан тусгажээ.

1.11. Нэхэмжлэгч “ММБ” ХХК, хариуцагч Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б нарын дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэг “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэг “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасанд нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

1.12. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 4-т “Шүүх, эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг харгалзан торгох шийтгэлийг нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу харилцан тохиролцсон нь хуульд нийцсэн байна.

1.13. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч “ММБ” ХХК, хариуцагч Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.14. Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

1.15. Хэргийн оролцогч нар хэсэгчлэн төлөхөөр тохиолцсон хугацаанд энэхүү шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх  үндэслэл болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.1., 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1., Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 11 дүгээр зүйлийн 11.1.7., Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ММБ” ХХК, хариуцагч Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б нар 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Эвлэрлийн гэрээгээр маргаан бүхий Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч В.Б-ын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0101015 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 5.000.000 (таван сая) төгрөгийг 1 жил хүртлэх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож, үүнд: 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 420.000 (дөрвөн зуун хорин мянга), 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 380.000 (гурван зуун наян мянга) төгрөгийг төрийн сангийн **************** тоот дансанд тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар хоорондоо харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ОДОНТУЯА