| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2316000000041 |
| Дугаар | 2023/ДШМ/19 |
| Огноо | 2023-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 21.2.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2023/ДШМ/19
Д.Б, Д.Ц нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ц.О, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Хохирогчийн өмгөөлөгч М.Э,
Шүүгдэгч Д.Ц-ийн өмгөөлөгч Ж.Д,
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Б,
Хохирогч Б.М,
Шүүгдэгч Д.Б, Д.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг хохирогч Б.М эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Д.Б, Д.Ц нарт холбогдох эрүүгийн 2316000000041 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаарх мэдээлэл:
1.1. У овгийн Д.Ц нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ....... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн .......... сумын ........... багийн ... - ... тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, Д............... регистрийн дугаартай,
1.2. Б овгийн Д.Б нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн ........... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ........ багийн ...... ... - ... тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, Д............... регистрийн дугаартай,
2. Шүүгдэгч нарын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн үйл баримт:
2.1. Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ......... багийн ........... хороо ... - ... тоотод Б.С “эхнэр Д.Б-гаа зодлоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний хоолойг нь боож алсан,
2.2. Шүүгдэгч Д.Ц нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ........ багийн ............ хороо ... - ... тоотод 2023 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Ч-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Д.Ч-ийн толгойн хэсэгт шилэн стаканаар цохиж эрүүл мэндэд нь толгойн ар дагз, толгойн оройн зүүн талд шарх, зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2.3. Шүүгдэгч Д.Б нь бүртгэлийн гм-93/368 дугаартай “Б.С нас барсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 12, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэр:
3.1. Анхан шатны шүүх шүүгдэгч У овгийн Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 (ес) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-ийн жинхэнэ эдлэх ялыг 9 (ес) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 9 (ес) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ийн цагдан хоригдсон 126 (нэг зуун хорин зургаа) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг си ди /CD/-г хэрэгт хавсаргаж, бусад эд зүйлсийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Д.Ц-ийн эзэмшлийн мустанг-200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ц нь нийт 126 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, мөн Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Ч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлан шийдвэрлэжээ.
4. Хохирогч Б.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол тайлбартаа:
4.1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь хохирогч миний зүгээс шүүгдэгч Д.Ц, Д.Б нарт гомдолтой байна. Дээрх 2 хүн бүлэглэн миний дүү Б.С-ын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн. Гэвч анхан шатны шүүх хуралдаанаар маш хөнгөн ял шийтгэл авсан гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Б нь гэр бүлээс гадуурх харилцаатай, төдийгүй уг хэргийг нуун дарагдуулсан ар гэрийнхэнд нь талийгаачийн талаар буруу зөрүү худал ярьж төөрөлдүүлж цаг хугацаа хожсонд маш их гомдолтой байна. Уг хэрэгт холбоотой гэж хохирогч бид бүхэн үзэж байгаа тул Д.Б-г дахин шалгаж өгнө үү. Шүүгдэгч Д.Ц-ийн өгсөн мотоцикль нь эдэлгээ ихтэй, эвдэрхий, зах зээлийн үнээс хэд дахин доогуур зарагдах үнэтэй. Зар тавьж зарах гэсэн боловч 500.000 төгрөг ч хүрэхгүй үнэлэгдэж байна. Мөн унагатай гүү өгнө гэсэн боловч одоо болтол авчирч өгөөгүй. Бидний зан үйлтэй холбогдон гарсан зардлыг бүрэн төлөөгүй учир мөнгөн дүнгээр нь буюу 7.400.000 төгрөгийг ар гэрээр нь төлүүлэхийг хүсч байна. Талийгаач Б.С-ын ...- ... УБН улсын дугаартай автомашиныг хохирогч ар гэрийнхэнд нь олгож өгнө үү. Шүүгдэгч Д.Ц, Д.Б хоёр нь анхан шатны шүүх хуралдааны үеэр гаргасан биеийн хэлэмж, үг яриа нь ямар ч гэмшсэн шинжгүй хохирогч биднийг үл тоосон шүүх хуралдааныг үл тоосон шинжтэй байсанд бид бүхэн гомдолтой байна. Учир нь гэвэл бид бүхэн талийгаач дүү Б.С гэнэтийн байдлаар бусдын гарт амь насаа алдсанаас хойш ээж, эгч, ах, дүү, зээ нар, найз нөхөд, ажлын хамт олон бүхий л таньж мэддэг хүмүүс нь бүгд сэтгэл санааны маш том хохиролд учирсан. Өндөр настай ээж маань шөнө унтаж чаддаггүй байнга эм тариа хэрэглэж сэтгэл санаа биеийн хувьд ч өдөр хоногийг хүндхэн өнгөрүүлж байна. Шүүгдэгч Д.Ц, Д.Б нарт маш их гомдолтой байна. Иймд дээрх хүмүүст холбогдох хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Шүүх хуралдаанд оролцогчдын гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
5.1. Хохирогчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийг хаачсан талаар асуугаад байхад нь Д.Б хэлэхгүй, машинтайгаа явсан. Хаачсан юм бол мэдэхгүй гэж хэлж байсан. Зан үйл дээр нь ч ирээгүй. Өндөр настай ээжийнх нь элэгийг дэвтээх гурван настай хүүхдийг нь ч уулзуулахгүй байгаа. Өөрөөс нь 7, 8 дүү хүнтэй дотно харилцаа үүсгээд, хамраад амь насанд нь хүрчихсэн юм биш байгаа гэж гомдоод байгаа.
Оршуулгын зан үйлтэй холбоотой гарсан зардал 7,600,000 төгрөг байгаа. 1,300,000 төгрөг бэлнээр өгсөн. Мотоцикль 2,800,000 төгрөгөөр үнэлж өгсөн. Унагатай гүү өгнө гэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ярьж байгаагаар аль аль нь үнэлгээндээ хүрээгүй. Хохирогч энэ хоёр хүний ял шийтгэл нь багадсан байна гэж гомдол гаргаж байгаа. Хохирогч сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ гэдэг. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гарсан сэтгэл санааны хохирол тооцох аргачлалын дагуу нэхэмжилмээр байна. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг дээр шүүх Ч-ийн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. М-т сэтгэл санааны хохирол дараа нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн зүйл харагдахгүй байгаа. Иргэний журмаар сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Өндөр настай ээжид нь хэрэгтэй. Тэр нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж магадлалд оруулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.
5.2. Шүүгдэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлж ярих зүйл байхгүй гэв.
5.3. Шүүгдэгч Д.Ц-ийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн өмгөөлөгчийн саналыг сонслоо. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэх эрх нээлттэй үлдээж өгнө үү гээд байна. Хэрвээ тийм байсан бол анхан шатны шүүх хуралдаанд хүсэлтээ гаргаад явах боломж байсан. Энэ хуулийн хэрэгжилт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжихээр хууль шүү. Холбогдох журам нь тодорхой гараагүй байгаа. Хэдэн төрлийн зүйлчлэлтэй хэрэг дээр журам нь гарсан байдаг. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.4. Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлж ярих зүйл байхгүй гэв.
5.5. Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны дагуу үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.
5.6. Прокурор Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
7.1. Шүүгдэгч Д.Ц нь Б.С-ыг алсан гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Д.Ц нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .......... багийн ............ хороо ... - ... тоот хашаанд амь хохирогч Б.С “эхнэр Д.Б-гаа зодлоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хоолойг нь боож алсан байна.
7.1.1. Энэ үйл баримт дор дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7.1.2. “Говь-Алтай аймгийн ............ сумын төвийн баруун талын захын хашаанаас баруун тийш ... км зайд байх “.........” овооноос ертөнцийн зүгээр урагш 300 метр зайд дэрсний баруун захад эрэгтэй хүний цогцос байсан газарт үзлэг хийж тэмдэглэл үйлдэн, гэрэл зургаар бэхжүүлсэн тухай” хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1 хх 3-9),
7.1.3. Цогцост үзлэг хийхэд “Хүзүүний дээд хэсэгт зүүн чихнээс доош 5 см, баруун чихнээс доош 4 см хүзүүний урд хэсэгт 2.5 см өргөнтэй, 3 ширхэг хөндлөн зулгаралт үүсгэсэн, үүнээс зүүн тийш тойрсон 2 ширхэг зулгаралт явсан ба дээд хэсэг 0.6 см, доод хэсэг нь доороос дээш чиглэлтэй зулгарч хүзүүнийхээ зүүн хэсэгт 2.5 см болж үүнээс хойш нарийсан 0.5 см болсон улаан хүрэн өнгийн зулгаралттай, хүзүүний ар хэсэгт 0.9 см өргөнтэй байх ба баруун тийш тойрохдоо 2 см өргөнтэй болсон, хүзүүний баруун хэсэгт 2.5 см өргөнтэй улаан хүрэн өнгийн зулгаралтууд үүссэн. Уг зулгаралтууд нь хүзүүг битүү ороосон байсныг тусгасан” цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх 22-33),
7.1.4. Амь хохирогч Б.С-ын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, (1 хх 34-36), амь хохирогч Б.С-ын гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, (1 хх 37-40),
7.1.5. 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр амь хохирогч Б.С-ын ...-... УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийхэд: “Жолооч талын хойд хаалганаас 70 см зайд суудлын гол хэсэгт 2см х 4.5 см улаан бүдэг толбо, хаалганы урд талын өнцгөөс дотогш 21 см зайд шалавчны арзгар хээтэй хэсэгт 4 см х 3.2 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн хатсан цус мэт зүйл илэрснийг бэхжүүлэн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1 хх 61-67),
7.1.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн: “2023 оны 03 дугаар сарын 07-ны орой эхнэр Д.Б руу нь ярихад Б.С гарч яваад 2 хонож байна гэж хэлэхээр нь хэнтэй хамт явсан юм бэ? гэж асуухад тамхиа татах гээд гараад орж ирээгүй гэж хэлсэн. Машинтайгаа явсан юм уу гэж хэлэхэд үгүй гэж хэлсэн. 2023 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед Д.Б над руу яриад Б.С ирж хоносонгүй сураг гарвал хэлээрэй гэж хэлсэн. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.С-ын хадам ээж Д гуай яриад Б.С ирэхгүй байна хүн амьтнаас асуугаадхаарай гэж хэлсэн байсан. Сураг гаргах гээд төрсөн дүү Д-д нь С гэртээ ирэхгүй хэд хоносон чи сураг гаргаадхаач гэж хэлж байсан. 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дүү Б.С нас барсан талаар цагдаагийн алба хаагчдаас мэдсэн. Төрсөн дүү Б.С-ын амь насыг хороосонд маш их гомдолтой байна. Би оршуулгын зан үйлтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг (1 хх 120),
7.1.7. Гэрч М.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Д, Ц гэдэг найз нарынхаа хамт ...-... ГАА улсын дугаартай приус-20 маркын машинаар аймгийн төвийн дээд ногоон толгойн зүгээс уруудаж байтал дэрсний тэр хавьд хүний гутал байх шиг байхаар нь ойртож очоод цонхоо доошлуулаад хартал хүн хэвтэж байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан” тухай мэдүүлэг (1 хх 132),
7.1.8. Гэрч Б.Ө мөрдөн байцаалтад өгсөн: “Найз нарын хамт тухайн газар очоод тухайн хүнийг холоос харсан. Тэгээд Э 17 цаг өнгөрч байхад цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгсөн.” тухай мэдүүлэг (1 хх 134),
7.1.9. Гэрч Ц.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Д.Ц-ийн нүүр хавдчихсан ирсэн өдрийг 03 дугаар сарын 08 гээд андуураад хэлчихсэн байсан. Би бодоод байсан чинь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 цаг өнгөрөөд 00 цаг дөхөж байхад гэртээ ирсэн. Баруун талын нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан. Би яагаад нүүр нүд чинь хавдчихсан юм бэ гээд асуухад мотоцикльтой явж байгаад ганга руу уначихсан гэж хэлсэн. Малгайтай цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн хромон гуталтай хар жинсэн өмдтэй ирсэн. Д.Ц-ийн өмсөж явсан дээл нь тоос шороо болчихсон байсан. 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хувцсаа тайлж тавьчихаад явчихсан байхаар нь өмсөж явсан хувцсыг нь угаах гэсэн чинь малгайтай цэнхэр цамцных нь хоолойн хэсэг урагдчихсан байсан.” тухай мэдүүлэг (1 хх 158-160),
7.1.10. Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Аав, ээж хоёр нь хоорондоо хэрэлдэж зодолдож байсан. Нэг агаа ирээд аавтай архи уусан. Аав агаа хоёр гэрээс гарч зодолдсон. Ээж эмнэлэг рүү утсаар ярих гэсэн чинь утас нь эвдэрсэн байсан. Аавыг агаа эмнэлэгт аваачиж өгнө гээд машинаар авч явсан. Ээж аав дээр очоогүй. Аав ирж хоноогүй. Ээж гэртээ хоносон. Агаа гэж хүний нэрийг мэдэхгүй гэх бөгөөд Д.Ц-ийн зургийг үзүүлэхэд энэ агаа мөн гэж хэлсэн.” тухай мэдүүлэг (1 хх 172),
7.1.11. Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2023 оны 03 дугаар сарын 08-ны орой Д.Ц, Д.Б нар нь караокед хамт орж ирээд нэг нэг пиво авч уусан. Тухайн орой Д.Ц нь Д.Б-г тэврээд үнсээд байсан. Яг ямар харилцаатай талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ орж ирэхдээ их дотно нэгнийгээ байнга үнсээд тэврээд байдаг. Тухайн үед Д.Ц, Д.Б нарыг эхнэр нөхөр юм болов уу гэж бодсон.” тухай мэдүүлэг (1 хх 182),
7.1.12. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Д.Б-ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн: “Шинжилгээнд тэнцэж буй хэргийн газрын үзлэгээр 2 дугаараар тэмдэглэж, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн мөр нь “...-... УБН” улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хойд дугуйтай ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байгаа.” тухай 06 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 хх 190-195),
7.1.13. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад Т.А-ын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “1.Талийгаачийн биед хүзүүнд дарагдлын ором, төвөнхийн мөгөөрсний босоо хугарал, төвөнхийн мөгөөрсний эвэрийн хугарал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дээд уруулд шарх, дух, зүүн хацар, хамрын зүүн тал, хамрын нуруу, баруун шанаа, эрүүний ооч хэсэг, зүүн бугалга, зүүн тохой, зүүн сарвууны гадна хэсэг, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн дал, зүүн ташаан толгойн ар дээд хэсэг буюу ууцны зүүн тал, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт, баруун тохой, баруун шуу, баруун сарвууны ар хэсэгт чигчий хуруу талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх хүзүүнд байх дарагдлын ором гэмтэл нь уяа оосор мэт зүйлээр үүсгэгдэнэ. Бусад /төвөнхийн мөгөөрсний босоо хугарал, төвөнхний мөгөөрсний эвэрийн хугарал, тархины цус харвалт, шарх, зулгаралт, цус хуралт/ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Талийгаач нь боолтын улмаас амьсгал бүтэж нас барсан байна. 5. Талийгаачийн цогцос нь хөлдсөн тул зөөвөрлөсөн болон нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. б.талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед үүссэн байна. 7. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх 08 дугаартай дүгнэлт (1 хх 202-207),
7.1.14. Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээч нарын “Д овогтой Ц нь одоогийн байдлаар сэтгэц мэдрэлийн өвчний ямар нэгэн өөрчлөлт болон шинж тэмдэг ажиглагдсангүй. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт (1 хх 216-218),
7.1.15. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын криминалистикийн шинжилгээний хэлтсийн лабораторийн эрхлэгч, криминалистикийн шинжээч цагдаагийн дэд хурандаа Г.Г-ийн “1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Ц-ийн өмсөж байсан гэх хөх өнгийн дээл, юүдэнтэй хөх өнгийн малгайнд ханзралт, урагдал шинээр үүссэн байна. Хар өнгийн хос гутал гэмтэлгүй байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн Б.С-ын өмсөж байсан гэх хар өнгийн хүрэм, энгэр дээрээ зурагтай хар цамц, саарал дотуур өмдөнд ханзралт, урагдалт, гогдолт, шинээр үүссэн байна. шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, (1 хх 237-243),
7.1.16. Д.Ц-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “Гэрт нь очоод пиво ууж байхад С эхнэртэйгээ маргалдаад байснаа эхнэрээ 2 удаа цохисон. Тэгээд намайг булан руу шахаад боохоор нь Б эгч боль гээд хоёр тийш нь болгож салгасан. Намайг хоёулаа гаръя гэхээр нь би дагаж гарахад хаалганы үүдэн дээр гараад намайг боож унагахад эхнэр Б нь гарч ирж дахин болиулаад гэрлүүгээ ороход бид хоёр хоорондоо зодолдсон. С-ыг цамцаар нь боож унагачихаад гэрт ороод орон дээр нь байсан нарийн саарал уяаг аваад С-ын хоолойг уурандаа нэг гогцоолдоод нэлээн татахад Б эгч одоо болиоч гээд гараад ирсэн. Б эгч намайг дагуулж гэртээ ороод хэсэг байж байснаа цонхоор харахад С хөдлөхгүй байхаар нь гарч ирээд үзэхэд амьсгал хураасан байсан. Тэгсэн чинь Б эгч эмнэлэг дуудъя гэхэд нь би “Яах юм бэ. Амьсгал хураасан.” гэж хэлсэн. Тэдний хар хөх машин руу С-ыг тэвэрч арын суудалд нь суулгаад машиныг би өөрөө унахад Б эгч “Би хамт явъя” гэхэд нь яах юм бэ гэж хэлсэн. Аймгийн өөдөө буюу баруун талын уулын бэлд очоод С-ыг буулгаж тавьчихаад яваад өгсөн. С-ыг боож амь насыг хохироосон уяаг хаана хаясан талаараа санахгүй байгаа” тухай бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа мэдүүлэг (2 хх 40-43),
7.1.17. Д.Ц-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хх 44-49) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
8.2. Шүүгдэгч Д.Ц нь Д.Ч-ийн толгойд шилэн стаканаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн тухайд:
Шүүгдэгч Д.Ц нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .......... багийн ........... хороо ...-... тоотод 2023 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Ч-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Д.Ч-ийн толгойн хэсэгт шилэн стаканаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
8.2.1. Энэ үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
8.2.2. Хохирогч Д.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ц нь чи юмнаас дандаа хойш сууж байх юм, ална шүү чамайг гээд байсан. Тэгснээ намайг барьж аваад гараараа цээж хэсэгт 2 удаа цохисон тэгэхээр нь би тоглож байгаа юм байна гэж бодоод цааш нь түлхсэн чинь бид нарын пиво ууж байсан бариултай бор стаканыг барьж аваад миний толгойн ар хэсэгт цохисон. Би тухайн үед цохиулаад цус гараад байхаар нь болиоч чи хүн аллаа гээд гараад зугатаах гэсэн чинь Ц хөлнөөс барьж аваад би чамайг ална гээд гарт үлдсэн байсан стаканы бариулаар миний толгойн зүүн хэсэгт зүсчихсэн. Тэгээд би Ц-г түлхэж унагаачихаад куртикээ аваад цагдаа дуудна гэж хэлчхээд гараад явчихсан. Эмнэлэгт үзүүлэхэд миний толгойн дагз хэсэгт 5 оёдол тавьсан. Би Улаанбаатар хотод толгойн зураг авхуулах гэж очсон боловч эмчийн бичсэн хөнгөлөлттэй үзүүлэх хугацаа нь дуусчихсан тэр бичиггүй үзүүлнэ гэхээр 600,000 төгрөг гээд байсан. Надад тухайн үед мөнгө байгаагүй учраас үзүүлж чадаагүй. Би дахиад Улаанбаатар хот руу явж толгойн зургаа авхуулмаар байна. Би Ц-ээс 800,000 төгрөг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулаад өгчихвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (2 хх 195-196),
8.2.3. Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 06-ны 21 цагийн үед У-ийн гэрт очиход Ц, Ч, У нар юм яриад сууж байсан. Бид нар хэсэг байж байгаад дөрвүүлээ нийлээд 13 модны покер тоглосон. Бид нар хөзрөө тоглож дуусчхаад явах гэж байтал Ц гэдэг залуу та явах гэж байвал 1 пиво аваад ирье, уучихаад яв гээд ногоон савтай том пиво аваад ороод ирсэн. Бид нар тэр пивыг ууж дуусгаад Ц нь дахиад пиво авч ирсэн. Тэгээд У бид 2 юм яриад сууж байтал Ц гэх жижигхэн шар залуу нь Ч гэдэг залуутай муудалцаад заамдалцаад авсан. Тэр хоёрыг У салгаад 2 тийшээ болгосон чинь Ц гэх залуу нь пиво хийж ууж байсан сэнжтэй аягаар толгой хэсэгт нь цохисон. Би У-д наад хоёроо болиул гээд хэлсэн чинь У салгасан. Ч нь түрүүлээд гараад явсан чинь цагдаа дагуулаад ороод ирсэн. Тэгээд Ц, У нар цагдаа нартай хамт яваад би гэртээ харихаар явсан. Ц нь 1 удаа Ч-ийн толгойг стаканаар цохисон, Ч нь Ц-г түлхэж унагаагаад байсан болохоос цохиогүй.” тухай мэдүүлэг, (2 хх 197-198),
8.2.4. Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн гэртээ ганцаараа байж байгаад Ч, Ц нарыг хөзөр тоглоё гэж дуудсан. Дараа нь аавынх нь найз Б ирээд 13 модны хөзөр тоглосон. Ч 20.000 төгрөг гаргаж ирээд 2 ширхэг пиво ууя гээд дэлгүүр өөрөө явж авч ирсэн. Тэгээд Ч нь надтай маргаад байхаар нь чи одоо харьчих гэж хэлсэн. Тэгж байгаад Д.Ц-тэй машины дугуйнаас болоод хэрэлдээд эхэлсэн. Ц, Ч нар хэрэлдэж байгаад ноцолдоод газарт өнхрөөд байсан. Нэг харахад Ц сэнжтэй аягаар Ч-ийг цохичихсон. Тэгээд цагдаа нар ирээд Ц, Ч нарыг дагуулаад явсан.” тухай мэдүүлэг, (2 хх 202-203),
8.2.5. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дугаартай “1. Д.Ч-ийн биед толгойн ар дагз, толгойн оройн зүүн талд шарх, зүүн өвдгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, (2 хх 176-177),
8.2.6. Хохирогч Д.Ч-ийн амбулаториор эмчлүүлэгчдийн картны хуулбар, (2-р хх-ийн 188-190-р хуудас) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
8.3. Шүүгдэгч Д.Б нь зориуд худал мэдүүлэг өгсөн хэргийн тухайд:
Шүүгдэгч Д.Б нь бүртгэлийн гм-93/368 дугаартай “Б.С нас барсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн байна.
8.3.1. Энэ үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна:
8.3.2. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.М-ын 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрч Д.Б-д “Өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг нь тайлбарлаж, худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж, “гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаанд гарын үсэг зуруулсан тэмдэглэл (1 хх 135),
8.3.3. Гэрч Д.Б мөрдөн байцаалтад Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.М-т “2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг өгөхдөө: “Манай нөхөр Б.С, Д.Ц хоёр 2.5 литрийн пиво хувааж уучихаад гэрт байсан тал шилтэй дарсыг хувааж уусан. Тэгээд Д.Ц гараад явсан. Б.С гэртээ жаахан байж байгаад галд нүүрс хийчихээд гараад явсан.” гэж мэдүүлсэн болохыг тусгасан гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, (1 хх 136 хуудас),
8.3.4. Гэрч Д.Б мөрдөн байцаалтад Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын ........... сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөгч П.Б-д 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлэг өгөхдөө: “Удалгүй Ц нь цонх цохиод бид хоёр ойрхон юманд яваад ирье машиныхаа түлхүүрийг өгчих гэхээр нь би тэгвэл цуг явна гэж хэлээд хүүхдүүдээ хувцаслах гэтэл “Та яах юм. Бид хоёр яваад ирье.” гэж хэлээд яваад өгсөн. Би тэгээд хоёр хүүхэдтэйгээ унтах гэж байхад 22 цагийн үед Ц нь буцаж ирээд агаа найзындаа хоцорчихлоо таныг уурлана гээд машин аваачаад өгөөдөх гэж хэллээ гээд хүрээд ирсэн. Би та хоёр ахиж уулзаад бөөн юм болов гэж хэлсэн. Ц нь би агаа дээр очихгүй гээд яваад өгсөн. Би тэгээд хоёр хүүхэдтэйгээ унтаад өгсөн. Тэгээд тэр шөнө С ирээгүй.” гэж мэдүүлсэн болохыг тусгасан гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл (1 хх 139-141),
8.3.5. Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Бид хэд унтах гэж байсан аав нэг агаатай ирсэн. Нэг агаа ирээд аавтай цуг архи уусан. Аав агаа хоёр гэрээс гарч зодолдоод, ээж эмнэлэг рүү утсаар ярих гэсэн чинь Х дүү утсыг нь эвдсэн байсан. Аавыг, агаа эмнэлэг аваачиж өгнө гээд машинаар авч явсан. Ээж аав дээр очоогүй.” гэх мэдүүлэг (1 хх 172),
8.3.6. Шүүгдэгч Д.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “С хөдлөхгүй байхаар нь гарч ирээд үзэхэд амьсгал хураасан байсан. Тэгсэн чинь Б эгч эмнэлэг дуудъя гэхэд нь би яах юм бэ? амьсгал хураасан юм чинь гэж хэлсэн. Б эгч огт дугараагүй. Би Б эгчид хандан цагдаад очиж өөрөө хэлье гэхэд Б эгч дугараагүй.” гэх бусад нотлох баримтаар давхар нотлогдсон мэдүүлэг (1 хх 139-141) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
9. Нотлох баримтын талаар.
9.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б, Д.Ц нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
9.2. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
9.3. Хэргийн үйл баримтыг нотлож байгаа, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.
9.4. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.
10. Эрх зүйн үндэслэл, давж заалдах гомдлын талаарх дүгнэлт.
10.1. Шүүгдэгч Д.Ц-ийн хохирогч Б.С-ын хоолойг боосон үйлдлийн улмаас Б.С-ын амь нас хохирсон, Д.Ц-ийн хохирогч Б.С-ын хоолойг боосон үйлдэл, хохирогчийн үхэл шууд шалтгаант холбоотой байна.
Хохирогчийн хоолойг боосон шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч богино хугацаанд үхэх аюултайг энгийн ухамсрын түвшинд ердийн хүн бүрэн ухамсарлаж, ойлгох боломжтой.
Гэтэл шүүгдэгч Д.Ц нь бүрэн ухамсарлах боломжтой энэхүү аюулыг хохирогчийн хоолойг боох санаатай үйлдлээрээ үргэлжлүүлж хохирогчийг үхэхэд хүргэсэн нь уг аюулыг хүсч үйлдсэн болохыг нь нотлож байна.
Тиймээс шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг алах гэмт хэрэгт 8 жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд уг гэмт хэрэгт нь анхан шатны шүүхээс хуульд заасан хэмжээнд шүүгдэгч Д.Ц-д 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёс зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн ял, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэхээр байна.
10.2. Мөн шүүгдэгч Д.Ц-ийн хохирогч Д.Ч-той маргалдаж толгойн хэсэгт нь шилэн стаканаар цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Д.Ц-ийн үйлдэл, хохирогч Д.Ч-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч санаатайгаар уг хохирлыг учруулсан байна.
Тиймээс шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэргийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
10.3. Шүүгдэгч Д.Б нь гэрчээр тогтоогдож, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа болоогүй, зүйлийг болсон гэж гажуудуулж болсон үйл явдлыг өөрчилж өөрөөр хэлбэл “Д.Ц гарч явсны дараа Б.С гэртээ жаахан байж байгаад галд нүүрс хийчихээд гараад явсан.” гэж болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүх тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулж болох ялын төрлөөс хамгийн хүнд буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, тухайн ялын төрлийн дундажаар ял оногдуулсан нь гэмт хэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
10.4. Прокуророос шүүгдэгч Д.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шүүгдэгч Д.Ц-д хорих ял, шүүгдэгч Д.Б-д зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсан нь үндэслэлтэй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
10.5. Мөн мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй байна.
10.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч Д.Ц, Д.Б нар бүлэглэн миний дүү Б.С-ын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн байхад анхан шатны шүүхээс хөнгөн ял шийтгэл оноосон гэж давж заалдах гомдлынхоо үндэслэлд тусгажээ.
10.6.1. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Д.Ц нь хохирогч Б.С маргалдаж улмаар хоолойг нь боож алсан болох нь тогтоогдсон.
Уг гэмт хэрэгт тодруулбал Д.Ц-ийн Б.С-ыг алсан үйлдэлд Д.Б оролцсон гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, харин оролцоогүй гэдэг нь насанд хүрээгүй гэрч Б.О-ийн “Аав агаа хоёр гэрээс гарч зодолдсон. Ээж эмнэлэг рүү утсаар ярих гэсэн чинь утас нь эвдэрсэн байсан. Аавыг агаа эмнэлэгт аваачиж өгнө гээд машинаар авч явсан.” гэсэн мэдүүлэг, уг мэдүүлэгтэй тохирч байгаа шүүгдэгч Д.Ц-ийн: “Уурандаа С-ын хоолойг гогцоолдоод нэлээн татахад Б эгч одоо болиоч гээд гараад ирсэн. ...С хөдлөхгүй байхаар нь гарч ирээд үзэхэд амьсгал хураасан байсан. Тэгсэн чинь Б эгч эмнэлэг дуудъя гэхэд нь би “Яах юм бэ. Амьсгал хураасан байна.” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.
10.7. Мөн давж заалдах гомдолд гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч Д.Ц бодитойгоор төлөөгүй, хохиролд тооцож өгсөн, мотоцикль, адуу зэрэг нь хэлсэн үнэнд нь хүрэхгүй байгаа талаар тусгасан байх бөгөөд анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүгдэгч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бэлнээр 1.300.000 төгрөг өгсөн, мотоцикль, адуу зэргийг хохиролд тооцож өгөх талаар тохиролцсон, анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй нөхцөл байдал бий болсон байна.
10.8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болохоор, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй байхаар заасан байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй эсэхийг шийдвэрлээгүй байх тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас шууд учирсан эд хөрөнгийн хохирол, гэмт хэргийн улмаас шууд бусаар учирсан хохирол, оршуулгын зан үйлтэй холбогдох зардал болон хохирогчийн эд зүйлсийг хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох этгээдээс гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийг арилгуулахаар нэхэмжлээгүй ч давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар хүсэлт гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар тухайн хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй байхаар тусгасан.
Гэвч Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар, мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт тухайн хуулийн 40.1 дэх хэсэгт заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар заасан.
Энэ заалтын дагуу батлагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт шинжилгээг хийхдээ Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, холбогдох бусад эрх зүйн акт болон тухайн журмыг мөрдлөг болгохоор заасан бөгөөд журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгахаар заажээ.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан бөгөөд уг гэмт хэрэг нь хуулийн энэ заалт хүчин төгөлдөр үйлчилхээс өмнө үйлдэгдсэн байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй байхаар заасан болохыг дурьдах нь зүйтэй.
10.9. Мөн уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад “...-... УБН” улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрх зүйн ямар нэг акт үйлдэлгүй албадан саатуулсан тул ийнхүү саатуулах шийдвэр гаргасан албан тушаалтан нь уг авто машиныг эзэмшигч Д.Б-д нь буцаан олгох, шүүгдэгч Д.Ц-ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт цагдан хоригдсон 88 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “Д.Ч” гэсний дараа “Б.М” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.М-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ийн цагдан хоригдсон 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт цагдан хоригдсон 88 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Б
ШҮҮГЧИД Ц.О
Ч.Э