Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/1063 

 

        2023            11              02                                       2023/ДШМ/1063       

                       

                                                                                         

Ж.Х, Т.Б, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Х, Т.Б, С.Б нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Х, Т.Б, С.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор тэдэнд холбогдох эрүүгийн 2307000000163 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ж.Х, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Алтан-Өлгийн 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Налайх дүүргийн 0 дүгээр хороо, Өлгийн 0 дүгээр гудамжны 00 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

2. Т.Б, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын эх бэлтгэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 0 дүгээр хороо, Нисэхийн 00 дугаар гудамжны 0 тоотод оршин суух хаягтай,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД:**00000000/;

3. С.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” хуванцарын үйлдвэрт туслах ажилтан, ам бүл 0, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сум, 0 дугаар баг, Бадрах гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Налайх дүүргийн 0 дугаар хороо, Өвөршандын 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Ж.Х, Т.Б, С.Б нар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О-Ф” ХХК-ийн зэсийн үйлдвэрт хууль бусаар нэвтэрч, зэс голтой цахилгааны 9 боодол утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 588.800 төгрөгийн хохирол,

2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д-А” ХХК-ийн төмрийн үйлдвэрт хууль бусаар нэвтэрч, зэс голтой цахилгааны хуурай салгуур 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 920.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ж.Х, Т.Б, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Х, Т.Б, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Х, Т.Б, С.Б нарыг 2 жил 1 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х, Т.Б, С.Б нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х, Т.Б, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ж.Х, Т.Б, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн иштэй 1 ширхэг бахь, 1 ширхэг төмөр лоомыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Х, Т.Б, С.Б нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс хийсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дүгнэсэн үйл баримтын дүгнэлт зөрүүтэй, хэргийн байдалтай нийцэхгүй, түүнд өгсөн эрх зүйн дүгнэлтэд ач холбогдол бүхий бөгөөд шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарахгүй орхигдуулснаас бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт болж чадаагүй.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” тогтоож шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж хуульчилсан байна. Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуй нэгжид учирсан хохирлыг бодитой тогтоох нь шударга ёсны зарчимд нийцнэ. Хэрэгт хохирогч “О-Ф" ХХК-ийн зэсийн үйлдвэрээс хулгайд алдагдсан зэс голтой цахилгааны 9 боодол утсыг хураан авч хохирогч Р.Оад хүлээлгэн өгсөн атал тухайн алдагдсан 9 боодол утасны хэмжээ, нэр төрөл, шинж чанарыг тодорхойлолгүй хэргийг зөвхөн тойм, таамаглалд тулгуурлан гаргаж, дүгнэлтийг эргэлзээгүй гэж үзэн үнэлж шийдвэрлэсэн. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь хохирлын хэмжээ шаардахгүйгээр хэргийн зүйлчлэл хангагдах боловч Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байж сая хүндрүүлэх, үл хүндрүүлэх шинж хангагдсан эсэхийг шийдвэрлэх ёстой. Хохирогч “Р.Оын шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн 9 боодол утсыг түүхий эдийн зориулалтаар худалдан авсан, 30-40 кг орчим байсан, ...боловсруулах явцад жин нь багасна” гэх мэдүүлгийг үндэслэн дүгнэхээр прокуророос ялласан хохирлын хэмжээ үнэ болох 588.800 төгрөгийн үнэлгээ бодитой хийгдсэн эсэхэд эргэлзээ төрөхөөр байна. Мөн “Д-А” ХХК-ийн төмрийн үйлдвэрээс хулгайд алдагдсан зэс голтой цахилгааны 2 ширхэг хуурай салгуурыг дээр дурдсанчлан, нэр төрөл, шинж чанарыг тодорхойлолгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Мөрдөгч, прокурор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохоор заасан бөгөөд энэ эрх хэмжээг хуулиар хүлээсэн ч хэрэгжүүлэлгүй хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 128 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоогоогүй. Зэс голтой цахилгааны 9 боодол утсыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээж авч, тухайн утсыг ашиглах боломжтой эсэх шинж чанарыг тодорхойлж, буцааж өгөх боломж байтал уг ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаанд хийгээгүйгээс болж шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан. Хохирогчийн зүгээс алдагдсан цахилгааны утсыг 30-40 кг буюу хаягдал түүхий эд гэх зориулалтаар худалдаж авсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд мэдүүлсэн байдаг. Авсан зэс утсыг боловсруулахад тодорхой хэмжээний хаягдал гарч, учирсан хохирол тодорхойлогдоно гэх байдлаар тайлбарласан. Гэтэл шинжээч дүгнэлтийг гаргахдаа 320 метр цахилгааны утас гэж дүгнэлтийг гаргаж, хохирлын хэмжээг тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Мөн “Д-А” ХХК-иас алдагдсан гэх хуурай залгуур, салгуур гэж маргадаг. Эцэст нь салгуур болж таарсан. 2 жилийн өмнө худалдаж авч, ашиглаж байгаад ашиглахаа больсон гэдэг тайлбарыг өгсөн байтал шинж чанарыг нь тодорхойлолгүйгээр үнэлгээг гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн гэх байдлаар шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж дуусаад шүүхэд хэрэг шилжсэн байхад шүүгдэгч нарын хувьд урьд хийсэн үйлдлээ шүүхийн шатанд ярьсан. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэгтгэж, шүүхэд шилжүүлье гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч хүлээж авалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар энэ хэрэгт ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, огт мэдүүлэг аваагүй байгаа” гэв.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны өмнө гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийгдсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал яригдаж байсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх хуралдаанд шинжээчийг өөрийг нь оролцуулахаар шийдвэрлэж, анхан шатны шүүх хуралдаан болсон. Анхан шатны шүүх хуралдаанаар өмгөөлөгч мөн адил шинжээчийн дүгнэлттэй холбоотой тайлбар, саналын талаар хэлж байсан боловч шүүхээс нэгэнт нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч болон хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарыг биечлэн оролцуулж, тухайн алдагдсан гэх 9 боодол, хуурай салгуур гэх эд зүйлсийн ашиглагдаж байгаа эсэхийг тодруулж, ямар шинж агуулгатай болохыг тодруулж, шинжээчийг дүгнэлт гаргахдаа юунд үндэслэж, ямар агуулгаар дүгнэлт гаргасан талаар мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, дахин гаргуулах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. “О-Ф” ХХК нь зэс боловсруулдаг үйлдвэр байгаа юм. Тухайн хоёрдогч түүхий эдийг худалдан авч, түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн буюу зэсийг гаргадаг. Цахилгааны утас нь боловсруулагдах ёстой хоёрдогч түүхий эд буюу цахилгааны утас байсан болохоос эцсийн бүтээгдэхүүн буюу зэс болоогүй байсан. Санхүүгийн асуудалтай холбоотойгоор шүүгч тодруулж асуулаа. О-Ф” ХХК нь Хятад улсын хөрөнгө оруулалттай, Хятад эзэнтэй компани байдаг. Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Монгол дахь төлөөлөгч нь Хятад улсад байсан. Анхан шатны шүүх хуралдааны өмнөх нь Монгол улсад ирсэн бөгөөд хууль ёсны төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулна гэж итгэмжлэлээ өгч, хохирогч О-Ф” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр О гэх хүн оролцсон байдаг. Хохирогч О-Ф” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Очирбат цахилгааны утас нь хоёрдогч түүхий эд байсан гэх тайлбарыг хэлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцохдоо шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт гаргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрч, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх байр суурийг илэрхийлж оролцож байсан. “Д-А” ХХК-ийн хувьд төмрийн үйлдвэр бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч Монгол улс дахь төлөөлөгч нь тодорхойгүй, хуулийн этгээдийн лавлагаанд нь тодорхой нэр гарч ирж байгаа боловч тухайн үед Монгол улсад байгаагүй нөхцөл байдал байсан. Улмаар компанид ажилладаг ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулна гэж итгэмжлэлээ хийж ирүүлсэн. Хуурай салгуур гэж яригдаж байгаа асуудлын тухайд мөн ажиллагаатай байсан уу, үнэлгээ хэр үндэслэлтэй болох талаар хууль ёсны төлөөлөгч, шинжээчээс тодруулга авсан. Хуурай салгуур гэх эд зүйл нь Хятад улсад ашиглагдаж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Ж.Х, Т.Б, С.Б нар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн 01 цагийн үед Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О-Ф” ХХК-ийн зэсийн үйлдвэрт хууль бусаар нэвтэрч, зэс голтой цахилгааны 9 боодол утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 588.800 төгрөгийн хохирол,

2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д-А” ХХК-ийн төмрийн үйлдвэрт хууль бусаар нэвтэрч, зэс голтой цахилгааны хуурай салгуур 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 920.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Р.Оын “...Манайхаас алдагдсан эд зүйлсийг бүгдийг нь буцаагаад бүрэн бүтэн хүлээгээд авчихсан. Сүүлд хүлээж авсан хойно хулгайд алдсан зэс утаснуудыг метрлэж үзэхэд 320 метр болж байсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” /1хх 27/,

хохирогч Б.Эын “...2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөр шилжих шөнө 03 цагийн орчмын үед хулгай орж, тогны хуурай залгуур алдагдсан тул өргөдөл өгсөн. ...” /1хх 140/

гэрч Д.Эгийн “...Замд явж байхад нэг залуу гар өргөөд зогсож байхаар нь дөхүүлээд өгье гэж бодоод зогссон чинь манай хорооны зүс таних залуу байсан. Хаа хүрч явна гэхэд тосгон орох гэсэн юм гэхээр нь би тэгээ, би харьж явна гээд суучих гэсэн чинь эгчээ багаажаа онгойлгочих гээд гээд би багаажаа онгойлгож өгөөд суухыг нь хүлээж байсан чинь бас хоёр залуу гэнэт гарч ирээд хамт суучихсан. ...тэр хэдийг хулгай хийсэн байна гээд цагдаа дээр авч ирсэн. ...” /1хх 29, 145/,

Ж.Хын яллагдагчаар өгсөн “...замд нэг зэсний үйлдвэр таарахаар нь бид гурав хоорондоо ярилцаж байгаад хашаан дотор нь хаягдал зэс, төмөр байж магадгүй гэж бодоод үйлдвэрийн нурсан хашаатай хэсгээр дотогш ороод сэндвичин барилгын гадна шуудай цахилгааны утас байхаар нь бид гурав аваад гарчихсан. Эхний үйлдвэрээсээ гараад бас нэг төмрийн үйлдвэр байхаар нь тэр үйлдвэр рүү ороод үйлдвэрийн барилга дотроос 2 ширхэг зэсээр ороосон төмөр байхаар нь бас аваад гарчихсан. ...” /хх 59/,

С.Бгийн яллагдагчаар өгсөн “...Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэг зэсний үйлдвэр байхаар нь бид гурав хоорондоо ярилцаж тохиролцоод хашаан дотор хаягдал зэс, төмөр байж магадгүй, байвал аваад тушааж мөнгөтэй болъё гээд тэр үйлдвэрийн хашааны нурсан хэсгээр даваад орчихсон. Дотогш ороод сэндвичин барилгын гадна шуудайтай цахилгааны утас, зэс бололтой зүйл байхаар нь бид гурав аваад гарсан. Тэгээд тэр үйлдвэрээсээ гараад хажууд нь байдаг төмрийн үйлдвэр байхаар нь бас дотор нь зэс байж магадгүй гэж бодоод тэр үйлдвэрийн хашааны доогуур шургаж ороод үйлдвэрийн барилгын хаалга нь онгорхой байхаар нь дотогш ороод зэсээр ороочихсон 2 ширхэг төмөр байхаар бас аваад гарсан. ...” /1хх 81/,

Т.Бий яллагдагчаар өгсөн “...блокон хашаатай үйлдвэр байхаар нь бид гурав хоорондоо ярилцаж байгаад дотор зэсний хаягдал байж магадгүй орж үзье гээд тэр үйлдвэрийн хашааг давж ороод том сэндвичин барилгын гадна ирэхэд хаалганых нь гадна нэг том шуудайтай цахилгааны утас байхаар нь бид гурав тэрийг нь аваад гарсан. Тэгээд явж байгаад замдаа дахиж нэг үйлдвэртэй таараад тэр үйлдвэрийн хашааны доогуур шургаж ороод сэндвичин байгууламж байхаар нь хаалгаар нь орсон. Тэндээс зэсээр ороочихсон 2 ширхэг том төмөр байхаар нь бид гурав тэрийг нь аваад үйлдвэрээс гарсан. ...” /1хх 105/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 3-5, 131-133/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 6-10/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 12/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 18/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 20, 21, 135/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 43-44, 154-155/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ж.Х, Т.Б, С.Б нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.508.800 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч нарын бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “О-Ф” ХХК-ийн зэсийн үйлдвэрээс зэс голтой цахилгааны 9 боодол утас, “Д-А” ХХК-ийн төмрийн үйлдвэрээс зэс голтой цахилгааны хуурай салгуур 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ж.Х, Т.Б, С.Б нар “...прокуророос ялласан хэргийн хохирлын хэмжээний үнэ болох 588.800 төгрөгийн үнэлгээ бодитой хийгдсэн эсэхэд эргэлзээтэй, ...зэс голтой цахилгааны 2 ширхэг хуурай салгуурын нэр төрөл, шинж чанарыг тодорхойлолгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.” гэж заасан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эд зүйлийн хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагаа нь хуульд заасан дээрх журмыг зөрчөөгүй, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг няцаан үгүйсгэх үндэслэл байхгүй байна.

“О-Ф” ХХК-ийн агуулахаас хулгайлсан зэс голтой цахилгааны 9 боодол утасны уртын хэмжээг тодорхойлж, 320 метр утасны 1 метрийг 1840 төгрөгөөр тооцон нийт үнэлгээг 588.800 төгрөгөөр, мөн “Д-А” ХХК-ийн төмрийн үйлдвэрээс хулгайлсан цахилгааны хуурай салгуур 2 ширхгийн нэгийг нь 460.000 төгрөгөөр тооцон нийт үнэлгээг 920.000 төгрөгөөр тус тус тогтоосон Дамно ХХК-ийн үнэлгээг бодитой, үндэслэл бүхий байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар авах” гэж заасан шинжэд бусдын байр агуулахад эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, улмаар эд хөрөнгийг нь өмчлөгчид мэдэгдэхгүйгээр авсан үйлдэл хамаарна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын бүлэглэн аж ахуй нэгжийн агуулахад нэвтрэн эд хөрөнгө хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх агуулгад нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иймд шүүгдэгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Х, Т.Б, С.Б нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Х, Т.Б, С.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х, Т.Б, С.Б нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР