Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2014/07921/И |
Дугаар | 210/МА2021/00458 |
Огноо | 2021-03-10 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2021/00458
2021 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 210/МА2021/00458 |
Н.Гын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01012 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Гын хариуцагч Ф.К ХХК, М.Л ХХК-д холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 87 683 136 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч М.Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, хариуцагч М.Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиунаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Г нь Ф.К ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл 30 000 тонн төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх, тээвэрлэсэн тонн/км-ийн хөлс болон зардлыг гэрээний 5.2-т зааснаар 3,3 ам.доллараар тооцож авах, улмаар 30 000 тонн баяжмал тээвэрлэж дуусвал 81-53 УНМ улсын дугаартай Норд бенз маркийн ачааны автомашиныг чиргүүлийн хамтаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохирсон. Миний бие Элстэйн уурхайгаас Ханги боомт хүртэл 138 км зайд нийт 8 547,81 тонн баяжмал тээвэрлэсэн, хоёр улсын хил хооронд буюу 14 км зайд нийт 18 882,95 тонн баяжмал тээвэрлэсэн. Ажиллах хугацаандаа гэрээний 5.2-т заасны дагуу 3,3 ам.доллараар тооцуулан нийт 88 154.09 ам.долларыг тухайн цаг үеийн ханшаар төгрөгт шилжүүлэн, 124 089 751 төгрөг авахаас хөлс 17 906 615 төгрөг, дугуй сэлбэгийн зардалд 18 500 000 төгрөг, нийт 35 906 615 төгрөг авсан, одоо 87 683 136 төгрөг авах дутуу байна. Машин эвдэрсэн, түүнчлэн 30 000 тонн баяжмалыг бүрэн тээвэрлээгүй тул машин болон түүний үнийг нэхэмжлэхгүй, харин зөвхөн гэрээний 5.2-т заасан тохиролцооны дагуу тонн/км-ыг 3.3 ам.доллараар тооцож гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Миний бие хариуцагч Ф.К ХХК-тай гэрээ байгуулсан, харин М.Л ХХК-аас хөлсөө авдаг байсан, тус компанийн баяжмалыг тээвэрлэдэг байсан тул аль нь хариуцах ёстойг мэдэхгүй байна. Иймд энэ хоёр компаниас хоёулангаас нь нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч М.Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь М.Л ХХК болон Н.Г нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, Ф.К ХХК болон Н.Гын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл. Түүнчлэн, Н.Гтой байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь 2012 оны 3 дугаар сард цуцлагдсан. Учир нь барьцааны гэрээг манай зүгээс хүчингүй болгосон. Барьцааны гэрээ хүчингүй болсноор ажил гүйцэтгэх гэрээ мөн хүчингүй болно. Гэрээг цуцалснаас хойш буюу 2012 оны 3 дугаар сараас хойш Н.Гыг 1 сарын 1 000 000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар болсон. Нийт Н.Год 35 906 615 төгрөг төлсөн бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ф.К ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь энэ гэрээний үүргийг хариуцах ёсгүй. Учир нь манай компани М.Л ХХК-д Норд бенз маркийн автомашиныг зээлээр худалдсан юм. Улмаар Мон лаа ХХК-ийн нэр дээр автомашин эзэмшигчийн бүртгэл шилжээгүй байсан учир намайг эзгүйд манай менежер Б.Цэрэнбалтавд М.Л ХХК-аас хүсэлт тавьж, Б.Цэрэнбалтав нь Н.Гтой гэрээ байгуулсан байсан. Манай компани Н.Гтой гэрээ байгуулах ямар нэг хүсэл зориг байгаагүй, нэг ч төлбөр Н.Год төлж байгаагүй ба М.Л ХХК-аас Н.Год төлбөр төлдөг байсан. Мөн М.Л ХХК-аас бичгээр хүсэлт гаргасны дагуу бид Н.Г, Н.Баярсайхан нарын барьцааны гэрээг цуцалж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлж байсан тул энэ гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Иймд манай компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ф.К ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариу тайлбарт дурдсанчлан манай компани нь энэ гэрээний дагуу Н.Гын өмнө үүрэг хүлээх хүсэл зориг байгаагүй тул энэ гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Түүнчлэн манай компанийн менежер Б.Цэрэнбалтав нь надаас зөвшөөрөл авалгүй Н.Гтой гэрээ хийсэн тул Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн 56.1.8-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Ф.К ХХК болон Н.Г нарын хооронд байгуулагдсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Н.Г миний бие Ф.К ХХК-ийг надтай гэрээ байгуулахыг шаардаагүй бөгөөд М.Л ХХК болон Ф.К ХХК-ийн тохиролцоог мэдээгүй, зөвхөн гэрээ байгуулсны үндсэн дээр хөлс төлбөрөө л авах зорилготой байсан. Гэрээ байгуулах үед Ф.К ХХК-ийн Цэрэнбалтав, М.Л ХХК-ийн Наранбаяр нар бүгд байсан. Миний хувьд хэнтэй гэрээ байгуулах нь чухал биш, хөлсөө л авах нь чухал юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Л ХХК-аас 25 840 018 төгрөгийг гаргуулан Н.Год олгож, нэхэмжлэлээс 61 843 118 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ф.К ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Ф.К ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596 000 төгрөгийг, хариуцагч Ф.К ХХК-аас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Гоос 365 төгрөгийг, хариуцагч Ф.К ХХК-аас 216 950 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч М.Л ХХК-аас 287 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Год олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч М.Л ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж, хуулийг буруу тайлбарлан нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 2012 оны 3 дугаар сараас гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, 1 дүгээр сард 1 000 000 төгрөгийн цалингаар Н.Гыг ажиллуулах болсон гэх хариуцагч М.Л ХХК-ийн тайлбарыг эргэлзээтэй гэж үзэхэд хүргэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар "эргэлзээтэй баримт"-ыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хариу төлбөрийн нөхцөлийг талууд өөрчлөөгүй анхны хүсэл зориг хэвээр үлдсэн гэж үзнэ гэсэн үндэслэлгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө хариуцагч Ф.К ХХК, Н.Баярсайхан нарын хооронд 07,07 тоот барьцааны гэрээ байгуулагдсан. 2012 оны 3 дугаар сард манай компанийн Элстэйн уурхай дээр ажилчид архидан согтуурч зохисгүй үйлдэл гаргаснаас болж Н.Баярсайхантай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан барьцааны гэрээг цуцлах тухай мэдэгдлийг М.Л ХХК-аас Ф.К ХХК-д өгч, гэрээ цуцлагдсан байдаг. /хх-213, 214/ Ийнхүү барьцааны гэрээ цуцлагдсанаар мөн өдөр байгуулагдсан 07/06, 07/08, 07/09 тоот ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж, ажил гүйцэтгэх гэрээ болон гэрээ байгуулах саналын дуудлагад дурдсан болзол хэрэгжих боломжгүй болсон. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад барьцааны гэрээ цуулагдсаныг мэдсэн. "М.Л" ХХК-д гэрээгээ шинэчилж байгуулах тухай санал гаргаж байсан гэж мэдүүлсэн болно. Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтаар гэрээ цуцлагдсан үйл баримт нотлогдсон байхад "эргэлзээтэй баримт" гэсэн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үүргийн хэмжээг тооцвол, шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч Н.Г 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 1.6-д харилцан тохиролцсоны дагуу нийт 10 106 54 тонн /1917 05 тонн* 8189 49 тонн/ баяжмалыг гэрээний дагуу тээвэрлэсэн гэж үзнэ. 10 106.54 тонн *3.3 ам.доллараар=33 351 58 ам.доллар төлөх ёстой. Нэхэмжлэгчийн авсан мөнгийг хасаж тооцвол 61 746 633-35 906 615=25 840 018 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож гэж дүгнэсэн үндэслэлгүй. Нэхэмжлэгч Н.Г нь хилийн тээвэр буюу Дорноговь аймгийн Ханги хилийн боомтоос Мандал хилийн боомт хүртэл /богинын 14 км/, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл/урагш 138 км/зайд нийт 26 716.36 тонн баяжмал тээвэрлэсэн байдаг. Үүнээс 26 716.36-18 882-95 тонн богинын 14 км зайд тээвэрлэсэн баяжмалыг хасаж тооцвол 7 930.41 тонн баяжмалыг гэрээний дагуу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл тээвэрлэсэн. Харин богинын зайд тээвэрлэх баяжмалыг уртын зайд шилжүүлэн тооцох боломжгүй, богинын тээвэр нь "Ажил гүйцэтгэх" гэрээний үйлчлэлд хамаарахгүй юм. Гэтэл анхан шатны шүүх богинын тээврийн уртын тээвэрт тооцон шилжүүлж, гэрээний гол нөхцөлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид хариуцагч "М.Л" ХХК гэрээний дагуу тээвэрлэсэн 7 930.41тн*3.3 ам.доллар 26 170.35 ам.доллар төлөх ёстойгоос дор дурдсан графикийн дагуу 25 683.29 ам.долларыг төлсөн. Тодруулбал, анхан шатны үүрэг үүсэх үеийн ханшаар буюу 2011-2014 онд нэхэмжлэгчид төлчихсөн мөнгийг хожим 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон 25 840 018 төгрөгийг гаргуулж маргааныг шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Төлөгдсөн төлбөрийг бол тухайн төлбөр төлсөн үеийнх нь ханшаар тооцож бодно. Ирээдүйд төлөх төлбөрийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож төлөх ёстой юм. Ийнхүү хариуцагч "М.Л" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид үүрэг гүйцэтгэсэн хугацаанд. үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар нь тооцож хөлсийг нь олгосон өр төлбөргүй болио. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч М.Л ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Ф.К ХХК, М.Л ХХК-уудад холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 87 683 136 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Ф.К ХХК нь 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Н.Г, Ф.К ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр Н.Г нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 81-53 УНМ улсын дугаартай Норд бенз маркийн чиргүүлтэй автомашинаар Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах, Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх, Ф.К ХХК ажлын үр дүнг хүлээн авч, гэрээнд заасны дагуу хөлс төлөх, дугуй, сэлбэг, дизель түлшний зардал олгох, ажлын бүтээмжээс шалтгаалж цаашид ажил гүйцэтгэгчийн эзэмшилд автомашин шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна. /1хх7-11/ Энэ гэрээний агуулга нь тодорхой төрлийн ажил гүйцэтгэж, биежсэн үр дүнг бүтээн захиалагчид шилжүүлэх биш харин гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, түүнд тохирсон хөлс төлөх байх тул талуудыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж үзнэ.
Анхан шатны шүүх дээрх гэрээний агуулгыг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжтой.
Хариуцагч нар дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, улмаар хариуцагч Ф.К ХХК гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хэргийн баримтаар Ф.К ХХК, М.Л ХХК-ууд нь 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдөр самосвал 40 ширхэг, өөрөө буулгагч чиргүүл 36 ширхэг, хүн тээврийн автомашин 1 ширхэгийг худалдах-худалдан авахаар гэрээ байгуулсан, худалдан авагч М.Л ХХК гэрээний үнийг бүрэн төлж барагдуулаагүйн улмаас худалдагч Ф.К нь ХХК тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлээгүй байсан үйл баримт нотлогджээ. /1хх 31-32, 120-121, 148-152, 191, 2хх112-113/ Энэ шалтгааны улмаас Ф.К ХХК нь М.Л ХХК-ийн хүсэлтээр Н.Гтой 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулсан болох нь тэдгээрийн тайлбар, худалдах-худалдан авах гэрээ, 81-53 УНМ улсын дугаартай Норд бенз маркийн автомашины тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудаар мөн тогтоогдсон байна. /1хх 31-32, 148-152, 2хх 132/ Хариуцагч М.Л ХХК нь нэхэмжлэгч Н.Год ажлын хөлсөнд 25 683,29 ам.доллар буюу 35 906 615 төгрөг төлсөн үйл баримтад маргаангүй.
Дээрх бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, М.Л ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо, тодорхойлолт, Шуурхай зар сонины 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 51 дэх дугаарт хэвлэгдсэн М.Л ХХК-ийн гэрээ байгуулах саналын дуудлага, тус компанийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/00239 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Ф.К ХХК нь хариуцагч М.Л ХХК-ийн хүсэлтээр өөртөө бус, тус компанид эрх зүйн үр дагаврыг үүсгэх зорилгоор нэхэмжлэгч Н.Гтой гэрээ байгуулснаар нэхэмжлэгч Н.Г, хариуцагч М.Л ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн нэхэмжлэгч Н.Г, хариуцагч Ф.К ХХК нар гэрээ байгуулахдаа хэн аль нь дүр үзүүлэх хүсэл зориг агуулаагүйн гадна Ф.К ХХК нь М.Л ХХК-ийн хүсэлтээр тус компанийн өмнөөс нэхэмжлэгч Н.Гтой гэрээ байгуулж, төлөөлөл хэрэгжүүлсэн, Иргэний хуульд заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн хариуцагч Ф.К ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасанд нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгч Н.Г, хариуцагч М.Л ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх гэрээний талуудыг зөв тодорхойлсон.
Нэхэмжлэгч Н.Г нь гэрээний дагуу нийт 26 713.36 тн төмрийн баяжмал тээвэрлэсэн, ажлын хөлс, зардалд гэрээний 5-д заасны дагуу 3.3 ам.доллараар тооцон нийт 88 154.09 ам.доллар буюу 124 089 751 төгрөг /тухайн цаг үеийн ханшаар/ авахаас 35 906 615 төгрөг хариуцагч М.Л ХХК-аас хүлээн авсан, үлдэх 87 683 136 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч М.Л ХХК нэхэмжлэгч Н.Год ажлын хөлс, зардалд нийт 35 906 615 төгрөг төлсөнд маргаангүй. Харин үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Н.Гтой байгуулсан барьцааны гэрээ 2012 оны 3 дугаар сард цуцлагдсанаар ажил гүйцэтгэх гэрээ мөн цуцлагдсан, уг хугацаанаас сарын 1 000 000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар тохирсон, ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэл заан маргажээ.
Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны хөрөнгийн өмчлөгч Н.Баярсайхантай 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 07/07 дугаартай барьцааны гэрээг байгуулсан байх ба нэхэмжлэгч Н.Г, хариуцагч М.Л ХХК нарын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний 1.7-д Ажил гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07/07 тоот барьцааны гэрээг байгуулсан болно. 07/07 тоот барьцааны гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно гэж тусгажээ. Дээрх барьцааны гэрээ цуцлагдсанаар үндсэн гэрээ буюу М.Л ХХК, Н.Г нарын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлагдсанд тооцох хуулийн үндэслэлгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийн заасныг зөв тайлбарласан гэж үзнэ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хариуцагч М.Л ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 15/23 дугаартай Тооцоо гэх баримт, мөн сарын 02-ны өдрийн 03/32 дугаартай Тодорхойлолт, нэхэмжлэгч Н.Гын данс руу мөнгө шилжүүлсэн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд 2012 оны 3 дугаар сараас гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, 1 сард 1 000 000 төгрөгийн цалинтайгаар Н.Гыг ажиллуулах болсон гэх хариуцагч М.Л ХХК-ийн тайлбарыг эргэлзээтэй, өөрөөр хэлбэл уг тайлбарыг үнэн зөв гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Иймээс хариуцагч М.Л ХХК-ийн татгалзал, давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.
Талуудын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 1.6 дах заалтаар нэхэмжлэгч нь 81-53 УНМ улсын дугаартай автомашинаар Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах Элстэйн уурхайгаас Ханги боомт хүртэл 138 км замаар төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх, гэрээний 3.2.1, 3.2.2-т зааснаар хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хөлсийг тохирсон хугацаанд төлөх, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай дугуй, сэлбэг, дизель түлшний зардал олгох үүргийг тус тус хүлээжээ. Түүнчлэн, гэрээний 5.2-т хөлс, зардлыг тус бүр 1 тн тутамд хэдэн ам.доллараар тооцож олгох талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 дах хэсгийн Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж заасанд нийцэж байна. /хх7-11/
Хэрэгт авагдсан хариуцагч М.Л ХХК, нэхэмжлэгч Н.Г нарын тооцоо нийлсэн акт, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн албан бичиг, 8153 УНМ улсын дугаартай автомашины тээвэрлэсэн ачааны мэдээлэл зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах Элстэйн уурхайгаас Ханги боомт хүртэл 138 км замаар нийт 8 189.49 тн төмрийн хүдрийн баяжмалыг тээвэрлэсэн үйл баримт тогтоогджээ. /1хх68-71, 74, 79, 2хх129/
Тодруулбал, М.Л ХХК, Н.Г нарын тооцоо нийлсэн актаар 2011 оны 7 дугаар сард 465 520 кг, мөн оны 8 дугаар сард 626 980 кг, мөн оны 9 дүгээр сард 962 160 кг, мөн оны 10 дугаар сард 562 670 кг, 2012 оны 4 дүгээр сард 730 940 кг, 2013 оны 7 дугаар сард 627 120 кг, бүгд 3 975 390 кг буюу 3975.39 тн,
М.Л ХХК-аас шүүхэд ирүүлсэн албан бичгээр 2011 оны 11 дүгээр сард 1078 тн, мөн оны 12 дугаар сард 559.2 тн, 2012 оны 5 дугаар сард 486,58 тн, мөн оны 6 дугаар сард 376,32 тн, 2013 оны 6 дугаар сард 1 714 тн бүгд 4214.1 тн, нийт 8 189.49 тн /3975.39 тн+ 4214.1 тн/ төмрийн хүдрийн баяжмалыг нэхэмжлэгч Н.Г тээвэрлэсэн гэж үзэхээр байна.
Хариуцагч М.Л ХХК-аас тээврийн маршрутыг өөрчлөх санал гаргасныг Н.Г нь хүлээн зөвшөөрч, богино зайд буюу Монгол Улсын хилийн боомтоос БНХАУ-ын хилийн боомт хүртэл 14 км зайд 18 882,95 тн төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, Гаалийн ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтуудаар нотлогджээ. /2хх 62-64, 87/ Мөн ийм хэмжээний баяжмал тээвэрлэсэнд хариуцагч маргаагүй.
Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн Ханги боомт хүртэлх 138 км замд тээвэрлэсэн ажлын гүйцэтгэлийг нэгжид, мөн богины зай буюу 14 кмт баяжмал тээвэрлэсэн ажил гүйцэтгэлийн хэмжих нэгжийг 138 км зайд тээвэрлэсэн ажлын гүйцэтгэлийн нэгж рүү шилжүүлэн тооцоод 14 км зайд 18 882,95 тонн тээвэрлэсэн баяжмал нь 138 км зайд 1 917,05 тонн баяжмал тээвэрлэсэнтэй тэнцүү гэж дүгнэн, нэхэмжлэгч Н.Гыг 10 106,74 тонн төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй тогтоогдохгүй байх тул богинын тээврийг уртын тээвэрт тооцон шилжүүлж, гэрээний гол нөхцөлд өөрчлөлт оруулсан, 7930,41 тн /26 716,36 тн-18 882,95 тн/ баяжмал тээвэрлэсэн гэх хариуцагч М.Л ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
Мөн шүүхээс хариуцагч М.Л ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүй байдал, гадаад валютын өсөлт зэрэг нөхцлийг харгалзан, нэхэмжлэгч Н.Гын шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн Монголбанкнаас зарласан ам.долларын ханшид хөрвүүлэн хариуцагч М.Л ХХК-ийн төлөх ажлын хөлсний нийт үнийг 61 746 633 төгрөгөөр тооцон үүнээс гүйцэтгэсэн үүрэг болох 35 906 615 төгрөгийг хасч, 25 840 018 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Год олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 218 дугаар үйлийн 218.1 дэх хэсгийн заасантай харшлахгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч М.Л ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 359 дүгээр зүйлийн 359.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч М.Л ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Л ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 287 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Ч.ЦЭНД